Хятадын дөрвөн их сонгодог зохилын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.
Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.
Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
ДАЙ ЗҮН ХОЁР УДАА ЯВЖ ГҮН СҮНЬШЭНИЙГ ЗАЛАХ
ЛИ КҮЙ ГАГЦААР ЛОУ ЖЭНЬРЭНИЙГ ЦАВЧИЖ АЛАХ
Өгүүлэх нь: Ү Шюэжү энэ үг хэлсэнд Сүн Жян өгүүлрүүн: - Тийм бөгөөс ямар хүнийг, хаанаас залах хэрэгтэй билээ? хэмээсэнд Ү Шюэжү өгүүлрүүн: - Миний санаа болбоос манай дүү Гүн Сүньшэнийг олж ирвээс Гаолигийн Гао Тунжоуг авах нь дураар, үгүй бөгөөс Гао Тунжоуг авч ер болохгүй хэмээсэн тул Сүн Жян өгүүлрүүн: - Өчүүхэн хүн санаваас энэ Гүн Сүньшэн Зижоуд буцаж эхээ авчрах хэмээсэн нь урьд өдөр түүний хойноос Дай Зүнг илгээж тагнуулахаар явуулсанд олж ирж чадсангүй. Эдүгээ түүний биеийг хаанаас олмуй? хэмээсэнд Ү Шюэжү өгүүлрүүн: - Зижоу хэмээх хот нь олон сяньтай, газар ихтэй, уул бэрхтэй, хүн олонтой. Чухам хаанаас бүхүйг яахин олж мэдэх буюу. Түүний гадна манай Гүн Сүньшэн болбоос ер хотод ч байх хүн бус. Тэр угаас уул агуй газар сууж бясалгал хийж, цэргийн нууц шид увдисыг бүтээх хүн тул, түүнийг яахин олж чадмуй. Эдүгээ Гүн Сүньшэн лав аглаг ууланд увидас сурч буй. Үүнд Дай Зүнг дахин илгээж, Зижоугийн уул агуй, мод хадаар сэмхэн эрэн сураглаваас эрхгүй олдох хэмээсэнд Сүн Жян энэ үгийг сонсмогц, Гүн Сүньшэнгийн нууц увдистайг өөрөө мэдэх тул, даруй Дай Зүнг дуудаж, Зижоуд дахин очиж Гүн Сүньшэнг эрхгүй олж ирэхийг эрхэмлэн захисанд Дай Зүн өгүүлрүүн: - Өчүүхэнм хүн энэ хэрэгт эрт өдөр явж Зижоугаас ер олсонгүй тул, аргагүй буцаж ирсэн. Эдүгээ Сүн ахын тушаалаар Зижоуд дахин очих нь. Би гагцаар явахад үнэхээр бэрх тул өчүүхэн хүнд нэг хүн шагнаж илгээвээс болох ажаамуу? хэмээсэнд Ү Шюэжү өгүүлрүүн: - Эдүгээ Дай Зүн чи хувилгаан явдалт хүн бөгөөд чиний адил явж чадах хаана тийм? хэмээсэнд Дай Зүн хариу өгүүлрүүн: - Өчүүхэн хүн хэдий хувилгаан явдалт боловч би бас хамт явах нөхрөө аргалж, мөнхүү хувилгаан явдалт болгож болох билээ хэмээхэд Ли Күй өгүүлрүүн: - Энэ хэрэгт өчүүхэн хүн, Дай Зүн ахад бараа болон явах билээ. Гуйх нь намайг дагуулан илгээвээс ямар? хэмээсэнд Сүн Жян, Дай Зүн хоёр өгүүлрүүн: - Чи болбоос цаг үргэлжид дүрс дүрэмгүй хэрэг хийх төдийгүй, зан чинь догшин, явдал нь их, тэр Зижоуд очоод бас хэрэг дэгдээвээс яахин болмуй.
Хэрвээ Дай Зүнг дагаж яваваас замд бацаг барих, архи махыг амсахгүй, ямагт заваан хоол идэж, Дай Зүнгийн үгнээс хэтэрхийлэн гарч үл болохоос гадна ах дүүгийн журмыг хадгалж, чин зоригийг барьж яваваас чамайг илгээх хэмээсэнд Ли Күй өгүүлрүүн: - Өчүүхэн хүн Дай Зүн ахын үгнээс эс даваад ах та нарын захисныг хадгалж яваваас гүйцэх дээр энэ Гаолиг Гүн Сүньшэн ирвээс авч чадах учрыг тодорхой мэдэв. Түүний гадна бас Чай Жинь ах эдүгээ гянданд, бас Инь Тяньсийг алсан зэрэгт би тус эс хийвээс яахин болмуй хэмээсэнд Сүн Жян, Ү Шюэжү хоёр маш баярлан чанд захиа захиж, Дай Зүнг дагуулан илгээхээр тогтов. Үүнд Дай Зүн, Ли Күй хоёр явах замын хүнс ба балт сүх, сэлэм авч Сүн Жян нарт ёсолж Гао Танжоугаас гарч Зижоугийн зам хөөв. Тэндээс Дай Зүн, Ли Күй харъяат хотоос гарч хорь гаруй газар явж, нэг архины дяньд буулгасанд Ли Күй өгүүлрүүн: - Дай Зүн ах энэ архины пүүсэнд нэгэнт ирсэн тул, нар орой болж, хоёрт гэдэс өлсөж ундаасах нь маш бэрх тул эдний дяниас архи авч, мах худалдан авч идвээс ямар? хэмээхүйд Дай Зүн өгүүлрүүн: - Архи уух нь энгийн хэрэг. Мах идэж болохгүй. Би чамд үл хэлэв үү? Мах архи идэж ууж болохгүй хэмээсэн атал, чи яахин мах идэх хэмээмүй? хэмээсэнд Ли Күй бага царайгаа барайлган ийн өгүүлрүүн: - Би нь зам явж зүдэрсэн тул мах үл идэх болбоос яахин явж болмуй. Гагцхүү та болбоос хувилгаан явдалт болоод архи махыг цээрлэмүй. Над юуны цээрлэл байх билээ. Энэ нь миний гэдэсний хэрэг. Таны гэдсэнд орох бус хэмээсэнд Дай Зүн: - Хэрхэвч мах идэж болохгүй. Эдүгээ хоёул энэ дяниас архи ууж, заваан хоол идээд, маргааш эрт явбаас болох билээ хэмээхэд Ли Күй аргагүй Сүн Жяний захиаг дагаж Дай Зүнгийн үгнээс эс давж, гадагш гараад мах худалдан авч, хулган идээд буцаж ирсэнд Дай Зүн өгүүлрүүн: - Чи хаана очоод ирэв? Эдүгээ архи будаа бэлтгэв. Ууж идээд унтсугай”хэмээсэнд Ли Күй өврөөсөө нэг хэсэг үхрийн мах нуун гаргаж, архины хамт идэхийг Дай Зүн сэмхэн үзэж, юу хэмээн хэлсэнгүй.
