Moody's| Монгол Улсын Хөгжлийн банкны зээлжих зэрэглэлийн төлөвийг АХИУЛЛАА

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 04 сарын 08

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Мүүдийс” агентлагаас  2021 оны гуравдугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B3” хэвээр хадгалж, төлөвийг  “сөрөг” байсныг “Тогтвортой” болгож ахиулсан тухай таатай мэдээллийг өмнө нь хүргэсэн билээ.

Тэгвэл тус агентлаг манай зээлжих зэрэглэлийн төлөвийг ахиулсан шийдвэрийнхээ дараа Монгол Улсын Хөгжлийн банк болон бусад арилжааны найман банкны зээлжих зэрэглэлийн төлөвийг “сөрөг” байснаас “тогтвортой” болгож ахиулсныг тодотгоё.

“Мүүдийс”-ийн шинжээчид  Монгол Улсын экспортын хамгийн том зах зээл болох БНХАУ-ын эдийн засаг сэргэснээр түүхий эдийн эрэлт өсөж, уул уурхайн салбарын үйл ажиллагаа тогтворжиж байгаатай холбоотойгоор арилжааны банкуудын үйл ажиллагаа дараагийн 12-18 сарын хугацаанд сайжрах төлөвтэй байна гэж дүгнэжээ.

Монгол Улсын Хөгжлийн банкны үнэлгээний хувьд стратегийн ач холбогдол бүхий салбар болон томоохон төслүүдэд санхүүжилт олгодог бодлогын банк мөн Засгийн газраас үзүүлэх дэмжлэгийн түвшинг  харгалзан зээлжих зэрэглэлийн үнэлгээг B3 хэвээр хадгалж, төлөвийг “сөрөг” байсныг “тогтвортой” болгон ахиулсан байна.

Дашрамд сануулахад, “Мүүдийс” агентлаг ковид-19 цар тахлын сөрөг нөлөөллөөр буураад байсан Монгол Улсын эдийн засгийн төлөв байдлыг дараах үндэслэлээр тогтворжиж эхэлсэн гэж дүгнэсэн юм.

 

  • Засгийн газраас 2020 онд авч хэрэгжүүлсэн цар тахлын эсрэг цогц арга хэмжээг хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр болон улсын төсвөөс хамтран санхүүжүүлсэн нь Засгийн газрын зээллэгийн шаардлагыг бууруулсан;

 

  • Монгол Улсын экспортын хамгийн том зах зээл болох БНХАУ-ын эдийн засаг сэргэснээр уул уурхайн салбарын экспорт сайжирсан. Ялангуяа нүүрсний экспорт 2020 оны 2 дугаар  хагаст сэргэж, алт, зэсийн экспорт өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй байна;

 

  • Өнгөрсөн оны есдүгээр  авч хэрэгжүүлсэн өрийн дахин санхүүжилтийн арга хэмжээ нь 2021 оны эргэн төлөгдөх өрийн дарамтыг бууруулсан. Түүнчлэн 2022-2024 онд эргэн төлөгдөх нийт өр төлбөр ижил түвшний зээлжих зэрэглэлтэй улсуудтай харьцуулахад тийм ч өндөр биш байна;

 

  • Эргэн төлөх төлбөрөөс гадна төсвийн гүйцэтгэл сайжирсан нь зээлийн нийт эрэлт хэрэгцээг багасгахад дэмжлэг болж байна. Төсвийн алдагдлыг 2021 онд бууруулж, ДНБ-ий өсөлтийг дэмжих гол хүчин зүйл нь уул уурхайн салбарын орлогыг нэмэгдүүлэх болно;

 

  •  Мөн гадаад валютын албан нөөц 2021 онд 4.6 тэрбум ам.долларт хүрнэ гэж тооцоолсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top