Хятадын дөрвөн их сонгодог зохилын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.
Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.
Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
ГҮН СҮНЬШЭН МАН ДАНШАНЬ ХЭМЭЭХ УУЛАНД УВДИСААР БУГИЙГ ДАРЖ ОРГУУЛАН АВАХ
ЧАО ТЯНЬВАН ХЭМЭЭХ ЧАОГАЙ ЗЭН ТОУШИ ХЭМЭЭХ ГАЗАР СУМАНД ХАРВАГДАЖ ШАРХ ОЛОХ
Өгүүлэх нь, тэндээс Гүн Сүньшэн нарийн увдис хэрэглэж Ман Даншань уулын Фань Руй, Сян Чүн, Ли Гүнь нарыг ямар увдисаар, хэрхэн хэрэглэж авахыг Ү Юн, Сүн Жян нар асуусанд Гүн Сүньшэн өгүүлрүүн: - Би санаваас миний энэ бодлого маш бэрх хэцүү. Хан улсын төрд байсан Гүньминь хэмээх өргөлгөөс? маш хэцүү илүү бодлого, дөрвөн зүг найман зовхист олон цэргийн жагсаал байгуулж уулыг бүрхүүлэхээс гадна, түүний төв дунд нэгэн их сайд суулгая. Түүнийг хүн үзвээс дөрвөн толгойтой, найман сүүлтэй, буруу эргэх зөв эргэх, тэнгэр газраас салхи дэгдэх луу ба барс могой араатны хүчтэй маш их хэцүү арга. Энэ уулын урвасан Фань Руй нарын гурван хулгай уулаас бууж ирэх цагт, хоёр талаар хоёр урт могойн жагсаал жагсая. Түүний гадна энэ гурав могойн цэргийн жагсаалд орвоос мэдээг хүргэх долоон одны цагаан өнгийн дарцаг байгуулж тавья. Түүний хөдөлсөн цагт би увдис уншин, тарни гаргаж арга бүтээе. Тэр гурав энэ жагсаалд орж ирвээс, хойш урагш хаашаа ч хөдөлж чадахгүй, дээр орлого мөнгө эеврэх. Зогсолт ийм дөрвөн зүгт нарийн аргыг бас үйлдвээс сайн. Энэ арга юу хэмээвээс тэр зүгт нэгэн их нүх ухмуй. Түүний дээр чийрс модоор бүтээж тагламуй. Эдгээр гурав хэдэн жагсаалаас мултран гарч зугтах зүг нь тэр. Тиймийн тул та нар тэр нүхэнд эрхгүй орж баригдах тэр цагт, хэдэн зүгээс чадалтай сайн цэргийг гаргаж, тус тус төмөр дэгээ барин бүгшүүлж байгаад тэдний тэр нүхэнд орсны хойно, дэгээгээр дэгээдэн авч баримуй хэмээсэнд Сүн Жян олон цэрэг жанжин цэрэгтээ эдгээр үгийг цөм тушаагаад анги ангиар сэмхэнээр үйлдэгтүн. Өчүүхэн төдий гажуудваас цааз алдах хэрэг тогтмуй хэмээсэнд тэдгээр цөм тус тусын тушаалыг дагав. Үүний дотроос энэ хэрэгт оногдсон жанжин Хү Яньжуо, Жү Түн, Хуа Рүн, Сюй Нин, Мурун, Сюньли, Ши Жинь. Дунд тоонд Люйфан, Чай Жинь, Гуо Шэн нар. Дунд тугийг сайн эрээр захирч байгтун. Сүн Жян, Ү Юн, Гүн Сүньшэн, Чэнь Да нарын дунд тоонд хавсран баймуй. Жу Ү хэдэн гавшгай цэрэг авч нууцаар Ман Даншань уулын цэргийн жагсаалыг хаана хэрхэн байгуулах, аль замаар ирэх зэргийг өдөр шөнөгүй ойр уулын орой дээгүүр сайнаар ажиглан байгтун хэмээн тушаасанд хойно маргааш өдөр могой цагт, тооны ёсоор энэ хэргийг бүтээгээд Ман Даншань уулын бэлд олон жанжин цэргээ авч өдөөн ирэв.
Тэндээс Ман Даншань уулын харуулын цэрэг Ляншаний цэрэг хэнгэрэг харанга зэргийг сонсоод даруй ууланд очиж Фань Руй нарын гурван даргад энэ учрыг хэлсэнд, тэдгээр гурван дарга бүрмөсөн хуяг дуулгаа өмсөөд хэнгэрэг харангаа дэлдэн, гурван мянган цэргээ бүгд дагуулан цэрэглэн ирж жагсав. Зүүн талд Сян Чүн, баруун талд Ли Гүнь, дунд их дарга Фань Руй. Үүнд цөм зэргээр жагсаж, их жагсаал тогтов. Тэндээс энэ Фань Руй хэдий увдистай боловч цэргийн нарын жагсаалыг олж мэдэхгүй Сүн Жяний цэргийг дөрвөн зүг харж үзвээс бүгд цэрэг тал талд жагсаасан нь мод шугуй мэт. Үүнийг Фань Руй үзээд маш баярлан, ийн сэтгэрүүн: - Ляншаний урвасан хулгайн цэргийг үзвээс эдүгээ миний эрхэнд орох цаг болжихуй хэмээн бодож байтал, аль нь ч хөдлөхгүйд Хунши Му Фань хэмээгч төрийг самууруулагч Фань Руй, Сян Чүн, Ли Гүнь хоёрт ийн захив. “Эдүгээ энд хүлээх юү. Гагцхүү миний увдисыг сайтар мэдэж байгтун. Хэзээ салхи тогтвоос Сүн Жяний цэргийн жагсаалд орогтун. Олон нисэх сэлмийн тигэвшийг? нисгэгтүн хэмээн захиад, даруй тарни уншин салхи дэгдээв.
Тэндээс тэнгэрийн нар халхлагдаж харанхуй болсонд, Сян Чүн, Ли Гүнь хоёр таван зуун сэлэм барьсан цэргээ авч Сүн Жяний цэргийн жагсаалыг дайран алалцахаар ирэв. Үүнд Сүн Жян шидээр байгуулсан хоёр урт могойн жагсаалын тарнийг уншиж, долоон цагаан могой одны дарцгийг хөдөлгөсөнд нар зөв, нар буруу аль нь ч мэдэгдэхгүй. Хөөрхий хоёр жанжин Сян Чүн, Ли Гүнь зам эрж зугтан гарахыг бодовч яахин зам олдмуй. Үүнд арга барагдаж байтал Жү Гүйгийн харуулд нэгэн шидэт улаан дарцаг буй. Тэр дарцгийн доор Гүн Сүньшэн довтлон очиж тарни уншин байсанд, тэдний увдист салхи хураагдаж Сян Чүн, Ли Гүнь хоёрын морины бөгс сүүлээс холдохгүй, тэр хоёрын бие морины хамт эргэхээс өөр ер явахгүй. Мөн дөрвөн зүг басхүү харагдахгүй. Дээр тэнгэр мөн үзэгдэхгүй, хоосон нэгэн уур манан дотор яваа мэт баймуй. Үүнд тэр хоёр жанжин хэрхэх ч аргагүй салхинд эрхшээсэн явтал харин нэг их нүхэнд унав. Энэ нь Гүн Сүньшэнгийн жагсаалын шид тул Фань Руйн салхины арга яахин болмуй. Иймийн тул Фань Руй үүнийг үзээд маш айж байтал, дараа тэр Сян Чүн, Ли Гүнь хоёрыг нүхний дэргэд бүгшсэн цэрэг гарч төмөр дэгээгээр дэгээдэн гаргаж барьж хүлээд Сүн Гүнмин нарын дэргэд хүргэн ирэв. Үүнд Сүн Жян үлдсэн тэднийг цэрэг ба Фань Руй нарыг барих хэмээн морин ташуурыг гурвантаа дохисонд гурван хэсэг жагссан цэрэг цөм Фань Руй нарыг хөөж алалцахаар орсонд Фань Руй даруй өөрийн хэдэн цэргээ авч Ман Даншань уулнаа буруулан зугтав. Үүнд Фань Руй өөрийн цэргээ тоолж үзвээс их төлөв жагсаалд үхжүхүй.