Тэр шөнө архины пүүсэнд хоноод маргааш нь үүр цаймагц Дай Зүн Ли Күйг дуудаж будаа чануулж идээд, пүүсэнд мөнгө зоос тооны ёсоор өгч, өгүүлрүүн: - Ли Күй чи бид хоёр эдүгээ хотоос гараад хорь гаруй газар явж энд ирэв. Энэ өдөр найман зуун газар явах. Чи ваадан боодол, хөлөө сайн бэхэл хэмээгээд өөрийн биеийн хоёр хөлийг улаан утсаар боож, Ли Күйгийн хөлд хоёр улаан утсыг тарни шившин үлээгээд боож уясанд Ли Күйгийн угийн хоёр хөл хаа баймуй. Увдист боож түргэн явуулах хувилгаан шид олсон тул, үүлэн дээр явах мэт болсонд Ли Күй ийн сэтгэрүүн: - Эдүгээ манай ах Дай Зүнгийн хувилгаан явдал ийм хэцүү, ер зогсох аргагүйгээр үл барам харин хойноос хүн түлхэх мэт болж сэтгэн байхад, Дай Зүн инээн өгүүлрүүн: - Мэргэн дүү энэ хувилгаан явал ямар? хэмээсэнд Ли Күй өгүүлрүүн: - Энэ нь үлгэрлэвээс тэнгэрийн жигүүртэн нисэх мэт байтугай цахилгаан гялбалзах адил. Дээр замын хоёр тал нь ургасан мод унаж хэвтсэн лугаа адил болов. Ер нүдээр үзэх бэрх хэмээхэд Дай Зүн өгүүлрүүн: - Эдүгээ энд харагдагч архины дяньд бууваас сайн асан. Гагцхүү шидээр уясан утас сулрах нь хэцүү тул хэзээ хэмжээ гүйцэх цагт зогсмуй хэмээсэнд Ли Күй арга буюу тэр өдөр мянган илүү газар явж, нар орой болсны дээр гэдэс нь өлсөж ам нь цангаж хэрхэх ч арга олдохгүйд Дай Зүнд гуйн өгүүлрүүн: - Эрхэм ах чи мунхаг дүүгээ түр баахан амсхийлгэж явбаас ямар? Би нь угаас ширмэн төмөр цолтой, үхэр хэмээгдэж байх билээ. Эдүгээ махаар бүтсэн үхэр болов. Одоо ер хэрхэвч явах аргагүй болов хэмээсэнд Дай Зүн хувилгаан явдлаа хураан авч сая нэг архины дяньд бууя гэтэл Ли Күйгийн урьд шөнө миний үгэнд үл орсон учирт, үүнийг баахан залхааваас зохих билээ хэмээн бодоод бас нэг хэсэг газар явах хэмээсэнд Ли Күй тун ч эс тэсэх учирт Дай Зүн өврөөс хэдэн боов гаргаж, ийн өгүүлрүүн: - Мэргэн дүү чи гэдэс өлссөн болбоос энэ боовыг ид хэмээсэнд Ли Күй өгүүлрүүн: - Үл зогсох ахул яахин юм идэж болох буюу хэмээхэд Дай Зүн инээн өгүүлрүүн: - Чи урд шөнө миний захиа үгийг үл дагаж гадагш гарч мах идсэн учирт, ийнхүү бурхан тэнгэр хилэгнэж, энэ өдөр хөл боосон утас сулрахгүй болов. Энэ нь гагцхүү мах архи цээрлэл тул, үүнээс хойш амсаж болохгүй хэмээсэнд Ли Күй өгүүлрүүн: - Тийм бөгөөс би нь архи махаас гарч үл чадмуй. Эдүгээ би энэ хоёр хөлөө балт сүхээр цавчиж хаяад болох хэмээсэнд Дай Зүн өгүүлрүүн: - Чи балт сүхээр хоёр хөлөө цавчиж ахул энэ жилээс эсэргэн цагаан сарын шинийн нэгэн хүртэл ер энэ увдис гарах нь бэрх хэмээсэнд Ли Күй маш айж, аяа хэмээн бархиран өгүүлрүүн: - Эдүгээ мунхаг дүүгээ юунд ийнхүү зовоомуй хэмээсэнд Дай Зүн өгүүлрүүн: - Чи үүнээс хойш миний үгэнд лав орох хэмээвээс би чамайг нэг удаа өршөөж зогсох хэмээсэнд Ли Күй хөлөөр зогсож мөргөх хэмээсэнд түүний увдисыг хураагаагүй тул яахин зогсож болмуй. Тиймийн тул амаар “мөргөе мөргөе хэмээн маш их уйлсанд Дай Зүн аргагүй шидээ хурааж ийн өгүүлрүүн: - Чи одоо надаас бага тэргүүлэн явж, тэр харагдах бараатай газар очиж хүлээгтүн хэмээсэнд Ли Күйгийн хоёр хөл ер хөдөлж болохгүй. Үлгэрлэвээс өвс чихсэн арьсан тулам, төмөр цутгасан ясан чөмөг лугаа адил болсонд, Ли Күй дахин өгүүлрүүн: - Мэргэн ах мунхаг дүүгээ ямар учир энэ мэт наадам хийж зовоомуй. Эдүгээ бас хөл хөдөлж үл болохын гадна хэрхэн өргөвч хүнд нь маш бэрх тул, энэхүү увдисаа нэгмөсөн авч, өчүүхэн дүүгээ нигүүлсэн аврагтун хэмээсэнд Дай Зүн маш их инээн өгүүлрүүн: - Чи миний цаазлах хоёр үгийг дагах буюу? хэмээсэнд Ли Күй: - Би үүнээс хойш таны үгийг үл дагах ахул энэ биеийг галд түймэрдүүлэхээс гадна махыг өчүүхэн төдий идвээс хэлний дээр хэсэг бүдүүн яр өвчин гарах болтугай хэмээн тангарагласанд, Дай Зүн даруй архи мах амсаж үл болох хоёр үгийг сургаж увдисаа хураан авав.
Тэндээс нэг дяньд бууж, шөнө орой болсон учирт тэр дяний зардасаар заваан будаа чануулж идсэнд Ли Күй өгүүлрүүн: - Эдүгээ эцэг мэт ах би гуйх нь, нэг хоёр шаазан архи ууваас цааз харшлах болов уу. Мунхаг дүүгээ өршөөвөөс энэ өдрийн зүдэрснийг санаж хишиг буулгах ажаамуу хэмээсэнд Дай Зүн өгүүлрүүн: - Чи бас миний үгэнд үл орох буюу. Эдүгээ чиний хөлийн утсыг тайлж аваагүй тул, дахин тарни унших хэмээсэнд Ли Күй архи уусангүй, тэр шөнө заваан будаа идэж хоноод, маргааш өглөө эрт явж хорин газар хүрвээс, нэг ус бүхүй газар тохиолдов. Үүнд Дай Зүн өгүүлрүүн: - Мэргэн дүү чи энэ өдөр чи миний үгэнд орсон тул, эдүгээ чиний хөлийн утсыг тайлж авах хэмээсэнд Ли Күй даруй дагаж мөргөсөнд Дай Зүн утсаа тайлан авч сулласанд, Ли Күйгийн хоёр хөл нь хуучин хэвээр болсонд маш баярлан өөрийн хөлөө өргөн авч, эдүгээ сул явах хэмээсэнд Дай Зүн өгүүлрүүн: - Сул явж болохгүй. Бид бас маш яаралтай учрыг чи бэлхэнээ мэдэх атал зоргоор явж болно. Мөн хуучин ёсоор утсаа хөлд боогтун хэмээсэнд Ли Күй: - Энэ утсыг хэрхэвч одоо уяхгүй хэмээсэнд Дай Зүн өгүүлрүүн: - Чи утсыг үл уях ахул чамайг энэ усны захад газрын эздийг дуудаж, төмөр багана босгож, төмөр дээсээр уяж, гадсаар хадмуй. Түүний гадна би явж Зижоугаас Гүн Сүньшэнг олж ирэх цагт чамайг энд хүлээлгэж байлгамуй. Чиний уух нь ус, идэх нь салхи хэмээсэнд Ли Күй аргагүй утасны ял хүлээж Дай Зүнг даруй дагаж, явав. Үүнд Дай Зүн одоо дахин Ли Күйг тэр мэтээр аргад оруулахыг байж бага увдис хэрэглэн, өдөр бүр таван зуун газрын хэмжээ тогтож, удсангүй Зижоугийн ойр хотод ирж нэгэн архины пүүсийн байшинд орж, заваан будаа идэх хэмээж байтал Ли Күй өгүүлрүүн: - Эдүгээ би бас их зүдрэв. Ах чи над бага архи авч үл өгөх буюу? хэмээсэнд Дай Зүн яахин түүнд архи өгмүй. Харин: -чи амттай сайн будаа идвээс би чамд өгөх хэмээхүйд Ли Күй мөн аргагүй болоод тэр шөнө заваан будаа идээд, маргааш өглөө эрт гарч хэрмийн гадна очиж, Гүн Сүньшэнг сураглан эрвээс ер мэдэх хүнгүй тул хоёр өдөр эрээд сураг танаггүйд Ли Күй уур нь хүрч, ийн өгүүлрүүн: - Энэ зэрлэг сангарсва яахин ийм харгис муу. Ер эрж үл олдох нь чөтгөр эрлигийн газар очсон байх.
