Сүн улсын Хүйтэн уулын бичиг | 58 дугаар бүлэг

Админ | Zindaa.mn
2021 оны 04 сарын 09

Хятадын дөрвөн их сонгодог зохилын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.

Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.

Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
 

  • Зохиогч: Ши Най Ань
  • Хөрвүүлэгч: Д.Уртнаст
  • Редактор: В.Уянга, Сьү-Шаа

Ү ЮН ХЭМЭЭХ Ү ШЮЭЖҮ АЛТАН ХОНХ, ЗАРЛИГИЙН ПАЙЗЫГ ХУУРАН АВАХ СҮН ЖЯН ХУАШАНЬ ХЭМЭЭХ ТАВАН АХАРХАН УУЛАНД ҮЙМЭХ

Өгүүлэх нь: Хө Тайшоу Лү Жишэнийг барьж аваад дотоод гэрээс гаргаж их танхим дээр байцаахаар авчирсанд Лү Жишэнь маш уурлаж, ийн өгүүлрүүн: - Өчүүхэн иргэнийг зовоож олон хүний юмыг хахуулин авах дээрэмчин ямар аймшиггүй миний биеийг барьж басхүү танхим дээр сөгтгөх нь ямар учир буй? Чиний гэрт үхэх болбоос Ши Жинь дүүтэй хамт үхэхээс гадна бас миний төлөөнөө чамаас намайг нэхэх Сүн Гүнмин хэмээх Сүн Жян амар хүлээхгүйг чи мэдэх буюу?”гэх зэрэг хараасанд Хө Тайшоу маш уур хүрч, ийн өгүүлрүүн: - Энэ нохой мэт зэрлэг хуушааныг даруй гянданд хорьж хүлээлгэж байгтун хэмээсэнд Лү Жишэнь энэ үгийг сонсоод бас өгүүлрүүн: - Чи миний Ши Жинь дүү, Юй Зяожи охин хоёрыг над түргэн гаргаж өгөгтүн. Эс бөгөөс би чамайг хүлээхгүй. Чөтгөрийн толгойтой хулганын нүдтэй, эм үзвээс тачаадах ийм хүн ноён сууж, эзний хишиг хүртэж зохихгүй. Эртхэн тушаалаа өргөж сул иргэн болбоос зохимуй.” гэх зэрэг муу үгээр дайран хараахуйд Хө Тайшоугийн зүс нь улайж, маш их уурлан, нэг их төмөр дээсийг Лү Жишэний хүзүүнд зүүж гянданд хорив.

Тэндээс Хө Тайшоу мужийн сайдад Лү Жишэнь хэмээх хуушаан, бас урвасан хулгай Ши Жинь нарын хэргийг мэдүүлж, дээд зарлиг хүлээв. Үүнд уулнаас Ү Сүн, Чэнь Да, Жу Ү нар хоёр цэрэг илгээж Лү Жишэнийг хэрэгт оргуужин хэмээн тагнуулж илгээсэнд тэр хоёр цэрэг ирж, Лү Жишэнийг баригдаж, гянданд хоригдсон учрыг Ү Сүн нарт хэлсэнд, Ү Сүн маш их цочиж ийн сэтгэрүүн: - Эдүгээ хэрэг гарав. Би яахин Лян Шаньд гагцаар буцаж Сүн Гүнмин нар лугаа учрах буюу хэмээн зовж байтал, бас нэг харуулын хүн ирж Ү Сүн лугаа ийн өгүүлрүүн: - Манай уулын доор Ляншаниас ирсэн Шэнжинь Дайбао хэмээх хувилгаан явдалт Дай Зүн хэмээх хүн ирэв хэмээсэнд Ү Сүн энэ үгийг сонсоод даруй уулнаас Жу Ү, Чэнь Да, нарын хоёр хүний хамт бууж ирээд, Дай Зүнд мэнд мэдэж хариу ёслоод Лү Жишэнь хуушаан Ши Жинь хоёрын гянданд хоригдсон учрыг нэг удаа хэлсэнд Дай Зүн энэ үгийг сонсмогц яаран ийн өгүүлрүүн: - Энэ хэрэг бус болов. Би түргэн явж Лян Шаньдаа хариад Сүн Гүнминд энэ учрыг хэлж, жанжин цэрэг авч ирээд Лү Жишэнь нарын биесийг гяндангаас гаргаж авахгүй болбоос үл болмуй хэмээсэнд Ү Сүн өгүүлрүүн: - Тийм бөгөөс та нисэх мэт явж Лян Шаньдаа харигтун хэмээв.

Тэндээс Дай Зүн мацгийн будаа идэж, хөлөө улаан утсаар боож хувилгаан явдалт увдисыг гаргаж, удсангүй Лян Шань ууландаа харьж ирээд Чаогай, Сүн Жян хоёр лугаа учирч Лү Жишэнь, Шизянь хоёрыг Хө Тайшоу гянданд хорьсон учрыг хэлж, гяндангаас гаргаж авах хэмээн аргыг цөм нарийнаа өгүүлсэнд Чаогай, Сүн Жян хоёр даруй цэрэг мордож очоод, тэднийг гаргаж авах хэмээн зөвлөлдөөд гурван анги явахаар тогтов. Тэргүүн ангийн жагсаалд Хуа Рүн, Жиньминь, Линь Чүн, Янжи, Ху Янжуо нарын таван их жанжин, нэг мянган хуяг дуулгатай цэрэг авч өмнө этгээдэд хоёр мянган явган цэргийг илгээж, усанд гүүр тавьж, чулуу мод зам арилгаж явагтун. Дунд жагсаалд Сүн Гүнмин, Ү Шюэжү, Жү Түн, Сюй Нин, Се Жэнь,Се Бао нарын зургаан жанжин хоёр мянган цэрэгтэй явагтун. Хойд жагсаалд цэргийн морины бордоо, өвс хүнс зэргийг хадгалахад Ли Ин, Жансюнь, Ши Сю, Лизюнь,Ян Сюн нарын таван жанжин хоёр мянган цэрэг авч явагтун хэмээн гурван анги цэрэг жагсааж, Лян Шань уулнаас өдөр шөнөгүй довтлон явж Хуажоу хотын Шао Хуашань уулын зүг ирэв. Үүнд хувилгаан явдалт Дай Зүн энэ мэдээг Шао Хуашань ууланд ирж, Сүн Гүнмин нарын цэрэглэн ирж бүхүй учрыг Ү Сүн, Жу Ү, Чэнь Да нарт хэлсэнд Ү Сүн нарын гурван хүн уулнаас бууж Сүн Гүнмин нарыг угтав.

