Халдвар буурахгүй бол Хүүхдийн 100 мянгыг он дуустал үргэлжлүүлнэ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 05 сарын 10

Монгол Улсын Засгийн газар 100 хоногт хийж хэрэгжүүлсэн  ажлууд болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудынхаа талаар танилцуулж байна. 

Монгол Улсын бүх айл өрх, зарим аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг долоон сарын хугацаанд төр хариуцах шийдвэрийг Засгийн газраас 2020 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр гаргасан билээ. Энэ шийдвэр  2020 оны арванхоёрдугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны долоодугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хэрэгжинэ.

Айл өрх, зарим аж ахуйн нэгжүүд ирэх долоодугаар сарын 1-нээс хэрэглээний зардлын төлбөрөө өөрсдөө төлөхөөр байгаа.

Тэгвэл Ерөнхий сайд мэдээллийнхээ үеэр уг шийдвэрийн хэрэгжилтийг ковидын нөхцөл байдалтай уялдуулан авч үзнэ гэж мэдэгдлээ. 

Тодруулбал, "Долоодугаар сарын 1-нд төрөөс үзүүлж буй бүх хөнгөлөлт дуусна. Тухайлбал, тог цахилгаан, дулаан, ус, татварын хөнгөлөлт, хүүхдийн мөнгөний нэмэгдлийн хугацаа дуусна. Хэрвээ долоодугаар сарын 1-н гэхэд цар тахлын нөлөө бүрэн арилахгүй бол он дуустал эдгээр хөнгөлөлтийн арга хэмжээг үргэлжлүүлнэ гэж тооцож байна. Вакцинжуулалт үр дүнгээ өгч, эдийн засаг хэвийн горимдоо орж байгаа нь тооцоо судалгаа, статистикийн тоо баримтаар нотлогдвол үе шаттай хөнгөлөлтүүдийг багасгаж, хэвийн горимд шилжинэ. Хамгийн гол нь халдварын тоо, макро эдийн засгийн үзүүлэлтээс ихээхэн хамаарна. Эдийн засаг, нийгмийн нөхцөл байдалд эрсдэлийн үнэлгээ хийсний үндсэн дээр Хүүхдийн мөнгө, айл өрх, зарим аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийн хөнгөлөлтийг он дуустал үргэлжлүүлэх эсэхийг шийднэ. Эдгээр зардлууд нь төсөв дээр ихээхэн ачаалал үүсгэж байгаа" гэсэн байр суурь илэрхийллээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top