Хятадын дөрвөн их сонгодог зохилын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.
Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.
Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
ГУРВАН УУЛЫН САЙН ЭРС НИЙЛЖ ЦИНЖОУ ХОТЫГ ЭВДЭЖ ОРОХ
БАРС ХЭМЭЭХ ЦОЛТ Ү СҮН НАР САНАА НИЙЛЖ ЛЯН ШАНЬД УРВАХ
Өгүүлэх нь: Тэндээс Ү Сүн, Хуа хуушаан нар Арь Луншань ууландаа харьж, эдүгээ яахин Цинжоуг эвдэх хэмээн зөвлөн байтал, Ян Жийн өгүүлрүүн: - Мөнөөхөн Цинжоуг эвдэх нь маш хэцүү хэмээх хэлсэн бөлгөө. Тиймийн тул их цэрэг хөдөлгөхөөс бус бидний энэ гурван уулын цөөхөн жанжин цэрэг хэрхэвч эвдэж чадахгүй. Сонсвоос Лян Шань уулын Сүн Гүн Мин хэмээх Сүн Жян, Чаогай нарын зэрэг их журамтай сайн эрс хөндлөн голын сайн эрс лугаа нөхөрлөн авч, самуун мууг арилгах хэмээн сонсов. Иймийн тул энд Цинжоуг бага өдөөвөөс зохихоос гадна Күнлян өдөр шөнөгүй довтлон явж, Лян Шань ууланд очиж, энэ учрыг хэлвээс тэр Сүн Жян энэ Хү Яньжуо лугаа урьд байлдаж байсан өшөө бүхий хүмүүн тул даруй ирж бидэн лугаа хавсарч Цинжоуг эвдэх нь сааргүй билээ. Түүний гадна бид басхүү Лян Шаньд урвахаа хэлсүгэй хэмээн архины пүүсэнд зөвлөлдөв. Тэндээс Лү Жишэнь хэмээх Хуа хуушаан ийн өгүүлрүүн: - Сонсвоос энэ Ляншаний Сүн Гүнмин мөн манай Ү Сүнтэй танил тул би бас урьд урвахаар санаж очих хэмээн явтал, тэр Сүн Гүнмин тухайд Лян Шаньд үгүй учир, Жин Ванжэнь хэмээх хотоос гарч Арь Луншаньд ирэв. Эдүгээ Ян Жидүүгийн хэлэх үг маш зөв. Күнлян дүү чи бичгийг авч, өдөр шөнөгүй довтлон явж Лян Шаньд очиж Сүн Гүнминийг залж ирсэн хойно бид бүгдээр Цинжоуг эвдэж, чиний бага авга Күнбин, төрсөн ах Күн Мин хоёрыг ававаас зохимуй хэмээн Күнлянийг Лян Шаньд илгээхээр замын хүнс ба алт мөнгийг өгч захиа бариулан илгээсэнд, Күнлян өөрийн гар доорхи цэргээ Лү Жишэнь, Ү Сүн нарт тушаан өгөөд даруй Арь Луншань уулнаас нэгэн гийчин болж, нэг хүн дагуулан Лян Шань уулын зүг зам хөөн явав. Үүнд Цинжоу цэрэг хөдөлвөөс байлдах, эс хөдөлдвөөс нам гүмээр сууж, Ляншаний Сүн Гүнминий хариу хүлээв.
Тэндээс Лү Жишэнь өгүүлрүүн: - Мэргэн дүү нэр бид энд дув дуугүй хүлээвээс Цинжоугийн зифү Мурун жанжин, Хү Яньжуо хоёр биднийг шоовдорлохоос гадна, басхүү сайн эрсийн нэр үгүй болмуй. Тиймийн тул бид цэргээ гурван анги хуваан аваад Арь Луншань уулнаас бууж Цинжоугийн ойр очиж өдөөж, цэргийн жагсаал жагсаж тэднийг хөдөлвөөс байлдаж, үл хөдөлвөөс хүлээх сууваас ямар? хэмээсэнд Ү Сүн, Ян Жихоёр “Мөн” хэмээн даруй Лү Жишэнь, Ү Сүн хоёр нэг мянган цэрэгтэй тэргүүн ангид, хоёрдугаар ангид Лижүн, Ши Энь хоёр нэг мянган цэрэг авч буугтун. Гуравдугаар ангид Цаожэн, Жоутун хоёр нэг мянган цэрэг авч буугтун. Цөм гал, ус, мод, төмөр, шороо хэмээх таван үсэг тавьсан улаан дарцаг байгуулж, туг далбааг мандуулан, их цэргийн байдлаар цэрэглэн очиж, Цинжоугийн ойр бүгд хорин хэсэг ирэв. Арваны газар жагсаал жагсаж суугтун хэмээн цөм уулнаас бууж, Цинжоугийн ойр ирж жагсаал жагсав. Үүнийг үл өгүүлмү.
Өгүүлэх нь: Күнлян тэр Цинжоу хотоос гарч зам хөөн явсаар удсангүй Лян Шань уулын хажууд ирж үзвээс, нэгэн архины дянь баймуй. Энэ дянь Ляншаний байгуулсан Ли Лигийн архиын пүүс болой. Үүнд орж Күнлян ийн өгүүлрүүн: - Эрхэм нөхрийн бие амархан сайн уу?хэмээсэнд Ли Ли энэ хүнийг үзвээс мөн ч нэгэн сайн эр тул, даруй босож хариу ёсолсонд Күнлян өгүүлрүүн: - Мунхаг дүү хол газраас ирсэн тул ам их цангав. Нэг аяга цай хайрлаваас болох буюу? хэмээсэнд Ли Ли даруй цай хийж өгөөд ийн асууруун: - Мэргэн дүү аль газраас, хаана очихоор, энд юуны учир ирэв? Өндөр овог нэр хэн гэдэг? хэмээсэнд Күнлян өгүүлрүүн: - Мунхаг дүү Цинжоу хотоос ирэв. Нэр Күнлян хэмээдэг. Энд ирсэн учир нь Лян Шаньд очиж Сүн Гүнмин хэмээх хүмүүнд учрах эрхэм хэрэг буй тул ирэв. Эдүгээ зам мэдэхгүй тул, танаас зам асуухаар энд ирсэн. Олдвоос мэргэн ах Лян Шань ууланд чухам аль замаар очихыг зааж хайрлана уу хэмээсэнд Ли Ли даруй Күнлянийг Сүн даргатай учрах хэмээснийг сонсоод даруй ширээ засаж архи будаа бэлтгээд өгч, ийн асууруун: - Мэргэн дүү манай Ляншаний Сүн Гүнминтэй учрах хэрэг юу? хэмээсэнд Күнлян өгүүлрүүн: - Би нь угаас Бай Хушань хэмээх ууланд суудаг билээ. Гагцхүү нэг чухал хэргээр Сүн Гүнмин лугаа учрах хэмээн ирсэн хэмээхүйд Ли Ли өгүүлрүүн: - Мэргэн дүүгийн алдрыг урьд Сүн Гүнмингээс сонссон тул, бид эдүгээ танилцав.