Хэрвээ эрж олвоос би чамайг хэдэн үснээс чинь барьж аваад чирж, Сүн ахад яллуулах хэмээн уурссанд Дай Зүн өгүүлрүүн: - Чи бас хүний газар ийм үг хэлж задруулах буюу. Би чамд юу хэллээ? хэмээсэнд Ли Күй инээн өгүүлрүүн: - Ах би наадам хийж баймуй. Хаанаас тийнхүү авирлах буюу хэмээн хоёул сэмхэн явж нэгэн архины пүүсэнд очихоор явтал, тэр пүүсэнд хүн цугларсан нь маш олон тул, Дай Зүн, Ли Күй хоёрт суух газаргүй учирт Ли Күйг гадна зогсоож Дай Зүн өөрөө орж үүдний дэргэд зогссонд тэр дяний тэргүүлэгч ирж өгүүлрүүн: - Эрхэм нөхрийн нутаг хаана, ямар хэргээр энд ирэв? Манай пүүсэнд архи ба заваан хоол худалдмуй. Эрхэм нөхөр орж зооглох аваас тэр гагц өвгөн сууж байх их ширээн дээр хамт морилон суугтун хэмээсэнд Дай Зүн очиж суугаад тэр өвгөнөөс үг асуух хэмээж байтал Ли Күй орж ирэв. Үүнд бүгдээр ширээнм дээр сууж Дай Зүн өгүүлрүүн: - Эдүгээ бидэнд дөрвөн аяга заваан гурил авчирч өгвөөс гүйцэх хэмээсэнд Ли Күй өгүүлрүүн: - Дөрвөн аяга яахин гүйцмүй. Зургаан аяга авчрагтун хэмээсэнд Дай Зүн: - Тийм их авчруулж хэн идмүй. Би хоёр аягаас хэтрэхгүй, бусдыг чи идэгтүн хэмээхүйд Ли Күй: - Дөрвөн аяга байтугай арван аяга ч би гагцаар гүйцмүй. Бушуу авчрагтун хэмээн архины пүүсний зардаст тушаасанд, тэр зардас “За” хэмээн гараад ер хагас өдөр болтол үл авчирч өгөх дээр бас дотоод байшингийн зочдод хүргэж, Ли Күй, Дай Зүн нарт үл өгсөнд Ли Күй маш уур нь хүрч архины зардсыг дуудаж: - Гурил авчирч өгөх буюу үгүй буюу? хэмээн зандарсанд тэр зардас даруй гарч нэг аяга гурил авчирч тэр өвгөнд өгөв.
Үүнд Ли Күй нь уур хүрсэн боловч аргагүй Дай Зүнгаас айх тул түр хүлээж, ер тэссэнгүй өмнөх ширээгээ гараар дэлдсэнд тэр өвгөний идэж байсан гурилын шөл нь түүний биед асгаж норгосонд, өвгөн уурлаж Ли Күйг: - Чи яахин ийм догшин хүн? хэмээн босон ирж барин авах хэмээтэл Дай Зүн тэр өвгөнийг хориглон гуйж, амрыг нь эрж зогсоов. Үүнд тэр өвгөн өгүүлрүүн: - Би харин адилхан хол газраас ирсэн гийчид тул хүндэлж байхад над бас ийм дүрэм гарагах буюу? хэмээсэнд Дай Зүн даруй ийн өгүүлрүүн: - Эрхэм өвгөн ахын нутаг хаана? хэмээхэд тэр өвгөн өгүүлрүүн: - Би нь хол газрын ном сурч, аглаг ууланд сууж байгаад эдүгээ буцахаар яваа. Одоо харьсан хойно басхүү номд суух билээ хэмээв. Үүнд Дай Зүн бас өгүүлрүүн: - Өндөр овог хэн, чухан хаа газар суудаг? хэмээсэнд тэр өвгөн бас өгүүлрүүн: - Би нь Зижоу хотын захиргааны Зю Гунсянь хэмээх бага тасалганы захирсан Арь Сяньшань хэмээх ууланд байдаг билээ. Энэ хотол ирээд нэг сайн үнэртэй хүж олж аваад Луо Жэньрэнь хэмээх номын чадалтай сайн эр. Гэртээ гагц хөгшин эх буй. Одоо манай Зю Гунсянь хэмээх уулын Луо Жэньрэнь хэмээх номын багшийн шавь тул тэнд буй. Тэр эдүгээ эрдэм их сурч, бясалгал хиймүй. Тэр маш гайхамшиг ариун тойн болж, багшийн дэргэдээс холдохгүй хэмээсэнд Дай Зүн маш баярлан, тэр өвгөнд өгүүлрүүн: - Тийм бөгөөс эрхэм өвгөн ах бид хоёрыг зам удирдаж тэр Арь Сяньшань ууланд дагуулан очиж тэд нар лугаа учруулбаас болох буюу хэмээн гуйсанд, тэр өвгөн: - Болно. Эндээс дөч илүү газар, дэмий холгүй хэмээсэнд Дай Зүн өвгөнийг дагаж шар цаас, хүж аваад ийн өгүүлрүүн: - Өвгөн ах чи тэргүүлэн явж байгтун. Бид хоёр баахан буяны зүйлд өргөх мөнгө зоос авч, таны хойноос даруй очих хэмээн өөрийн буусан дяньд ирж, барьсан багаж, ваадангаа авч Арь Сяньшань уулын зам хөөхөөр гарав. Үүнд Дай Зүн, Ли Күй хоёр мөн хуучин хэвээр, хөлд утас уяж, увдисаар дөчин газар явах нь яахин хоёр цаг хүрмүй. Тэнд ээс удалгүй Арь Сяньшань уулын бэлд хүрвээс нэг түлээ түүсэн хүн явмуй.