Тэндээс Сүн Жян нар даруй ирж Шао Хуашань уулын хормойд ирсэн тул уулын гурван жанжин Сүн Жян д ёслон мөргөж ууландаа урьж авчраад, ширээ засаж хурим хийж архи уугаад, Жу Ү Сүн Жян д ийн өгүүлрүүн: - Эдүгээ эрхэм ах нар Лү Жишэнь, Ши Жинь хоёрын амийг аврахаар алсласан хол газраас ирсэн нь үнэхэр их журам билээ. Гагцхүү энэ хоёрыг өнөө маргаадар цаазаар аваачих хэмээн дээд эзэнд мэдүүлсэнд хариу хараахан тохиож ирээгүй дээр, энэ Хуажоу хотын байгуулсан хэрэм нь маш бэх бат зузаан, гадуур нь гүн их тойрон газар ухажихуй. Хүн ороход маш бэрх, үүнд арга хэрэглэж орохоос бус шууд байлдан ороход тун ч хэцүү хэмээсэнд Сүн Жян, Ү Шюэжүд ийн өгүүлрүүн: -Тийм бөгөөс бид энэ хэрэмд яахин арга хэрэглэж орох буюу? хэмээсэнд Ү Шюэжү өгүүлрүүн: - Үүнд маргааш бид цөөхөн хүн хэрмийн гадна очиж орох аргыг үзэхээс гадна нэгэн тагнуулч илгээж гянданд Лү Жишэнь, Ши Жинь хоёрт биднийг ирсэн мэдээг хүргүүлье хэмээн зөвлөөд маргааш нь Сүн Жян нарын таван жанжин шөнө Шао Хуашань уулаас бууж ирээд Хуажоу хотын хэрмийн гадна сэмхэн ирж, эргэн тойрон ус. Үзвээс үнэхээр маш өндөр зузаан бөгөөд гадуур ухсан шуудуу нь гүн, өргөн. Ер хэрхэвч амар орж болохгүй. Иймийн тул сэтгэл нь их зовж, аргагүй Шао Хуашань ууландаа буцаж ирээд, хэрхэн орохыг бүгдээр зөвлөв.

Үүнийг өгүүлэн өгүүлэх нь: Нэг харуулын цэрэг ирж, ийн мэдүүлрүүн: - Сонсвоос Дунжин хотоос эзний зарлигаар алтан хонх пайз авч Хуашань хэмээн таван хайрхан ууланд хүж өргөхөөр нэг их сайд гаргаж илгээв. Тэндээс тэр сайд зарлиг дагаж Хуан Хө Шар мөрөн голоос онгоц дээр сууж Вэйшүй хэмээх голд ирмүй гэнэм хэмээх үгийг Ү Шюэжү, Сүн Жян нар сонсоод маш баярлан, эдүгээ зовох газар үгүй болов Лизюнь, Ян Сюнь хоёр очиж, тэр сайдыг ийн тийн хэмээр аргалж баригтун хэмээсэнд Лизюнь өгүүлрүүн: - Эдүгээ бид хоёр очиж болмуй. Гагцхүү энэ газрын зам мэдэхгүй тул хавсран очсугай хэмээсэнд Сүн Жян маш баярлан, энэ гуравт архи барьж өгөөд уулнаас бууж илгээв. Түүний маргааш Сүн Жян Ү Шюэжү, Хуа Рүн, Чинь Минь, Ли Ин, Жү Түн, Сюй Нин, Хү Яньжуо нарын хэдэн жанжныг дагуулан Вэйшүй голд очиж, нууц газар тус тус чимээ гарахыг хүлээгтүн хэмээн сургаж уулаас бууж, Вэйшүй хэмээх голын дэргэд ирэв. Үүнд зарлигаар таван хайрхан уулыг тайж хүж барихаар гаргасан Тай Вэй хэмээх сайд нэгэн их онгоцоор ирэв. Үзвээс нэгэн шар өнгийн дарцаг хатгажухуй.

Дарцаг дээр “Дээд зарлигаар Хуашань хэмээх ууланд хүж өргөмүй” хэмээн бичиг бичжүхүй. Үүнд Сүн Жян, Ү Юн, Жү Түн, Лижан энэ дөрөв мөн нэг онгоцон дээр сууж тэр Тай Вэй ноёны өмнөөс очив. Сүн Жяний ард Жү Түн, Ли Ин нэг нэгээр урт жад барижухуй. Онгоцны толгой дээр Ү Юн зогсож цөм түүнийг эсэргүүцэн очсонд Тай Вэй ноёны өмссөн нь хүрэн торгон дээлтэй, алагласан алтан лууны малгай. Дагасан цэрэг нь дөч тавь шахам, цул мөнгөн толиор эрээлсэн хуяг бамбай өмсч барижухуй. Энэ Тай Вэй сайдын суусан онгоцны дээр байсан цэргүүд Сүн Жяний онгоцыг хөндөлдөн үл явуулахуйд ийн өгүүлрүүн: - Та нар аль газрын хүмүүн буй? Яахин зарлигаар зарагдаж таван хайрхан тайх Тай Вэй сайдыг хөндөлдмүй? хэмээсэнд Сүн Жян юун өгүүлэлгүй, хоёр гараа наманчлан хавсарч амар эрэв. Үүнд тэдгээр Тай Вэй сайдын дагагсад дахин юунд зам хөндөлдөв? Бушуу түргэн зайлагтун хэмээсэнд Ү Юн өгүүлрүүн: - Бид нь Лян Шань Фү уулын их журамт хэмээн дэлхий дахинд нэр алдаршсан Сүн Гүнмин хэмээх Сүн Жян болой.