Тэндээс Сүн Жян өөрийн цэргээ хураан аваад дунд жагсаалд очиж цацарт суусан хойно барьсан хоёр жанжин Сян Чүн, Ли Гүнь хоёрыг хүргэн ирсэнд Сүн Жян өөрийн биеэр тосож аваад цацарт оруулан, тэдний хүлээсийг тайлж, ийн өгүүлрүүн: - Мэргэн жанжин бидэнд гомдох хэрэггүй. Цэрэг дайны ёс ийм эс болно. Яахин байлдах буюу. Өчүүхэн хүний санасан нь мэргэн гурван жанжныг оруулан аваад Лян Шань ууланд залж аваачаад, ах дүү болъё хэмээсэн нь эртний бодлого тул эдүгээ ирж байлдав хэмээн архи барьсанд Сян Чүн, Ли Гүнь хоёр ёслон сөгдөж ийн өгүүлрүүн: - Мунхаг дүү нар энэ хэргийг хэдүйнээ санасан боловч, хувьгүй болоод, эдүгээ Фань Руй лугаа энэ Ман Даншаньд урваж суув. Эдүгээ нэгэнт эрхэм жанжин таны гарт баригдсан тул гуйх нь: хишиг хүртээж бид хоёрыг үл голох болбоос таалалдаа агуулж, ууландаа аваачиж асрахыг гуймуй хэмээн мөргөсөнд Сүн Жян өгүүлрүүн: - Мунхаг ах нь эртнээс эдүгээ хүртэл сайн эрсийг журмаар дагуулан тэтгэсэн нь гагцхүү тэнгэрийн журмыг дагаж энэ мэт хэрэг үйлдмүй. Харин хоёр дүү үл ойшоох ахул, мунхаг ахын гуйсныг оюундаа тогтоон соёрхох болов уу хэмээн өгүүлсэнд, тэр хоёр бас ийн өгүүлрүүн: - Мунхаг дүү нар эдүгээ Сүн Гүнмин ахын тааллыг яахин гажуудуулж болмуй.
Тиймийн тул Фань Руй хэмээгч ертөнцийг сарниулагч жанжин бид хоёр үгүй бөгөөс тэр яахин энэ уулыг эзлэн суумуй. Тиймийн тул түүнийг бид хоёрын нэгийг илгээж, түүн лугаа учруулан эл бүхнийг хэлвээс, тэр Фань Руй үл дагаж ирэх ёс үгүй. Ийм учирт өршөөвөөс, бид хоёрын нэгийг илгээж Ман Даншань ууланд илгээх ажаамуу хэмээсэнд Сүн Жян өгүүлрүүн: - Мэргэн хоёр дүүгийн хэлэх нь маш зөв. Тэр хэрвээ эс дагаж ирэх болбоос түүнийг хүчээр барьж авах нь үлгэрлэвээс, тэнгэр дэлхий хоёрыг хамааруулах ба аргын шимийг тавьж, аюулт тамд унагаж барих лугаа адил тул, эрхэм мэргэн дүү нар очиж урьдаар учрыг нь ухуулан хэлэгтүн хэмээсэнд, тэр хоёрт шинэ хувцас сольж өмсгөөд архи барьж, өөр өөрийн барьж явсан тинбэй? сэлэм жадыг эгүүлэн тушаав. Хойш буцаахаар завдсанд Ү Шюэжү ийн өгүүлрүүн: - Урьд адил үл дагах бөгөөд бас байлдах хэмээвээс бүү түүнийг албадан дагуулагтун. Түүний гадна та хоёр бас хуучин хэвээр тэнд очоод урвах болбоос, эдүгээ хожим гомдох газаргүйг урьдаас ухуулан хэлсүгэй хэмээсэнд, тэр Сян Чүн, Ли Гүнь хоёр ийн өгүүлрүүн: - Урьдын хийсэн буруу ялыг нэгэнт уучилж, амь аварсан нь тэнгэрээс хишиг буусан адил тул, бид хоёр яахин тийм зүй бус хэрэг хиймүй. Эрхгүй Фань Руйг бариад хүргэж ирвээс барав хэмээсэнд тэр хоёр жанжны үг хэлийг авч цэргийн жагсаалаас дахин давтан засаж, Ман Даншань ууланд хэдэн зуун цэрэг дагуулан илгээв.
Үүнд тэр хоёр явж, даруй Ман Даншань ууланд хүрч одоод, Фань Руйд сөгдөж ийн өгүүлрүүн: - Мунхаг дүү нар нь Ляншаний цэргийн жагсаалын овлолд автагдаж, аргагүй нүхэнд орж баригдаад хүлэгдэн, Сүн Гүнмин хэмээх Сүн Жян д учрав. Тэр нь үзвээс үнэхээр тэнгэрийн журам дагасан, дөрвөн этгээдэд гайхамшигтай явдал дэлгэрсэн хүн бөгөөд бас амандаа үг өгүүлэх нь үнэхээр маш мэргэний дээр сайн эрсийг авах, муу зальхайг арилгах тийм хүмүүн гэнэм. Иймийн тул, бид хоёр маш баярлан энэ Сүн Гүнминг дагаж ороод, Лян Шань ууланд очиж журмын ах дүү бололцъё хэмээн ам нэгэнт авч, тангараг тавив. Үүнд Сүн Гүнмингийн захисан нь: - Фань Руй ах чамайг зүйтэй болбоос журмыг дагаж тэнгэрт мөргөмүй. Зүйгүй болбоос Ман Даншань уулыг морин цэргийн тоосоор дарагдаад, эцэст хөлөөр өшиглүүлж түвшин болгомуй. Түүний гадна Фань Руйг их цэргийн жагсаалд оруулж, арга билгийн гал шатааж үнсэн товрог болгож, эд мөнгө юмыг бүрнээ хураан авч, Лян Шань ууландаа аваачмуй. гэх зэрэг үг хэлэв хэмээсэнд Фань Руй маш айж, ийн өгүүлрүүн: - Та хоёр дүү нэгэнт дагасан тул, би гагцаар яахин үлдэж болох буюу. Тиймийн тул та хоёр ирж энэ учрыг хэлсэн нь маш сайн. Бид маргааш өглөө эрт босоод очиж, Сүн Гүнминд дагаж ороод, Лян Шаньд очсугай хэмээн маргааш нь эрт босоод Ман Даншань уулнаас цэргээ орхиж буун ирээд, Сүн Жяний байгуулсан дунд тугт ирж Сян Чүн, Ли Гүнь хоёр урд орж,Сүн Гүнминд Фань Руйг дагуулан ирсэн явдлыг сонсгосонд Сүн Жян маш баярлан, даруй угтан гарч Фань Руйд амар эрсэнд, Фань Руй сөгдөн мөргөсөнд, Сүн Жян дээш босгож, цацартаа оруулж, бүгдээр дагаж ирсэн их баярын архи барьсанд, тэр гурав урьдын хүн алсан ба юм дээрэмдсэн учраа нэг нэгээр хэлэхэд, Сүн Жян өгүүлрүүн: - Энэ нь ертөнцөд төрсөн хүний сайн муу, гараг жил тохиолдож, эцэг эхээс төрсөн учир түүний гадна басхүү ямар учирт тийнхүү явахыг тэнгэр заяасан номлол буй тул түүнд зовох юун.
