Н.Наранбаатар: Ерөнхий сайд экспорт гацсан асуудлаар Хятадын Ерөнхий сайдтай зөвлөлдөж байна

2021 оны 04 сарын 07

Уул уурхайн түүхий эдийн экспортын гол цэг болох Өмнөговьд ковидын сэжигтэй тохиолдлууд илэрснээр Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхэ боомтуудын үйл ажиллагаа тасалдсан  нөхцөл байдал үүссэн талаар өмнө нь мэдээлж байсан. Өчигдрөөс Шивээхүрэн-Сэхэ боомт нээгдсэн ч хоногт 100 хүрэхгүй машин л нэвтэрч буй аж.

Өмнөговь аймгаас УИХ-д сонгогдсон Н.Наранбаатар гишүүнээс тус аймаг дахь уул уурхайн экспортын нөхцөл байдлыг тодрууллаа. 


-Нүүрс, зэсийн  экспортын нөхцөл байдал өнөөдрийн байдлаар ямархуу байна вэ. Та орон нутгаас  мэдээлэл авч байгаа байх?

-Гуравдугаар сарын дундуур “Оюутолгой”-д коронавирусний хоёр  сэжигтэй тохиолдол илэрснээс болоод Гашуунсухайтын боомтоор гардаг зэсийн баяжмалын экспорт зогссон байдалтай байна. Нүүрсний тээвэр  бүр багасгаад өдөртөө 20-30 машин л гаргадаг болчихлоо. Шивээхүрэн боомтоор тээвэр хэвийн явж байсан ч  “Саус Гоби Сэндс” компанид  сэжигтэй тохиолдол илэрлээ гээд боомтыг гурав, дөрөв хоног хааж байгаад нээлээ. Одоогийн байдлаар аль аль боомтоор л цөөн машин гарч байна. Өчигдөр Шивээхүрэн боомтоор 91 тээврийн хэрэгсэл, Гашуунсухайтаар 16 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн байна. Хэвийн үед Шивээхүрэн боомтоор 500, Гашуунсухайт боомтоор 1000 машин тээвэр гардаг шүү дээ.

-Нүүрсний тээвэр ямар ч байсан бага багаар ингээд гараад байна. Зэсийн баяжмалын тухайд 20 гаруй хоног тасалдчихлаа. “Оюутолгой” компанийн зүгээс тээврийг эхлүүлэх асуудлаар Баяннуур аймгийн удирдлагуудтай уулзаж байгаа гэсэн мэдээлэл байсан. Танд шинэ мэдээлэл байна уу? 

-Ганцмод боомтын ажилчид, мэргэжлийн ариутгал, халдваргүйжүүлэлт хариуцсан мэргэжилтнүүд зэрэг тэнд ажиллаж байгаа албан хаагчид  Баяннуур аймгийн харьяаны байгууллагуудын ажилчид юм. Тэдгээр байгууллагын ажилтнууд манай талаас гарч байгаа экспортыг халдвар, хамгаалал, аюулгүй байдал талаас асуудалгүй гэсэн тохиолдолд дээшээгээ мэдүүлж, улмаар экспортыг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажлууд хийгдэх байх л даа. Аймгаасаа мэдээлэл авч байж дээрээ л шийдэх байх. Өдөрт тэдэн машин гарах, орохыг Баяннуур аймаг мэдэж, шийдэхгүй шүү дээ. Дээр нь Хөгжил, шинэтгэлийн хороо гэж том байгууллага байдаг. Нүүрсний тээврийн машины тоо, квотыг тэндээсээ зохицуулж байдаг. Баяннуур аймаг бол халдваргүйжүүлэлт, шаардлагын хэрэгжилт талаас л хандах болохоос экспортын хэмжээг шууд мэдэж, шийдэхгүй.

Уг нь экспорт оны эхнээс сүүлийн 20 хоног хүртэлх хугацаанд өнгөрсөн жилийнхээс нэмэгдсэн. Өнгөрсөн жилийн өдийд ковид эхлээд хэцүүхэн байсан шүү дээ. Цагаан сарын үеэр бүр хаачихсан байсан. Энэ жил гайгүй явж байтал “Оюутолгой”, “Саус Гоби Сэндс” хоёр дээр гарсан сэжигтэй тохиолдлуудаас болоод ингээд зогсонги байдалд орчихлоо.

-Таныг Шадар сайдтай уулзаж, боомтуудад үүссэн  асуудлаар ярилцсан гэж сонссон. Нааштай мэдээлэл байна уу? 