Эндэх сайдыг үүгээр морилон ирэх чимээг сонсоод энд ирж бараалхан айлтгах үг буй тул удтал хүлээв. Харин энэ өдөр зол тохиолдож учрав хэмээсэнд тэдгээр Тай Вэй сайд энэ үгийг сонсоод маш уур нь хүрч, ийн өгүүлрүүн: - Өчүүхэн хулгана шоргоолж мэт үүрлэж Лян Шань Фүд урвасан дээрэмчин нар бөгөөд их журамтай хэмээн хэлэх нь ямар ёс? Даруй зам зайлж уужим тавигтун хэмээсэнд Сүн Жян сөгдөж, ийн мэдүүлрүүн: - Өчүүхэн хүн яахин Лян Шаньд урваж хүний юмыг дээрэмдмүй. Гагцхүү гажуу мууг арилгах ба газар орныг төвшитгөхөөс өөр хэрэг гэдэггүй. Иймийн тул Тай Вэй сайд танаа учирч төрийн хэрэг айлтгах эрхэм чухал хэрэг буй тулд энд бараалхаж ирэв. Олдвоос, хишиг өршөөн хайрлаж усны газраас гарч хуурай газар морилох болов уу хэмээн дахин дахин мөргөсөнд Тай Вэйгийн дагасан цэргийн жанжин өгүүлрүүн: - Чам мэт урвасан хулгай яахин манай Тай Вэй сайдад учрах буюу хэмээсэнд Сүн Жян өгүүлрүүн: - Өчүүхэн хүнийг эс Тай Вэй сайдад учруулбаас би Тай Вэй сайдыг нэг хэсэг цочоож буруугаа хүлээх билээ хэмээн сэмхэнээр Жү Түн, Ли Ин хоёрыг Хуа Рүн Жиньминь нарын зэрэг усны боомт дээр нуусан цэргийн мэдээ гаргагтун хэмээсэнд, тэр хоёр барьсан жадаа хэдэн удаа эргүүлэн далласанд, тэдгээр жанжин нар бүгд цэргийн хэнгэрэг харанга цохиж усны боомтыг хааж жагсав. Үүнд Тай Вэй сайдын дагасан дөч тавин цэрэг цөм өөр өөрийн сэтгэл санаа нь сарниж, маш айж, Тай Вэй ноён ийн мэдүүлрүүн: - Эдүгээ энэ Сүн Жян хэмээгч хүмүүнтэй сайд ноён үл учрах болвол хэрэг гарч болно. Тиймийн тул үүн лүгээ учирч юу хэлэхийг зөвлөхийг сонсъё хэмээн аргагүй усан доторхи онгоцыг эргүүлэн хуурай газар гарах хэмээсэнд онгоцны эзэн маш айж, усан дотор орж үхэв.

Тэндээс Тай Вэй ноён биеэр гарч Сүн Жян д өгүүлрүүн: - Мэргэн жанжин нар над лугаа ямар хэрэг зөвлөх билээ? Би болбоос зарлиг дагаж таван хайрханыг тайх. Дэргэд бараа болох хүмүүн нар яахин ийм ёс бусаар зам хөндөлдөж үл явуулмуй? Над ер та нат лугаа зөвлөх хэрэг үгүй хэмээсэнд Сүн Жян : - Бас нэг удаа эрхгүй гуйх, зөвлөн айлтгах хэрэг буй хэмээн зориудаар зарлан хэлээд, далд нуусан Ян Сюнь, Лижүнь нарын хэдэн жанжинд мэдээний жад эргүүлэн үзүүлсэнд тэдгээр хэдэн жанжин даруй онгоцоо сэлүүрдэн ирж шууд Тай Вэйгийн онгоцны дэргэд нь ирж, Тай Вэйгийн онгоцны дээр дэвхрэн давж гараад, түүний дагуулсан дөч гаруй цэргийн хагас хувийг сэлмээр толгойг огтолж усанд унагасанд, Сүн Жян өгүүлрүүн: - Та нар яахин ийм журамгүй ард буюу.

Тай ноёны тааллыг хиртээлгэж, лагшныг цочоож айлгах нь зүй бус хэмээх зэрэг хуурмагаар өгүүлсэнд Ян Сюнь, Лижүнь нарын хоёр хүн даруй тэр онгоцноос бууж усан дотор орж, Тай Вэй сайдын амьдаар усанд орсон цэргийг түүж гаргасанд, Сүн Жян өгүүлрүүн: - Эдүгээ дахин энэ мэт хэрэг хийвээс би та нарыг яллах хэмээсэнд тэдгээр жанжин нар Тай Вэй сайдын онгоцон дээр гармуй. Тус тус өөр өөрийн онгоцон дээр гарч усан дотор байсанд, үүнийг Тай Вэй сайд үзээд зүрх нь түгшиж, есөн сүв нь битүүрч, өөрийн ухаангүй байхад, Сүн Жян мөргөн өгүүлрүүн: - Тай Вэй их сайд та айх хэрэггүй. Мунхаг журам дагасан Сүн Жян миний үгийг дагаж, энэ усан дотроос гарч хуурай газар морилохоос гадна, өчүүхэн миний гуйн зөвлөх үгийг сонсогтун. Бид нь гагцхүү айлтгал ихтэй тул, тийнхүү гуйж мөргөмүй. Тиймийн тул та энд зөвлөж үл болох ахул Таван хайрхан ууланд таныг дагаж очоод тэнд зөвлөвөөс мөн болно хэмээсэнд Дай Юй сайд ийн өгүүлрүүн: - Мэргэн дүү над лугаа үнэн зөвлөх хэрэг буй болбоос энэ усан дээр зөвлөж болох буй за.

Юунд уул ба хуурай газар очмуй? хэмээсэнд Сүн Жян бас мөргөн сөгдөж мэдүүлрүүн: - Бидний зөвлөх хэрэг нь энд хэрхэвч хэлэлцэж болохгүй. Та бүү муу санагтун. Хэрвээ таны тааллыг гажуудуулан гар хөдөлвөөс, Таван хайрхан уулын бурхан тэнгэр мэдэх билээ. Би энд танд тангараг тавьж өгье хэмээсэнд Тай Вэй аргагүй онгоцоо хөдөлгөж хуурай газар гаргав. Тэндээс Сүн Жян, Ү Юн хоёр даруй түшиж онгоцноос буулган, хэдэн цэргийн хүнийг илгээж нэг морь авчруулан Тай Вэй ноёнд унуулж Таван хайрхан ууланд очих хэмээн зөвлөв. Үүнд Хуа Рүн, Чинь Минь хоёр Тай Вэй ноёныг түшиж аятай сайнаар өргөн хүндэлж явагтун. Лижюнь, Жансюнь хоёр мөн голд хүлээж онгоц тэргүүтнийг сайн харгалзан байгтун. Басхүү олон цэргийн хагас мөн энд үлдэгтүн. Жү Түн, Ли Ин хоёр мөн хэвээр бидний хагас жанжин цэргийн хамт их сайдыг авч яваа дайллаганы алтан пайз, хонх, хүж зэргийг хурааж, Таван хайрханд дагаж, хүж өргөх мөргөхөд туслан хавсрагтун хэмээн тус тус тушаагаад, тэр голоос явж удсангүй Таван хайрхан ууланд очиж журмыг дагуулагч их танхим хороонд орж, Тай Вэй ноёныг төв дунд суулгаж, Сүн Жян, Ү Юн Хоёр олон жанжин цэргээ их танхимын хоёр этгээдээр жагсааж, тэр тухайд Сүн Жян гурван гурав есөнтаа мөргөж сөгдөн Тай Вэй сайдад ийн мэдүүлрүүн: - Өчүүхэн хүн угаас Мэнжоу хотын хүн билээ. Харъяат хотын Зифү яаманд бичгийн албан туслах ба цэргийн дарга байсан.