Мэргэн дүү нар харин цэргээ үл авчрах нь жигтэй хэмээсэнд Фань Руй өгүүлрүүн: - Мунхаг дүүгийн ууланд алтан таваар, алт мөнгө, цэргийн зэвсэг, морь тэргүүтэн мөн ч нэлээд их юм буй тул, түүнийг дахин очиж авмуй. Олдвоос, мэргэн ах тэргүүлэн, олон жанжин цэрэгтэйгээ үл голох аваас, миний өчүүхэн ууланд очиж, нэгэн цагийн архи ууж, ногоо будаа зоогловоос ямар? хэмээн гуйсанд Сүн Жян Гүн Сүньшэн, Ү Шюэжү хоёрт энэ үгийг сэмхэн хэлсэнд, тэр хоёр хариу өгүүлрүүн: - Үүнд Ман Даншань ууланд одоо эднийг дагаж очиход гэмгүй хэмээсэнд Сүн Жян даруй Фань Руйн гуйсан ёсоор болж, олон жанжин цэргээ харанга хэнгэрэг дэлдэн жагсааж, Ман Даншань ууланд гарч ирэв. Үүнд Фань Руй даруй Сүн Жяний гараас барьж, их байшиндаа оруулж, олон жанжныг цөм урьж Сүн Жянийг дараалан суулгаж цай бариад, үхэр хонь алж хурим бэлтгэв.
Тэндээс гурван хоног найрлаад нэг өдөр Фань Руй өгүүлрүүн: - Мэргэн Сүн Жян миний ах, бидний хоёр жанжин Сян Чүн, Ли Гүнь хоёрыг хоёр их могойн харанхуй жагсаалд оруулаад, ухаан санааг балартуулж нүхэнд унагасан нь чухам аль жанжны шид буюу? хэмээсэнд Сүн Жян өгүүлрүүн: - Шид нь манай гуравдугаар жанжин Гүн Сүньшэн хэмээх их хувилгаан энэ болой хэмээн Гүн Сүньшэнг заан хэлсэнд Фань Руй даруй газар сөгдөн, Гүн Сүньшэнд “Багш” хэмээн мөргөөд, ийн өгүүлрүүн: - Мунхаг харанхуй шавь бага цагаас сурсан эрдэмгүй боловч салхи хөдөлгөх, үүл дэгдээхээс өөр юм сурсангүй тул эдүгээ багш мунхаг шавьдаа эрдэм шидийг зааж хайрлагтун хэмээн мөргөсөнд Сүн Жян Гүн Сүньшэнд ийн өгүүлрүүн: - Манай энэ шинэ дагасан мэргэн дүүд таван махбодийг хямруулах ба тас шувуу мэт нисэх, тэнгэр газар хоёрыг хамтатгах шид зааж өгөгтүн хэмээсэнд Гүн Сүньшэн даруй тарни уншин нэг хэдэн зүйлийн тарнийн номыг өгөөд, Фань Руйд шид оруулав. Тэндээс одоо энэ ууланд суухгүй, Лян Шаньд явах хэмээн хамаг юмаа бэлтгэн засаж аваад, тэр орон байшиндаа гал тавьж, Ляншаний зүг ирснийг бүү өгүүльюү.
Өгүүлэх нь: Лян Шань уулын дэргэд хүрч ирээд буудаллан байтал, нэгэн сайн эр бололтой хүн зэгсэн дотроос гарч ирэв. Энэ хүн даруй Сүн Жян нарт газар сөгдөн ёсолсонд, Сүн Жян түүнийг түшиж аваад, ийн өгүүлрүүн: - Эрхэм дүүгийн өндөр овог нэр хэн хэмээдэг. Хаана суудаг, аль хотын хүн, ямар хэргээр энд ирэв?хэмээн асуусанд, тэр хүн ийн өгүүлрүүн: - Өчүүхэн дүү нь овог Дуань, нэр Зинжу хэмээдэг. Жуожоу хотын захиргааны хүн. Хөндлөн голд өчүүхэн хүн улаан үстэй болоод шар сахалтай тул, “Алтан үст баатар хэмээн цол өгчүхүй. Бага цагаас хулгай хийж явав. Энэ нэг жилд Цян Ганьлин хэмээх даваанаас нэг маш сайн морь хулгаж авав. Энэ морины зүс нь цас мэт цагаан, нэг хялгасны төдий өөр зүсгүй. Толгойноос сүүл хүртэл хэмжээлвээс, хоёр алд. Туурайнаас нуруу хүртэл найман тохой өндөр.
Энэ нь нэг өдөр алгуур яваваас мянган газар явах. Хойд зүгт алдар дэлгэрсэн гайхамшигтай. “Шөнө гэрэл гарах хас цагаан эрдэнийн морь” хэмээмүй. Энэ нь Зин овгийн ван хүний гоц морь бөлгөө. Цян Ганьлин даваанд өвсөлж байхад өчүүхэн хүн хулган аваад эрхэм ахдаа хөндлөн голын энгийн хүнээс сонсож сайн журамтай шударга эр хэмээн, энэхүү морийг танд бэлэг болгон барьж танилцая хэмээн авчирч явтал, баруун өмнө зүгийн Зэн Тоуши хотноо явж байсанд, тэнд байх Зэн овгийн таван барс нэртэй хүн гарч ирээд булаан авах хэмээсэнд өчүүхэн хүн аргагүй тэдэн лугаа хүчин хүрэлцэж чадахгүй тул, тэдэнд: - Энэ болбоос Лян Шань Фү уулын Сүн Гүнмин хэмээх Сүн Жяний морь хэмээсэнд тэд нар харин эрхэм ахыг муу үгээр дайран хараав. Иймийн тул би энэ учрыг танд хэлэхээр ирэв хэмээсэнд Сүн Гүнмин үзвээс, үнэхээр нэгэн их хулгайч сайн эр тул, энэ үгийг итгэж, ийн өгүүлрүүн: - Тийм бөгөөс би чамайг дагуулан Лян Шань ууланд очиж, бид бүгдээр тэднээс авах аргыг зөвлөсүгэй хэмээн тэр Дуань Зинжуг дагуулан Лян Шань уулын “Жин Ша Тан” хэмээх ордонд очиж, онгоцон дээр суугаад уулын оройд хүрэв.
Тэндээс Тяньван нар угтаж “Жү И Тан” танхим дээр сууцгааж Сүн Жян ийн өгүүлрүүн: - Эдүгээ бид Чяо Тяньвангийн буянаар Ман Даншань уулын Фань Руй, Сян Чүн, Лигүнийг аргаар аваад, басхүү уулыг түймэр тавьж шатаасан ба алт мөнгө, морь мал, цэргийг хураан авсан. Бас замдаа Дуань Зинжугийн морь олж, бэлэг хүргэхээр ирсэн учир бүгдийг Чаогайд хэлсэнд маш баярлан өгүүлрүүн: - Мэргэн дүү Сүн Жяний арга чадал үнэхээр гайхамшиг магтаж юухийм. Гагцхүү хонь үхэр алж хурим бэлтгэхээс зохимуй хэмээх зэрэг хэлсэнд, Сүн Жян өгүүлрүүн: - Мэргэн ах чи хуримыг аажим бэлтгэгтүн. Урьдаар олзолж авчирсан дөрвөн хүнийг оруулж ёслуулсны хойно жич наадам хурим найр хийвээс зохимуй хэмээсэнд Чайгай “Мөн” хэмээн тэр Фань Руй, Сян Чүн, Ли Гүнь, Дуань Зинжу нарыг оруулж ёслуулсанд, Чаогай тэднийг даруй босгож сайн үгээр ятган хэлээд, тэд хурим бэлтгэн, их бага жанжин цөм хэдэн өдөр бие амран архи ууж, маш их цэнгэлдэв.
