Гамшгийн эрсдэлийн даатгалын зардлыг бууруулах талаар хэлэлцэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 03 сарын 23

ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Хүртээмжтэй даатгалын асуудлаарх Азийн орнуудын мэдлэг туршлага солилцох сүлжээ (MEFIN)-тэй хамтран зохион байгуулсан “Эрсдэлийг бууруулах замаар уур амьсгал, гамшгийн эрсдэлийн даатгалын өртгийг бууруулах нь” сэдэвт төр-хувийн хэвшлийн олон улсын зөвлөлдөх ээлжит 10 дугаар уулзалт, хэлэлцүүлэг цахим хэлбэрээр боллоо.

Энэ сарын 18, 19-нд болсон энэхүү уулзалт, хэлэлцүүлэгт MEFIN-ий гишүүн болон холбогдох бусад байгууллагын нийт 80 орчим даатгалын салбарын мэргэжилтэн, зохицуулах байгууллагын төлөөлөл, зочин илтгэгчид оролцсон юм. Манай улсаас Санхүүгийн зохицуулах хороо, Онцгой байдлын ерөнхий газрын албан хаагчид болон Монголын даатгалын холбоо, Монголын даатгалын зуучлагчдын холбооны төлөөлөл оролцлоо. Уулзалт, хэлэлцүүлгээр дараах 4 хэсэг чиглэлийн хүрээнд оролцогчид санал бодол, туршлага, мэдлэгээ солилцов. Үүнд:

Гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэрэгслийг (DRR) ашиглан эрсдэл ба зардлыг хамтад нь бууруулах нь;

Гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэрэгслийг Уур амьсгал, гамшгийн эрсдэлийн даатгалыг (CDRI) худалдан авах чадварыг нэмэгдүүлэхэд ашиглах нь;

Газар тариалангийн илүү хямд даатгалыг хөгжүүлэхийн тулд Гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэрэгслийг ашиглах нь;

Гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэрэгслийг ашиглан Уур амьсгал, гамшгийн эрсдэлийн даатгал болон жижиг, дунд үйлдвэрлэлийн бизнесийн тасалдлын даатгалыг хөгжүүлэх нь.

Гамшгийг урьдчилан таамаглах боломжгүй, хамрах хүрээ том зэргээс үүдэж уур амьсгалын болон гамшгийн эрсдэлийн даатгал нь харьцангуй өртөг өндөртэй байдаг. Иймд өртгийг бууруулах, улмаар иргэд, аж ахуйн нэгжүүдийг өртөг багатай даатгалын бүтээгдэхүүн санал болгоход Гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэрэгсэл нь хамгийн үр дүнтэй арга болохыг энэ үеэр онцолсон юм.

Мөн гамшгийн эрсдэлийг бууруулах арга замын эдийн засгийн үр ашгийг жишээнд үндэслэн тооцолж, түүний үр дүнг илүү хямд Уур амьсгал, гамшгийн эрсдэлийн даатгал бий болгоход хэрхэн ашиглах талаар улс орнууд харилцан туршлага солилцсон. Тухайлбал, хэлэлцүүлэгт “Disaster risk reduction at farm level: Multiple benefits, no regrets” судалгааг танилцуулсан бөгөөд Гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэрэгсэл нь хөдөө аж ахуйн салбарт эдийн засгийн өсөлтийг хэрхэн авчирсан талаар болон хэрхэн хямд хөдөө аж ахуйн даатгалыг бий болгож болох талаар дурдсан. Түүнчлэн Гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэрэгсэл нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд зориулсан Уур амьсгал, гамшгийн эрсдэлийн даатгалын өртгийг хэрхэн бууруулах, эдгээр аж ахуй эрхлэгчдэд зориулсан даатгалын өртөг, компаниуд хэрхэн гамшгийн эрсдэлийг бууруулах аргыг ашиглаж байгаа болон даатгалын салбарт үзүүлж буй нөлөөллийн талаар хэлэлцсэн.

Гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэрэгслүүдэд аюулын хор уршгийг бууруулах, хүн ба эд хөрөнгийн эрсдэлд өртөмтгий байдлыг багасгах, хүрээлэн буй орчны ухаалаг менежмент, болзошгүй эрсдэлийн эсрэг авч хэрэгжүүлж буй үйл явцын бэлэн байдлыг сайжруулах зэрэг нь багтана. Жишээлбэл, үерээс хамгаалах зорилгоор далан, хур тунадас багатай үед тариалангийн талбайг услах механизмтай байх зэрэг юм. Гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэрэгсэл нь тогтвортой хөгжлийн нэг хэсэг тул Засгийн газар, төрийн бус байгууллага, мэргэжлийн болон хувийн хэвшлийн бүх хэсэг хамтарч ажиллаж байж хэрэгждэг. Иймд, уг арга хэрэгслийг ашиглахад даатгагч болон зохицуулагч байгууллагуудад тулгарч буй саад бэрхшээл, боломжуудын талаар энэ үеэр харилцан санал солилцсон юм.

Энэ удаагийн уулзалт хэлэлцүүлэгт дурдагдсан олон улсын туршлага, шийдэл нь хүртээмжтэй даатгалыг өргөжүүлэн хөгжүүлэх, тэр дундаа манай улсын хувьд нэн чухал шаардлагатай байгаа гамшгаас хамгаалах тогтолцоог бэхжүүлэхэд даатгалын салбарын оролцоог нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой  санал санаачлага, сайн туршлага болж байна гэж Санхүүгийн зохицуулах хороо үзлээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top