Үүний Зифү ноён бусад хүний үг өгүүлэлд орж, өчүүхэн намайг хүч муутайнгаар ял унагах хэмээн дарласан учирт,уг нутаг Мэнжоугаас оршон гарч уул, мод шугуйд оргон нууж явсаар Лян Шань Фү хэмээх ууланд ялаас айж амь хоргодон суумуй. Тиймийн тул их Тай Вэй сайд өршөөвөөс өчүүхэн хүний хоёр журам дагасан Лү Жишэнь, Ши Жинь хэмээх хоёр хүнийг гэм хор хүргэсэнгүй энгийн ёсоор явтал, энэ хотын Хө Тайшоу хэмээх зифү ноён барьж аваад гянданд хорьсон нь үнэхээр хөөрхий. Ийм учирт сайдаас гуйх нь, тэр хоёрыг гяндангаас гаргаж бид гурвыг учруулбаас их төрд морь нохой мэт зүтгэн гавъяа өргөе. Олдвоос, алтан хонх пайз зэргийг бидэнд нэг удаа түр хэрэглүүлж, энэ хотын Хө Тайшоуд зарлиг буулгаж тушаагаад, тэр юмаа хайрлаваас бид ов ухаан гаргаж, жагсаал хөгжим үүсгэн, Хуажоу хотод орж Хө Тайшоу ноёнд бараалхаж, таны өндөр хишиг зарлигийг учирлан хэлж, тэр хоёрыг гяндангаас гаргаж аваад ирвээс ямар? хэмээн айлтгав. Үүнд Сүн Жян тийнхүү айлтгаад хараахан хариу өгүүлээгүй байтал, гадна гарч Таван хайрхан уулын сүмийг эргэж заншилж үзвээс, байгуулсан нь цөм хас эрдэнэ, чулуугаар хийсэн ариун сүм. Үнэхээр хүн сууж болохгүй уулын сүм тул, дахин орж сөгдөн хариу хүлээх хэмээн байтал, гэнэт нэг хүн орж мэдүүлрүүн: - Энэ Хуажоугийн Хө Тайшоу ноён хэдэн зуун цэрэг дагуулан сүмийн гадна ирэв хэмээсэнд Сүн Жян сэмхэнээр Хуа Рүн, Сюй Нин, Жү Түн, Ли Ин энэ дөрвийг сэлэм жадаа ил авч сүмийн хоёр хажууд жагсав.

Бас Се Жэнь, Се Бао, Яншүнь, Дай Зүн энэ дөрвийг сэлмээ нуун авч бидний дэргэд жагсан байгтун хэмээн тус тус сурган тушааж байв. Үүнд Хө Тайшоу ноён харъяат цэргээ дагуулан ирээд, Таван хайрхан уулын сүмийн үүдэнд ирж, мориноос бууж цэргээ аваад шууд орж иртэл, хоёр талаар жагссан жанжин цэрэг ийн өгүүлрүүн: - Хө Тайшоу ноён та нэгэнт энэ сүмд орж ирэх аваас гагцаар орогтун. Олон цэрэг дагуулан орж үл болмуй хэмээсэнд Хө Тайюй даруй гагцаар бие орж ирээд Дай Юй ноёнд сөгдөв. Энэ Тай Вэй ноён хэмээгч нь дотоод сүмд гагцхүү гадаад сүмд Сүн Жянийг хуурамч Дай Юй болгон суулгасан нь. Үүнд Хө Тайшоу орж ирээд хуурамч Тай Вэй Сүн Жян д учрахыг үл өгүүлэн өгүүлэх нь: Янжид Сүн Жян, Ү Шюэжү хоёр сургаж өөрийн ууландаа нууц харьж, хэдэн зуун цэрэг авч Хуажоу хотод очиж, хэрмийн хажууд очигтун хэмээн илгээсэн нь юунд очмуй. “Юн Тай Гүн” хэмээх сүмд очиж тагнуулмуй. Нэгэнтэйгүүр, тэр сүмийн сангарсва нар лугаа учирч, Тай Вэй ноёныг морилон ирэв хэмээх зэргээр хуурах. Дай Зүнг урьдаар илгээж мэдээ хүргүүл.

Сүүлд нэг хүн Тай Вэй сайд болон очиж тэд нарыг үгтээж, тэр сүмээс гаргаж, уулын доор буулгаж голын захад угтуул. Түүний гадна тэр сангарсва нарыг зарлиг тосож хүлээгтүн хэмээх зэргээр жагсаал хөгжим бэлтгэн, ширээ засуулагтун хэмээн илгээсэнд Дай Зүн энэ үгийг дагаж “Юн Тай Гүн” сүмд очиж, энэ учрыг сангарсва нарт хэлсэнд тэд даруй хөгжим бэлтгэн, бүрээ бишгүүр татан, ширээ засаж, голын захад ирж Тай Вэй сайдын зарлигийг хүлээв. Үүнд, удсангүй Ү Шюэжү өөрийн биеэр очиж, тэдгээр сангарсва нар лугаа учирч ийн тушаав.”Эдүгээ зарлигаар Таван хайрхан тайх Тай Вэй сайд морилон ирэв. Түүний бие зам хол тул явж алжаасан тул, таны сүмээс нэгэн жууз авч очиж залагтун хэмээв. Үүнд тэдгээр сангарсва нар даруй Дай Юйгийн гарын доор зарсан Ү Шюэжү хуурамч түшмэлийн үгийг дагаж, нэгэн маш цэвэрхэн жууз авчрав. Үүнд тэр жуузанд сууж Тай Вэй ноён чухам хэн болох нь эдүгээ эс илэрсэн боловч, эцэст гарах нь магад. Иймийн тул хуурамч түшмэл Ү Шюэжү тэдгээр сангарсва нарт ийн тушаав. - Эдүгээ Тай Вэй ноён таны лагшин бага чилээрэх боловч энэ болбоос хааны зарлигаар Таван хайрханыг тайхаар томилогдсон жинхэнэ их сайд бөгөөд басхүү мутрын алтан хонх, пайз, хүж зэргийг цөм залж авчирсан атал, таны энэ Хуа хотын ноён юунд энд тосож угтан мөргөмүй? хэмээх зэрэг өгүүлсэнд тэдгээр сангарсва нар ийн мэдүүлрүүн: -Өчүүхэн бид сая энэ учрыг сонсгохоор жоугийн ноёнд хүн илгээсэн.