Үүнд Сүн Жян өгүүлрүүн: - Эдүгээ бид олзолсон жанжин цэрэг маш олон болж, нэгэн улс төр мэт болов. Одоо нэгэн цааз тогтоож, тус тус хэрэг захируулсугай хэмээгээд Ли Юн, Тао Зүнван хоёр олдвор бүгдийг дааж дөрвөн байшин нэмж бариад, дөрвөн зүгт хэрэм сэлбэж байгтун хэмээн тушаав. Тэндээс энэ Дуань Зинжу тэр морины учрыг шаардан хэлэх нь маш бэрх тул, Сүн Жян өгүүлрүүн: - Энэ морины учрыг хувилгаан явдалт Дай Зүнг илгээж Зэн Тоуши хотод буй үгүйг тагнуулбаас зохимуй хэмээн даруй зөвлөн тогтоод, Дай Зүнг илгээв. Үүнд тэр хувилгаан шидээ гаргаж, хэдэн улаан утсаар хөлөө боож, шууд нисэх мэт явж, удсангүй Лян Шаньд харьж ирээд Сүн Жян д өгүүлрүүн: - Зэн Тоуши хотод очиж үзвээс, бүгд айл нь гурван мянга илүү баймуй. Харъяат хотын дунд Зэн Зяфү хэмээх нэг их айл баймуй. Энэ хүн угаас Зинь улсын хүн. Урьд энэ хотод нүүж ирээд суужухуй. Нэр нь Зэн Чанжэ хэмээмүй. Үүнд төрсөн хөвгүүн тав буй. Энэ таван хүүхдийн цол нь цөм барс цолтой. Их хөвгүүний нэр Зэнту, хоёрдугаар нь Зэнми, гуравдугаар нь Зэнсуо, дөрөвдүгээр нь Зэнкүй, тавдугаар нь Зэншэн. Бас нэг сургуулийн багш буй. Түүний нэр нь Ши Вэньгүн. Түүний дэсэлсэн дарга багш нь Сүдин хэмээмүй. Энэ хотод албаны цэрэг бүгд бодвоос долоон мянга илүү цэрэг хороолон байгуулж сууж баймуй. Цэрэгт бэлтгэсэн тавин хэдэн тэрэг үхэр буу баймуй. Сонсвоос манай Лян Шань Фү уулыг эвдэж, оршсон хулгай нарыг хүй тэмтрэн алах ба морь цэргийг булаан авах хэмээн хэлэлцмүй. Байлун хэмээх цагаан морийг Ши Вэньгүн хэмээх сургуулийн багш унаж баймуй. Түүний гадна басхүү хэдэн хүүхдэд сургаж ёр ёрлож баймуй. Түүний дуу бүжгийн үг нь:
Төмрийн хонх хөдлөхийн үес цагт Бурхан тэнгэр бүгдээр цочин ширвээгдмүй.
Төмрийн их тэрэгний дээр доор ялгаа бүр үгүй,
Төмрийн дээс гинж ба мөн төмөр гадастай болмуй.
Лян Шань уулын дотор урваж оршсон олон муу зальхай хулгай нарыг
Бүрнээ хүй тэмтрэн алсны хойно ус булингаргүй цэвэрхэн болмуй.
Чаогай хэмээх хулгайг амьдаар барьж Дунжин хотноо хүргэмүй.
Шаньдун мужийн урвасан хулгай Сүн Жянийг бид амьдаар баримуй.
Зальхай Ү Шюэжүг барьсан хойно нарийн арга тасармуй.
Зэн овгийн гэрээс таван их барс гарч дэлхий дахинд нэр алдаршмуй
хэмээн шүлэглэн дуулах нь хүн бүр болжихуй хэмээсэнд Чаогай энэ үгийг сонсоод маш их уур нь хүрээд, зүрх нь хагарах мэт болж байтал, бас Сүн Жян, Ү Юн нарын уур хүрэхийг юу өгүүлмүй. Гагцхүү энэ Гүн Сүньшэн энэ үгийг сонсоод мөн тэссэнгүй уурлав.
Тэндээс Чаогай даруй зарлиг буулгаж, ийн өгүүлрүүн: - Энэ муу адгуус адил таван барс хэмээн худал цол олж олныг түйвээсэн хулгайг би биеэр очиж бариад, мах ясыг шулж хэмхчээд үгүй болгосугай. Хэрвээ би очоод хэлсэн үгэнд үл хүрэх ахул, би энэ Лян Шань Фү ууланд дахиж эргэн ирэхгүй. Эдүгээ намайг хорин тооны дарга дагаж очигтун. Үлдсэн жанжин нар Сүн Жян нарыг уулнаа асарч харгалзан байгтун хэмээн тушаасанд цөм “за хэмээн хүлээв. Үүнд Чаогай над лугаа хавсран явах Линь Чүн, Хү Яньжуо, Сюй Нин, Мү Хүн, Жан Хэн, Ян Сюн, Ши Сю, Сүнь Ли, Хуан Синь, Жан Шүнь, Тун Вэй, Оу Пэн, Ян Линь, Лю Тан, Руань Сяо Эр, Руань Сяо Ү, Руань Сяоци, Бай Шэн, До Чэнь Дэн Фэй нарын бүгд хорин жанжин гурван хэсэг цэрэг авч явагтун хэмээн тушаасанд даруй энэ ёсоор бэлтгэж, уулын оройгоос бууж “Жин Ша Тан” хэмээх “Алт хуваах ордон”-д Сүн Жян, Ү Юн, Гүн Сүньшэн нарын зэрэг жанжин нар үдэж, замын хүнс ба алтан хундаганд архи хийж цөм барив. Үүнд гэнэт нэг их салхи дэгдэж, Чаогайн нэр бичсэн их дарцаг салхинд хийсэж, их төлөв нь хугарч газар унав. Үүнийг олон жанжин нар үзээд зүс царай нь шарлан хувилав.
Тэндээс Ү Юн, Чаогайд ийн өгүүлрүүн: - Мэргэн дүү энэ дарцаг салхинд хийсэж хугарсныг үзвээс энэ их цэрэг цөм дарагдах бөгөөд муу ёр заав. Тиймийн тул энэ удаа түр зогсоод, дараа очвоос сайн хэмээсэнд Чаогай өгүүлрүүн: - Тэнгэр дэлхийгээс салхи дэгдэх нь хэмжээ цаг үгүй. Тэр дарцаг хугарсан нь Зэн Тоуши хотыг идэх сайн ёр. Миний явах хэрэгт бүү саад хийгтүн. Эдүгээ хавар цаг дулаан тул, энэ завсар үл очиж байлдах болбоос даруй хожимдох болмуй. Би эрхгүй тэднийг амьдаар барьж авчирмуй. Бүү намайг хориглогтун хэмээсэнд Ү Юн гагцаар хорьж яахин чадах буюу, аргагүй дагаж, гарч чадсангүй тул Чаогай яаран “Жин Ша Тан”-гаас гарч явав. Усан онгоцоор хорин дарга жанжин цэрэг таван мянгыг авч өдөр шөнөгүй довтлон явж Зэн Тоуши хэмээх хотын ойр хүрч ирээд хэрэм байгуулан цэргээ жагсааж суув.
Тэндээс Сүн Жян ууландаа хариад Дай Зүнг Чаогай нарын хойноос тагнуулахаар илгээв. Үүнд Чайгай хэдэн жанжнаа дагуулан Зэн Тоуши хотын хэрэм ба орох замыг харж явтал, нэгэн шугуй модноос мянга гаруй цэрэг гарч ирэв. Үүнийг Чаогай үзвээс Зэн Чанжэгийн дөрөвдүгээр хөвгүүн Зэнкүй ажгуу. Энэ хүрч ирээд Чаогайг хараан өгүүлрүүн: - Лян Шань ууланд урвасан зальхай хулгайг хүй тэмтэрч алаад Чаогайг барьж цаазаар аваачуулах учир, Дунжинд хүргэх хэмээн би явж байтал, харин та нар амиа хүргэж ирсэн нь гагцхүү тэнгэр тусалж өршөөв. Эдүгээ мориноос бууж миний хүлж барихыг хүлээхгүй аль цагийг хүлээмүй? хэмээсэнд Чаогай маш уур нь хүрч, хойш эргэж хараваас тэр жанжин лугаа байлдая хэмээсэнд Линь Чүн хориглож: - Би урьд байлдаж дэнсэлж үзсүгэй хэмээгээд шууд Зэнкүй лугаа зөрөлдөн ирээд хэдэн удаа байлдсанд, Зэнкүй Линь Чүнгийн хүч ихийг мэдэж, морио эргүүлэн хойш өөрийн цэргийн хороонд буцав. Линь Чүн түүний хүч хүрэлцэхгүйг мэдээд тоомсоргүй хойш буцав. Үүнд Линь Чүн Чаогайд өгүүлрүүн: - Эдүгээ би түүний хүчийг үзэв. Бид маргааш Зэн Тоуши хотод цэргээ бүрмөсөн аваад шууд хэрмийн гадна очиж байлдая хэмээн бархирваас тэр эрхгүй гарч ирмүй хэмээсэнд Чаогай “энэ үг зөв” хэмээн буцаад, маргааш нь бүгдээр цэрэглэн ирж, хэрмийн гадна жагсав. Үүнд Зэн Чанжэ хэмээгч мэдээд хэнгэрэг дэлдэн харанга цохиж, нэг хэсэг их цэрэг жагсаан гарч ирэв. Үүнд үзвээс долоон сайн эр баймуй. Дунд нь сургуулийн багш Ши Вэньгүн. Зүүн этгээдэд дэсэлсэн багш Сүдин. Баруун этгээд нь Зэн Вэньту, Зэншэн, Зэнзуо. Зүүн доор нь Зэнми, Зэнкүй нар жагсаж, цөм хуяг дуулга өмсжүхүй. Нарийн харваас Ши Вэньгүн нум сум барьжухуй. Унасан морь нь мөнөө “Байлун” хэмээх цагаан морь, ардаа “зи” хэмээх жад үүрчихүй. Үүнд Зэн овгийн жагсаалаас хэнгэрэг гурван удаа дэлдсэнд, хэдэн төмөр тэргийг гаргаж жагсаалын өмнө тавив.