Түүнээс ийн асууруун: - Энэ Арь Сяньшань уул мөн буюу? хэмээсэнд тэр хүн өгүүлрүүн: - Даруй мөн хэмээхүйд Дай Зүн өгүүлрүүн: - Энэ уулын Луо Жэньрэнь хэмээх агуй чухам хаана баймуй? хэмээн асуусанд тэр хүн: - Энэ харагдагч нарийн замаар явж тэр уулын дээр очтол даруй тохиолдмуй хэмээн зааж өгсөнд Дай Зүн, Ли Күй хоёр нисэх мэт очиж үзвээс хэдэн цэвэрхэн мод өвсөөр байгуулсан байшин, түүний гадна ургасан цэцэг жимс маш сайхан. Үүнд нэгэн сахил авсан чавганц бололтой хүн гадна нь жимс түүж, нэг цэвэрхэн хувинд хийж баймуй. Түүний дэргэд нь очоод Дай Зүн өгүүлрүүн: - Эмгэн ээж энэ нь Луо Жэньрэнь хэмээх бодисадын орших сүм мөн үү? Үүнд Гүн Сүньшэн хэмээх Даорэнь баймуй? хэмээх зэрэг асуусанд Гун Сүнь хэмээх номын их шавь Даорэнь эдүгээ тэр хойд хүрээлэнд бясалгал хийж, ном уншин баймуй хэмээсэнд Дай Зүн Ли Күйг нэгэн шугуй модны дэргэд зогсоож, ийн захируун: - Чи эндээс бүү холдогтун. Би очиж урьд учраад чамайг аваачсугай хэмээсэнд Ли Күй үг дагаж хүлээв.
Дай Зүн усны гүүрээр явж тэр хүрээлэнгийн гадна очиж нэгэн мэдээ өгсөнд тэр сүмээс нэгэн цагаан буурал үстэй эмгэн гарч ирэв. Үүнд Дай Зүн даруй ёсолж ийн өгүүлрүүн: - Эмгэн ээж энэ сүмд Чэн Даорэнь хэмээх Гун овогт номын багш байна уу? Би учрах чухал хэрэг буй. Намайг оруулж өгмүй? хэмээн гуйсанд, тэр эмгэн ийн хариу өгүүлрүүн: - Эрхэм өглөгийн эзэн өндөр овог хэн, аль газар нутагтай, ямар хэргээр Гун Даорэньтэй учрах? хэмээн асуусанд Дай Зүн: - Өчүүхэн хүн Шаньдун мужид нутагтай, овог Дай, нэр Зун. Дай Зүн хэмээв. Эрхэм Даорэньтэй урьд тэнгэрт мөргөж хүж барьсан учирт Даорэнийг эргэж учрах хэмээн ирэв хэмээсэнд тэр эмгэн энэ үгийг сонсоод: - Даорэнь эдүгээ гэрт эзгүй, гадагш гарсан. Учрах хэрэг буй болбоос надад захиад, сүүлд ирж учрагтун хэмээсэнд Дай Зүн хариу өгүүлсэнгүй гэдрэг буцаж Ли Күйд ийн өгүүлрүүн: - Эрхэм дүү эдүгээ чиний очих цаг болж. Нэгэн эмгэн гарч ирээд Гүн Сүньшэнг эзгүй хэмээн учруулсангүй хэмээсэнд Ли Күй даруй балт сүхээ бүсэндээ хавчуулж, тэр бага сүмийн үүдэнд ирж, их дуунаар өгүүлрүүн: - Энэ өчүүхэн сүмд Гүн Сүньшэн хэмээх Даорэнь байна уу? хэмээхэд юун үл хэлэв. Даруй тэр Гүн Сүньшэнг гаргаж өгөгтүн. Эс гаргаж өгвөөс бид хүлээхгүй. Би нь Шаньдун мужийн “Төмөр үхэр” цолт хуй салхи Хэй Сюаньфэн хэмээх Ли Күй. Яахин нууж үл хэлмүй. Түргэн гаргаж өгөгтүн.Үгүй бөгөөс чиний энэ өвсөн байшинг гал тавьж түймэр тавиад, хуурай газар болж тоосон товрог хөдөлгөмүй хэмээн маш их өндөр дуугаар хашхирсанд, тэр эмэгэн даруй гарч Ли Күйг үзвээс, үнэхээр чөтгөр шуламс адил хоёр нүд нь гал адил, басхүү биендээ хоёр их сэлэм сүх хавчуулсан сүрхий байдалтай тул, тэр эмгэн маш айн өгүүлрүүн: - Чи ямар хүн, гэрт эзгүй. Чэн Даорэнийг хаанаас олж өгмүй. Түүнээс гадна бас манай энэ сүмд Гүн Сүньшэн хэмээх хүн үгүй хэмээсэнд Ли Күй маш уурсаж, балт сүхээ барьж тэр гэрийн үүдийг цавчсанд, тэр эмгэн хориглох хэмээн Ли Күйгийн хажууд ирсэнд Ли Күй нэг хуруугаар эмгэнийг түлхэж газар унагав.
Тэндээс Гүн Сүньшэн арга үгүй гарч ирээд, ийн өгүүлрүүн: - Ли Күй тэнэг чи бүү ёс бусаар энэ мэт хэрэг гаргагтун хэмээх завсар Дай Зүн гарч ирээд Ли Күйд ийн өгүүлрүүн: - Чи яахин ийм насан буурай болсон эмгэнийн занчив? Түүний гадна ямар учирт гэр орныг цавчиж сүйтгэв? Энэ төмөр үхэр адгуус ер хүний үгэнд үл ормуй хэмээн хуурмагаар Ли Күйг буруушаан донгодсонд Ли Күй даруй учрыг мэдэж нам гүм байв. Үүнд Дай Зүн Гүн Сүньшэнд ёсолсон даруй эмгэнийг босгож гэрт оров. Гүн Сүньшэн тэр хоёрт ёсолж цай барьсан хойно: - Ямар учирт энд ирэв? хэмээсэнд Дай Зүн өгүүлрүүн: - Эдүгээ бид уулын Сүн, Чао хоёрын захиагаар энд, та лугаа учирч таны биеийг залахаар ирэв. Урьд би гагцаар нэгэн удаа таны биеийг Зижоу тагнаж эрэхээр ирээд ер сураг чимээ үгүйд аргагүй буцав. Эдүгээ би болбоос манай Сүн Жян ах олон цэргийг авч Гао Тунжоуг байлдаж Чай Жинь ахыг булаан авах ба бас Гаоли хэмээх Зифүг амьдаар барих зэргээр цэрэглэн ирж байлдсанд тэр Гаоли хэмээх цөм чөтгөрийн увдисаар бидний хэдэн мянган цэргийг алж, гурван удаа бидний цэргийн жагсаалыг эвдэв.
Иймийн тул таны биеийг залж хамт байлдахаар Ли Күйгийн хамт миний биеийг илгээв. Таны энд байх учрыг Зижоугийн архины пүүсэнд цагаан гурил идэж байсан нэгэн өвгөнөөс асуусанд, энд Чэн Даорэнь болов хэмээн сонсоод ирэв. Бас гадна жимс түүж байсан нэг эмгэнээс асуусанд таныг бясалгал хийж буй хэмээсэнд учрахаар ирвээс эмгэн ижий үл учруулах тул ийнхүү дүрэм гаргав. Үүнд бүү юм санагтун. Эс энэ мэт учраваас бид яахин тан лугаа бараалхаж чадмуй хэмээсэнд Гүн Сүньшэн өгүүрүүн: - Эмгэн ижий гэм хор олсонгүй тул тийм асар буруу болох юун. Гагцхүү энэ хэргийг сонсов. Би эдүгээ нас бага цагт ах дүү та бүгдийг шүтэж хүндлэн, голдуу сайн эр хэмээн нэрийдэж явах цагт бид бүгд учирч, журмын ах дүү болсноос хойш Лян Шань Фүд урваж очоод, хөгшин эхээ авахаар ирсэн нь эдүгээ энд бас багш Жэньрэнь хэмээх хүнийг шүтэж түүн лугаа хамт нуун сууж баймуй. Тиймийн тул багш эх хоёрыг орхин явж хэрхэвч үл болохоос гадна хүн болж төрсөн гавъяагүй болох. Бас эдүгээ миний хөгшин эхэд түшиж тулах ах ба багшийг өргөх өөр шавь нар үгүй тул би очиж үл болмуй.