Та энэ шөнө манай пүүсэнд биеэн амарч хоноод манай ууланд маргааш очвоос, би зам удирдаж өгье хэмээсэнд Күнлян маш баярлан даруй тэр шөнө хонож, маргааш нь Ли Ли нэг мэдээ хүргэх сум харвасанд усны чанд зэгсний дотроос хоёр цэрэг нэг онгоц авч ирээд Күнлянийг тэр хүний хамт суулгаж, Ли Ли өөрөө дагуулан усыг гаталж, Ляншаний “Жин Ша Тан” хэмээх “Алт хуваах ордон”-д хүрч ирэв. Тэндээс Ли Ли Лян Шань ууланд нэг цэрийг хүн илгээж Сүн Гүнминд энэ мэдээг сонсгон илгээсэнд Сүн Гүнмин Күнлянийг урьд таних зузаан нөхөр тул даруй уулнаас бууж, “Жин Ша Танд” хүрч ирсэнд Күнлян даруй газар сөгдөн уйлж, ийн өгүүлрүүн: - Мэргэн ахын лагшин амгалан сайн уу? Эдүгээ мунхаг дүү Цинжоугаас гарч, мэргэн ах лугаа учрах хэмээн ирэв хэмээсэнд Сүн Жян даруй дээш босгож, ийн өгүүлрүүн: - Мэргэн дүү чи энд яахин явж ирэв? Над лугаа учрах хэрэг юу? Чиний гэрийн эцэг эх, ах дүү цөм буй буюу? хэмээсэнд Күнлян өгүүлрүүн: - Эцэг эх цөм бие барав. Ах Күн Мингийн хамт уг нутагтаа байх цагт нэгэн айлыг хүй тэмтрэн алж, юмыг дээрэмдэн авч Бай Хушань хэмээх уулнаа урваж суун байтал, Цинжоугийн Зифү Мурун ноён бидний ургийн ах Күнбинг барьж гянданд хийсэн тул, түүний биеийг гяндангаас булааж амийг аврах хэмээн Бай Хушань уулнаас цэрэглэн бууж Цинжоуд ирсэнд, урьд ах тан лугаа маш их авирлан байлдаж байсан Дунжингийн Хү Яньжуо хэмээх нэг жанжин очиж, Тао Хуашанийг идэх хэмээн байтал, тэр Зифү Мурун түүнийг дуудаж авчраад бидэн лугаа эсэргүүцэн байлдсанд, бид түүний хүчинд автагдаж, хэрхэн байлдавч ер дийлсэнгүй.
Ах Күн Минг Хү Яньжуо амьдаар барьж Зифү Мурунд тушаасанд, тэр ноён миний ахын хүзүүнд маш их хүнд дөнгө өмсгөж, бас төмөр хадаасаар хадаж, гянданд хорив. Тиймийн тул тэр Хү Яньжуогийн хүч их тул, би байлдан чадсангүй зугтан явтал Ү Сүн, Хуа хуушаан, Лү Жишэнь нар учирч амь аврав. Тэндээс бас Тао Хуашань, Арь Луншань хэмээх хоёр уулын Янжи, Цаожэн, Ли Жүн,Жү Түн хэмээх хэдэн сайн эр буй хэмээсэнд, энэ үгийг Сүн Жян даруй сонсоод уур нь хүрч ийн өгүүлрүүн: - Эдүгээ тэр зальхай хулгай Хү Яньжуо мөн тэнд очиж урваад, харин бас миний ах дүү лугаа байлдах буюу. Үүнд чи бүү зовогтун. Би энэ хэргийг бүтээмүй. Сэтгэлээ аажим тавигтун хэмээн бүгдээр уулын дээр гарч “Жү И Тан” хэмээх их танхим дээр очиж, Күнлянийг Чаогай, Ү Шюэжү, Гүн Сүньшэн нарын гурван их жанжинд ёслуулан мөргүүлж, эл учрыг бүрнээ хэлсэнд, Чаогай өгүүлрүүн: - Энэ Арь Луншань ууланд байх Ү Сүн, Лү Жишэнь, Ян Жинар нь чухам сайн эрс хэмээн сонсогдсон. Харин би тэднийг залж уулгаа авчрах хэмээн бодсон нь миний санаа лугаа яв цав нийлэв. Үүнд бид цэрэг жанжнаа засаж, уулнаас бууж, тэр муу нохойн зулзага Хү Яньжуог барихаас гадна Цинжоуг эвдэж Сүн Гүнмингийн ах дүү Күнбин, Күн Мин хоёрыг гаргаж ававаас зохимуй.Иймийн тул би тэргүүлэн Цинжоуд очих хэмээсэнд Сүн Гүнмин өгүүлрүүн: - Та нь их Ван бөгөөд уулын эзэн яахин үүнд хөдөлж болмуй.Уулаа сахиж олон цэрэг жанжнаа харгалзан захирах хэрэгтэй. Үүнд би явж тэдгээр Цинжоуг эвдээд Хү Яньжуог амьдаар барьж уулнаа авчрахаас гадна басхүү Ү Сүн, Лү Жишэнь хэмээх Хуа хуушаан нарыг цөм энд авчиръя хэмээсэнд Чаогай маш баярлан, “Үүнд их хурим хийж хундага барих” хэмээн ширээ засаж найр тавин Күнлянийг хүндэлж байсанд, олон жанжин тэр цаг ууланд цөм буй тул, хэн үл Цинжоуд очих буюу. Бид цөм очмуй”хэмээлцэн архи ууж.