Тэндээс Зэнту Чаогайг хараан өгүүлрүүн: - Өчүүхэн урвасан хулгай нар бидний энэ жагсаал дээр гаргаж буй төмөр тэргийг үзэв үү? Бидний Зэн овгийн жанжин та нарыг барьж, энэ тэргэнд хийж төмөр гадсаар хадаад Дунжин хотод хүргэхээр бэлтгэв. Эдүгээ та нар үл дагах аваас нэг нэгнээр баримуй. Хэрвээ дагаваас бид та нарыг хорлохгүй, харин зөвлөх хэрэг буй хэмээсэнд Чаогай маш уур нь хүрч хэн хэнээ хүлээсэнгүй хоёр этгээд цэрэг жанжин цөм бүрмөсөн уулзаж байлдсан нь, чухам хэний цэргийг мэдэх эрхгүй хольцолдон байхуйд, Зэнтугийн цэрэг бага айж хагас нь хотдоо орж ирэв. Үүнд Линь Чүн, Хү Яньжуо хоёр маш баатар эрс тул улмаар хүчин нэмэгдэж алалцаар байсан хоёр этгээд цэргийн харанга цохиж цэргээ хураав. Үзвээс хоёр талын цэргээс маш их хорогджухуй. Үүнд Чаогайгийн сэтгэл нь баахан зовж байхуйд Линь Чүн, Хү Яньжуо хоёр ийн өгүүлрүүн: - Ах чи яахин ийм их сэтгэл зовних царай гаргамуй. Үүнд зовох юу. Байлдах алалдах нь жанжин цэргийн ёс. Үхэх амьд гарах нь эрдэм чадлын харгаа тул үүнд зовох юу. Эдүгээ бид нэг удаа байлдаад хэдэн цэрэг алагдсан боловч тэдний цэргийг бид их бүрэлгэж алсан билээ. Бид санаваас харин тэднийг бүрэлгэсэн буй хэмээн санаж баймуй. Урьд Сүн Жян ахыг хэдэн удаа газар газар байлдахад бид дагаж мөн ч дийлэх ба дийлэгдэх нь буй. Тэр тухайд манай Сүн Жян ах ер юм тоочсонгүй билээ. Тиймийн тул бид ч үхтэл байлдаж хичнээн сайн эрсийг олзолж аав. Үүнд сэтгэлээ бүү зовогтун. Аажим тавьж амар байгтун хэмээн захиад гурван өдөр Зэн Тоуши хотын хэрмийн гадна очиж байлдах хэмээгээд их дуунаар бархирсанд ер гарч ирэхгүй, хэрмийн хаалгыг ягшуулав.
Тэндээс аргагүй хүлээн сууж байтал, хоёр хуушаан хүн ирж Чаогайд сөгдөн мөргөв. Үүнд Чаогай өгүүлрүүн: - Та хоёр хаана суудаг, ямар учраар энд ирэв? хэмээсэнд тэр хоёр хуушаан ийн өгүүлрүүн: - Өчүүхэн хоёр хуушаан Зэн Тоуши хотын зүүг этгээдэд Вань Хуаси хэмээх сүмд суумуй. Эрхэм баатар жанжин нарыг морилон ирэв хэмээхийг сонсоод хилс дарлагдсан учраа гаргаж айлтгахаар бараалхав. Өчүүхэн боолчууд бурхан шашны эрхэлсэн сүм суврагыг бүтээж суудаг билээ. Гэтэл энэ Зэн Тоуши хотын таван барс ямагт биднийг дарлаж зоос мөнгө авах ба юм зүйлийг дээрэмдэх тул, энэ учрыг гаргаж сонсгохоор бараалхсан хэмээхэд Чаогай ийн өгүүлрүүн: - Эдүгээ та нар энэ хотын орох гарах замыг мэдэх буюу? хэмээсэнд тэр хоёр хуушаан: - Бид хоёр лав тодорхой мэдэх тул харин та нарт зааж өгөхөөр ирэв. Энэ хотын таван барсыг бидэнд тусалж алж хайрлаваас, бид таныг тэнгэр мэт тахиж өдөр бүр шүтэн залбирсугай хэмээсэнд Чаогай маш баярлан, ширээ засаж архи ногоо бэлтгэж хоёр хуушаанд барив. Үүнд Чаогай тэр хоёрын ирснийг яахин мэдмүй. Гагцхүү Линь Чүн учрыг ухаж мэдээд, ийн өгүүлрүүн: - Мэргэн ах, энэ хоёр хуушаан ирсэн нь сайн хэрэг гарахгүй болов уу. Хэргийн сэжиглэлтэй зүйл олон тул баахан хичээх хэрэгтэй. Эрхбиш хянаж үг хэлэлцэхийг болгоомжлогтун хэмээсэнд Чаогай өгүүлрүүн: - Мэргэн дүү чи бүү энэ хоёрыг сэжиглэн санагтун.
Эд нар угаас бурхан шажныг шүтсэн бурсан хувраг бөгөөд гэрээс гарсан тойн хүн яахин худал хэлж болмуй. Бид Лян Шань уулгаас анх гарах цагт энгийн хүнд гэм хор хийсэнгүй атал, эд биднийг хорлох буюу. Би энэ өдөр биеэр очсугай хэмээсэнд Линьчүг маш их хориглосонд болсонгүй, цэргээ хуваан авч байлдахаар тогтов. Үүнд Линь Чүн таван зуун цэрэгтэй гадаад хэрэмд хүлээгтүн. Би өөрөө арван жанжин хоёр мянга таван зуун цэрэгтэй хотын хэрмийг эвдэж оръё хэмээгээд арван даргыг томилов. Лю Тан, Хү Яньжуо, Руань овгийн ах дүү гурав, Оу Пэн, Яншүнь, До Чэнь, Бай Шэн, Сүн Вань нарын хүний хамт хоёр хуушааныг дагаж, Вань Хуаси сүмд хүрч ирэв. Үүнд Чаогай үзвээс тэр сүм нь эвдэрхий дээр басхүү хуушаан нар үгүй учирт Чаогай тэр хоёр хуушаанаас ийн асууруун: - Энэ сүмд яахин та хоёулан суумуй. Энэ сүмийн хуушаан нар хаашаа очсоныг асуусанд тэр хуушаан ийн өгүүлрүүн: - Манай энэ сүмийн хуушаан нарыг энэ Зэн Тоуши хотын Зэн овгийн таван барс барьж авчраад гэзэг тавин хар болгоод цэрэг болгов.
