Төрийн их өгөгдлийг шийдвэр гаргахад ашиглах талаар хэлэлцлээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 05 сарын 20

“Төрийн их өгөгдлийг шийдвэр гаргахад ашиглах нь” төслийг танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэх арга хэмжээ Төрийн ордонд боллоо.

Хэлэлцүүлэгт төрийн байгууллагууд, технологийн чиглэлийн хувийн хэвшлийн төлөөлөл танхимаар болон цахимаар оролцов.   Тус арга хэмжээг нээж УИХ-ын дарга Г. Занданшатар үг хэлсэн бөгөөд ҮСХ-ны дарга Б. Батдаваа “Төрийн их өгөгдлийг ашиглах боломж ба хүрэх үр дүн”, УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н. Учрал “ Цахим шилжилтэд төрөөс баримтлах бодлого”,   УИХ-ын гишүүн, ЭЗБХ-ны Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга Х. Булгантуяа “Тогтвортой хөгжил ба цахим шилжилт” сэдвээр илтгэл тавилаа.

Улмаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөр бусад улс орнуудын туршлагаас хуваалцсан юм.

УИХ-ын даргын санаачлагаар, ҮСХ-ноос нотолгоонд суурилсан шийдвэр гаргалтын тогтолцоог бий болгохоор Төрийн их өгөгдөл төслийг хэрэгжүүлэхээр болсон. Төрийн бодлого боловсруулахад салбар хоорондын хамаарал, түүнийг илэрхийлсэн их тоон өгөгдлийн сангийн хэрэгцээ улам нэмэгдэж байна.

Улсын хөгжлийн бодлого үр дүнтэй байх эсэх нь салбар хоорондын бодлогын уялдаа үр дүнтэй байхаас ихээхэн хамаардаг. Харин салбар хоорондын бодлогын уялдааг нэгдсэн тоон мэдээллийн сангүйгээр үнэлэх боломжгүй юм.

Иймд “Төрийн их өгөгдөл” төсөл нь энэхүү боломжийг бүрдүүлж төрийн бодлогыг тодорхойлоход тухайн нэг иргэн, өрх, аж ахуйн нэгжийн хувьд нийгэм, эдийн засгийн бүрэн хэмжээний түүхэн өгөгдөлд суурилах боломж бүрдэх юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top