Тэндээс Сүн Жян их цэргийн бүгдийн дарга Пэй Сюанийг дуудаж авчруулан, цэргийн дансыг үзэж, таван хэсэг болгон явуулахаар тогтож, маргааш нь Ляншаниас буухад, тэргүүн жагсаалд Хуа Рүн, Чинь Мин, Яншүнь, Ван Вэйху нарын дөрвөн жанжин тэргүүлэн явагтун. Хоёрдугаар жагсаалд Мү Хүн, Ян Сюн, Се Жэнь, Зебао нарын дөрвөн хүн явагтун. Хоёрдугаар жагсаалд Сүн Жян, Ү Шюэжү, Люйфан, Гуо Шэн нарын дөрвөн жанжин захирч явагтун. Дөрөвдүгээр жагсаалд Жү Түн, Чай Жинь, Лизюнь, Жан Хэн нарын дөрвөн жанжин. Тавдугаар жагсаалд Сүнь Ли, Ян Линь, Оу Пэн, Лин Жэнь нарын дөрвөн жанжин явагтун хэмээн тус тус тушаагаад үлдсэн жанжин цэргийг Чаогай захирч суусныг бүү өгүүлэгтүн. Сүн Жян Күнлянийг дагуулан бүгд хорин их жанжин цэрэг нь морьтой явган гурван мянга илүү хүн Ляншаниас бууж Цинжоугийн зүг ирэв. Үүнд эдгээрийн зам тохиолдсон жоу ба сяний зэрэг хотыг ер хөдөлгөсөнгүй, цааз тогтоон өдөх шөнөгүй явж Цинжоу хотын ойр хүрч ирэв. Тэндээс Күнлян тэргүүлэн очиж, Ляншаний Сүн Жян нарыг залж ирснийг Лү Жишэнь хэмээх Хуа хуушаан, Ү Сүн, Ян Жинарт хэлсэнд, тэдгээр гурван сайн эрс бас хоёр жагсаалын Цаожэн, Ши Энь, Жү Түн, Ли Жүн нарыг дагуулан угтаж Сүн Жян лугаа учраад ёс ёслон мөргөж тус тус явсан хийснээ нэг хэсэг хэлэлцээд, бүгдээр явж Цинжоугийн хотын гадуур ирж, нэгэн уулын хажууд цэргийн хүрээлэн байгуулан, тус тус ширээ засаж Ляншаний хорин сайн эрсэд архи барьж найрласанд Сүн Жян өгүүлрүүн: - Эдүгээ энэ Цинжоугийн цэрэгтэй та нар байлдав уу?хэмээсэнд Лү Жишэнь өгүүлрүүн: - Бид Күнлянийг Лян Шань ууланд эрхэм ах нарыг залсан хойно Хү Яньжуотай таван удаа байлдав. Үүнд хэн хэнээ дийлсэнгүй хэмээсэнд Сүн Жян өгүүлрүүн: - Энэ хорхой мэт Хү Яньжуо ямар их сүртэй хэмээн санаж бид лугаа эсэргүүцэн байлдаж чадмуй.
Урьд манай Лян Шань ууланд очиж цэрэг морио бэлэн болгон хүргэсэн атал энд урваж ирээд бас ийнхүү байлдах буюу. Бид түүнийг даруй барьж авах цаг буй хэмээсэнд Ү Шюэжү өгүүлрүүн: - Энэ Хү Яньжуо лугаа байлдахад тийм амаргүй. Гагцхүү арга хэрэглэж байлдваас амьд барьж болмуй хэмээсэнд Сүн Жян өгүүлрүүн: - Эдүгээ ямар арга хэрэглэх буюу? хэмээхүйд Ү Шюэжү өгүүлрүүн: - Энэ цэрэг ороход Цинжоу хотын дөрвөн зүгээс орохоос бус нэг замаар очиж болохгүй хэмээн тус тус тушаагаад, маргааш нь Цинжоу хотыг дөрвөн зүгээс бүсэлж хэнгэрэг дэлдэн харанга цохиж, буу тавьсанд Цинжоугийн цэргийн мэдээ харуулын хүн ирж Зифү Мурунд ийн өгүүлрүүн: - Эдүгээ Ляншаний жанжин цэрэг нар ирж, гурван уулын урвасан хулгай нар лугаа туслахаар ирэв. Эдүгээ хотыг бүсэлж ер гарах замгүй болов хэмээсэнд Зифү Мурун ноён маш айж, даруй Хү Яньжуог дуудуулж: - Эдүгээ Ляншаний урвасан хулгай Сүн Жян нар ирж гурван уулын урвасан хулгай нарт туслах гэнэм. Эдүгээ яахин хариулах билээ? хэмээсэнд Хү Яньжуо өгүүлрүүн: - Ноён үүнд юу зовном. Сэтгэлээ аажим тавигтун. Энэ Лян Шань уулын урвасан хулгай нарт угаас цэргийн эрдэм сурсан хүн үгүй. Гагцхүү тэдний хэрэглэх усан зам хэцүү тул урьд би дарлагдав. Эдүгээ энд үүрээс гарч ирсэн нь даруй надад амиа тушаав. Иймийн тул ноён та миний эд нарыг амьдаар барих ба алах ба зэргийг хэрмийн дээр гарч үзэгтүн хэмээн Хү Яньжуо хуяг дуулгаа өмсч нэг мянга илүү цэрэг аваад хотын хэрмээс гарч усны гүүр тавьж, хэнгэрэг харангаа цохиж гарч ирэв. Үүнд Сүн Жян гийн жагсаалаас нэг жанжин гарч, Хү Яньжуо лугаа байлдах хэмээн тосож ирэв. Үүнийг Зифү Мурун үзээд таних тул ийн хараан өгүүлрүүн: - Чи төрөөс урваж түмэн олныг зовоож, Ляншаний хулгай болох нь ямар ёс? Дунжин хотод байх цагтаа цэргийн их тэргүүлэгч байсан бөгөөд эзний хишгийг шүтэхгүй энэ мэт самуурч яахин болно. Иймийн тул Хү Яньжуо бушуу түргэн энэ урвасан хулгай Чинь Минг барьж авчрагтун. Би Дунжинд мэдүүлж, үүнийг түмэн анги цавчиж алах хэмээсэнд Хү Яньжуо даруй давшин орж Чинь Мин лугаа дөч тавин удаа байлдсанд Зифү Мурун энэ хоёрыг үзээд, хэн хэнээ дийлэхгүй байхад Хү Яньжуог муу аргад автагдах гэм олох магадгүй хэмээн хэнгэрэгээ дэлдэн цэргийг хорьж, харанга цохисонд Хү Яньжуо Чинь Мингээс салж өөрийн цэргээ авч хэрмийн дотор орж ирэв.
