Хэнтий l 300 гаруй түрээслэгчдийн төлбөрийг чөлөөлнө

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 20

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр 4 дүгээр сарын 10-ны өдрөөс Хэнтий аймаг Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, Хэрлэн, Дэлгэрхаан суманд Хатуу хөл хорио тогтоож, аймгийн Шуурхай штабаас хариу арга хэмжээний төлөвлөгөөгөө шинэчлэн баталж хэрэгжүүлж байна.
Аймгийн төв Чингис хотын орох гарах хөдөлгөөнийг хязгаарлаж хүнс, эм, түлээ нүүрсний хүргэлтийн үйлчилгээг нэвтрүүлж, гэр хорооллын иргэдийг усаар хангаж байна.
Тэгвэл Хэнтий аймгийн Засаг дарга хатуу хөл хорионы хугацаанд аймгийнхаа иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор тэднээс санал хүсэлт, асуултыг цахим хэлбэрээр авч, шийдвэрлэн ажиллаж байна.
Тухайлбал, 4-р сарын 18-ны өдөр 1000 гаруй иргэдээс цахим хэлбэрээр санал асуулга авч, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, Эдийн засгийн чиглэлээр хэд хэдэн шийдвэр гаргажээ.
Хэнтий аймгийн төв Чингис хотод түрээс төлж бизнесийн үйл ажиллагаа явуулдаг 370 гаруй иргэн, ААН байдаг. 4-р сарын 11-ний өдрөөс тэг зогсолт хийж тэдний бизнесийн үйл ажиллагаа зогссон ч түрээсийн төлбөр нэхэгдээд байсан юм. Тиймээс аймгийн удирдлагууд зах, худалдааны төвүүдийн эзэдтэй зөвшилцөж, 300 гаруй түрээслэгчийн түрээсийн төлбөрийг хатуу хөл хорионы үед чөлөөлжээ. Мөн МУ-ын Засгийн газраас "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө"-нд тусгагдсан "Ажлын байрыг дэмжих 3 хувийн хүүтэй зээл”-ийн хүсэлтээ илэрхийлсэн Хэнтий аймгийн 13 сумын нийт 77 иргэн, ААН-ын 7,2 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг арилжааны банкуудын зээлийн хорооны хурлаар орж хянагдан хөл хорионоос шалтгаалж эзэддээ хүрээгүй. Иргэдээс хүссэн дээрх асуудлаар Арилжааны банк, Улсын бүртгэлийн хэлтэс холбогдох талуудтай зөвшилцөж, цахимаар олгох ажлыг шуурхай зохион байгуулж эхэллээ.
Эрүүл мэндийн чиглэлээр, ЭМ-ийн даатгалын сангаас олгогддог хөнгөлттэй эмийг хүргэлтээр олгох, Мэс заслын боолтыг гэрээр хийх, нийтийн орон сууц, гэр хороололд ариутгал халдваргүйтгэл хийх зэрэг ард иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийг ажил хэрэг болгон өнөөдрөөс хэрэгжүүлж эхэллээ. Мөн Чингис хотод амаржиж хөл хорионоос шалтгаалан харьяа сум руугаа буцаж чадаагүй, Хэрлэн сумандаа садан төрөлгүй эх хүүхдийг Аймгийн Нэгдсэн эмнэлэгтээ энэ сарын 25-ны өдрийг хүртэл байрлуулж, эмнэлгээс хоол хүнсээр ханган үйлчилж байна. Тус аймагт коронавирусын 50 тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд халдварын тархалт буурч байгааг Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top