Д.Баярсайхан: “ЭТТ”-н бонд хөрөнгийн зах зээлийн хөгжлийг шинэ шатанд гаргана

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 03 сарын 30

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн  төгрөг болон ам.доллар хосолсон 2 их наяд төгрөг хүртэлх үнийн дүнтэй, гурван үе шаттай гаргах бондын  эхний шатны арилжааг өнөөдөр /2021.03.30/ эхлүүлснийг мэдээлсэн.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан өнөөдрийн бондын арилжааг нээлтийн үеэр хэлэхдээ “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах ажлын хүрээнд Засгийн газраас баталсан 2021 оны 42 дугаар тогтоолын дагуу Санхүүгийн зохицуулах хороо хөрөнгийн зах зээлийн өсөлтийг эрчимжүүлэх урт болон дунд хугацааны томоохон бодлогын баримт бичгүүдийг боловсруулж, шинэ төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх чиглэлээр нэлээдгүй ажлыг амжилттай хэрэгжүүлээд байна. Тухайлбал, анхны хамтын хөрөнгө оруулалтын сан, хөтөлбөрийн бус нээлттэй арилжих боломжтой мөн түрээслээд өмчлөх хэлбэрийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг бий болгох, гадаадын болон дотоодын хөрөнгийн бирж хооронд үнэт цаасыг чөлөөтэй хөрвүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн.

Харин энэ удаагийн  “Эрдэнэс-Тавантолгой” ХК буюу төрийн өмчит аж ахуйн нэгжүүдээс анх удаагаа дээр нь  олон нийтэд санал болгон гаргахдаа хамгийн өндөр мөнгөн дүнтэй төгрөгийн болон ам.долларын хосолсон өрийн хэрэгслийг дотоодын хөрөнгийн зах зээлээс татан төвлөрүүлэх гэж байна. Ингэснээр хөрөнгийн зах зээлийн хөгжлийг шинэ шатанд гаргахаас гадна Монгол Улсын макро эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлж, ажлыг байрыг нэмэгдүүлэх цаашилбал олон жил яригдаж байгаа дэд бүтцийн томоохон төслүүд эхлэх боломж бүрдэж байна” гэв.

"Эрдэнэс Тавантолгой" ХК нь энэхүү бондыг 3 үе шаттайгаар олон нийтэд санал болгон худалдаж, 2 их наяд төгрөг хүртэлх санхүүжилтийг татан төвлөрүүлнэ. Ингэснээр Засгийн газраас 2020-2024 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй Тавантолгой дулааны цахилгаан станц, нүүрс баяжуулах үйлдвэр, усан хангамж, төмөр зам зэрэг үндэсний томоохон бүтээн байгуулалтуудыг санхүүжүүлэх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top