Тэр Чинь Мин аргагүй мөн өөрийн жагсаал Сүн Жяний дэргэд ирэв. Тэндээс Хү Яньжуо даруй хотод ирж Зифү Мурунд ийн өгүүлрүүн: - Эрхэм ноён ямар учирт цэрэг хурааж, харанга дэлдэв? Би тэр хулгай Чинь Минг барих цаг болов. Түүний хүч нь мохож, тэнхэл нь тасарч, яг барихын завсар хоёр тийш салав. Маргааш энэ муу хулгай лугаа байлдахад ноён бүү хэнгэрэг харанга цохигтун. Би хэрхэвч гэнэдэхгүй хэмээсэнд Зифү Мурун өгүүлрүүн: - Би үзвээс энэ Чинь Мин та хоёр хүчин тэнцэх мэт боловч, түүнийг муу арга хэрэглэж чиний биеийг гэмтээх магадгүй хэмээн санаж, баахан амарч байгаад байлдсугай хэмээн санаж тийнхүү хэнгэрэг цохиж харанга дэлдэв. Эдүгээ би чамд нэгэн зөвлөх хэрэг буй билээ. Миний санаа болбоос Дунжинд бичиг мэдүүлж довтолгон албаны цэрэг гуйхаас гадна басхүү манай захиргааны хоёр сяний даргад бичиг илгээж, тэр хоёр зи сяний цэргийг дайчлан авчирч бүгдээр хүч хавсарваас сайн хэмээн бодлоо хэмээсэнд Хү Яньжуо маш баярлан: - Мэргэн ноён таны энэ санаа маш зөв. Гагцхүү бичгийг яахин илгээмүй? хэмээсэнд Зифү өгүүлрүүн: - Над арга бий. Шөнө хулгайгаар гурван хүн гаргаж илгээвээс барав хэмээгээд даруй бичиг засаж Дунжин, хоёр зи сяньд илгээхээр тэр шөнө хараахан явуулахын завсар харуулын цэрэг ирж, Хү Яньжуод мэдүүлрүүн: - Эдүгээ манай хэрмийн хойд хаалгаар гурван хүн нууж харж баймуй.
Дунд нь улаан дээлтэй, цагаан морь унасан. Зүүн этгээд нь хар дээлтэй хөхөмдөг морь унасан. Баруун нь улаан морьтой цагаан дээлтэй хэмээсэнд Хү Яньжуо өгүүлрүүн: - Тэр гурав нь Хуа Рүн, Сүн Жян, Ү Шюэжү гурав болой. Эдүгээ би тэр гурвыг барьж авах билээ хэмээн хуяг дуулгаа өмсөв. Энэ нь Сүн Жян, Ү Шюэжү, Хуа Рүн гурав ов үүсгэн арга хэрэглэж, нэг зэвхий хувхай модны дэргэд нүх ухаж Хү Яньжуог үгтээж тэр дотор оруулан барих арга хийснийг ХуЯньжуо яахин мэдмүй.Үүнд Хү Яньжуо даруй хуяг дуулгаа өмсөөд нэг зуу шахам цэрэг аваад хэрмийн хойд хаалгаар гарч, гүүрээ усан гарамд тавьж гараад үзвээс тур гурав цөм зугтан явж, нэг хувхай модны дэргэд очиж зогсож үл хөдлөх тул Хү Яньжуо маш уур нь хүрч, тэр гурвыг хөөн ирсэнд гэнэт нэгэн их усны дотор морины хамтаар орсонд, хажуугаас Сүн Жян их дуугаар өгүүлрүүн: - Хөөрхий Хү Яньжуо сайн эр, цухалдаж нүхэн гэрт орж үхэв. Цэргийн ард даруй ирж дэгээгээр тэднийг гаргаж авагтун хэмээн бархирсанд Сүн Жяний бүгшсэн цэрэг ирж, Хү Яньжуог дэгээгээр дэгээдэн татаж гаргаад даруй барьж, Сүн Жяний цэргийн жагсаалд аваачив. Тэндээс Хуа Рүн, Хү Яньжуогийн цэргийг нум сумаар харваж их төлөв алав.
Тэндээс Хү Яньжуог барьж аваачаад тугийн доор авчруулж Сүн Жян ийн өгүүлрүүн: - Одоо та нар хөөрхий баатар эр Хү Яньжуог барьж хүлэх нь ямар ёс. Зүгээр дагуулан авчирваас барав хэмээгээд босож Хү Яньжуогийн гараас түшиж цацартаа оруулж суулгаад цай барьж Сүн Жян өөрөө сөгдөж ийн өгүүлрүүн: - Мэргэн жанжин таныг хүлээж барьсан нь ёс бус болов. Үүнд бидэнд буруушаах хэрэггүй хэмээсэнд Хү Яньжуо өгүүлрүүн: - Надад мөргөж гуйх нь ёс бус. Би эдүгээ нэгэнт баригдсан тул одоо намайг албаас зохимуй хэмээсэнд Сүн Жян өгүүлрүүн: - Их жанжин ах бүү ийм үг өгүүлэгтүн. Өчүүхэн боол нар яахин тэнгэрийн жанжны лагшин биед халдаж болох буюу. Түүний гадна басхүү тэнгэр намайг яахин таалмуй. Тиймийн тул жанжин миний үгийг сонсогтун. Энэ Цинжоу хотын Зифү Мурун болбоос яахин жанжин чиний хүчинд эрдэж ийнхүү эсэргүүцэв. Энэ нь гайгүй. Таны нүүр талыг бодож бид түүнийг үл хорловоос барав. Эдүгээ мунхагуудаа өршөөж, бидний муу ууланд очиж бүгдээр тэнгэрийн журам дагаж ах дүү бололцвоос ямар? хэмээн олон зүйлээр ятган сургасанд Хү Яньжуо өгүүлрүүн: - Би нь төрд тусалж олон иргэнийг хамгаалахаар эзэн хааны зарлиг дагаж, газар орныг ариун болгох ба уул голд урвасан хулгай нарыг хүй тэмтрэн дуусгах хэмээн тангараг тавьсан тул, би тэр журмыг эвдэж, тангараг зөрчиж та лугаа урваж яахин болох буюу. Тэнгэр намайг үзэх газаргүйгээс гадна хожим би насан болж бие нөгчсөний хойно, сүнс явах газаргүй. Би тийнхүү журамгүй хэрэг хийхгүй.