Түүнээс гадна эдүгээ хөгшин сангарсва болсон над ямар эрдэм буй хэмээн намайг залмуй. Гагцхүү очиж тус нэмэр болбоос зохих билээ. Миний энэ зовлонг та яахин мэдмүй хэмээсэнд Дай Зүн хариу ёсолж сөгдөн мөргөж, ийн өгүүлрүүн: - Эдүгээ бид тэнгэрийн журмаар ах дүү болж Лян Шаньд урваад, одоо санаа салж, уул эвдэх цаг болж байхад үл очих ахул Сүн Гүнмингийн амь хэрхэвч Гаолигийн гараас гарах байтугай, өчүүхэн бид бас хаана хэрхэн оршиж аж төрөн суух буюу. Тиймийн тул эрхгүй бидний амь бат биеийг хайрлаж, нэгэн насны журмыг хүндэлж туслахыг гуймуй хэмээгээд мөргөсөнд Гүн Сүньшэн аргагүй болоод, ийн өгүүлрүүн: - Чи бүү надад ийнхүү үг өгүүлэгтүн. Бид арга зөвлөж үзье хэмээн даруй Дай Зүнг дээш босгож арга зөвлөхөөр ширээ засаж хурим бэлтгэн, найр тавин. Үүнд Дай Зүн дахин давтан ятган хэлсэнд Гүн Сүньшэн дотроо ийн сэтгэрүүн: - Би нь нэгэнт тэнгэрт мөргөж журмын ах дүү болсон нь эдүгээ бас эс дагаж очвоос эцэст над тэнгэрээс ял ирэх нь магад тул аргагүй болов хэмээн сэтгээд даруй: - Багшдаа энэ учрыг айлтган сонсгоод хариу хүлээж юу болохыг үзье хэмээв.
Үүнд Гүн Сүньшэн багш Луань Жэньрэньд бараалхах хэмээн Дай Зүн, Ли Күй хоёрыг дагуулан гэрээс гарч багшийн сүмд ирэв. Тэр цаг нь өвөл намар хоёрын завсар, өдөр богино шөнө урт тул Дай Зүн маш яаран байвч аргагүй Гүн Сүньшэнг дагаж тэр багшийн сүмд ирж үзвээс Чи Сюгүн гадуур нь улаан хайстай, дотуур нь усан хэрэмтэй, мод цэцэг ургасан нь үнэхээр үзэсгэлэн. Чухамхүү арш суух ариун орон мөн хэмээж машид дотроо магтан ороод нэгэн хажууд хүлээж байтал, тэр Луань Жэньрэний хоёр бага шавь гарч ирээд тэд нар лугаа учирч Гүн Сүньшэнг учрах хэмээн багшдаа айлтгасанд Луань Жэньрэнь даруй “Оруулж ирэгтүн хэмээн зарлиг буусанд Гүн Сүньшэн, Дай Зүн нар даруй дотогш орох гэтэл дотоод сүмийн үүдэнд нь “Чи Сю Гүн” хэмээх гурван алтан үсэг бичжүхүй. Үүнд Гүн Сүньшэн нар дотор орж багшид сөгдөн мөргөсөнд багш өндөр алтан луу хасаар ороолгосон тавцан дээр заларч, номын хувцас өмсч уншлага айлтгаж баймуй. Тэндээс Гүн Сүньшэн, Дай Зүн хоёр мөргөсөнд Ли Күй яахин үл мөргөмүй. Аргагүй дагаж толгойгоо дохиж, тус тус суусанд Луань Жэньрэнь ийн зарлиг болруун: - Эрхэм шавь Чэн Даорэнь миний энд ямар учраар ирэв. Энэ хоёр хүн нь аль газрын хүн? хэмээх зэрэг асуусанд Гүн Сүньшэн ийн айлтгаруун: - Энэ хоёр Шаньдун мужийн журамт Сүн Гүнмин хэмээх сайн эрийн нөхөр бөлгөө. Өчүүхэн шавийн урьд айлтгаж байсан Лян Шань ууланд бүгдээр тэнгэрт мөргөж хүж барьсан Сүн овог, Чао овог хоёр хүн энэ хоёрыг илгээж, өчүүхэн шавийг уриулжухуй. Учир нь Гао Танжоу хэмээх хотын Гаоли лугаа хэдэн удаа байлдаж, муу увдист дийлдсэн учирт өчүүхэн сангарсва чамайг залж хавсран барих ба бас Чай Жинь хэмээх нэг шударга эрийг барьж Гао Танжоу хотын гянданд хорьсноос гадна уул эвдрэх, амь алдахад шахжухуй. Иймийн тул мунхаг шавь энэ учраа ачит багшдаа айлтгаж, эд нар лугаа очиж туслалцах хэмээн гуйн айлтгамуй хэмээсэнд Луань Жэньрэнь ийн зарлиг болруун: - Чи эдүгээ ертөнцөөс гарч Бурханы шавь болоод буяны санаа агуулж, нэгэнтээ цасан далайгаас гэтэлж гарсан нь эдүгээ яахин эргэж басхүү нүгэл үйлдэх буюу.
Энэ болбоос хүн алах ба амьтныг зовоох тэргүүтэн тэргүүлшгүй их хилэнц тул хэрхэвч очиж болохгүй хэмээсэнд Дай Зүн дахин сөгдөн мөргөж ийн өгүүлрүүн: - Өчүүхэн мунхаг амьтныг тусалж, хувилгаан шавиа илгээхийг гуйхаас гадна Гао Танжоуг авсан хойно ах Гүн Сүньшэнг энд даруй хүргэн ирж эргэе хэмээсэнд Луань Жэньрэнь ийн өгүүлрүүн: - Хэрхэвч илгээхгүй. Гэрээс гарч тойн болсон хүнд нэг санаа агуулахаас хоёрт санаа агуулж хожим галт гууг сэргээх ёс үгүй хэмээсэнд Гүн Сүньшэн, Дай Зүн, Ли Күй гурав даруй гарч, нүүр эс олсондоо маш гайхалцан явтал Ли Күй өгүүлрүүн: - Энэ хөгшин бодисад хэмээх нь юу хэлэв? хэмээсэнд Дай Зүн өгүүлрүүн: - Чи яахин ийм мунхаг. Сая бид бүгдээр хамт сонссон атал юу хэлэв хэмээн асуух хэрэг юу хэмээсэнд Ли Күй өгүүлрүүн: - Тэр хөгшин өвгөний үг нь шувуу мэт, айлгах нь ус урсах адил. Би тийм хүний үгийг танихгүй хэмээсэнд Дай Зүн өгүүлрүүн: - Гүн Сүньшэнг хэрхэвч үл явуулах хэмээн ном номлов. Иймийн тул гарч ирэв хэмээх үгийг Ли Күй сонсоод уур нь гал мэт бадарч, ийн өгүүлрүүн: - Аль газраас ирсэн зэрлэг хуушаан хувилгаан хэмээн энд урваад харин бидний үгийг саатуулах буюу. Би түүнийг харцага шувуу болжмор барих мэт барьж аваад алваас зохимуй. Яахин тийм ёс журамгүй хөгшин сангарсва билээ хэмээн уурссанд Дай Зүн өгүүлрүүн: - Чи эдүгээ тийм ёс бус бүү өгүүл. Бид Гүн Сүньшэнгийн гэрт очиж бас нэг арга зөвлөе хэмээсэнд Ли Күй үл хүлээх төлөв бүхүйг мэдээд Дай Зүн Ли Күйд ийн өгүүлрүүн: - Би чамд юу хэмээн захисан билээ? хэмээхэд Ли Күй аргагүй дуун гарсангүй, Гүн Сүньшэнгийн гэрт ирж хоол идээд үдшийн цаг болов. Үүнд Дай Зүн шүүрс алдаж маш дотроо зовнин бүхийд Гүн Сүньшэн өгүүлрүүн: - Дүү санаагаа аажим тавигтун. Бид гурав өглөө эрт босоод багшид учрах. Бас мөргөн гуйсугай хэмээн зөвлөөд тус тус унтсанд Ли Күйгийн дотроос энэ хорсол ер гарахгүй нэг шөнө нойргүй хоноод өглөө үүр цаймагц Дай Зүн ах дээр ирсэнд Дай Зүн үхширтэл унтай баймуй. Үүнийг Ли Күй үзээд дотроо ийн сэтгэрүүн: - Эдүгээ ах унтжухуй. Би энэ чөлөөнд явж тэр хөгшин хуушааныг алаад Гүн Сүньшэн ахаа авч миний Сүн Гүнмин хэмээх Сүн Жян, Чай Жинь нарын амь гарах хэрэгтэй хэмээн бодоод даруй тэр өвсөн сүмээс гарч өвгөн бодисадын сүмд ирвээс, тэр өвгөний сүмийн үүдийг яг хааж орж үл болох тул хэрмийн дээгүүр давж ороод байшингийн цонхыг нүхэлж үзвээс тэр хуушаан хувилгаан нь дэргэд дэнлүү гэрэл баймуй. Үүнд Ли Күй яаран орж тэр Луань Жэньрэний тавцан дээр хэвтэж бүхүйд даруй балт сүхээ авч, түүний толгойн тус цавчсанд, Ли Күй нарийвчлан үзвээс түүний толгойноос цагаан цус гарав. Үүнд Ли Күй бас цааш үзвээс тэр өвгөн хувилгааны толгой нь дотогш орж үгүй болов. Өмсч байсан малгай нь хоёр анги болжихуй.