Одоо ирэх шахсан байх хэмээн айлтгаж байтал гаднаас нэг цэргийн хүн орж ирж, харъяат хотын Зифү морилон ирээд Тай Вэй сайдад бараалхаж учрах гэнэм хэмээсэнд хуурамч түшмэл Ү Шюэжү ийн өгүүлрүүн: - Тийм бөгөөс тэднийг түр хүлээлгэж байгтун. Би Тай Вэй сайдад уламжлан айлтгаж бараалхсугай” хэмээсэнь яахин Тай Вэй лугаа учирмуй. Үүнд Тай Вэй хэмээх нь гагцхүү сайд нэрээр ирсэн боловч Жоугийн Зифүд хариу яахин өгүүлж чадмуй. Үүнийг өгүүлэх хэрэггүй. Гагцхүү Зифү ноён Тай Вэй сайд морилон ирсэн учирт баярын хундага өргөх зэргээр архи, ногоо, зууш тэргүүтнийг бэлтгэж, зуу шахам ардыг дагуулан ирээд Ү Шюэжү Үчирсан. Үүнд хуурамч түшмэл Ү Шюэжү бас өгүүлрүүн: - Эдүгээ та Хуажоу хотын жинхэнэ сайд өөрийн биеийг ихэд бодож зарлигаар зарсан Тай Вэй сайдыг угтаж бараалхваас зохих бөлгөө. Юунд хүний төлөөнөө илгээж хэл хүргүүлэн, өөрөө эс ирэв? хэмээсэнд тэр зифү ийн мэдүүлрүүн: - Миний харъяат хотыг Лян Шань уулын урвасан хулгай Сүн Жян нар цэрэглэн ирж идэх хэмээн Шао Хуашань хэмээх ууланд буй тул харъяат хотын ноён хэрэм бэхлэн сахиж, цэргээ цагдаж байгаад, эрхэм сайдыг морилон ирэхийг мэдсэнгүй хэмээн айлтгасанд тэр хуурамч түшмэл Ү Шюэжү ийн тушаав.

Чи эдүгээ буцаж Хө Тайшоу ноёндоо мэдүүлэгтүн.”Хурдан ирж Тай Вэй сайдад буруугаа хүлээн мөргөгтүн хэмээгээд бас ийн мэдүүлрүүн: - Манай Дай Юй сайд хол газар ирсэн. Зарлиг дагаж замын зуур бие өвдөж улмаар хүнддэж босож чадахгүйн дээр басхүү үг өгүүлж үл чадмуй. Тиймийн тул чам лугаа энэ удаа учирч чадсангүй. Чи дараа Хуажоу хотыг захирсан Хө Тайшоу сайдын хамт хүж барьж мөргөх цагт ирэгтүн хэмээн тушаагаад дотогш орж нэгэн гуулин түлхүүрийг авчирч авдар дотроос нь эзний алтан хонх, пайз, хүж бас замд тохиолдсон жоу,сяний зэрэг олон хотын тамгатай бичгийг тэр зарагдан ирсэн зифүд үзүүлсэнд тэр яахин үл үнэмшимүй. Тэл сүнс нь зайлах мэт болж, тэр сүмээс гарч нисэх мэт яван Хуажоу хотод очиж, сайд Хө Тайшоуд энэ учрыг мэдүүлсэнд, Хө Тайшоу даруй ирэхийг үл өгүүлэн өгүүлэх нь: - Хуурамч Тай Вэй зарлигийн сайд Сүн Жян, Ү Шюэжүгийн энэ ухаан аргыг нэг нэгнээр мэдээд, даруй дотроо баярласан нь маш их болов. Үүнд Ү Шюэжү, Ү Сүн, Ши Сю хоёрыг дуудаж, сүмийн үүдэнд сэлмээ нууж авч Хө Тайшоу зифүг хүлээн байгтун хэмээсэнд тэр хоёр даруй сүмийн үүд харгалзсан хүн болж хүлээв.

Чухам зарлигийн Тай Вэй сайд эдүгээ хэнээр тавих хэмээн Сүн Жян Ү Шюэжүд өгүүлсэнд, Ү Шюэжү мөн ов хэрэглэж харъяат цэргийн дотроос нэг махлаг тарган, өнгө зүс үзэсгэлэн цэрэг шилж, түүний нүүр гарын цэвэрлэж, гэзэг үсийг засаж Тай Вэй дээл өмсгөөд, хуурамч Тай Вэй болгоод, түүний дэргэд Дай Зүнг шадар жанжин болгож зохиовоос сайн хэмээсэнд Сүн Жян ёсоор болгов. Түүний гадна Ү Шюэжү би өөрөө, бас Сүн Жян бид хоёр хэл уламжлах түшмэл болгож, Се Жэнь, Зебао, Ян Сюнь, Ши Чянь нарын дөрвөн жанжныг бид хоёрын гар доор зарагдах цэрэг болгоод, басхүү олон цэрэгтээ бүгд жагсах Тай Вэй сайдын цэргийн хүрэн дээл өмсгөөд, цөм шар дарцаг бариулж жагсаал зогсоосны хойно алтан хонх, пайзыг алтан өнгийн шар магнаг дэвссэн ширээн дээр залж, дахиад хүжийг шатааж урьд нь зарлигийн бичгийг дэлгэж бэлтгэмүй. Бас Хуа Рүн, Сюй Нин, Жү Түн, Ли Ин нарын дөрвөн жанжныг албаны дарга болгож, Жиньминь, Хү Яньжуо хоёр нэгэн хэсэг цэрэг авч сүмээс хол бүгшиж байгтун хэмээв. Үүнийг үл өгүүлэн өгүүлэх нь: Жу Ү, Яньчүн, Чэнь Да нарын гурван хүн жинхэнэ Сү Тай Вэй сайдыг арга зааж Шао Хуашань уулнаа аваачсан хойно Сү Тай Вэй сайд өгүүлрүүн: - Та нар намайг энд ийнхүү олон өдрөөр ууланд авч байх. Энгийн хүн мэдэвээс та нарт их ял ирмүй.

