Ковид-19 цар тахлын тохиолдол нэмэгдсэнтэй холбоотойгоор Чили улс хилээ хаах шийдвэр гаргасан нь, зэсийн нийлүүлэлт буурах нь гэсэн мессежийг хөрөнгө оруулагчдад өгч, фьючерс ханш өсөхөд нөлөөллөө. Нью-Йоркийн “Комекс” бирж дээр нэг тонн зэсийн фьючерс үнэ 9125 ам.долларт хүрснийг Mining.com мэдээллээ.
Дэлхийн зэсийн зах зээлийн гол нийлүүлэгч Чили улсад ковидын тархалт нэмэгдэж, хүн амынх нь 11 хувь уг вирусээр өвчлөөд буй учраас сарын хугацаанд хилийн хязгаарлалт хийхээр болоод байна.
Чили улсын зэсийн нийлүүлэлт саарснаар бусад экспортлогчдод нийлүүлэлтээ нэмэгдүүлэх боломж гарна гэсэн хүлээлт үүсэж байгаа юм.
Манай улсын тухайд 2021 он гарснаас хойш гуравдугаар сарын 26-ны өдрийг хүртэлх байдлаар зэсийн экспорт 3.8 хувийн өсөлттэй байгаа. Хоёрдугаар сарын 14-ний байдлаар 9.8 хувийн өсөлттэй байсан. Сүүлийн арав гаруй хоногийн хугацаанд коронавирусний нөлөөллөөр БНХАУ манайхаас зэс, нүүрсний тээвэр хүлээж авахгүй байгаа нь дараа дараагийн үзүүлэлтүүдийг унагах магадлалтай байна.
2021.01.01-2021.03.26 ХҮРТЭЛХ ҮЗҮҮЛЭЛТ
Сануулахад, нэг тонн зэсийн үнэ нэгдүгээр сард дунджаар 7972 ам.доллар байсан бол хоёрдугаар сард дунджаар 8436 хүрч өссөн. Улаан металлын ханшийн өсөлтөд Хятадын эдийн засаг, үйлдвэрлэлийн сэргэлт үргэлжилж, АНУ-ын Засгийн газраас эдийн засгаа дэмжих 1.9 их наяд ам.долларын нэмэлт төсөв батлагдсан нь нөлөөлж байгаа. Дэлхийн улс орнуудад цар тахлын вакцинжуулалт үргэлжилж эдийн засаг сэргэж байгаа нь зах зээлд оролцогчдын итгэлд эерэгээр нөлөөлж үнэ өсөх шалтгаан болж буйг шинжээчид онцолж байсан.
Мөн Перу, Чили гэсэн зэсийн зах зээлийн гол тоглогчид ковидын нөлөөлөлд байгаа нь энэ онд нийлүүлэлтийн хомсдол үүсэх эрсдэлийг хадгалж, зэсийн үнийн өсөлтийг дэмжих суурь шалтгаануудын нэг болж байсан. Тэгвэл Чили ийнхүү нийлүүлэлтээ хумихаар болж байна.
Сэтгэгдэл ( 0 )