Эдүгээ намайг алж бүрэлгэвээс зохих бөлгөө. Түүнээс бус ямар үг, юу хэмээн хэлэвч тус үгүй хэмээсэнд Сүн Жян дахин мөргөж, ийн гуйв: - Мэргэн жанжин төрийн өмнө гагц бие зүтгэж яахин гавъяа бүтээж чадмуй. Та биеэр Дунжинд очиж үзэгдвээс эзэн хаан хялбар үл тавихаас гадна басхүү Гао Тайюй угаас муу санаатай. Таны биеийг хорлохоос гадна басхүү Пэн Чи, Лин Жэнь нарын гурван хүн манай ууланд урвасан дээр бас танд ял үл ирэх буюу. Түүний гадна эдүгээ энд ийнхүү хэрэг болсонд мөн Дунжинд сонсогдмуй. Тиймийн тул эрхэм жанжин энэ миний хэлснийг дагахгүй болмуй. Тусгүй, хайран бие нь зовмуй хэмээсэнд Хү Яньжуо аргагүй дагах санаа орж, нэг хэсэг дуугүй сууж шүүрс алдаж ийн өгүүлрүүн: - Мэргэн Сүн Жян ах таны хэлэх хэдий зөв боловч, эдүгээ энэ хотын Зифү Мурун намайг та нарын дагаж урвав хэмээн Дунжинд бичиг мэдүүлэх ахул биднийг тийм амар тавих боловуу хэмээсэнд Сүн Жян өгүүлрүүн: - Мэргэн жанжин тэр цагт эзэн хаанаас зарлиг бууж цэрэг мордох тухайд, бид мөн нэг арга хийж болмуй хэмээсэнд Хү Яньжуо даруй босож Сүн Жян д мөргөж тэд нарын санааг дагаж Лян Шаньд урвахаар тогтов. Үүнд Ү Шюэжү өгүүлрүүн: - Эдүгээ мэргэн дүү Хү Яньжуо нэгэнт бидний санаа дагаж Лян Шаньд урвасан тул одоо няцах газар үгүй. Тиймийн тул энэ Күнляний хувилгаан морийг эгүүлэн өгч жанжинд тушааваас зохимуй.
Үүнд Лизюнь, Жү Түн хоёрыг дуудаж, ийн тушаав: - Эдүгээ Хү Яньжуо жанжны морийг эгүүлэх өгөх цаг болжихуй хэмээсэнд Лизюнь нар тэр хар морийг Хү Яньжуод эгүүлэн тушаав. Тэндээс эдүгээ Цинжоугийн хэрмийн хаалгыг цоожилж, олон цэргээр харуул тавьж байв. Үүнд Ү Шюэжү Сүн Жян нар одоо Цинжоуг эвдэж Күнляний ах Күн Минг бага авга Күнбин хоёрыг гаргаж ававаас зохих билээ хэмээн яаран арга зөвлөж авах хэмээсэнд Ү Сүн өгүүлрүүн: - Үүнд мөнөөхөн манай шинэ дагасан жанжин Хү Яньжуо биеэр хуурмаглан очиж Зифү Мурунг хуурч хэрмийн хаалгыг тайлуулбаас, бид сэмхэн дагаж ороод тэр хоёрыг гяндангаас гаргаж ававаас зохих юу. Үгүй бөгөөс хэрмийг эвдэж ороход маш бэрх хэмээсэнд Ү Юн, Сүн Жян нар “Зөв” хэмээн Хү Яньжуод хэрмийн хаалгыг нээлгэх учрыг хэлсэнд Хү Яньжуо даруй дагаж ийн өгүүлрүн: - Би нэгэнт ийм болсон хойно эдүгээ ах нарын санааг үл дагах ёс байх буюу. Би өдөөж хууран тэдний хэрэмний үүдийг нээлгэсүгэй хэмээв. Мөн тэр өдрийн үдэш Хү Яньжуо өөрөө Чинь Мин, Хуа Рүн, Сүнь Ли, Ян Сюн, Люйфан, Гуо Шэн, Се Жэнь, Се Бао, Ван Вэйху арван даргыг дагуулан хамт ирээд, явж их хэрмийн араарын усан сувгийн гадна захад ирээд, өндөр дуугаар хашхиран дуудаж өгүүлрүүн: - Цэргийн ард та хэрмийн хаалгыг нээж өгтүгэй.
Миний бие буцаж ирэв хэмээсэнд хэрмийн орой дээр зогссон цэргүүд доош харваас Хү Яньжуо өөр арваан хүн лугаа зогсож баймуй. Хотын цэргүүд өөрийн цэрэг жанжнаа таньж, хотын ноён Мурунд мэдүүлсэнд Мурун биеэр хэрмийг давж гараад хараваас Хү Яньжуо арваад хүн лугаа хамт буцаж иржүхүй. Мурун асууруун: - Жанжин юунд гагцаар ирмүй. Эд нар нь юун хүмүүн нар буй? хэмээсэнд Хү Яньжуо өгүүлрүүн: - Би Лян Шаньд баригдаж очоод жигүүрт мориныхоо чөлөөг үзэж авч унаад зугтан ирсэнд, өчүүхэн жанжны хойноос олон хүн нэхэн ирсэнд морины хурданд итгэж хойш буцаж ирэв. эд нар нь цөм Лян Шаньд суух дургүй болоод намайг дагаж ирсэн хүмүүн нар болой хэмээсэнд ихэд үнэмшиж, цэргийн ардуудад тушаан өгүүлрүүн: - Усны гүүр хэрмийн хөөргийг тавьж, хэрмийн хаалгыг даруй тайлж жанжныг дотогш оруулагтун хэмээсэнд цэргийн ард хаалгыг нээж өгмөгц, Хү Яньжуо нар довтлон орсонд Мурун сая дэргэд ирж үг хэлэлцэх хэмээтэл, Чинь Мин ойр нь ирж бялуу далайн цохисонд Мурунгийн тархи нь хагарч мориноос унаж үхэв. Се Жэнь, Зебао хоёр гал тавьж мэдээ гаргасанд Ван Вэйху яаран хотын хэрмийн дээрхи цэргийг алан сарниулж тархаав. Сүн Жян олныг авч зогсож байтал, гэнэт хотын дотроос тэмдэгт гал гарсныг мэдээд цэрэг авч хот дотор орж ирээд өгүүлрүүн: - Олон ах дүү нар та хотын олон иргэдийг бүү бусниулагтун. Бид хэргээ бүтээгээд буцваас барав хэмээсэнд олон жанжин цэрэг гар хөдлөхийг зогсож гянданг эвдэж, Күн Мин, Күнбин хоёрыг гяндангаас гаргаж, гал тавьж олон ялтныг тавьж.