Тэндээс Ли Күй, энэ хөгшин хувилгаан угаас мах цусны биет хүн бус болоод толгойноос улаан цус үл гарав. Үүнийг үзвээс эрхгүй шидтэн болой. Эдүгээ юу ч болов энэ нэгэнт үхжүхүй хэмээн балт сүхээ барин гадагш гарч явтал нэгэн бага настай хар дээлтэй хөвгүүн ирж Ли Күйг багшаа алсныг мэдээд, их дуунаар бархиран “Багшийг алсан хар нүүртэй хулгай” хэмээн гүйн ирсэнд, Ли Күй сүхээ авч нэг удаа цавчсанд аргагүй бие толгой хоёр салав. Үүнд Ли Күй даруй явж, эдүгээ Гүн Сүньшэн ахыг хориглох хүн үгүй болов хэмээн баярлан Гүн Сүньшэнгийн гэрт харьж ирэв. Үүнд Ли Күй өөрийн унтсан байшиндаа орж бага сууж, Дай Зүнгийн унтсан газар орж үзвээс мөн унтаж баймуй. Ер босоогүй тул Ли Күй дахин унтав. Түүний хойно Дай Зүн босож, Ли Күйг нойроос сэрээж босгоод Гүн Сүньшэнгийн дэргэд ирж, ийн өгүүлрүүн: - Эдүгээ өчүүхэн дүү бидний хэлэлцсэн ёсоор тэр хувилгаан бодсадын сүмд ирж, гуйх явдлыг зөвлөсөнд Ли Күй дотроо шүд зууж сэтгэрүүн: - Тэр шуламсын хувилгааныг нэгэнт алсан тул тэр хоёр яахин орж чадмуй хэмээн сэтгэж байтал даруй өглөөний будаа идээд, өвсөн гэрээс гарч Луань Жэньрэнь хувилгааны сүмд гурвуул ирж, үүдэнд зогсож байтал хоёр хөвгүүн гарч ирсэнд Гүн Сүньшэн өгүүлрүүн: - Эдүгээ хоёр бага шавь аа. Миний багш бодисад байна уу? хэмээн асуусанд тэр хоёр бага шавь: - Баймуй. Эдүгээ сүмд бясалгал хийж, тавцангийн дээр залран сууж баймуй хэмээх үгийг Ли Күй сонсоод маш айж, зүрх нь догдолж, өөрийн сүнс нь биенээс холдож хагас газар явах адил болов. Үүнд Гүн Сүньшэн, Дайзэн, Ли Күй гурав тэр Гүн Сүньшэнд бараалхсанд Луань Жэнрэнь ийн зарлиг болруун: - Эдүгээ та гурав бас юунд ирэв? хэмээсэнд Дай Зүн сөгдөн мөргөж өгүүлрүүн: - Өчүүхэн мунхаг шавь нарын гуйсан ёсоор болгон өршөөж, олон амьтны аминд туслан өршөөгтүн хэмээсэнд Луань Жэньрэнь хэмээх бодисад ийн зарлиг болруун: - Угаас Гүн Сүньшэнг үл явуулах хэмээсэн билээ. Эдүгээ чи ийм чанд сүжиглэж гуйсан тул би нэг удаа илгээсүгэй. Гагцхүү энэ хав хар нүүртэй энэ хүн хэн гэгч, нэр нь хэн гэдэг? хэмээсэнд Ли Күй нэн ч айж, бүхүй бие нь чичрэн дагжиж, ийн өгүүлрүүн: - Энэ хувилгааныг өчигдөр шөнө алсан билээ. Эдүгээ амьд дээр энэ миний нэр байдлыг асуух нь, би үүний аргаас гарах нь бэрх болов хэмээн бачимдан байтал, Луань Жэньрэнь ийн зарлиг болруун: - Эрхэм баатар Дай Зүн чи миний шавь Гүн Сүньшэнг залж аваачаад, хэргээ бүтээсний хойно энд эрхбиш хүргэж ирэх буй за хэмээсэнд Дай Зүн маш баярлан, газарт дахин сөгдөж “Хэрхэвч хүргэж ирмүй хэмээсэнд Луань Жэньрэнь хэмээх бодисад: - Тийм бөгөөс та гурвыг энэ нэгэн цаг мөчийн дотор Гао Танжоуд хүргэх шидээр илгээсүгэй хэмээгээд хоёр хүүхдийг дуудаж “Гурван цэвэрхэн алчуур авчрагтуй хэмээсэнд гурван өнгийн алчуурыг авчирч Луань Жэньрэнь багшдаа барив.
