Төрөөс хоршооны талаар баримталж буй бодлогыг танилцуулж байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 05 сарын 20

ХХААХҮЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ЖДҮ-ийн газар, Төв аймгийн ЗДТГ, ХХААГ хамтран “Төрөөс хоршооны талаар баримталж буй бодлого” цахим сургалтыг өнөөдөр /2021.05.20/ зохион байгуулж байна.

Сургалтад  УИХ-ын гишүүн Н.Энхболд, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Д.Саран-Эрдэнэ, Жижиг дунд үйлдвэрийн газрын Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга А.Гэрэлзаяа, Зуунмод үйлдвэр технологийн паркийн Удирдах зөвлөлийн гишүүн Р.Батгэрэл, Хоршооллын сургалт мэдээллийн төвийн захирал Ц.Мягмар-Очир, болон сумдын удирдлагууд, 27 сумын 63 хоршооны төлөөлөл оролцож байна.

Аймгийн засаг дарга Д.Мөнхбаатар сургалтыг нээж хэлсэн үгэндээ “Төв аймаг эдийн засгийн үндсэн салбар ХАА-н үйлдвэрлэлийг зохистой харьцаанд хөгжүүлэх, энэ салбарт шинжлэх ухааны ололт, тэргүүн туршлагыг нэвтрүүлэх, ХАА-н бүтээгдэхүүнийг боловсруулан өрсөлдөх чадвартай эцсийн  бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоод, гадаадын зах зээлд гаргах  үндсэн зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Аймгийн ХАА-н үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлтийн хүрээнд МАА, газар тариалангийн үйлдвэрлэлийн хөгжлийн 24 төслийг боловсруулж томоохон үйлдвэрүүдийг байгуулж эхэлсэн. ХАА өөрөө маш их эрсдэлтэй салбар учраас санхүүжилт тодорхой, тогтвортой байх нь тэргүүн зэргийн асуудал юм. Банк, санхүүгийн байгууллагаас олгогддог зээл, тусламжид ХАА-н чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бизнесийн хамгийн жижиг нэгж болох хоршооллын салбарынхан хамрагдаж огт чадахгүй байна. Банкны шаардлага шалгуурууд хэт өндөр байгаагийн дээр тэндээс түгээдэг мэдээ, мэдээллүүд баг суманд, малчид ногоочдод хүрч очихгүй байна. Иймээс хэрэгжүүлж буй төслүүдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Аймаг хөгжүүлэх сангийн эх үүсвэр 600.0 сая төгрөг байсныг 400.0 сая төгрөгөөр нэмэгдүүлж 1.0 тэрбум төгрөг болгож нийт эх үүсвэрийн 30 гаруй хувийг хоршоодод олгохоор төлөвлөж байгаа гэдгийг онцолсон юм.

Сургалтад оролцогчдод зориулан аймгийн ЗДТГ-ын ХОХБТХэлтсийн мэргэжилтэн Ж.Батчимэг “Төв аймгийн хоршооны өнөөгийн байдал, хоршоо хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлууд, ЖДҮ-ийн газрын Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга А.Гэрэлзаяа “Төрөөс хоршооны талаар баримталж буй бодлого”, Зуунмод үйлдвэр технологийн паркийн УЗГишүүн Р.Батгэрэл “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлт”, Хоршооллын сургалт мэдээллийн төвийн захирал Ц.Мягмар-Очир “Хоршооны эрхзүйн орчны өөрчлөлт, түүний давуу тал” сэдвээр илтгэл мэдээлэл хүргэлээ.

Мөн энэ үеэр аймгийн ХАА үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлтийн хүрээнд: Бэлчээрийн мал аж ахуйн үр өгөөжийг дээшлүүлэн, өсвөр малыг эдийн засгийн эргэлтэд оруулах, мах бэлтгэлийн төслийг хэрэгжүүлж буй Бүрэн сумын “Их шижир” хоршоо, Эрдэнэсант сумын “Батхааны өгөөж” хоршоо, Дэлгэрхаан сумын “Давстын өгөөж” хоршоо болон газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлж байгаа Эрдэнэ сумын “Батцагаан эсгий” хоршоо, Борнуур сумын “Борнуур Бор толгой” хоршоодод “Аймгийн хөгжлийн сан”-гаас тус бүр 30 сая төгрөгийн “Зээлжих эрхийн батламж”-ийг гардууллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top