Тэндээс Мурун, Зифүгийн яаманд орж, гэрийн хөгшин залууг хүйс тэмтэрч, гэрт бүхий алт мөнгө, хамаг юмыг бүгдийг талж авав. Тэнгэр үүр цайсанд олон цэрэгт цаазлан зарлаж галыг сөнөөж, зуун овогт иргэдийг тогтниулж, сан хөмрөгийн тариа будаа, зэр зэвсгийг бүрнээ ачиж авав. Бас хоёр зуу илүү сайн морьд туун авчиртал, гурван уулын хулгай тэргүүн Шан Тоуши хотноо ирж Сүн Жян д уулзаж, бүгд Лян Шаньд орших санаа төрж, өөр өөрийн ууланд бүхүй цэрэг морь, зэр зэвсэг, хадгалан базаасан мөнгө, тариа бордоог хураан авч, тус тусын суусан гэр хороог түймэрдэж, бүгдээр нийлэлдэж, хэдэн зуун тэрэг ачаа тээш тээж, Лян Шань уулын зүг мордож явав. Тао Хуашань, Арь Луншань, Бай Хуашань гурван уулын хулгайн тэргүүн олон цэргээ дагуулан явахад үнэхээр зам багтахгүй явмуй. Сүн Жян энэ удаа олз их олсон тул замын гудаст дайран өнгөрөх олон хот гацааны ядуу зүдүү ардад их түгээн өгч явсаар ууландаа хүрэв. Ууланд хоцорсон олон жанжин дарга мэдээг сонсож, урьд урьдын ёсоор уулын бэлд хүрч угтан тосож, бүгдээр уулын оройд хүрч мориноос бууж, “Жү И Тан”танхимд зэрэг дэвээр сууж, Сүн Жян хамт явсан өөрийн жанжнууд бас шинэ орж ирсэн гурван уулын тэргүүн Хү Яньжуо, Лү Жишэнийн зэрэг сайн эрсүүдийг арвин эд ашиг олсон баяр хийх хэмээн их хурим бэлтгүүлж, Сүн Жян биеэр ёсыг гүйцэтгэх хэмээн босож, гурван уулын тэргүүн болон дагаж очсон олон нөхөддөө хундага дүүрэн архи хийж, хөнгөмсгөөр аашлан хүн дараалан архи өгч ёслоход, олон хүн нар цөм ихэд баясан архи ууж, үнэхээр төрсөн ах дүү мэт харилцан элсэг найрамдлаар архи уухын дунд Линь Чүн даруй босож Лү Жишэньд архи барьж мөргөн өгүүлрүүн: - Мунхаг дүү тэр жилд Гао Тайюйгийн хорлолоор цөлөгдөж, хоёр Яа Ид нүдний өмнө алагдахад хүрснийг, их өршөөлт ах чи амийг аварч илгээснээр энд хүрч ирснээс нааш гэгээн царайд уулзсангүй. Энэ өдөр учирсан нь дотор минь далай мэт баярламуй хэмээгээд ёсолсонд Лү Жишэнь өгүүлрүүн: - Мэргэн дүүгээс салж явсаар Арь Луншань ууланд очиж сууж байв. Энэ удаа угийн санасан сэтгэл гүйцэв хэмээн бас асууруун: - Одоо бид хоёр нэгэнт урьдын ерөөлөөр уулзсан тул, эртхэнээс гэргийгээ энд авчирч гэр өрх хамтарч, эр эм нийлэн нэгэн насыг өнгөрүүлбээс зохимуй хэмээсэнд Линь Чүн сэтгэл уярч өгүүлрүүн: - Миний эмийг намайг цөлөгдөж явсны хойно Гао Тайюй хүчээр авах хэмээсэнд тэр журмыг хадгалж хатуу зориг барин боомилж үхсэнд эцэг нь Зан Жүтоу дараа сэтгэл зовнисоор мөн насан өнгөржүхүй хэмээсэнд Лү Жишэнь маш хайран хэмээн гасалж, үг хэлсэнгүй шүүрс алдаж зогсов.
Сүн Жян энэ үед Сүн улсын олон батар жанжныг хураан авч, мөн нэртэй хот уулын Да ван нарыг олж, нөхөр болгон ууландаа авчирч, чухам хийморь сүр хүчин, нэр алдар бүрнээ дэлгэрч, эд агуурс багташгүй элбэг дэлбэг болсны тул, цээж дүүрэн баярлаж баршгүй. Даруй төмрийн дархан Тан Лунг дуудаж өгүүлрүүн: - Дүү чи одоо манай уулын төмрийн ирт зэр зэвсгийг бэх хурц болгон бас зүйл бүрийн зэвсгийг үлэмж бэлтгэгтүн. Үүнээс хойш дүү чамайг зэвсгийг эрхлэн даах жанжин өргөмжилье хэмээн тушаагтун. Тан Лун хишигт мөргөж боссонд бас Хоузянийг дуудан өгүүлрүүн: - Дүү чи манай уулын хиур, далбаа, дарцаг, туг тэргүүтнийг есөн мэнгэ, найман хүлил, дөрвөн чиг, найман өнцөг нийлүүлэн таван орон, зургаан уулзар, хорин найман одны байдалд зохион, таван өнгөөр эрээлэн, зүйл бүрийн торгоор үйлдэж дээр нь нисэх луу барс, ирвэс, гарьд, тас, бүргэд, догшин гөрөөс хатгаж, уулын цэрэгт бэлтгэгтүн. Бас таван өнгийн дөрвөлжин далбаа, нэг өнгийг арваадыг үйлдэж, дээр нь матар, аварга загас, борооны усны давалгаа урсгал зэргийг зурж, дөрвөн замын усан цэргүүдэд бэлтгэж өгөгтүн. Үүнээс хойш дүү чи далбаа хиурыг дааж дарга болгогтун хэмээн тушаасанд Хуозянь хишигт мөргөж босов. Сүн Жян бас уулын зүүн баруун хоёр этгээдийн их зам талд архины дянь нээж босгохоор тушаав. Бас уулын доор холын бараа харах харуулын тагт үлэмж өндрийг дөрвөн этгээдэд босго. Хэдэн их замын уулзрын газарт гэр байгуулж, нисэх мэдээний тагнуулын цэрэг суулгая.