Түүний гадна би басхүү толгойгүй хэрэг болох хэмээсэнд Жу Ү нарын гурван хүн ийн мэдүүлрүүн: - Дээд сайд та үүнд зовох юу. Хожим Дунжин хотноо хариад гэм олоход хүрэвээс тэр ялыг цөм Сүн Жяний бие дээр түлхэж ял хүлээлгэвээс барах нь тэр бөлгөө хэмээсэн үгийг Сү Тай Вэй сайд мэдэж маш цочин дотроо ийн сэтгэв. “Эдүгээ би энэ Сүн Жян, Ү Шюэжү нарын нарийн аргад хууртаж эдний гарт эзний алтан хонх, пайзыг өгсөн нь үнэхээр их буруу болж. Одоо би яахин авч чадмуй. Эднийг дагахаас өөр аргагүй болов хэмээн маш их зовон байтал, Жу Ү, Чэнь Да нарын гурван хүн ийн инээн өгүүлрүүн: - Эдүгээ эрхэм сайд энэ учрыг өнгөрсөн хойно бодох юу. Одоо үл дагаваас болохгүй хэрэг хэмээн мөргөн өгүүлсэнд, Сү Тай Вэй аргагүй дагах ам гарч дагав. Үүнд тэр дөрвүүл архи найр болж байсанд Сүн Жян, Ү Шюэжү хоёр угаас онгоцон дээр Сү Тай Вэйгийн юм зүйл, эзний алтан хонх, пайз зэргийг хэдэн жанжиндаа тушааж хүргүүлэх хэмээсэн нь яахин түүний гарт хүрэх буюу. Өөрснөө хууран авч Сү Дай Юй Шао Хуашань ууланд хориод, тэдний бие гадуур явж Таван хайрхан уулын сүмд очиж, Сү Дай Юй сайдын албаны хувцас, бас цэргийн өмссөн дээл, барьсан зарлигийн бичигт дарцаг зэргийг цөм Лян Шань уулын цэрэг өмсч, сүмийн дотор сууж Хө Тайшоу ноёны ирэхийг хүлээв.

Үүнийг үл өгүүлэх өгүүлэх нь: Хө Тайшоу нисэх мэт яаран харъяат хотоос довтлон гарч, Таван хайрхан ууланд хүрч ирээд үзвээс харъяат сүмийн үүд сахисан хоёр жанжин нь нэг нь Ү Сүн, нэг нь Ши Сю. Энэ хоёр Хө Тайшоуг ирсэнд угтаж дотор оруулсанд Линь Чүн, тосож ийн өгүүлрүүн: - Ху Тайшоу чи ялаан мэдэх буюу. Яахин эзний зарлиг зөрчиж эдүгээ болтол эс ирэв? Энэ нь чиний ял маш хүнд, түүний дээр урьд Дунжингээс албаны бичиг газар газар, жоу, сянь, мужид тархаж, зарлигийн сайд Сү Тай Вэйг тусгайлан гаргаж, газар орны сайд түшмэдийг зам тосож мөргөхөөр басхүү хавцал газрыг харгалзахаар бичиг тушаасан бөгөөтөл чи энэ бичгийг үл мэдэх буюу? хэмээсэнд Хө Тайшоу ийн өгүүлрүүн: - Өчүүхэн над энэ бичиг эдүгээ хүртэл ирээгүй дээр басхүү сайдуудыг морилон ирэх өдрийг урьдаас мэдсэнгүй тул маш их осолдов. Олдвоос, уучлан хэлтрүүлэх ажаамуу хэмээн мөргөсөнд Ү Шюэжү хэл уламжлагч сайд ийн өгүүлрүүн: - Энэ зальхай ноён эзний буянаар төрийн хэрэг шийтгэж, пүнлүү цалин хүртээд, эдүгээ эзний зарлигаар Таван хайрхан тайх зарлигаар зарагдсан сайдыг үл хүндлэх боловч, зарлигийн бичиг ба басхүү алтан хонх, пайзыг бэлхэнээ нүдээр үзэх, чихээр сонсох жинхэнэ түшмэл хүн бөгөөд эдүгээ тайж тахисны хойно ихэмсэглэн ирсэн нь учир хүнд тул даруй барьж шүүн асууваас зохимуй хэмээн дөрвөн жанжинд тушаасанд Се Жэнь, Зебао хоёр яаран нуусан сэлмээ барьж Хө Тайшоугийн толгойг цавчиж унагав. Үүнд Сүн Жян их дуугаар ийн өгүүлрүүн: - Эдүгээ Хө Тайшоуг зарлиг зөрчсөн ёсоор түүний толгойг авсан тул олог жанжин цэрэг юү хүлээмүй? хэмээн бархирсанд дотор байсан олон жанжин, үүд сахисан хоёр жанжин, сүмийн дэргэд бүгшсэн цэрэг хэдэн этгээд дотор гаднаас Хө Тайшоугийн дагуулан ирсэн олон цэргийг цөм хядаж алаад нэг ч үлдсэнгүй.

Тэндээс Таван хайрхан ууланд Хө Тайшоуг хэдэн зуун цэргийн хамт алаад, даруй алтан хонх, пайзаа аваад Таван хайрхан уулнаас бууж, Хуажоу хотын зүг довтлон ирэхүйд тэр хотын хүн яахин Ляншаний урвасан хулгай хэмээн санамуй, өөрийн харъяат Хө Тайшоу зарлигийн сайд лугаа Таван хайрханыг тахиж дуусаад хотдоо буцаж ирэв хэмээн хэрмийн үүдийг нээж байв. Тэндээс энэ Сүн Жян нар удсангүй Хуажоугийн хэрмийн хаалгаар шууд алалцахаар орсонд хэн тэдний өмнөөс байлдмуй. Даруй гяндангийн дэргэд очиж Лү Жишэнь хэмээх Хуа хуушаан, Ши Жинь хоёрыг гяндангаас гаргаж аваад басхүү тэр хотын сангийн будаа гурил, цэргийн хэрэглэл, цэрэг ба алт мөнгө, эд таваарыг цөм хураан аваад тэр Хуажоу хотоос гарч, усаар явж удсангүй Шао Хуашань уулын зүг ирэв. Тэр хотод урьд Хө Тайшоуд баригдсан Бай Юйжу хэмээх охин эднийг ирснийг мэдэж маш айсан тул даруй худаг дотор орж үхэв. Тэндээс Сүн Жян, Ү Шюэжү нарын олон жанжин Хуажоу хотыг эвдээд буй бүхүй сангийн хэрэглэл зүйлийг аваад Шао Хуашань ууланд ирсэнд жинхэнэ Сү Дай Юйд угтаж гараад Сүн Жян нарт ёсолсонд, тэд нар Сү Тай Вэйд хариу ёслон сөгдөж, түүний авч явсан алтан хонх пайз, дарцаг дээл хувцасыг цөм тоо ёсоор эгүүлэн тушаагаад бас нэг их таваг алт мөнгийг бэлэг болгон барьсанд Сү Тай Вэй аргагүй хүлээн авч, өөрийн дагасан цэрэг нарт тус тус хуваан шагнав. Үүнд Сүн Жян, Ү Шюэжү нар Сү Тай Вэйгийн ачийг хариулах хэмээн үхэр хонь алж, гурван өдөр найр хурим хийгээд Сү Тай Вэйг үдэж усан дээр ирж онгоц бэлтгүүлэн, бас нэгэн хэсэг ёс ёслолцоод, Сү Тай Вэйг үдэж морилуулаад, тэдгээр олон жанжин Шао Хуашань ууландаа ирж, мөн хоёр өдөр найр тавиад.