Тэндээс Дай Зүн ийн сэтгэрүүн: - Би бас хувилгаан явдалт бөлгөө. Эдүгээ бас надаас илүү, нэгэн цагт хэдэн мянган газар илгээх ийм их шидтэн бас буй ажгуу хэмээн магтан байтал,Луань Жэньрэнь даруй тавцангаас бууж, сүмээс гараад, нэгэн их дөрвөлжин чулууны дэргэд очиж, тэр чулууны дээр нэг улаан алчуурыг тавьж Гүн Сүньшэнг “Нүдээ аньж байгтун” хэмээн тэр чулууны дээр гаргасанд энэ, их гал мэт улаан үүл болсонд, Луань Жэньрэнь: - За, Гүн Сүньшэн урьдаар явж байгтун.” хэмээсэн төдий тэр үүл нисэн явж хорин газар хүрсэнд Луань Жэньрэнь увдис үүсгэн тогтоов. Түүний хойно тэр чулуун дээр нэг цагаан алчуур тавьж Дай Зүнг гаргаж, тарни урин мөн дээш илгээж Гүн Сүньшэнгийн дэрэгэд очив. Түүний дараа нэг хар алчуурыг тавьж Ли Күйг тэр хоёр дээр илгээж, ийн өгүүлрүүн: - Гүн Сүньшэн, Дай Зүн хоёр нааш бууж ирэгтүн. Би нэг захих үг буй хэмээсэнд Гүн Сүньшэн, Дай Зүн хоёр даруй буун ирсэнд Луань Жэньрэнь хувилгаан хоёр гараар тосож, нэг нэг гарт авав. Үүнд Ли Күй тэнгэрийн доор газрын дээр нисэн явах чадал үгүй, буун ирэх шид үгүй тул их дуунаар өгүүлрүүн: - Өчүүхэн хүнийг эдүгээ энд яахин гагцаар орхимуй. Би энэ үүлээс шургаж буумуй хэмээсэнд Луань Жэньрэнь өгүүлрүүн: - Энэ хоёр над буруу санасангүй атал чи харин хэрэм давж орж ирээд, бодисадын лагшинг хорлох хэмээсэн нь чамд ял бий тул чи олон үг бүү өгүүл. Чи энэ мэт хорхой адил амьтан бодисадын биеийг яахин хорлож чадмуй. Эдүгээ чиний балт сүхээр цавчсан миний эрдэнийн хул энд буй. Түүний гадна бас миний бага шавийг хорлож алсан хүүр мөн буй хэмээх зэрэг зарлиг болсонд Ли Күй өгүүлрүүн: - Тэр хүн нь би бус, та эндүү танив хэмээсэнд Луань Жэньрэнь яахин эндүүгээр энгийн хүнд ял олгож болмуй хэмээн тарни шившин, үүлийг хөдөлгөж даруй хийсэн Ли Күйг аваад явав. Тэндээс Ли Күй маш айж явсаар нэг газар салхиүгүй болж, үүл арилсанд Ли Күй үзвээс нэгэн их байшин хашааны эвдэрсэн мэт хот. Түүний дотор нь нэгэн их яам буй тул тэр яамны Зижоу хотын Жифү ноён нь Ма Фу Ин ноён даруй танхим сууж“Тэр тэнгэрээс буусан хүнийг даруй барьж ирэгтүн хэмээн хэдэг дарга цэрэг гаргаж Ли Күйгийн дэргэд илгээсэнд Ли Күй газар унахдаа түүний бие өвдөх ба гар хөл нь гэмтэж, ер хөдлөн чадахгүй тул тэдгээр дарга цэрэг барьж хүлээд Жифүгийн өмнө авчирч, Ма Фу Ин ноёны өмнө сөгтгөсөнд, тэр ноён ийн өгүүлрүүн: - Эдүгээ чи хаанаас ирсэн, бурхан буюу буг чөтгөр буюу? Яахин тэнгэрээс бууж ирэв? хэмээсэнд Ли Күй ийн мэдүүлрүүн: - Өчүүхэн хүн буг чөтгөр бус, энэ Зижоугийн харъяат Яньжиньшань уулын бодисад Луань Жэньрэнийн шавь хэмээсэнд тэр Жифү: - Чи бүү худал хэлэгтүн. Ийм янзтай хүн бурханы шавь байж болохгүй.
Лав буг чөтгөрийн хувигаантай хүн. Тиймийн тул бурхан ба буг хоёрыг ялгах хар нохойн цус нэг хувин, бас элдэв амьтны шээс баас нэг их хувинг авчирч, үүний бие толгойг угаагтун хэмээсэнд, нэг гяндангийн дарга гарч өгүүлрүүн: - Эдүгээ үүний хэлэх үг Луань Жэньрэний дэргэд бараа болох шавь хэмээсэн нь үнэн ахул Луань Жэньрэнь хэмээгч нь тэнгэр дэлхийд их гайхамшиг бурханы хувилгаан хэмээдэг тул, үүнийг тийнхүү муучлан үзэж болохгүй хэмээсэнд Ма Фу ноён түүний үгийн яахин дагамуй даруй тэр гурван зүйлийн буртаг юмыг Ли Күйгийн бие толгойд цутгаж бузарласан нь, ам хамар, гар хөл цөм өмхий болсонд Ли Күй их дуунаар мэдүүлрүүн: - Би нь лав Луань Жэньрэний шавь бөлгөө хэмээн дахин давтан мэдүүлэвч ноён ер үнэмшихгүй тул, тэргүүн зэргийн эрүү хөдөлгөж нягтлан, хэдэн удаа шүүсэнд Ли Күй “Аргагүй үнэн буг чөтгөр” хэмээн мэдүүлсэнд тэр Ма Фу Ин ноён дөнгө авч, Ли Күйгийн хүзүүнд зүүж гянданд хорив. Үүнд Ли Күй ийн өгүүлрүүн: - Эдүгээ энэ Зифү Игийн Жифү яахин ийм зальхай. Хүнийг өчнөөн үнэн учрыг мэдүүлсээр атал зоргоор хүнд эрүү тулгаж элдвээр бузарласан нь эгнэгт ёс бус. Би нь Луань Жэньрэнь бодисадын хувилгааны дэргэд жинхэнэ тэргүүлэгч бурханы цэрэг дээр, Луань Жэньрэньд нэг бага ял хийсэн учирт миний багш Луань Жэньрэнь надад хилэгнэж ял унагаад, энэ газар салхи үүлээр илгээжүхүй. Тиймийн тул миний биеийг бугш чөтгөр хэмээн санаж бурангуйлан энэ мэт дарлах нь, хэзээ ял дууссан цагт хариу авах нэгэн цаг буй. Эдүгээ та нар над өдөр бүр сайн архи будаа бэлтгэж өгч байгтун. Өчүүхэн төдий алгуурлан саатуулбаас эрхбиш би шидээр багш Луань Жэньрэньд мэдүүлж тэнгэрт ял олгомуй хэмээсэнд тэр гяндангийн дарга нар маш айж, Ли Күйд өдөр бүр сайн архи мах бэлтгэж өгөв. Үүнийг үл өгүүлмүү.
Өгүүлэх нь: Луань Жэньрэнь Ли Күйг шидээр илгээж, Зижоугийн гянданд хорьсны хойно Дай Зүн, Гүн Сүньшэн хоёрь өгүүлрүүн: - Эдүгээ саяны хар нүүртэй хүн намайг хорлох хэмээсэн нь, би бас түүнд их амь алдах хэрэг хийх бус бөлгөө. Та нар гэмгүй. Бүү зовогтун. Энд хэдэн өдөр өнгөрөөд яваваас барав. Гагцхүү танай Лян Шань ууланд чухам ямар хүн тэргүүлэн, бүгд хичнээн ах дүү болсон, эдүгээ ямар аж хийж амь зуудаг зэргийг над баахан хэлэгтүн хэмээсэнд Дай Зүн мөргөн өгүүлрүүн: - Мунхаг шавь нар бүгд Лян Шаньд нийлсэн нь эдүгээ жар шахам. Ах дүү болсон бидний тэргүүлж хаан хэмээн суух нь Чаогай, дарга нь Сүн Гүнмин хэмээх Сүн Жян, дарга Жүнши нь Ү Шюэжү хэмээх сяньшэн. Бид бүгдээр зөвлөж, аргагүй тэнгэрийн төлөөнөө ёсыг явуулахаар томилогдсон учир газар газрын сайн эрс цугларан буй билээ. Иймийн тулд журамгүй хулгайг барих ба тэнгэр газрыг тэрслэх, хүн амьтныг зовоон чирэгдүүлэх дэлхий дахиныг самууруулах зэргээр харшилсныг ариун болгож зам олгохоор Лян Шань хэмээх ууланд сууж аж төрмүй. Гагцхүү эдүгээ Гао Танжоугийн Гаоли хэмээх их журамгүй муу хулгай, манай тэнгэрийн журмаар учирсан нөхөр Чайзинийг барьж гянданд хорьсон дээр басхүү манай уулын эвдэх, улсад халдах хэмээн их цэрэг байгуулсанд манай Чао, Сүн, Ү овгийн гурван ах нар биднийг илгээж, энэ Гао Танжоуг эвдэжжурам дагуулсугай хэмээн Сүн овгийг дарга жанжныг тэргүүлэн илгээсэн.
