СӨРӨГ нэхэмжлэлээр Оюутолгойн "зовлон" шийдэгдэх үү?

2021 оны 04 сарын 21

Өнөөдөр /2021.04.21/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Оюу Толгой” ХХК-ийн нэхэмжлэлээр Лондонгийн Олон улсын арбитрын шүүхэд Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татсан маргаанд сөрөг нэхэмжлэл гаргах талаар хэлэлцэж байна.

Тодотгоход, “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал дүгнэлт боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хороо өчигдөр  /2021.04.20/ хуралдсан.

 

Уг хуралдаанаас:

 

  • “Оюу Толгой” ХХК-ийн өрийг улам  нэмэгдүүлж, төслийн үргэлжлэх хугацаанд Монголын тал ногдол ашгаа хүртэх боломжгүй болж, өртэй үлдэх нөхцөл байдлыг улам бүр баталгаажуулж байгаа учир авахаар төлөвлөж буй 2.3 тэрбум долларын нэмэлт санхүүжилтийг дэмжихгүй байх чиглэлийг Засгийн газраас “Эрдэнэс Оюутолгой” ХХК болон “Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ-ийн Монголын талын төлөөлөлд өгөх,

 

  • Засгийн газар хувь нийлүүлэгчийн хувьд уг асуудалтай холбогдуулан Монголын талын эрх ашгийг нэн даруй хамгаалах арга хэмжээг даруй авах, түүнчлэн “Оюу Толгой” компанийн нэхэмжлэлээр Лондонгийн Олон улсын арбитрын шүүхэд Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татсан маргаанд сөрөг нэхэмжлэл яаралтай гаргах арга хэмжээ авахыг Засгийн газарт үүрэг, чиглэл болгохоор тогтсон юм.

 

Оюутолгой төслийн  төслийн үр өгөөжийг цаашид нэмэгдүүлэхэд чиглэсэн санал, дүгнэлт гаргах үүрэгтэй Түр хорооны гишүүд асуудалдаа "жижигдэж" байна гэх шүүмж дагаж буйг дурдахад гэмгүй байх. Үндэстэн дамнасан том групп, компанитай асуудал шийдэх гэж буй энэ үед бид дотооддоо бага улс төржвөл хэрэгтэй болов уу. 

Ямар ч байсан  өнөөдөр Засгийн газар Лондонгийн Арбитрт сөрөг нэхэмжлэл гаргах эсэх асуудлыг ийнхүү хэлэлцэж байна. Оюутолгой төслийн асуудлаар Засгийн газрын Ажлын хэсэгтэй хэлэлцээ хийхээр Улаанбаатарт ирсэн Б.Болд ахлагчтай “Рио Тинто” болон “Туркойз Хилл Ресурс”-ын төлөөлөгчид дөрөвдүгээр  сарын 12-ны даваа гарагт эхний уулзалтыг хийсэн. Эхний уулзалт болохоос гурван  өдрийн өмнө  “Туркойз Хилл Ресурс”,  “Рио Тинто” компаниуд  Оюутолгой төслийн Далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөг шинэчлэн, гэрээ байгуулсан юм. 

12-ны өдрийн уулзалтын тухайд хэлэлцээ гэхээсээ асуудалтай танилцах чиглэлийн оршил маягийн уулзалт болоод өнгөрсөн. ЗГХЭГ-ын Дэд дарга Б.Солонго байр сууриа илэрхийлэхдээ даваа гарагийн уулзалтын үргэлжлэл болсон уулзалтууд  тухайн долоо хоногт болох байх гэсэн хүлээлттэй байна гэж байсан ч өнөөдрийн тухайд  тодорхой мэдээлэл байхгүй байна.

Б.Солонгоо Оюутолгойн өгөөжийг нэмэгдүүлэх гэрээний эхний төслийг манай тал гаргах ёстой хэмээн байр сууриа илэрхийлсэн байсан.

Мөн тодотгоход, Ерөнхийлөгч Х.Баттулга /2021.04.09/ чуулганы хуралдаанд үг хэлэхдээ Монгол Улс Оюутолгойтой холбоотой сөрөг нэхэмжлэл гаргаснаар хөрөнгө оруулагч талтай харилцан ашигтай хамтран ажиллах онцгой цаг үе тохиосон байна” хэмээн мэдэгдлээ. Түүнчлэн Арбитрт сөрөг нэхэмжлэл гаргах асуудлаар холбогдох арга хэмжээ авах тухай зарлигийг Засгийн газарт хүргүүлснээ мэдэгдсэн билээ. Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Засгийн газарт хандаж, олон улсын арбитрын шүүхэд “Оюу толгой” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох арбитрын маргаанд өөрийн улсын язгуур ашиг сонирхлыг хамгаалах, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах шаардлагын үүднээс нэн даруй сөрөг нэхэмжлэл гаргаж, холбогдох арга хэмжээ авах зарлигийг хүргүүлсэн болно” гэсэн юм.

Үүнээс 8 өдрийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 1-нд Засгийн газрын Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар  “Оюутолгойн хэлэлцээг улстөржүүлж Ерөнхийлөгчийн сонгуулийн сэдэв болгомооргүй байна. Хэлэлцээрийн ширээний ард нэгдмэл байр суурьтай суух боломжгүй байдал үүсээд байгаа...” гэсэн байр суурийг дөрөвдүгээр сарын 1-ний өдөр илэрхийлсэн. Тодруулбал, Оюутолгойтой холбоотой зарим асуудлыг Монголын Засгийн газрын Ажлын хэсэг, төслийн менежмэнтийг хэрэгжүүлэгч “Рио Тинто”-той нүүр тулсан хэлэлцээ хийх байдлаар бус Арбитрт сөрөг нэхэмжлэл гаргаж, шийдвэрлүүлэх хэрэгтэй гэсэн байр суурь Ажлын хэсгийн зарим гишүүдээс гарсныг Х.Нямбаатар сайд мэдэгдсэн.