Яньчүн, Чэнь Да нар ийн өгүүлрүүн: - Эдүгээ бид өстөнөөс өсөө хариулан авав. Эдүгээ энд сууж үл болмуй хэмээсэнд Сүн Жян өгүүлрүүн: - Эрхэм дөрвөн дүүгийн хэлэх үг маш зөв. Энэ ууланд сууж болохгүй. Эдүгээ биднийг дагаж Лян Шаньд очвоос зохимуй хэмээсэнд, тэр дөрвөн сайн эрс цөм дагаж Лян Шань ууланд очихоор завдаад, буй бүхүй юмаа авч, сууж байсан орон байшинаа гал тавьж түймэрдээд, уулнаас бууж ирэв. Үүнд Сүн Жян өгүүлрүүн: - Та дөрвөөс бусад Ван И нар одоо очиж болохгүй, хожим очигтун хэмээв. Энэ Ван И чухам хаана очихыг эдүгээ бүү өгүүлэн өгүүлэх нь: Сү Тай Вэй тэр усан замаар явж хэдэн газар хүрээд Сүн Жян нарыг Лян Шань ууланд буцсан эссэнийг мэдээ илгээж сэмхэн тагнуулбаас хэдүйнээ буцажухуй. Үүнд Сү Тай Вэй нааш буцаж ирээд, Хуажоу хотод орж үзвээс мөн ч нэлээд цэрэг ба иргэд алагдажухуй. Түүний гадна харъяат ноён Хө Тайшоугийн гэр хогшил, сан хөрөнгийг дээрэмдэж авчухуй. Үүнд Хө Тайшоугийн гар доор зифүд ийн тушаав: - Чи эдүгээ Лян Шань уулын урвасан хулгай Сүн Жян г мэхлэж, надаас алтан пайз, хонх авч, Хө Тайшоу ноёныг алсан ба зарлигаар тайх Таван хайрханд олон цэргийн хүүр дүүргэсэн мөн энэ хотыг энэ мэт түйвээж, өчнөөн хүн алсан зэрэг ял учрыг Дунжин хотод даруй түргэн учир гаргаж мэдүүлбээс зохимуй хэмээн захиад Сү Тай Вэй өөрийн биеэр Таван хайрхан уулыг тайж, тэрхүү сүмийг сахисан сангарсвад алтан хонх, пайз, хүжийг тушаагаад даруй уулаас бууж Дунжин хотын зүг өдөр шөнөгүй довтлон явж ирээд, эл учраа Богд эзэнд бараалхаж нэгд нэгнээр айлтгаж мөргөв. Үүнийг үл өгүүлмү.

Өгүүлэх нь: Сүн Жян, Ү Шюэжү нар ов зарж, ухаан хэрэглэж Шао Хуашань уулын сайн эрс Ши Жинь, Яньчүн, Чэнь Да, Жу Ү нарыг аргаар аваад, бас Хуажоу хотыг түйвээж буй бүхүй юмыг хураан авч, Лян Шань уулнаа буцах замд ер хот хүрээлэн, зи сянийг өчүүхэн төдий хөдөлгөсөнгүй. Харин хоосон ядууд өглөг өгч, олон цэргээ тус тус цаазлан хуучин хэвээр гурван анги хуваан цэрэглэж зам явахдаа хувилгаан явдалт Дай Зүн энэ баярын мэдээг Чаогайд хүргэгтүн хэмээн тэргүүнд илгээв. Тэндээс удсангүй Лян Шань ууландаа ирсэнд Чаогай угтаж, дээш уулын оройд аваачиж, их хуримын танхим дээр суулгаж бүгдээр ёс ёсолж, шинэ дагуулж ирсэн дөрвөн жанжин Ши Жинь, Ян Чүнь, Чэнь Да, Жу Ү нарыг Чаогайд мөргүүлж журмын ах дүү болсонд, гурван өдөр их хурим хийв. Хурим дээр Чаогай ийн өгүүлрүүн: -Эдүгээ манай Лян Шань уулын Сүн Гүнмин хэмээгч дөрвөн далайд маш алдартай болж, аливаа цэрэг мордоход өөрийн зоригоор явж хичээн, сайн эрсийг олж, басхүү эдлэл, алт мөнгө олсон нь багагүй. Үнэхээр их гавъяатай болов. Эдүгээ бас дөрвөн сайн эрс олж ирэв.

Эдүгээ сонсвоос Пэйсянь хотын захиргааны Ман Даншань хэмээх ууланд нэгэн сайн эр гурван мянган цэрэгтэй сууж баймуй. Түүний нэр нь Фань Руй хэмээмүй. Цол нь “Төрийг самууруулагч Фань” хэмээмүй. Энэ хүний бясалгасан шид нь салхи хийсгэх, хур мөндөр оруулах нь энгийн хэрэг. Түүний гарын доор захирсан хоёр дарга буй. Нэг нь овог Сян, нэр Чүн. Цол нь “Найман гартай Нэжа” хэмээмүй. Үүний сурсан эрдэм нь гарт тигэвши? хэмээх нэгэн их сэлэм буй. Түүнээс хорин дөрвөн нисэх сэлэм гарч хүнийг зуу алхам газраас илүү гарахгүй алмуй, нэг гартаа жад барьжухуй. Нэг нь нэр Ли Гүнь хэмээмүй. Цол нь “Тэнгэрийн дээр нисэх хувилгаан” хэмээмүй. Энэ хүний сурсан эрдэм нь мөн нэг гартаа тээвш барих. Түүний дотроос хорин дөрвөн хурц жад гармуй. Хүнийг зуун алхам илүү газар хүргэх үгүй алмуй. Нэг гартаа маш их сэлэм барьсан хүн. Энэ гурав тэр Ман Даншань хэмээх ууланд журмын ах дүү болж тэнгэрт мөргөсөн энэ гурав, ер хүнийг халгаах байтугай ямагт хот хэрмийг эвдэж, хүнийг дарлаж, эд юм эмс охидыг булаахаар үл барам харин манай их Лян Шань Фү уулыг эвдэж биднийг залгих хэмээн сонсов хэмээсэнд Сүн Жян энэ үгийг сонсоод маш их уур нь хүрч ийн өгүүлрүүн: - Энэ муу хулгай нар яахин тийм их үг хэлмүй. Тийм бөгөөс мунхаг Сүн Жян би биеэр очиж тэд нэр лүгээ эр эм үзэлцсүгэй хэмээсэнд Ши Жинь, Жу Ү, Чэнь Да, Яньчүн энэ дөрөв зэргээр сөгдөн, ийн өгүүлрүүн: - Сүн Жян ах сая явж маш их зүдэрсэн дээр өчүүхэн бид нэр шинэ ирээд гавъяа бүтээгээгүй тул бид дөрөв явж байлдсугай хэмээсэнд Чайгай, Сүн Жян нар маш баясаж, тэдэнд хундага өргөж, цэрэг дагуулан илгээв.

Үүнд тэр гурав “Жинь Ша Тан” хэмээх Алт хуваах ордноос гарч онгоцон дээр сууж Ман Даншань хэмээх уулын зүг явж гурван өдөр болсон хойно энэ уул улам ойр болсонд Ши Жинь үзээд дотроо бодлого бодож шүүрс алдав. Үүнд Жу Ү ийн асууруун: - Эрхэм ах та яахин шүүрс алдав? Энэ уул чухам ямар нэртэй газар буй? хэмээн асуусанд Ши Жинь өгүүлрүүн: - Хан улсын Гаозү хаан хэмээх хааны үед могойг алж, самуун хэрэг гарч байлдаж байсан газар мөн хэмээснийг энэ гурав сонсоод маш айж, цөм шүүрс алдан явсаар Ман Даншань уулын бэлд хүрч ирснийг, тэр уулын харуулын цэрэг уулан дээр гарч Фань Руй хэмээх их жанжин, бас Сян Чүн, Ли Гүнь энэ гуравт мэдээ хүргэв. Тэндээс Ши Жинь нарын дөрвөн хүн Ман Даншань хэмээх уулын доор очиж цэргийн жагсаал байгуулж хоноод, маргааш нь Ши Жинь нар хуяг дуулгаа өмсч, цэргээ жагсаан жагсаалаас гарч, Ши Жинь тэргүүнд гал улаан морио унаж нэг гартаа гурван салаатай жад бариад, нэг гартаа хоёр ирт сэлэм барьж, хойд этгээдэд Чэнь Да, Жу Ү, Яньчүн гурван жанжнаа дагуулан тэднийг угтан хүлээв.

Тэндээс тэр уулын хоёр сайн эр Сян Чүн, Ли Гүнь хоёр тус тусын багажаа авч, хуяг дуулгаа өмсөөд угтан байлдсанд тэдгээр дөрвөн жанжин маш их айн зугтсанд, тэр хоёр Сян Чүн, Ли Гүнь тэдний зугтсаныг мэдэж, хойноос нь нисэх тигэвшийн? шидийг гаргаж, сэлэм жадаа гүйлгэсэнд Янь Чүнгийн морин дээр тусаж даруй морь нь үхэж газар унав. Бусад гурав нь зугтан гараад нэлээд хол явав. Үүнд Яньчүн мориноос салсан тул арайхийн зай завсрыг харж зугтан явав. Тэндээс тэдгээр аргагүй дарагдаж нэгэн аглаг газар бууж, цэргээ тоолвоос их төлөв хорогджухуй. Үүнд тэр дөрвөн жанжин арга бодож, Лян Шаньд хүн илгээж, цэрэг жанжин тосуулахаар хэлэлцэн байтал, хойд зүгээс нэг их тэнгэр тулсан цэрэг морины тоос гарсанд Жу Ү, Ши Жинь нарын дөрвөн жанжин үзвээс дарцаг нь Лян Шань уулын нэртэй дарцаг улам ойр ирэхүйд ажиглан хараваас, Ляншаний хоёр сайд эр Хуа Рүн, Сюй Нин хоёр. Үүнд Ши Жинь нарын дөрвөн жанжин Ман Даншанийн уулын Сян Чүн, Ли Гүнь хоёр лугаа байлдаж цэрэг морио бага алагдсан учрыг өгүүлсэнд, Хуа Рүн өгүүлрүүн: - Манай Лян Шань уулны Сүн Гүнмин энэ учрыг мэдээд та дөрвийг гэнэдэх болуужин хэмээн бид хоёрыг тусуулуахаар илгээв хэмээсэнд Ши Жинь маш баярлан бүгд цэргээ нэгэн хамт болгож, цэргийн хүрээлэн байгуулж, тэндээсээ нэгэн их цэрэг морины тоос хөдлөн гарч ирсэнд Хуа Рүн, Сюй Нин, Ши Жинь, Яньчүн, Чэнь Да, Жу Ү нараа ширвээтэж сэтгэл зовон бүхүй тэрхүү цэргийн тоос нь ойртож байхыг үзвээс Сүн Гүнмин өөрөө Ү Шюэжү, Гун Сүншэнь нарыг дагуулан олон цэргийн хамт өөрийн цэргийн жагсаал дээр ирсэнд, тэд нар цөм угтаж цацартаа оруулж, Ман Даншаний Сян Чүн, Ли Гүнь хоёрт дарагдсан нарийн учрыг Сүн Жян нарт хэлсэнд Ү Шюэжү өгүүлрүүн: - эд нар тийм амар байлдаж болохгүй.Цэрэг морио сайнаар харгалзаж, арга зөвлөн байлдваас сайн хэмээв.

Тэр өдөр нар орой болж, тэр уулын орой дээр олон хөх өнгийн дэнлүү шатааж баймуй.Үүнд Гүн Сүньшэн үзээд маш цочиж, тэдгээр Сүн Жян нарт хэлээд, ийн өгүүлрүүн: - Эдүгээ энэ дэнлүүний өнгийг үзвээс эд нар сурсан увдис маш олон. Түүнийг хариулах арга үл хийх аваас хэрхэвч болохгүй. Тиймийн тул олон муу сангарсва. Би урьд Лао Жэньрэнь багшийн зааж хайрласан аргыг энэ шөнө бүтээж хоноод маргааш жич хэлэлцье хэмээв. Энэ нь Хунши Муван хэмээх их төрийг самууруулагч Фань Руй алгаа хамтатгаж Лян Шань Фү ууланд урвах. Бурханы цэрэг туслан ирж урвасан Сян Чүн, Ли Гүнь нарыг эрхээр дагуулах хэмээжихүй. Үүнд Гүн Сүньшэн хэмээх сангарсва ямар арга хэрэглэж, яахин байлдахыг хойд бүлэгт үзэгтүн.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top