Египетийн нэрт эрдэмтэн, Археологийн сайд асан Захи Хавасс тэргүүтэй археологичдын баг Нилийн баруун эрэг дээрх Луксорын доор тус улсын нутаг дэвсгэрт олдож байсан хамгийн том эртний хотыг илрүүлжээ.
Хотыг алдарт XVIII гүрний ес дэх фараон III Аменхотепийн үед буюу МЭӨ 1391-1353 онд барьжээ. “Алтан хот” IV Аменхотеп, Тутанхамон, Эйе фараонуудын ноёрхлын үед засаг захиргааны томоохон төв болж, алдаршиж байжээ. Хавассын хэлснээр, гаднын маш олон археологичдын баг энэхүү хотыг олж чадаагүй байна.
Алдагдсан хотыг илрүүлсэн нь Тутанхамоны бунхныг нээснээс хойш археологийн түүхэнд тохиож буй хоёр дахь томоохон нээлт юм гэж АНУ-ын Жонс Хопкинсын их сургуулийн Египет судлаач профессор Бетси Брайан онцолжээ. Энэ нээлт Нил мөрний баруун эрэг дэх эзэнт гүрний цэцэглэлтийн үеийн эртний египетчүүдийн амьдралын янз бүрийн хэв маягийг танин мэдэхэд чухал ач холбогдолтой. Энэ нээлт мөн Эхтанон фараон, түүний алдартай хатан Нефертити юуны учир Амарна сууринд шилжин суурьших болсон оньсогыг тайлахад тусална гэж эрдэмтэд найдаж байна.
2020 оны есдүгээр сард Египетийн археологичид Мединат Абу дахь III Рамсесийн сүм болон III Аменхотепийн сүмийн дундах бүсэд Тутанхамон хааны сүмийн хайгуулын малтлага хийж эхэлжээ. Археологийн малтлагын эхний долоо хоногоос эхлэн тоосгоны хэлтэрхийнүүд гарч эхэлсэн бөгөөд малтлагын газарт бүхэл бүтэн томоохон хотын туурь олсон нь ихэд гайхшруулсан байна. Тус газарт олсон дарс хийхэд зориулсан шавар саван дээрх бичиг олдвор аль цаг үед хамаарч буйг тогтооход тусалжээ. Түүнчлэн, III Аменхотепийн дардас буй бүхий тоосго, өнгөт шавран эд хэрэгсэл зэрэг эд зүйлс нотолгоо болсон байна.
Түүхэн эх сурвалжаас үзвэл, “Алтан хотод” III Аменхотепийн гурван ордон, захиргааны болон аж үйлдвэрийн төвүүд байх ёстой аж. Долоон сар үргэлжилж буй малтлагын явцад археологичид захиргааны дүүрэг, орон байр, хүнс хадгалах, бэлтгэх байр, шавар тоосго үйлдвэрлэх цех, сүмд зориулсан чимэглэлийн эд зүйлс бэлтгэн үйлдвэрлэх дархны газар зэргийг илрүүлсэн байна.
“Алтан хотын” хойд хэсэгт оршуулгын газар олдсон бөгөөд археологичид өдгөө судалж байгаа гэнэ. Одоогоор уулыг ухаж бүтээсэн бунхнууд илрүүлээд байгаа бөгөөд янз бүрийн хэмжээтэй эдгээр бунханд хад чулууг янзалж хийсэн шат хүргэдэг байна. Судалгааны ажил үргэлжилж байгаа бөгөөд хүний гар хүрээгүй эдгээр бунхан асар үнэтэй гэнэтийн бэлэг барина гэж эрдэмтэд найдаж байна.
Сэтгэгдэл ( 1 )
хэнд хэрэгтэй юсм бэ, Булш бунхан ухсанаа агуу нээлт гээд л... Тэр үед амьдарч байсан хаан хатдын юу хийж байсныг нэгд нэгэнгүй мэдлээ гээд ямар ач холбогдотой юм. ямар чутгагүй зүйл