Үндэсний Статистикийн хороо нь өгөгдөл буюу дата боловсруулах үйл ажиллагааг явуулдаг Монгол Улсын хамгийн том байгууллага. Орон даяар нийт 1807 баг, хороо, 330 сум, 40 орчим төрийн байгууллагаас 38 салбарын 400 гаруй мэдээг нэгдсэн санд цуглуулан, дата боловсруулах ажлыг жил улирал, сарын давтамжтай хийдэг.
Мэдээллийн асар их дата урсгалыг зөв зохион байгуулах, Үндэсний Статистикийн хорооны мэдээлэл боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй Ухаалаг засаг төслийн санхүүжилттэй хийгдсэн Статистикийн мэдээлэл боловсруулах - SPS систем бүтээх төсөл хэрэгжиж дууссан байна.
Үндэсний статистикийн хорооноос санаачлан хэрэгжүүлсэн төсөл болох “Статистикийн мэдээлэл боловсруулах – SPS” системийг GSBPM олон улсын стандартад нийцүүлэн Ай Ти Зон болон Новелсофт компанийн инженер техникийн болон хөгжүүлэлтийн баг, дата аналитикийн багтай хамтран хөгжүүлсэн.
Програм хангамж болон дата аналитикийг хослуулан хүч хавсран хөгжүүлсэн энэхүү систем нь статистик тоон мэдээнүүдийг өрх, ААН-ээс цуглуулахаас эхлээд Үндэсний Статистикийн хорооны www.1212.mn сайтад дүрсэлж үзүүлэх хүртэлх бүх дамжлагыг автоматжуулан, аль болох хүний оролцоог багасгаснаараа онцлог болсон.
Түүнчлэн автоматжуулалтыг нэвтрүүлснээр шинэ мэдээ гаргахад дамждаг байсан тус бүрд нь код бичих, нэвтрүүлэх зэрэг үйл ажиллагааг халснаар цаг, хугацааг хэмнэж чаджээ.
Ингэснээр төрийн бодлого шийдвэр тодорхойлогчид, бизнес эрхлэгчдэд датанд суурилсан оновчтой шийдвэр гаргаж, илүү олон хүнд статистик мэдээллийг “илүү хурдтай” хүргэх боломжтой болж байна гэж ҮСХ-ноос мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )