ИНЕГ-ын харьяа Иргэний нисэхийн үндэсний төвөөс Аялал жуулчлалын хөгжлийн төвтэй хамтран өнөөдөр /2021.03.22/ “Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд агаарын тээврийн оролцоо” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгуулна.
“Жуулчинд ээлтэй нисэх буудал” уриан дор болох энэхүү зөвлөгөөн нь Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасан “Аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ, чанар, стандартыг сайжруулж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэн, иргэд, жуулчдын тоог нэг саяд хүргэх”, УИХ-аас баталсан “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэх “нисэх буудлыг түшиглэсэн олон улсын худалдааны төв байгуулж, худалдааны аялал жуулчлалыг хөгжүүлэх” зорилтуудын хүрээнд дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд төрийн байгууллагуудын хамтын оролцоог нэмэгдүүлж, нэгдмэл зохион байгуулалтад оруулах зорилготой аж.
Зөвлөгөөнд ЗТХЯ, БОАЖЯ, Үндэсний хөгжлийн газар, ИНЕГ болон орон нутгийн байгаль орчин аялал жуулчлалын газрууд, нисэх буудлууд, агаарын тээвэрлэгчдийн төлөөлөл оролцож, Монгол Улсад аялал жуулчлалыг хөгжүүлэхэд иргэний нисэх болон аялал жуулчлалын салбаруудад тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, өнөөгийн нөхцөл байдлыг үнэлэх, орон нутгийн нисэх буудал болон аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааны тэргүүлэх зорилтыг тодорхойлон, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг хамтран хөгжүүлэх боломжийг судлах, орон нутгийн нисэх буудлуудыг олон улсын стандартад нийцсэн нисэх буудал болгох төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, хүний нөөцийн чадавх, үйлчилгээний соёлыг сайжруулах, зорчигч, үйлчлүүлэгчдийн тоог нэмэгдүүлэх, зөвлөгөөнөөс гарсан санал, санаачлагыг нэгтгэн холбогдох байгууллагад зөвлөмж боловсруулан хүргүүлэх, үүнийг ажил хэрэг болгоход оролцогчид хамтран ажиллах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм байна.
Өнөөдрийн зөвлөгөөнд ИНҮТ-ийн дарга П.Мөнхжаргал, Үндэсний хөгжлийн газрын дарга Х.Батжаргал, Аялал жуулчлалын хөгжлийн төвийн захирал С.Бат-Эрдэнэ нар орон нутгийн хөгжлийн бодлого, аялал жуулчлал, нисэх буудлуудын хамтын ажиллагааны талаар илтгэл тавьж хэлэлцүүлэх аж.
Сэтгэгдэл ( 0 )