Эдүгээ бидний нэгэн хөгшин багш буй боловч энд үгүй, тэр суварганы хашаанд сууж баймуй хэмээсэнд Чаогай маш сэжиглэн, ийн асууруун: - Эдүгээ энэ Зэн Тоуши хотод орох зам нь хаагуур очвоос хялбарыг зааж өгөгтүн хэмээн хэлсэнд тэр хоёр хуушаан ийн өгүүлрүүн: - Эрхэм жанжин бүү яарагтуй. Энэ Зэнту овгийн байгуулсан цэргийг хороо дөрөв буй. Тиймийн тул хойд этгээдэд байгуулсан цэргийн хороонд цэргийн зэвсэг ба аль нарийн юм нь тэнд буй тул, энэ шөнө дундын цагт бид хоёрыг дагаж урд хойд хороог эвдвээс бусад гурвыг эвдсэн лугаа адил хэмээсэнд, Чаогай шөнө дунд болохыг хүлээж, удсангүй гурван жин цохисонд, тэр хоёр хуушаан зам удирдаж хойд зүг явав. Үүнд нэлээд газар яваад очсоны хойно мөнөө зам зааж явсан хоёр хуушаан гэнэт үгүй болон одов. Тэндээс Чаогай нарын явах зам чухам хаагуур явах учрыг олохгүй байхад хэдэн салаа зам үзэгдэв.
Үүнд Хү Яньжуо даруй хойш буцсугай хэмээн зөвлөн байтал, дөрвөн зүгээс их хэнгэрэг харанга цохиж, маш их гэрэл гарч ирэв. Иймийн тул Чаогай аргагүй ирсэн замаар зугтан гарах гэтэл яахин гарах газар баймуй, цөм урагш давшиж ирээд нум сумаар харвах нь хур бороо орох лугаа адил болжихуй. Үүнд Чаогай ухаангүй айж зугтан гаръя хэмээн явтал, гэнэт түүний улаан нүүр дээр их сумд харвагдаж, мориноос унаж газар хэвтэв. Үүнд Руань овгийн гурван жанжин, Бай Шэн нар Чаогайг шүүрэн авч морин дээр нь тавьж, үхтэл байлдан цэргийн хорооноос гарав. Тэндээс эднийг хөөсөн цэрэг хэрмийн ойр хүрч ирсэнд Линь Чүн цэргээ авч довтлон очиж тосон байлдав. Хоёр хоёр этгээдийн алагдсан нь маш их бөгөөд үүр цайтал байлдаад тус тус харанга хэнгэргээ дэлдэн цэргээ хурааж хоёр тийш салж тархав. Үүнд Линь Чүн өөрийн цэргийн хороондоо харьж ирээд До Чэнь, Оу Пэн, Яншүнь, Сүн Вань нарын дөрвөн жанжин арайхийн амь зугтаж гарч иржүхүй. Бас Хү Яньжуо арайхийн хэдэн цэрэгтэй буцаж ирэв.
Бүгд цэргээ тоолвоос анх аваачсан хоёр мянга таван зуун цэргээс үлдсэн нь нэг мянга гурван зуун цэрэг үлджүхүй. Бусад нь цөм алагджухуй. Иймийн тул арга буюу Чаогайгийн амийг эрхэмлэж дэргэд нь ирээд, түүний нүүрэнд харвагдсан сумыг сугалан авч шарханд нь эм хийв. Энэ сум нь угаас хортой, яахин шархны эмэнд эдгэмүй. Бас тэр сумны дээр бичсэн гурван үсэг буй. Үг нь Ши Вань Гүн хэмээх гурван үсэг буй тул Линь Чүн маш айж Лю Тан, Руань овгийн гурван жанжин, бас До Чэнь, Сүн Вань нарын тав зургаан жанжин одоо түргэн явж Чаогайг Лян Шаньд хүргэгтүн хэмээн нэг их тэргэнд ачиж Ляншаний зүг илгээв. Үүнийг үл өгүүлэн өгүүлэх нь: Үлдсэн жанжин нар ийн өгүүлэлдрүүн: - Урьд цэрэг мордох өдөр “Жин Ша Тан”-д хурим хийхэд их цагаан дарцаг хугарсан нь энэ бөлгөө. Эдүгээ Чяо Тяньван их уулнаас бууж ирээд энд ийм их гэм олох нь үнэхээр жигтэй. Иймийн тул бид энэ удаа хэрхэвч Зэн Тоуши хотод халдаж болохгүй. Цөм ууландаа харьсугай хэмээн зөвлөлдөв.
Тэндээс Линь Чүн өгүүлрүүн: - Эдүгээ бид ууландаа харих хэмээсэн боловч манай Сүн Гүнмин ахын сургахыг хүлээхгүй шууд хойш буцаж болох буюу. Бидэнд буруу ял ирмүй хэмээн зөвлөн байтал тэр цаг нь хоёр жингийн цаг болжихуй. Үүнд тагнуулчийн цэрэг орж ирээд ийн өгүүлрүүн: - Зэн Тоушигийн цэрэг таван хэсэг гарч ирэв. Тэдний барааг харваас гар гэрэл нь тоолох бэрх. Хэдэн түм мянган хүн тус тус гартаа гэрэл барьжухуй хэмээн хэлж ирсэнд Линь Чүн уур нь хүрч бүгд цэрэг жанжнаа бэлтгэж жагсаалаас гарч тэдгээрийг хүлээн байтал, тэдгээр Зэн Тоушигийн цэргүүд довтлон орж ирээд Линь Чүнгийн цэрэгтэй нэг удаа байлдсанд Линь Чүнгийн цэрэг зургаа долоон зуун цэрэг алагдсанд аргагүй цэрэг хураах харангаа цохиж хоёр тийш салаад Линь Чүн, Хү Яньжуо нар дийлэхгүй учраа дийлэхгүй учраа хэлэлцэж аргагүй зугтан гарч Лян Шань уулын зүг ирэв. Удсангүй ууландаа ирж Чаогай, Сүн Жян, Ү Юн нарт учирч, эл учраа хэлсэнд “Энэ эдүгээ хэлэлцэж яахийм. Дараа зөвлөж арга үүсгэсүгэй. Гагцхүү Чаогай энэ хир хоол унд идэхгүй үхэх өдрөө хүлээмүй хэмээсэнд тэр шөнө нь олон жанжин Чаогайн дэргэд цугларан байв.
Чаогай Сүн Жян, Ү Юн нарыг дуудаж, ийн өгүүлрүүн: - Миний хоёр мэргэн дүү сонс. Би нэг үг захисугай хэмээгээд ийн өгүүлрүүн: - Миний энэ сумны шарх улмаар хүндэрч эдүгээ үхэх цаг болжихуй. Та нарын хэн миний өсийг Зэн Тоушигийн таван барсын багш Ши Вэньгүнгээс хариулан авах бөгөөс миний оронд тэргүүлэгч болгогтун хэмээн захисан даруй үг өгүүлж үл чадан амьсгал нь тасрав. Үүнд Сүн Жян маш гашуудан уйлж, өөрийн эцэг эх үхсэнээс өөргүй байсанд Ү Юн, Гүн Сүньшэн хоёр хориглон, ийн өгүүлрүүн: - Мэргэн дүү эдүгээ дэмий л гашуудан уйлах юу. Ертөнцөд төрсөн амьтанд үхэх төрөх нь цөм тэнгэрийн тогтоосон тоо буй тул арга буюу эртхэн нэгэн их хэргээ зөвлөсүгэй хэмээсэнд Сүн Жян сая уйлахаа зогсож, олон жанжиндаа ийн өгүүлрүүн: - Эдүгээ Чао Тянь Ван нэгэнт бие нөгчсөн тул, түүний хүүрийг халуун усаар угааж, дээл хувцсыг өмсгөөд, нэг цэвэрхэн маш бэх бат авдарт агуулж “Жү И Тан” хэмээх их журмын танхим дээр өндөн ширээ засаж, түүний хүүрийг тавиад өмнө нь хүж зулны ширээ тавьж, олон жанжин бүгдээр цаас шатааж, хүж өргөж, цагаан өмсөж мөргөгтүн хэмээн тушаав. Бас Чао Тяньвангийн алдар бичиж тахимуй хэмээн нэгэн пайз модонд Чаогайгийн нэрийг бичиж өдөр бүр тахихаас гадна Ляншаний олон жанжин цэрэг нэг өдөр Чао Тяньвангийн хүүрэнд цаас шатааж тахиад түүнээс хойш хэд хоносны дараа Чаогайгийн хүүрийг нэгэн цэвэрхэн байшинд оршуулав.