Үүнд гурван удаа байлдаж, Гаолигийн цэргийн увдист хэдэн зуун цэрэг бүрэлгээд, түүн лүгээ эсэргүүцэн үл чадах учирт Гүн Сүньшэн ахыг шагнаж, бидэнд тус хүргэж өршөөгтүн хэмээн, эл учраа эхнээс адаг хүртэл айлтгасанд Луань Жэнрэнь өгүүлрүүн: - Би нь та нарын эл учрыг эхнээс адаг хүртэл мэдэх нэгэн хөгшин сангарсва билээ. Эдүгээ чи тэр хар нүүртийг тавьж хайрлах болов уу хэмээн гуйсан нь зөв. Тэр нь тэнгэрт ял хийсэн алагч нэрт мөн. Би яахин түүнийг хорлох буюу. Гагцхүү залхаах хэмээн тийнхүү Зижоугийн гянданд хэдэн өдөр зовлон үзүүлэв хэмээсэнд Дай Зүн өгүүлрүүн: - Өчүүхэн хүн нар угаас чухам ямар гараг одон, яахин бууж ирснийг мэдэх буюу. Тэр Ли Күй болбоос санаа нь хатуу зориг,зүрх нь их, чадал хүчин маш гайхамшиг тул манай Чаогай, Сүн Жян нар маш хайртай хэмээгээд даруй гяндангаас гаргаж хайрлахыг гуйн мөргөсөнд Луань Жэньрэнь бодисад даруй тарни шившин газрын эздийг дуудсанд, нэгэн шар алчуураар толгойгоо боосон барсын хормогч зүүсэн нэгэн увдис бүхий хүн ирж, Луань Жэньрэний өмнө сөгдөж ийн өгүүлрүүн: - Дээд багш, өчүүхэн газрын эздийг ямар учир, хаашаа илгээхээр дуудсан билээ? хэмээсэнд Луань Жэньрэнь ийн зарлиг болруун: - Эрт өдөр чамд тушааж Зижоуд хүргүүлсэн хав хар нүүртэй алагч нэрт одон Ли Күй хэмээгч гянданы дотор буй. Түүнийг эдүгээ цааз харшлах хэрэг хийсэнд ял олгосон нь одоо түүний ялын хугацаа дуусч, хэмжээ гүйцсэн тул түүний гянданд орж авчрагтун хэмээсэнд тэр газрын эзэн даруй явж Ли Күйг шидээр авчирч Луань Жэньрэнь инээмсэгэлэхүй дүрээр ийн зарлиг болруун: - За, Ли Күй зүдрэв үү? Хаана очив? Үүнээс хойш энэ мэт хэрэг хийх буюу? хэмээн асуусанд Ли Күй даруй газар толгойгоо хагартал мөргөж, ийн өчрүүн: - Эдүгээ Бурхан багш, өчүүхэн боол шавь угаас тэнэг болоод тийм журамгүй хэрэг хийв.
Үүнээс хойш таныг Бурханы эцэг хэмээн хүндэлж байхаас гадна ер хүнийг хорлохыг байя хэмээгээд мөргөсөнд Луань Жэньрэнь ийн зарлиг болруун: - Одоо чи нэгэнт гяндангаас гарав. Үүнээс хойш Чао,Сүн хоёр ахаа сайнаар өргөн хүндэлж түшихээс гадна зальхай сэтэгэл бүү үүсгэгтүн хэмээсэнд Дай Зүн тосож ийн өгүүлрүүн: - Чи эдүгээ хаана, яахин очиж, хэд хоноод ирэв? хэмээсэнд Ли Күй өгүүлрүүн: - Эрт өдөр үүл салхиар явсан нь үнэхээрийн эрх үгүй. Бас нэгэн их жанжин бололтой газрын эзэн халуун тамд оруулах хэмээн маш сүрхий байдлаар хойноос хурц сэлэм барьж, хуруугаа зааж довтлон ирсэнд би зугтан явсаар гэнэт салхи үүл үгүй болмогц, газар унагаж, бүхүй бие эмгэг олоод, басхүү Зижоугийн ноёнд баригдаж, муу хорт цус, шээс,баасаар биеэ бузарлагдаж шүүгдээд, гянданд хоригдон бүхүйд нэгэн сүрхий хүн очиж, мөн хуучин хэвээр үүл салхиар авчрав. Эдүгээ бие занчигдсан шарх эдгэрээгүй билээ. Бас тэр гяндангийн дарга нарыг мэхлэн хуурч Луань Жэньрэний бурханы цэрэг. Буруу ял хийж энд тэнгэрээс буув.
Та нар эдүгээ миний биеийг зүйтэй сайнаар харгалзахаас гадна бас архи мах идмүй хэмээж өөрийн дураар байв. Гэтэл мөн энэ өдөр хурим базааж идэж ирэв хэмээсэнд Дай Зүн даруй газар Ли Күйгийн хамт Луань Жэньрэнь бодисад бурханд мөргөөд, ийн өгүүлрүүн: - Эдүгээ бид Бурхан таны өршөөлд ташуурч нэлээд хэдэн өдөр болов. Олдвоос, биднийг хойш буцаах болов уу. Манай Сүн Жян ах олон жанжин цэргээ авч Гао Танжоуд биднийг хүлээж буй тул, энэ завсар яахин буйг мэдэхгүй. Энэ Гао Танжоугийн Гаоли увдис ихтэй, зан нь түргэн тул эдүгээ хүлээхгүй болсон байх хэмээгээд мөргөсөнд Луань Жэнрэнь ийн зарлиг болруун: - Мөнөөхөн Гүн Сүньшэн шавиа үл явуулах хэмээсэн бөлгөө. Одоо та нар ийм их тэнгэрийн төлөөнөө ёс явуулах журмын ах дүү тул, би тэр ёсыг дагуулан энэ удаанаа илгээсүгэй. Хэрэг дуусч хэв олсон хойно үнэн санаагаар хичээж миний шавь Гүн Сүньшэнг хэвээр нааш хүргэн ирэхийг сайтар хичээгтүн. Хэрэв санаа гаргаж эс хүргэн ирвээс тэр цагт хэрхэвч өнгөрүүлэн орхиж үл болохыг эртээс эрхэмлэн захихаас гадна басхүү надад та нарын тэр газар очоод Гао Танжоу хотыг авах ба Гаолиг эвдэх зэргийг би сайтар захисугай хэмээн зарлиг болсонд Гүн Сүньшэн, Дай Зүн, Ли Күй нар цөм сөгдсөнд Луань Жэньрэнь ийн зарлиг болов: - Эдүгээ та нар буцах тул би арга хийсүгэй. Бурханд үнэн чин зоригоор сүсэг үйлдвээс аянга мэт үзмүй.
Энэ журмаар яваваас алтан жигүүрт хангарьдыг унах хэмээжихүй. Үүнд Луань Жэньрэнь бодисадва Гүн Сүньшэн хэмээх шавьдаа яахин арга хийх. Ямар үг захихыг хойд бүлэгт үзэгтүн.
Сэтгэгдэл ( 0 )