Оюутолгой төсөлтэй холбоотой яригдаж буй асуудлуудыг яг ямар эрэмбэ дарааллаар шийдэх нь бидэнд хэрэгтэй вэ гэдэгт хуульч, арбитрч Т.Алтангэрэл дараах хариултыг өгч байсныг сануулъя.

-Үүсээд буй үл ойлголцол, маргааныг хоёр хэсэгт бүлэглэж болно. Эхний бүлэгт 34 хувьд оногдох зээл хэлбэрийн хөрөнгө оруулалт, зардал, хугацаа хэтрэлт, ногдол ашигтай холбоотой хувь нийлүүлэгчдийн хүрээнд шийдвэрлэх асуудлууд байна. Дээр хэлсэнчлэн Оюутолгой төсөл нь олон асуудал дагуулсан, өнгөрсөн хугацаанд Монголын талын эрх ашиг ихээр хохирч байгааг одоо хэлэлцээрийн шугамаар үндсэн гэрээнүүд, Дубайн гэрээ зэрэгт өөрчлөлт хийх болон бусад байдлаар засч залруулах ажлыг шат дараатай хийх шаардлага бодитой бий болчихлоо. Дубайн гэрээ нь далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтийг шийдвэрлэхэд түлхэц болсон ч олон хуулийг зөрчсөн, “Оюу Толгой” компанийн  бүх лиценз, биет болон биет  бус хөрөнгийг УИХ-д танилцуулалгүй олон улсын 15 банкинд барьцаалсан, Монголын талыг цаашид хөдөлшгүй болгосноороо их эрсдэлд оруулсан. Төслийн зардал хэтрэлтийн асуудал анх үүсэхэд тэрийг Монголын талын эрх ашигт нийцүүлэх байтал хүлээн зөвшөөрсөнөөрөө хөрөнгө оруулагчтай хариуцлага ярихад хүндрэлтэй болгосон. Тэгэхээр далд уурхайн бүтээн байгуулалтын 4,4 тэрбум ам.долларын зээлийн төслийн санхүүжилтийн асуудлыг цаашид Монголын хуульд нийцүүлэн засах, үндсэн гэрээнүүдтэй хамт өөрчлөх,  “Оюу Толгой” ХХК-ийн хөрөнгийг барьцаалж зээл босгож, Монголын талыг эрсдэлд оруулж байгаа тул 34  хувьд ногдох хөрөнгө оруулалтыг зээл хэлбэрээс өөрчилж, хүүнээс чөлөөлөх хүртэл саналыг тавих боломжтой байж болох юм.

Дараагийн бүлэгт Монгол Улсын хуулийн хүрээнд тогтоосон арга аргачлалыг хүлээн зөвшөөрөөгүйтэй холбоотой төр, татвар төлөгчийн хоорондын асуудлууд байна. Миний бодлоор олон улсын арбитрт очсон татварын маргаан нь 300-400 сая ам.доллароор хязгаарлагдахгүй цаашид энэ төслийн үргэлжлэх хугацаанд хүчин төгөлдөр хэрэгжих жишиг маягийн шийдвэр болохын хувьд хэдэн арван тэрбум ам.доллароор хэмжигдэх учраас Монголын тал энэ асуудал дээр нэлээн сайн хүн хүчээ төвлөрүүлэх нь зүйтэй байх.

Татвартай холбоотой Олон улсын арбитрын маргааныг шийдвэрлэх энэ явцад Монголын тал өмнө байгуулсан аливаа гэрээ хэлэлцээрээ өөрчлөх саналаа хэзээ яаж тавих нь нарийн бодолцох асуудал болох байх. Татварын маргааныг нааштай шийдвэрлэсний дараа хувь нийлүүлэгчдийн хоорондын асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэх үү, эсвэл нь зэрэгцээд хэлэлцээрээ хийгээд явах уу, ингэвэл татварын маргаанд сөргөөр нөлөөлөхгүй байх талаас нь анхаарах хэрэгтэй болно” гэсэн юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Д.Ганхуяг(202.126.89.212) 2021 оны 04 сарын 21

Борлуулуулалтын цавчаа хийж Монгол улсад учруулсан хохирлыг орбитрын шүүхэд тавьж хичнээн их татвар нуун дарагдсан дээрээс нь хиймэл зардал бичилт, нуун дарагдуулсан олборлолтоор хиянээн татвар нуун дарагдсныг илчилж буй гадны 5 улсын гүүх дээрх материалыг орбитрын шүүхэд өгөх нь манай талд асуудлыг маш ашигтай болгоход чухал байгааг наад малнууд ч чинь яагаад ярьдаггүй юм бэ? Алтангэрэл гэнэ үү Эдийн засгийн энэ А ч үшүй амьтнаас зөвлөгөө авч байгаа юм уу? Та нар чинь арай нөгөө талаасаа юм авчихсан юм биш биздээ. Тэр Баттулгын санал бол хамгийн оновчтой санал шүү дээ. Энэ Сү-ийн ард МАН-

0  |  0
Top