Дарханы замын хучилтыг 2021.07.01 гэхэд дуусгана гэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 03 сарын 17

80 жилийн нүүр үзсэн Дарханы замыг дөрвөн  эгнээтэй, есөн  ширхэг төмөр бетонон гүүртэй, иж бүрэн тоноглолтой, орчин үеийн олон улсын авто зам болгох зорилготой барилгын ажил 2019 оны зургаадугаар сард эхэлж байв. Тухайн үед Хөгжлийн замын түүхэн бүтээн байгуулалт эхэллээ гэж эрх баригчид тодотгож, 2020 оны зургаадугаар  сард шинэ зам бүрэн ашиглалтад орно хэмээн мэдээлж байсан билээ.

Тэгвэл Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар өнөөдөр /2021.03.17/  Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын төсөл хөтөлбөр хариуцсан нэгжийн дарга Мүүкиа Тирүчелвамыг хүлээн авч уулзахдаа Дарханы замын талаар ярилцжээ. Тодруулбал, Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн хэрэгжилтийн явц байдал болон тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцэж санал солилцсон аж. 

Уулзалтаар талууд Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын барилгын ажлын хэрэгжилтийн явц байдал, барилгын ажил эхэлж байгаатай холбогдсон бэлтгэл хангалт, анхаарч шийдвэрлэх шаардлагатай байгаа асуудлуудын талаар ярилцсан байна.

Тухайлбал, төслийн замын Багц 1-3 болон Багц 1-5 хэсгийн зам барилгын ажлын бэлтгэл ажлыг энэ сарын  11-ний өдрөөс эхлүүлсэн, үндсэн зам барилгын ажлыг  дөрөвдүгээр сард эхлүүлэх, улмаар 2021 оны долоодугаар сарын 1-ний өдөр  гэхэд хучилтын ажил дуусахаар төлөвлөж байгаа аж. Түүнчлэн төслийн гүйцэтгэлийн ажлын хуваарь, зам барилгын ажлын ажиллах хүчнийг оруулах зөвшөөрлийн асуудал, Багц 1-2 болон Багц 1-4 хэсгийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний ажлыг энэ долоо хоногт дуусгахаар ажиллаж байгаа зэрэг  асуудлаар санал, мэдээлэл солилцжээ.

Мөн Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн 57 км авто замын их засварын ажлыг яаралтай эхлүүлэхтэй холбогдуулан гүйцэтгэгчээр шалгарсан “Эйч Кэй Би Интернэйшнл Холдинг” ХХК-тай гэрээ байгуулах, төслийг хугацаанд нь чанартай хэрэгжүүлэхтэй холбоотойгоор гүйцэтгэгчтэй ойр нягт хяналт тавьж ажиллах, мөн Дархан-Алтанбулаг чиглэлийн авто замын засвар арчлалтын төслийн гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтын ажил болон бусад явц байдлын талаар ярилцсан байна.

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.21.125.36) 2021 оны 03 сарын 17

Бүтэн 2 жил хийгээд 30%-г ч хийж чадаагүй байж 3,5 сарын дотор хучна гэдэг бол ерөнхийлөгчийн сонгуулийн шоу гэж ойлгохоос өөр гарц алга. МАНгарууд ажил хийж чадахгүй цавчаа л хийнэ

0  |  1
нэг(66.181.179.174) 2021 оны 03 сарын 17

ярьж татаж байгаа юм шүү энэ ондоо ч дуусахгүй

0  |  1
Top