Тэндээс Сүн Жяний сэтгэл ер амаргүй учирт өдөр бүр уулын хэргийг зөвлөхгүй, ямагт гадуур хэдэн цэрэг дагуулан уйтгараа гаргаж явав. Ү Юн, Гүн Сүньшэн, Линь Чүн нарын гурван хүн ийн зөвлөрүүн: - Эдүгээ манай уулын эзэн Чао Тяньван нэгэнт тэнгэрт дэвшижүүй.Иймийн тул улсад нэг өдөр гэнэгүй байж үл болмуй. Гэрт нэгэн цагт эзэнгүй байж үл болмуй. Түүний гадна дэлхий дахины дөрвөн далайд эрхэм ах дүүгийн алдар дэлгэрсэн маш гайхамшигтай тул, бид олноор зөвлөн, ахаан уулын эзэн болгож өргөмжилье хэмээсэн билээ. Гуйх нь мунхаг дүү нарын сэтгэлийг санаж ёсоор болгох ажаамуу хэмээн өгүүлсэнд Сүн Жян өгүүлрүүн: - Урьд Чао Тяньван тэнгэр дэвших цагт гэрээс үгээ захисныг та нар үл мэдэх буюу. Ши Вэньгүнгээс хэн чадалтай болоод миний сумны өшөөг хариулан чадваас тэр жанжныг миний сууринд дэвшүүлэгтүн хэмээн хэрэг захисан атал, би яахин сууринд сууж чадмуй. Нэгд, Тяньвангийн өсийг хариулаагүй, хоёрт, хоногийн тоо гуйцээгүй тул үл болмуй хэмээсэнд Ү Юн өгүүлрүүн: - Мэргэн дүү, бид ууланд өчнөөн цэрэг жнжин байх атал, яахин захирах эзэнгүй байж болмуй. Тиймийн тул мэргэн дүү хүлээн авч тэргүүлэн захирахыг хүсмүй. Түүний гадна олон жанжин басхүү таныг тэргүүлэгч болгох дуртай хэмээн цөм зөвлөв.
Тиймийн тул та энэ хэргийг хойш тавьж түлхэх хэрэггүй. Даруй хүлээн авч сууриндаа суугтун. Хожим өчүүхэн мунхаг ах над бас нэгэн арга буй хэмээсэнд Сүн Гүнмин ийн өгүүлрүүн: - Өчүүхэн дүү нь мэргэн ахыг тааллыг дагаж энэ удаа уулын хэргийг тэргүүлж сууя. Хожим Ши Ваньгүнг хэн бариваас тэр хүн суух учиртай хэмээн хүлээн авсанд Хэй Сюаньфэн хэмээх Ли Күй гарч, их дуугаар хашхиран өгүүлрүүн: - Чао Тяньван тэнгэр дэвшсэн нь манай уулын хувь маш сайн болов. Сүн Гүнмин ахыг ширээнд залгаж Лян Шань уулын жанжин цэргийг захирч тэргүүлэгч болох байтугай дэлхий дахины Сүн улсын Богд эзэн сууваас чадах хүмүүн хэмээсэнд Сүн Жян маш их уур хүрч хараан өгүүлрүүн: - Хар нохой адил адгуус чи намайг энэ уулын тэргүүлэгч суулгах чинь атаархаж ийнхүү хошигнон өгүүлэх юу хэмээсэнд Ли Күй өгүүлрүүн: - Мунхаг би харин таныг өргөмжлөн суусанд магтсанаас бус юу хэмээн егөөлж хэлмүй хэмээсэнд Ү Юн Ли Күйд ийн өгүүлрүүн: - Учир үл мэдэх мунхаг бөгөөд хүнийг утах нь ямар учир. Харин чамайг тэтгэж олон жанжин лугаа онц байсаар атал чи яахин ийм үг өгүүлмүй. Үүнээс хойш энэ мэт үг хэлвээс чиний хэлийг огтолж авмуй. Чи хол байгтун хэмээсэнд Хэй Сюаньфэн Ли Күй хол зайлав.
Тэндээс Ү Юн Сүн Жяний уурласныг мэдэж ийн өгүүлрүүн: - Мэргэн дүү бүү хилэгнэгтүн. Түүнийг угаас тэнэг адгуус адилыг үл мэдэх буюу. Үүнд бүү юм санагтун. Даруй уулын хэргийг хүлээн авч тэнгэрт мөргөх хэрэгтэй хэмээсэнд Сүн Жян аргагүй уулын хэргийн хүлээн авч, тэнгэрт хүж барьж мөргөв. Тэндээс Ү Юн, Гүн Сүньшэн хоёр түшиж Сүн Жянийг өндөр ширээн дээр суулгаад, тэр хоёр хажууд бага ширээ засаж зэрэгцэн суув. Зүүн этгээд жагсаалын ширэнд Линь Чүн, баруун жагсаалын ширээнд Хү Яньжуо тэргүүлэн олон жанжин зэрэг дэвээр сууж цөм сөгдөн мөргөж ёслов. Үүнд Сүн Жян өгүүлрүүн: - Олон жанжин та бүгд сонсогтун. Өчүүхэн хүн ичгүүргүй энэ суудалд суусан нь гагцхүү та бүхний өргөмжлөл тул суув.
Үүнд бид бүгдээр санаа сэтгэлээ нэгтгэж, нэг нэгний үгнээс үл хэтрэхээс гадна, басхүү тэнгэрийн өмнөөс зүтгэл хийж бүтээвээс зохих бөлгөө. Бас түүний гадна манай Ляншаний цэрэг жанжин урьд лугаа адилгүй, маш олон болсон тул цэргийн хороог зургаан анги болговоос зохимуй. Мөн “Жү И Тан” хэмээх их журмын танхимын нэрийг сольж “Жун И Тан” хэмээн нэрийдмүй. Энэ Жун И Тан хэмээх гурван үгийг орчуулбаас “Ёс шударгыг барьж журмыг дагах сайдын танхим” хэмээмүй. Уулын дөрвөн зүгт дөрвөн их цэргийг хороо байгуулагтун. Хойд этгээдэд нэмж хоёр хороо байгуулагтун. Уулын өмнөх гурван боомтыг халахгүй, усан замд нэг хороо нэмж байгуулагтун. “Яа Зүй Тан”, “Жин Ша Тан” хэмээх хоёр ордонд хүн илгээж захируулан суулгамуй. “Жун И Тан” хэмээх их танхимд би тэргүүлэн Ү Шюэжү, Гүн Сүньшэн, Хуа Рүн, Чинь Мин, Люйфан, Гуо Шэн. Зүүн талд байгуулсан хороонд тэргүүлэгч Линь Чүн, хоёрдугаар Лю Тан, гуравдугаар Ши Жинь, дөрөвдүгээр Ян Сюн, тавдугаар Ши Сю, зургадугаар До Чэнь, долдугаар Сүн Вань. Баруун талын хороонд Хү Яньжуо тэргүүлэн, хоёрдугаар Жү Түн, гуравдугаар Дай Зүн, дөрөвдүгээр Мү Хүн, тавдугаар Ли Күй, зургадугаар Оу Пэн, долдугаар Мучүн. Өмнөх хороонд Ли Ин тэргүүлэн, хоёрдугаар Сюй Нин, гуравдугаар Лү Жишэнь, дөрөвдүгээр Ү Сүн, тавдугаар Янжи, зургадугаар Ма Линь, долдугаар Ши Энь. Хойд хороонд Чай Жинь тэргүүлэн, хоёрдугаар Сүнь Ли, гуравдугаар Хуаньсинь, дөрөвдүгээр Хань Тао, тавдугаар Пэн Чи, зургадугаар Дэн Фэй, долдугаар Сюэ Юн. Усан замын цэргийн хороонд Лизюнь тэргүүлэн, хоёрдугаар Руань Сяо Эр, гуравдугаар Руань Сяо Ү, гуравдугаар Руань Сяоци, тавдугаар Жан Хэн, зургадугаар Жан Шүнь, долдугаар Тун Вэй, наймдугаар Тун Мэн бүгд зургаан хороо суулгасан жанжин, нийт дөчин гурван хүн болжихуй. Уулын өмнөх нэгдүгээр боомтод Лэй Хэн, Фань Руй нарын хоёр хүн харгалзагтун. Хоёрдугаар боомтод Се Жэнь, Зебао хоёр харгалзагтун.
