-С.Чинзориг, Д.Сарангэрэл нар бууруулсан хувь хэмжээг 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс тооцох ёстой гэв-
УИХ хийгээд Ерөнхийлөгчийн жил дараалсан сонгуулийг давсан Монгол Улс 2017 онд Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т орж байлаа. Улстөржилтийн үнэ ийм байдаг. Тухайн үед Засгийн газарт дампуурлаа зарлах, олон улсын санхүүгийн хөтөлбөрт багтах гэсэн хоёр зам л байсан юм. Ийнхүү 2017-2020 оны хооронд хэрэгжсэн тус хөтөлбөрийн хүрээнд хэд хэдэн үүрэг хүлээсний нэг нь нийгмийн даатгалын шимтгэлийн алдагдлыг бууруулах байсан. Бүр тодруулбал, 2017 онд Нийгмийн даатгалын шимтгэлд ажил олгогч, ажилтан хоёроос тус бүр долоон хувь буюу нийт 14 хувийг суутган авдаг байв. Түүнийг 2018-2021 онд үе шаттайгаар нэмэгдүүлж ажил олгогч, ажилтан хоёроос тус бүр 9.5 хувийг буюу нийт 19 хувийн шимтгэл авахаар хуульчлаад байлаа.
Ингэхдээ ажил олгогч болон ажилтанд дарамт үүсгэхгүйн үүднээс холбогдох хуулиар шимтгэлийн хэмжээг ажил олгогч болон ажилтан тус бүр 2018 онд нэг хувиар, 2019 онд 0.5 хувиар, 2020 онд нэг хувиар үе шаттай нэмэгдүүлэхээр зохицуулж, 2021 оны долоодугаар сарын 01-ний өдрөөс ажил олгогч, ажилтан тус бүр 9.5 хувиар төлөхөөр баталсан байдаг. Энэ бол тэтгэвэр тэтгэмжид олгож байгаа мөнгөний зөрүүг улсын төсвөөс нөхдөг байдлыг багасгах гэсэн хэрэг. Харин сүүлийн хоёр жилд дэлхий дахиныг нөмөрсөн цар тахал, түүнээс сэргийлэн төр засгаас хэрэгжүүлсэн хөл хорио, аливаа арга хэмжээнүүд хувийн хэвшлийн компаниудыг ниргэж орхисон. Худалдаа, аж үйлдвэрийн танхимаас хийсэн судалгаагаар 27 мянга орчим аж ахуйн нэгж хаалгаа барьжээ. Ялангуяа ажлын байр ихээр үүсгэдэг үйлчилгээний салбарууд цар тахлын цохилтод өртсөн юм. Үүнтэй холбоотойгоор цаашид ажлын байр хадгалж, эдийн засгийн эргэлтийг бий болгодог үйлдвэр, үйлчилгээний газруудаа сэргээх гэвэл Нийгмийн даатгалын шимтгэл, НӨАТ-ын асуудлыг эргэж харах шаардлагатай талаар бизнес эрхлэгчид үгээ хэлж эхлэв.
Тэгвэл энэ сарын 4-нд УИХ-ын гишүүн Г.Ганболд, Т.Энхтүвшин, Н.Наранбаатар, Ж.Батжаргал, Д.Өнөрболор, Д.Батлут, Ц.Сандаг-Очир, Х.Болорчулуун нар Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн бариад байлаа. Хуулийн гол зорилго нь Нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар бууруулах л даа. Хэрэгжих хугацааг нь ирэх долоодугаар сарын 1-н гэжээ. Ингэснээр ажил олгогч дээр ирэх дарамтыг багасгаж, ажилтнуудын гарт очих мөнгийг ихэсгэх давхар үр ашигтайг хуулийн төсөл санаачлагчид хэлж байгаа. Мөн тэд Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулснаар Нийгмийн даатгалын санд төсвөөс үзүүлэх дэмжлэг нь 2021 онд 94.5 тэрбум төгрөг, 2022 онд 198.9 тэрбум төгрөгөөс нэмэгдэх бөгөөд үүнийг Засгийн газар төсөвт тодотгол хийх, бусад сангийн чөлөөт үлдэгдлээс нөхөх замаар зөрүүг нийгмийн даатгалын санд төвлөрүүлэх боломжтой гэж үзэж байгаа аж.
Тэгвэл УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Тус Байнгын хорооны хуралдаан 57 хувийн буюу УИХ-ын 11 гишүүний ирцтэйгээр хуралдаж нийт гишүүдийн саналаар Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн юм. Ямар ч байсан тус хуулийн төсөл чуулганы босгыг алхах болж байна. Байнгын хорооны хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүд хэрхэн асуулт асууж, байр сууриа илэрхийлснийг тоймлон хүргэе.
УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг:
-Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, түүний салбар зөвлөл, Улаанбаатар хотын худалдааны танхимаас цар тахлын хүнд хэцүү үед 2021 оны нэгдүгээр сараас ажил олгогч болон ажилтнаас авах тэтгэврийн даатгалын шимтгэлийг тус бүр нэг хувиар нэмэгдүүлэхийг 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хойшлуулах хүсэлтийг удаа дараа УИХ-ын дарга болон Нийгмийн бодлогын байнгын хороонд ирүүлсэн. Энэ хүсэлтийн дагуу УИХ-ын дарга Г.Занданшатар асуудлыг судалж, хуулийн хүрээнд шийдвэрлэж, хариу мэдэгдэх үүрэг чиглэлийг Нийгмийн бодлогын байнгын хороонд өгсөн. Байнгын хороо энэ дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Сангийн яамнаас мэдээлэл, лавлагаа авч, холбогдох албан тушаалтан, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад энэ асуудлыг нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийнхээ хүрээнд шийдвэрлэх үүргийг 2021 оны хоёрдугаар сараас хойш өгсөн ч өнөөдрийг хүрлээ. Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийг УИХ энэ сард багтаан хэлэлцэхээр төлөвлөсөн гэдгийг онцгойлон сануулья. Нэр бүхий гишүүдээс нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах зохицуулалт бүхий хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлснийг хэлэлцэх гэж байна.
УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин:
-Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийн тэтгэврийн даатгалын шимтгэлийн хэмжээ 9.5 гэснийг 8.5 гэж өөрчлөхөөр төсөлд тусгасан. Ингэснээр ажил олгогч, даатгуулагч тус бүрийн төлөх шимтгэлийн хэмжээ нэг хувиар буурах юм. Төсөл батлагдсанаар даатгуулагчийн орлого дунджаар 10 орчим хувиар өсч, аж ахуйн нэгжид очих эдийн засгийн дарамт багасан, ажлын байр хадгалах, улмаар нэмэгдүүлэх, тэр хэрээр хөдөлмөр эрхлэгчдийн амьдралын чанар дээшлэх ач холбогдолтой гэж үзсэн. Хуулийн төсөл батлагдвал Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 189.3 тэрбум төгрөгөөр буурч, улсын төсвөөс Тэтгэврийн даатгалын санд олгох санхүүгийн дэмжлэг мөн хэмжээгээр нэмэгдэх тул Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд тус тус зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлага үүсэж байгаа.
УИХ-ын гишүүн С.Чинзориг:
-Засгийн газар 2017 онд ОУВСантай хамтран “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлэх үед тус сангаас, өмнөх үеийн шийдвэрээс үүдсэн нөхцөл байдлыг засахын тулд Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг анх байсан хэмжээнд хүргэх зөвлөмж өгч, шаардлага тавьсан. Энэ дагуу 2017 онд дээрх шийдвэр гарсан. Цар тахлын нөхцөлд төр, засгаас бизнесийг дэмжих, иргэдийн орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалахыг дэмжих зорилгоор олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа. Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төслийг батлах тохиолдолд хуулийн зохицуулалтыг 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлүүлэх саналтай байна.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам:
-Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг бууруулахын оронд тус хуулийн зохицуулалтын хэрэгжих хугацааг хойшлуулах боломжтой юу?
УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин:
-Төсөл санаачлагчид холбогдох судалгаа, тооцооллыг хийсэн. Цар тахал хэзээ дуусах нь тодорхойгүй, түүнээс үүдсэн нөлөөлөл, хугацаа ч тодорхойгүй байгаа. Эдийн засгийн сэргэлтийг баримжаалж болохгүй, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа хэзээ хэвийн болохыг хэлж ч мэдэхгүй нөхцөл үүсээд байгаа. Тиймээс ажлын байрыг хадгалж үлдэх шаардлагын үүднээс шимтгэлийн хувь хэмжээг бууруулах нь оновчтой гэж үзсэн. 2017 онд “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх үед цар тахлын талаар ямар ч төсөөлөл, тооцоололгүй байсан. Тиймээс одоо үүссэн нөхцөл байдалд нийцүүлэн төр засгаас зохих арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:
-Байнгын хороо тун чухал хуулийн төсөл хэлэлцэж байна. Хуулийн төслийг дэмжиж байгаа. Цар тахалтай энэ үед ялангуяа Нийгмийн бодлогын байнгын хороо үндсэн үүргийнхээ хүрээнд ард иргэд рүүгээ чиглэсэн арга хэмжээг авч ажиллах ёстой. Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг бууруулах асуудлаар бүх л тойргоос иргэд УИХ-ын гишүүдэд хандаж байгаа. Тиймээс би бол энэ асуудал дээр санаачлагатай ажиллана. Гишүүд ийм хуулийн төсөл санаачлан оруулж ирж байгаад талархаж байна. Хувь хэмжээг 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс бууруулах нь оновчтой. Хэрвээ ард иргэд, аж ахуйн нэгжүүдээ дэмжихгүй бол цаашдаа байдал их хүнд болно.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
ashgvi dee