Жан Хэн, Сүн Эрнян нөхөр гэргий хоёул хуучин хэвээр архины дяньдаа сууж, манай ууланд орших санаатай сайн эрсийг удирдан авчиръя. Сүнсинь, Гү Дасао хоёр уулын зүүн этгээд дэх дяньд сууж, зүүн замын хэргийг даагтун. Бас Жү Гүй, Лэхэ хоёр жанжин хойд сүвийг харгалзан сууж, усан замын мэдээг хүлээ. Чухал гурван боомтын гадуур давхар хэрэм байгуулж бат болготугай. Бид дараагаар хэдэн жил байлдааны хэрэгт бие санаа зүдэрч алжаасан тул бүгд жанжин дарга, цэргүүд өөрсдийн дураар тус тус найр цэнгэлээр жарган аж төртүгэй хэмээн тушаасанд бүгд жанжин дарга нар “Тушаан зарласныг нийтээр дагаж авъя” хэмээн хүлээв. Дараа хэдэн өдөр өнгөрсний хойно Хуа хуушаан Лү Жишэнь ирж Сүн Жян д өгүүлрүүн: - Өчүүхэн Жишэнь миний сайн танил нөхөр Ли Жүнгийн шавь “Усны алаг луу” хэмээх Ши Жинь одоо Хуажоугийн харъяат Хуа Иньсяний ойрхи Шао Хуашань ууланд “Гүн бодлогот хүмүүн” Жү Ү, “Цахилан дэвхэрлэгт барс” Чэнь Да, “Эрээн могой” Ян Чүнь нартай нөхөрлөн дөрвөн хүн тэр ууланд журмын ах дүү болон сууж буй. Урьд бид нар бүлэглэж Ва Хуа Сы сүмийг эвдэж таллан авснаас хойш ер уулзсангүй тул энэ хир дүү миний дотор саатахгүй өдөр цаг нэг ч үгүй болов. Иймийн тул өчүүхэн би биеэр очиж сайн ханилсан нөхөдтэйгээ уулзаж, бас тэднийг дагуулж энд авчраад хамтаар нөхөрлөн сууваас ямар буй? Сүн Жян өгүүлрүүн: - Энэ Ши Жинийг залж авчрахад Лү Жишэнь гагцаар очиж үл болмуй. Тиймийн тул Ү Сүн хамтаар очиж залбаас зохих билээ. Үүнд Лү Жишэнь угаас хуушаан хүмүүн бас Ү Сүн мөн тойн дүрээр явж очигтун хэмээсэнд Лү Жишэнь, Ү Сүн хоёр даруй Сүн Жяний үгийг дагаж, уулнаас бууж “Жин Ша Тан” хэмээн ордонд буугаад, тэндээс гарч хэдэн өдөр болсонд Хуа Иньсяний ойрхи Шао Хуашань хэмээх уулын дэргэд ирэв.
Үүнд Сүн Жян энэ хоёрыг явсны хойно мөн сэтгэл төвдөхгүй, хувилгаан явдалт Дай Зүнг тагнуулж илгээв. Үүнд тэр Шао Хуашань хэмээх уулын харуулын цэрэг Лү Жишэнь, Ү Сүн хоёрыг үзэж, ийн өгүүлрүүн: - Эдүгээ та хоёр гэрээс гарсан тойн хувраг улс бөгөөд энд юуны хэргээр ирэв? хэмээсэнд Лү Жишэнь, Ү Сүн хоёр өгүүлрүүн: - Бид энд ирсэн учир нь Ши Жинь, Далан Нар лугаа учрах эрхэм хэрэгтэй. Харин мэргэн дүү нэр биднийг удирдан аваачиж учруулах ажаамуу хэмээсэнд тэр цэргүүд өгүүлрүүн: - Манай тэргүүлэгч дарга Ши Жинийг би залж, та бүхний учрыг гаргаж би угтуулан ирүүлсүгэй хэмээгээд ууландаа гарч Ши Жинийг залсанд, Ши Жинь Жу Ү, Чэнь Да, Ян Чүнь нарын зэрэг хэдэн тэргүүлэгч дарга нар ирж, Лү Жишэнь, Ү Сүн нарыг нарыг угтаж ирэв. Үүнд Лү Жишэнь хуушаан үзвээс “Усны алаг луу” хэмээх Ши Жинь үгүй учирт: - Ши Жинь дүү хаана баймуй? хэмээхэд Жу Ү, Чэнь Да нар ийн өгүүлрүүн: - Манай их тэргүүлэгч Ши Жинь ууландаа баймуй. өчүүхэн биднийг эрхэм хоёр хуушаан багш нарыг угтуулахаар эрүүлэв. Та нь Лү Дайшань хэмээх их багш Лү Жи мөн үү? хэмээсэнд Лү Жишэнь: - Би мөн хэмээсэнд тэр гурван дарга даруй сөгдөн мөргөв. Бас Ү Сүнийг зааж : - Энэ нь “Жинь Янган” хэмээх уулын догшин барсыг алсан сангарсва Ү Сүн мөн бую? хэмээсэнд бас сөгдөн мөргөв. Тэндээс Жу Ү өгүүлрүүн: - Мэргэн хоёр ахыг сонсвоос Арь Луншань хэмээх ууланд урваж суумуй хэмээн сонслоо. Эдүгээ та хоёр чухам ямар хэргээр энд ирэв? хэмээсэнд Лү Жишэнь хариу өгүүлрүүн: - Бид хоёр Луншань хэмээх уулнаас урваж Лян Шань ууланд Сүн Гүнмин хэмээх Сүн Жян, Чао Тяньван хэмээн Чаогай, Ү Шюэжү хэмээх Жүнши нарын журмыг дагаж, тэдний хамт ах дүү бололцов. Тиймийн тул бид Ши Да Гуаньрэньтай учрах эрхэм хэрэг буй хэмээсэнд Жу Ү нарын гурван хүн хариу өгүүлрүүн: - Бидний их дарга ууланд буй. Тиймийн тул хоёр ах ууланд морилж очоод, бага архи зооглож хэдэн үг зөвлөсүгэй хэмээхэд Лү Жишэнь энэ үгийг сонсоод ийн өгүүлрүүн: - Бид Хоёр Ши Да гуаньрэнь лугаа учрахаар энд ирснээс өөр архи хурим хийхээр ирсэн бус. Бид очихгүй, гагцхүү Ши Да гуаньрэнь буй үгүй хоёрыг хэлэгтүн хэмээсэнд Жу Ү өгүүлрүүн: - Хоёр ах та нараас нуух юун .Манай Ши Да Гуаньрэнь урьд Даминфү хотын нэгэн их зурхайч Ван И хэмээгч хүн энд ирээд, түүний урьдын ачийг хариулах хэмээн “Си Юэ” хэмээх таван хайрхан уулын баруун этгээд ууланд бүхий “Алтан Богдын сүмийг” будахаар тэнд очсон тул, түүний хамт явжихуй. Энэ нь урьд Юй Зяожи нэгэн үзэсгэлэн гуа охин тэр ууланд байсан. Түүнийг Цай Тайши хэмээх ноён үзэсгэлэн царайд тачааж Цайжингээс булаан авах хэмээсэнд тэр Ван И хэмээх зурхайч булаан аваад тухайд их яаманд мэдүүлж, тэр Цай Тайшийг түмэн газар цөлүүлэн илгээв. Иймийн тул энэ ачийг хариулмуй хэмээн Ван Игийн сүмд хүж зул өргөхөөр явжихуй.