-Би сонгогдсон гишүүний хувьд үүсээд буй нөхцөл байдалд  анхаарч, хөөцөлдөөд л байгаа. Шадар сайдтай, Ерөнхий сайдтай уулзсан. Ерөнхий сайд өнөөдөр БНХАУ-ын Ерөнхий сайдтай утсаар холбогдож, хилийн боомтуудад үүсээд буй асуудлаар ярилцана гэж байсан. Нүүрс, зэсийн тээврээс гадна Эрээн дээр гацаад наашаагаа орж ирж чадахгүй байгаа тээврийн хэрэгслүүдийг нэвтрүүлэх талаар ч ярилцана гэсэн мэдээллийг өгсөн. Өнөөдөр ярьсан байх.  УОК, Засгийн газар цаг үеийн нөхцөл байдлаас хамаарсан холбогдох арга хэмжээ авч байн гэсэн мэдээллийг өгсөн.  Уул уурхайн салбарынхнаа дархлаажуулалтын эхний тунд хамруулахаар эхний ээлжинд 13 мянган тун вакцин явуулж, хийлгэсэн. Хилийн  боомтын ажилчдыг бүрэн хамруулсан. Удахгүй хоёр дахь тунг хийнэ. БНХАУ-аас  тавьсан шаардлага зохих хэмжээнд хэрэгжээд явж байгаа учраас удахгүй нээгдэх байх. БНХАУ-ын холбогдох хүмүүстэй ярина гэсэн мэдээллийг өгсөн.

Орхон, Дорноговь, манай Өмнөговь бол  улсын төсөв бүрдүүлдэг стратегийн гол аймгууд. Тиймээс энэ гурван аймгаас сонгогдсон гишүүд нийлээд Шадар сайдтай орж уулзсан. Шинээр орж ирэх вакцинаас яаралтай хуваарилаач ээ гэдэг хүсэлт тавьсан. Хүлээж авсан.

Миний хувьд Өмнөговьд PCR шинжилгээний лаборатори байх хэрэгтэй гэдгийг өнгөрсөн намраас хэлж байсан. Манай аймагт байгуулсан. Мөн хамгаалах хэрэгсэл зэрэг шаардлагатай зүйлсийг Өмнөговь руу илүү өг гэсээр байгаад өгүүлж байна. Одоо аймгийн ард иргэдийг вакцинжуулалтад хурдан хамруулаач гэсэн асуудлыг Шадар сайдад тавиад байна. Дээрээс нь Өмнөговь, Дорноговь аймгаар салхи, шуургатай, хаваржилт хүнд  байсан учраас өвс, тэжээлийн  тусламж өгөөч  гэдэг хүсэлт тавьсан.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
би(66.181.161.103) 2021 оны 04 сарын 08

Ер нь бол ганц нэг хүний хариуцлагагүй үйлдлээс болж нүүрс тээвэр гацаанд орж байна дээр нь үнэн худал нь мэдэгдэхгүй тоо ярихаар хятадын тал татан авалтаа эрс багасгаж маш олон жолооч нар зам дээр 10-20хоног зогсож байж нүүрсээ буулгана хоол ундны асуудал хүнд бараа таваар маш үнэтэй Шивээхүрэнгийн тухайд.Өмнөговьруу тэр тусмаа нарийн сухайтын бүлэг орд болох Шивээхүрэн боомтруу хүн оруулахаа азнаж улсын эдийн засгаа бодохгүй бол хэцүүдэх нь дээ

0  |  0
ганболд(202.9.47.1) 2021 оны 04 сарын 08

сонгуулиа цуцал. хатуу хөл хорио тогтоо . 21 хоног хорихгүй бол халдвараа хяналтгүй болох нь ээ. монгол арга хэрэглэе энэ нь ерөнхийлөгчөө 2 жил сунгаж ажиллуулаад ард түмэндээ өрх бүрт сая төгрөг гэдгээ хэрэгжүүлээд 21 хоног хөл хорио тогтоож эрүүл мэндээ хамгаалж экспортоо саадгүй болгох монгол арга байна шүү. түмэн олон минь болгоо..но уу

2  |  0
зочин(64.119.23.22) 2021 оны 04 сарын 08

Рио тинто Саут гоби сэндс зэрэг Америкчуудыг Монголоос хөөж гарга

1  |  0
ЗГ ОГЦОР(64.119.22.43) 2021 оны 04 сарын 07

Огцор

0  |  0
Zochin(66.181.161.74) 2021 оны 04 сарын 07

MAN AN gelgui 2 gishuun hamtdaa baival ug ni zugeer daan ch ajnai yravgnaad mungund shaana bizdee

0  |  0
Top