Монгол Улсын иргэн бүрд 300,000 төгрөгийн дэмжлэг олгох шийдвэрийг Засгийн газраас 2021 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр гаргасан.
Тэгвэл уг шийдвэр гарснаас хойш 19-ний өдрийг хүртэлх хугацаанд нийтдээ зургаан удаагийн шилжүүлгийг Төрийн сангаас арилжааны банкуудад хийгээд байна. Энэ хугацаанд 3,261,403 иргэний дансны мэдээллийг шүүж, тус бүр 300,000 төгрөгийг шилжүүлжээ. Үүнээс тодорхой хэмжээний буцалт хийгдэж, 3,218,221 иргэн буюу 95.4 хувьд тус бүр 300,000 төгрөгийг олгоод байна.
Иргэдийн дансны мэдээлэл зөрөх, хувийн мэдээлэл нь алдаатай байх шалтгааны улмаас гүйлгээнүүд тодорхой хэмжээнд цуцлагдаж байгаа.
Иргэд И-Баримт аппликэйшнд өөрийн бүртгүүлсэн мэдээллээ шинэчлээд, дансны дугаар нь өөрийнх нь мөн эсэхийг тулгаарай гэж Сангийн яамнаас мэдэгдлээ.
300,000 төгрөгийн дэмжлэгээ аваагүй байгаа иргэд ebarimt.mn/300 холбоосоор нэвтэрч, өөрийн регистрийн дугаараа хийн, шалгах товчийг дарснаар таны аль дансанд гүйлгээ орсон бэ, дансны мэдээлэл өөрчлөх шаардлагатай юу зэргийг илтгэх төлөв байдлын мэдээлэл гарч ирнэ.
Шинээр төрсөн хүүхдийн 300,000 төгрөгийг хэрхэн олгох вэ гэдэг асуултыг иргэд түгээмэл асууж буй аж.
Тэгвэл Сангийн яамнаас өгч буй мэдээллээр шинээр төрсөн ээжүүдийн И баримт аппликэйшнд "Таны ... регистртэй асран хамгаалагчийнхаа 300,000 төгрөгийн мөнгөн дэмжлэгийг тухайн данс руу авахыг зөвшөөрч байна уу" гэсэн сонголттой цэс гарч ирж байгаа гэлээ.
Тодотгоход, 2021 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдрөөс өмнө төрсөн хүүхдэд 300,000 төгрөг олгох юм.
Сэтгэгдэл ( 0 )