Тэндээс энэ учирт их яамнаас албаны хоёр цэрэг гарч эднийг барих хэмээсэнд Цайжин тэр албаны цэргийг алаад бас Цай Тайшийг алах хэмээн явж байсанд олон цэрэг ирж Ши Жинийг барин авч гянданд хорив хэмээсэнд Лү Жишэнь хуушаан маш уурсаж, ийн өгүүлрүүн: - Эдгээр нохой адил ноён яахин ийм ёс үгүй. Би очиж тэдэн лугаа хэлэлцээд Ши Да Гуаньрэнийг гяндангаас гаргаж авсугай хэмээсэнд Жу Ү, Чэнь Да нар бас өгүүлрүүн: - Мэргэн багш ах та түр байз. Бид зөвлөх нэгэн хэрэг буй. Үүнд яарах юу. Гагцхүү зөвлөсний хойно очиж үл болох газаргүй хэмээсэнд Ү Сүн, Лү Жишэнийн гарыг барьж, ийн өгүүлрүүн: - Бид очиж болохгүй. Та яахин ийм түргэн зантай, хурдан хөлтэй болов. Нэгд, нар орой болж. Уул модны сүүдэр халхлагдаж харанхуй болсныг үзэж мэдсээр атал тэр гянданд яахин очиж болох. Бид хоёр юу ч болов эдний ууланд гарч, энэ гурвын зөвлөх үгийг сонсвоос барав хэмээсэнд Лү Жишэнь аргагүй ууланд очив.
Үүнд Жу Ү, Чэнь Да нар хурим бэлтгэж архи барьсанд Лү Жишэнь өгүүлрүүн: - Би Ши Жинь дүүг үзээгүй атал архи хуримыг ууж идэхгүй хэмээсэнд Ү Сүн өгүүлрүүн: - Энэ Хуажоу хоттой Цайг алах нь энгийн хэрэг. Гагцхүү гянданг бидний зэрэг улс эвдэж, Ши Жинь ахыг булаан авах нь маш бэрх. Тиймийн тул Лян Шаньдаа харьж Сүн Гүнминд энэ учрыг хэлж зөвлөлдөөд, их цэрэг жагсааж ирвээс энэ Хуажоу хотыг бүрэлгэх нь ёс болой хэмээсэнд Лү Жишэнь маш уурлаж, ийн өгүүлрүүн: - Та энэ хэргийг хойш тавьж, Ляншаниас их цэрэг авчрах хэмээх нь энэ завсар Ши Жинь дүүгийн амь чухам хаашаа болохыг та нар мэдэх буюу? хэмээсэнд Жу Ү бас хориглон өгүүлрүүн: - Мэргэн ах та бүү хилэгнэгтүн. Үүнд амар хөдөлж болохгүй. Ү Тоуту: - Ү Сүн ахын зөв хэмээсэнд Лү Жишэнь үг дуугүй шөнө унтаад, дөрвөн жингийн цагт босож өөрийн хэрэглэх сэлмээ аваад, уулнаас бууж Хуажоу хотод ирээд, хүнээс жоугийн яамыг асууж ойр хүрсэнд хэдэн цэргийн хүн Лү Жишэнийг “Чи энэ замаас гарч хол байгтун.
Манай Тайшоу ноён молрилж ирмүй хэмээсэнд Лү Жишэнь ийн өгүүлрүүн: - Би харин түүн лугаа учрах хэмээн явахад, тэр харин над өөрөө хүрч ирэв хэмээсэнд тэр Хө Тайшоу жуузанд сууж олон цэргээр жагсааж сэлэм жад барьж ирсэнд Лү Жишэнь хараахан халж чадахгүй эргэлзэн буй атал, Хө Тайшоу ноён яамандаа харьж даруй танхим сууж албаны хэдэн цэрэгт ийн тушаав: - Саяын зээлэн дээр учирсан тарган хуушааныг бушуу залж ирэгтүн. Би нэгэн цагийн цав барьсугай хэмээсэнд хэдэн цэрэг явж Лү Жишэньд учирч Хө Тайшоугийн тушаалыг хэлсэнд Лү Жишэнь дотроо сэтгэрүүн: - Эдүгээ би чамайг залах хэмээн бодож байхад чи бас надад цав өргөх хэмээн залсан нь маш сайн. Чиний үхэх ёр ирэв хэмээн сэтгээд, тэдгээр цэргийг дагаж жоугийн яамнаа ирж, танхимын дээр гарч Хө Тайшоуд учирсанд Хө Тайшоу ноён: - Эрхэм хуушаан багш дотогш байшинд морилон сууж архи ногоо зооглогтун, ширээ засаж бэлтгэв хэмээсэнд олон цэргийн хүн Лү Жишэньд ийн өгүүлрүүн: - Хуушаан чи нь хувраг тойн хүмүүн бөгөөд гартаа сэлэм барьж Жоуфү ноёны яаманд ирээд, энэ сэлмийг гадна орхихгүй яахин биендээ авч явмуй? хэмээсэнд Лү Жишэнь сэлмээ ер газар тавихгүй арга бодож, ийн сэтгэрүүн: - Миний энэ сэлэм үгүй боловч хоёр мончуурга мэт гар, өчүүхэн чиний толгойд нэг хүрвээс тархийг чинь урсгаж болох билээ хэмээн аргагүй сэлмээ газар тавьж, дотоод байшинд орсон хойно, гэнэт олон цэрэг зэргээр ирж Лү Жишэнийг барьж авав.
Тэндээс Хө Тайшоу өгүүлрүүн: - Чиний энэ өчүүхэн хуушаан, хүнийг хорлох хэмээсэн санааг би олж үл мэдэх буюу. Эдүгээ чи гал дэгдээх Махранз адил чадалтай боловч их мэлхий их цусан далайгаас гэтлэх арга үгүй болов. Хоёр зүйл нисэж явсан эрвээхэй ноцсон галд орох адил болжихуй. Уур хүрсэн мэлхий төмөр дэгээ залгисан мэт. Үүнд Лү Жишэнь Хө Тайшоуд баригдсан учирт яахин зовлон үзэх ба амь гарч чадах эсэхийг хойд бүлэгт үзэгтүн.
Сэтгэгдэл ( 0 )