Барилгын зарим материалын үнэ өсөж, орон сууцын нэг ам метр талбайн дундаж өртөг өссөн хэмээн иргэд үзэж буй. Үүнийг урд хөршөөс импортолдог арматурын төмрийн үнэ өссөнтэй холбон тайлбарлах нь ч бий. Тэгвэл арматурын болон барилгын үнийн өсөлтийн талаар Барилга, хот байгуулалтын яамны Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзоригтой ярилцлаа.
-Арматурын төмөр яагаад үнэд орох болов?
-Коронавирусийн нөхцөл байдлаас шалтгаалан дэлхийн олон орон өнгөрсөн онд хөл хорио тогтоож, бүтээн байгуулалтын ажил зогсоод байсан. Харин өдгөө цар тахлын дараах эдийн засгийн өсөлтөөс шалтгаалан бүтээн байгуулалтын ажил идэвхжиж эхэллээ. Үүнтэй холбогдуулан арматурын гол түүхий эд болох төмрийн хүдэр, коксжих нүүрсний үнийн савалгаа үүсэж, Монгол Улсад худалдаалагдах арматурын үнэ нэмэгдээд байна. Тухайлбал, олон улсын зах зээл дээрх нэг тонн арматурын үнэ өнгөрсөн оны аравдугаар сард 445.5 ам.доллар байсан бол энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар 643 ам.долларт хүрээд байна.
-Арматурын төмрийн үнэ өссөн нь барилгын үнэ өсөхөд нөлөөлөх үү?
-Барилгын салбарынхан сүүлийн жилүүдэд бүрэн цутгамал технологи бүхий угсралтын ажлыг хийж, гүйцэтгэх болсон. Ийм технологийн нийт өртгийн 45 орчим хувийг барилгын материалын зардал эзэлдэг. Үүний 25 хувийг нь зөвхөн арматурын зардал эзэлдэг юм. Орон сууцын болон барилгын үнэ өөрчлөгдөхөд арматурын үнэ хэрхэн нөлөөлдгийг жишээгээр тайлбарлая.
640 хүүхдийн багтаамжтай сургуулийн нэг ам метр талбай энгийн үеийнхээс 26.000, 150 хүүхдийн цэцэрлэг 56.000, орон сууцын барилгынх 28.000 төгрөгөөр нэмэгдэх хандлагатай байна. Гэвч энэ нь барилгын нэг ам метр талбайн үнэ огцом өсөхөд хүчтэй нөлөөлөхгүй.
-Манай улсад энэ төрлийн төмөр үйлдвэрлэдэг 10 гаруй жижиг аж ахуйн нэгж бий. Тэдний хүчин чадлыг цаашид сайжруулах боломж бий юү?
-Өдгөө манай улсад арматурын төмөр үйлдвэрлэдэг 15 жижиг үйлдвэр бий. Дэлхий дахинаа дэгдсэн цар тахлаас үүдэн өнгөрсөн жил “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ээс бусад нь ажиллаагүй. Уг нь дээрх үйлдвэрүүд 350 орчим мянган арматурын төмөр үйлдвэрлэх хүчин чадалтай. Харамсалтай нь, арматур үйлдвэрлэхгүй, үйлдвэрээ бүрэн ашиглалтад оруулаагүй, ажиллах хүчний хараат байдлуудаас шалтгаалан үйлдвэрлэлийг жигд явуулах боломжгүй байна. 2019 онд дээрх үйлдвэрүүд 66.3 мян.тн арматур үйлдвэрлэж, дотоодын хэрэглээний 30 хүртэл хувийг хангаж байсан. Эдгээр үйлдвэрүүд төмрийн хаягдлыг дахин боловсруулж, арматур үйлдвэрлэдэг юм. Тиймээс дотоодын төмрийн хаягдлын хэмжээнд баригдан, бага хэмжээгээр үйлдвэрлэл явуулж байна.
-Цаашид гадаадын бусад орноос хараат болохгүйгээр дотооддоо үйлдвэрлэх боломж байна уу?
-Дотоодын хэрэглээг бүрэн хангахын тулд төмрийн хүдрээс ган туйван үйлдвэрлэх боломжтой газруудын хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх шаардлагатай. Мөн дээрх үйлдвэрүүдийн ажиллах хүчнийг дотооддоо бэлтгэх нь чухал асуудал болоод байна. Үүнийг шийдвэрлэхээр БХБЯ-наас холбогдох яамдад санал хүргүүлсэн. Цаашид дотоодын арматур үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжих, хамтран ажиллах тал дээр онцгой анхааран ажиллана. Манай улс өнгөрсөн онд 240.1 мян.тн арматур хэрэглэсэн бөгөөд энэ хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангах боломжтой гэж үзэж байна.
-Дотооддоо үйлдвэрлэдэг болсон тохиолдолд төмрийн хүдрийн нөөц хангалттай бий юү?
-Судалгаагаар манай улс төмрийн хүдрийн 1752.7 сая.тн нөөцтэй гэж тогтоогдсон. Манайх жилд 1.8 сая.тн төмрийн хүдэр экспортолдог бөгөөд дотоодод арматур үйлдвэрлэх хангалттай нөөц бий гэж гэж үзэж байна.
-Цаашид арматурын үнэ өсөх тохиолдолд холбогдох яамнаас ямар арга хэмжээ авах вэ?
-Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 3.7.13-д “Барилгын үйлдвэрлэлд хэрэглэгдэх цемент, арматур, хавтгай шил зэрэг үндсэн нэр, төрлийн материалыг эх орны эрдэс, түүхий эдээр дотооддоо үйлдвэрлэх замаар импортыг бууруулах бодлогыг хэрэгжүүлнэ” хэмээн заасан. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 70 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого” Барилга, хот байгуулалтын сайдын мөн оны 67 дугаар тушаалаар баталсан “Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний 5.1-д “Барилгын материалын үйлдвэрлэлийн жилийн дундаж өсөлтийг нэмэгдүүлж, үндсэн нэр, төрлийн материалаар дотоодын хэрэгцээг хангах” гэсэн зорилтуудыг тавин ажиллаж байна.
Арматурын үнэ нь сүүлийн 12 жил дэлхийн зах зээл дээр болоогүй үнийн огцом өсөлт боллоо. Үнийн өсөлтийн асуудлыг манай яамнаас Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Өдгөө цар тахлаас үүдэн эдийн засаг хүнд байгаа тул импортын бараанд хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх боломжгүй байна хэмээн мэдээлсэн. Харин нөгөө талаасаа үйлдвэрлэгчдийнхээ цахилгаан, дулаан, эрчим хүч, хэрэглэсний төлбөр, цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөр болон энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийг төрөөс хариуцан төлөх арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Мөн үнэ өсөхөөс гадна чанарын шаардлага хангахгүй арматур борлуулж буй асуудлыг мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран хяналт, шалгалтыг хийж, зөрчлүүдийг илрүүлсэн. Цаашид аж ахуйн нэгж, байгууллагууд чанарын шаардлага хангасан арматур худалдан авах тал дээр анхаарч ажиллах нь зүйтэй гэж үзэж байна.
Эх сурвалж: Өнөөдөр сонин /БХБЯ/
Сэтгэгдэл ( 0 )