Гуравдугаар боомтод Сян Чүн, Ли Гүнь хоёр харгалзагтун. “Жин Ша Тан” хэмээх ордонд Ян Сюн, Жэн Тяньшоу, Кунмин, Күн Лян нарын дөрвөн жанжин сахиж байгтун. “Яа Зүй Тан” хэмээх ордонд Ли Юн, Жоутун, Зоу Юань, Зоу Рүнь нарын дөрвөн жанжин сахиж байгтун. Уулын ард байгуулсан хоёр бага хорооны зүүнд Ван Вэйху, И Жан Чин, Цаожэн нарын гурван хүн харгалзагтун. Баруун хороонд Жү Ү, Чэнь Да, Ян Чүнь нарын гурван хүн харгалзагтун. “Жун И Тан” танхимын зүүн талын нэг хэсэг байшинд данс тэмдэглэх Сяо Ран, Олон цэрэгт шагнал түгээх ба торгох зургийг Пэй Сюань эрхлэн шийтгэгтүн. Тамга тэмдгийг Жинь Дажянь эрхлэн шийтгэгтүн. Уулын орох гарах, хүнс, морины бордоо зэргийг Зянзин эрхлэн шийтгэгтүн. “Жун И Тан” танхимын баруун этгээдэд нэг байшинд Лин Жэнь, онгоцны хэргийг Мэн Кан эрхлэн шийтгэгтүн. Хуяг дуулгын хэргийг Хоу Жянь, хэрэм зэргийг сэлбэн засахад Тао Зүнван эрхэлж шийтгэгтүн. “Жун И Тан”-гийн хойд этгээд байшин байгуулах хэрэгт Ли Юнь, төмрийн зүйлийг дархлах Тан Лун, цуу архи нэрэх Жү Фү, хуримын ширээ бэлтгэх Сүн Чин, бага сага хэрэг зүйлд Дүсин, Бай Шэн нар тус тусын үйлдвэрийг эрхлэн дааж суугтун. Урд уудын дөрвөн талд байгуулсан архины пүүс болбоос Жү Гүй, Юэ Хэ, Ши Чянь, Ли Ли, Сүнь Синь, Гү Дасао, Жан Чин, Сүнь Эрнян нар хувиар архиа худалдаж, нэгтэйгүүр явуулын зочид ба ууланд урваж ирэх сайн эрсийг удирдан харж байгтун. Хойд зүгт морь худалдан авахад Ян Линь, Ши Юн, Дуань Жинжү нар явж байгтун хэмээн тушаасанд цөм хүлээн авав.
Тэндээс Сүн Жяний тэргүүлэгч болсноос хойш Ляншаний сайн эрс цөм шударгаар явж, бие биеийг манаж, маш ариун чанд болов. Үүнд Сүн Жян хэд хоносны хойно олон жанжин нараа цуглуулан ийн өгүүлрүүн: - Эдүгээ бид Чао Тяньвангийн ачийг хариулах хэмээн нэгэнт ам авсны дээр түүний өөрийн гэрээслэн тушаасныг дагаж, Зэн Тоушид очиж зальхай хулгай Ши Вэньгүн нараас Чао Тяньвангийн өсийг хариулж басхүү Байлун хэмээх цагаан морио эгүүлэх ававаас зохих билээ. Гагцхүү Чао Тяньвангийн тэнгэр дэвшсэнээс хойш зуу хоноогүй дээр басхүү хөл хөдөлгөж бусад лугаа эсэргүүцэн байлдах болбоос тэнгэр үзэхгүй болохоос гадна басхүү бидний олон жанжин цэргийн мөн ч бэлэвсрэл дуусаагүй учирт, бид тус тус нам гүм сууж, зуу хонохыг хүлээвээс ямар? хэмээсэнд олон цөм Сүн Жян тэргүүлэгчийн хэлэх зөв хэмээгээд, өөр өөрийн байх газраа харьж жарган суув.
Тэндээс Сүн Жян Чао Тяньвангийн хойноос буян үйлдэх, ном уншуулах хэмээн нэгэн хуушаан залж ирэв. Энэ хуушааны нэр нь Да Юань хэмээмүй. Угаас Дамин Фү хэмээх хотын дотор байгуулсан “Лун Хуа Сы” хэмээх сүмийн тэргүүлэгч хуушаан. Нэгэн өдөр Зинин жоу хэмээх хотод мөргөл хийж амьтанд туслахаар явж байтал, Лян Шань Фүгийн Сүн Жян хэмээгч, хүн илгээж залуулав. Энэ хуушааныг залж Чао Тяньвангийн хойноос ном уншуулахаар ууландаа залаад цав байхын завсар Сүн Жян тэр хуушаанаас Дамин Фү хэмээх хотын байр байдал, төлөв басхүү суух сайн эрс, баатар жанжин нарыг асуусанд Да Юань хуушаан өгүүлрүүн: - Жанжин чи хөндлөн голд нэр алдаршсан “Юй Чи Линь” хэмээх хүнийг эс сонсов уу? хэмээсэнд Сүн Жян санаандаа бодож, ийн сэтгэрүүн: - Би эдүгээ насан буурайгүй болоод ийм мэт хэргийг мартах нь үнэхээр мунхаг болжихуй. Энэ нь Дамин Фү хотод байх, овог Лү, нэр нь Зюнь И. Цол нь Юй Чи Линь хэмээмүй. Тэр голын хойд этгээдэд, гурван зүйлийн их боомт лугаа адилхан хүмүүн. Угаас төрсөн нь Бээжин хотод төрсөн хүн. Сурсан цэргийн эрдэм нь маш гайхамшигтай, дэлхий дахинд түүн лүгээ адилтгах хүн нэг ч үгүй.
Үүнийг аргалж Лян Шань ууландаа авчирваас би нь аливаа хэрэгт зовох газар үгүй хэмээсэнд Ү Шюэжү инээн өгүүлрүүн: - Мэргэн ах чи энэ хэрэгт зовж өөрийн биеийн сүрийг бууруулах юу. Энэ хүнийг ууланд авчрахад юуны бэрх хэмээсэнд Сүн Жян өгүүлрүүн: - Энэ хүн болбоос Дамин Фү хотын тэргүүлэгч баян хүн. Яахин бидний ууланд ирж бид лугаа урвах буюу хэмээсэнд Ү Юн өгүүлрүүн: - Би бас энэ хүнийг таних билээ. Мөн мартжухуй. Иймийн тул өчүүхэн дүү нэг арга хэрэглэж, тэр Лү Жюнь Иг биеэр ууланд ирэх увдис хийж өгсүгэй хэмээсэнд Сүн Жян өгүүлрүүн: - Олон хүн таныг мэргэн аргатай, ухаан ихтэй одон” хэмээлцэх атал энэ үг хоосонгүй билээ. Ү Юн ах та ямар арга хэрэглэж, яахин энэ уулнаа залж ирэхийг өөрөө увдис хиймүй хэмээсэнд Ү Юн нэг хэсэг арга хэрэглэх учрыг хэлэв. Энэ нь Лү Жюнь И өөрийн алт мөнгө, сайхан орноосоо бие ангижрах, түүний хойно луу барсын үүрэнд тохиолдож өөрийн биеэр зовлрн үзэх. Тэр Да Мин Фү хотоос гагц хүн Лян Шань ууланд ирвээс тэр хотын айл бүхэн аюул тохиолдох. Үүнд Ү Шюэжү ямар увдис хэрэглэж Лү Жюнь Иг ууланд авчрахыг хойд бүлэгт үзэгтүн.
Сэтгэгдэл ( 0 )