Байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг Хонконгийн зах зээлд нийлүүлнэ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 05 сарын 03

Монгол Улсаас Хонконгт суугаа Ерөнхий консул Г.Жаргалсайхан Хонконгийн Худалдаа аж үйлдвэрийн газрын Ерөнхий захирал Брайн Ло, Олон талт худалдаа хариуцсан ерөнхий захирлын орлогч Франсис Хо нартай 2021 оны дөрөвдүгээр сарын 29-нд уулзжээ. Уулзалтаар хоёр талын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, ингэхдээ Монголын хөдөө аж ахуйн болон байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг Хонконгийн зах зээлд өргөнөөр нэвтрүүлэх, бүтээлч үйлдвэрлэлийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, мөн түүнчлэн Хонконгийн санхүү, хуулийн чиглэлийн үйлчилгээг Ионголын ААН-дэд сурталчлан таниулах талаар санал солилцлоо. Монгол Улстай чөлөөт худалдааны хэлэлцээр, хөрөнгө оруулалтыг хамгаалах хэлэлцээр байгуулах боломжийг судлахаар санал нэгдэв.

Түүнчлэн жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого үйл ажилагааны талаар харилцан туршлага солилцох чиглэлээр хамтран ажиллахаар болсон байна.

Хонконгийн Худалдаа аж үйлдвэрийн газар нь улс орнуудтай гадаад худалдааны хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, худалдааны олон талт гэрээ хэлэлцээрүүдийг байгуулах, мөн жижиг дунд үйлдвэр, ААН-дэд шинэ зах зээлд нэвтрэхэд дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй Засгийн газрын төв байгууллага юм гэж ГХЯ-наас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top