Б.Цогтнаран: Нөөцийн мах НӨАТ-гүй үнээр худалдаалагдаж байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 03 сарын 30

 

Нөөцийн махны борлуулалт эхэлсэнтэй холбогдуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэл хийлээ. Өнөөдрийн байдлаар 322 дэлгүүр нөөцийн мах худалдан, борлуулж байгаа юм байна. /2021.03.30/ 

Мэдээллийн үеэр Нийслэлийн Татварын газрын дарга Б.Цогтнаран дараах мэдээллийг өглөө.

“Засгийн газрын тогтоолын дагуу нөөцийн махны худалдаа эхэлж байна. Нөөцийн мах НӨАТ-ын тухай хуулийн 13 дугаар зүйлийн  1.16-т заасны дагуу НӨАТ-аас чөлөөлөгдөж, өөрөөр хэлбэл НӨАТ-гүй үнээр иргэдийн гарт худалдаалагдаж эхэлж байна. Засгийн газрын тогтоолоор хяналт тавих зорилгоор цахим төлбөрийн баримтын системд холбогдсон байх гэдэг шалгуурыг борлуулагчдад тавьсан. Бэлтгэл ажлын хүрээнд Нийслэлийн Татварын Газар, ГТМТТ, Дүүргийн татварын хэлтсүүдтэйгээ хамтраад жижиглэн худалдаа хийх газруудын кассын машины системд хөгжүүлэлтийг хийгээд, БАР кодын дагуу иргэд худалдан авалтыг хийхэд НӨАТ-гүй дүнгээр гарахаар холбогдох тохируулга, бэлтгэл ажлыг хангасан. Иргэдэд очих E barimt буюу цахим төлбөрийн баримт сугалааны дугаартай байна. Нөөцийн махны худалдаа НӨАТ-аас чөлөөгдөж байгаа учраас НӨАТ-ын дүнгүй. Худалдаа эрхлэгчид НӨАТ-ын баримт олгох үүрэгтэй байгаа” гэв.

Тодотгоход, нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хангамж, нийлүүлэлт, үнийг тогтвортой байлгах зорилгоор арилжааны банкны шаардлага хангасан 17 аж ахуйн нэгж нийт 11 мянган тонн махны нөөцийг бүрдүүлээд байна.

Энэ жилийн хувьд цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан иргэдийн орлогыг бууруулахгүй байх зорилгоор 2020 онд худалдаалж байсан үнээр буюу хонины ястай махыг килограмм нь 6700 төгрөг, үхрийн ястай мах 7700 төгрөг, ямааны мах 6200 төгрөгөөр борлуулж байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top