Голомт банк, “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн ментор клуб”-тэй хамтран “БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ ХӨТӨЛБӨР-2021” цогц сургалтыг зохион байгууллаа.
Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжигч Голомт банк 2021 оны туршид эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжиж, тэдний үйл ажиллагаанд шаардлагатай мэдлэг, мэдээллээр хангах, сургалтын цогц хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд үүний эхлэл болгож “Бизнес эрхлэгч Эмэгтэйчүүдийн Ментор Клуб”-тэй хамтарсан эхний 3 өдрийн цогц сургалтыг амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.
2021.05.19-21-ний өдрүүдэд үргэлжилсэн энэхүү сургалтад салбар бүрийн нийт 30 орчим аж ахуйн нэгж байгууллага оролцож бизнесийн үйл ажиллагаанд гол тулгамддаг асуудлууд буюу санхүүгийн удирдлага, хямралын үед бизнесээ хэрхэн удирдах болон эрсдэлээ хэрхэн зөвөөр харж, зөв шийдэл гарц олж чадварлаг менежмент хийх, мөн татварын тухай хуулийн хэрэглээ, татвартай холбоотой нийтлэг асуудлуудыг дэлгэрэнгүй судалж танилцлаа.
Сургалтын үеэр бизнес эрхлэгч эмэгтэй харилцагч нар сургалтын агуулгаас гадна бодит амьдрал дээр бизнес эрхлэгч, тэр дундаа эмэгтэй бизнес эрхлэгч нарт тулгамддаг гол асуудлуудыг хэлэлцэж, туршлага хуваалцан мэргэжлийн зөвлөгөө авснаараа онцлог болсон юм.
Голомт банкны нийт харилцагчдын 70 хувийг эмэгтэй харилцагчид эзэлж байгаа бөгөөд сүүлийн 5 жилийн хугацаанд бизнесийн зээлийн талаас илүү хувийг буюу 53%-ийг эмэгтэй бизнес эрхлэгч нарт олгож, эмэгтэй бизнес эрхлэгч нарт олгосон зээлийн тоо 20%, зээлийн дүн 30%-аар өсжээ. Түүнчлэн нийт зээлтэй харилцагчдын 50-аас илүү хувийг мөн эмэгтэйчүүд эзэлж байгаа бөгөөд Голомт банкнаас бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжин санхүүгийн чадавхийг нь сайжруулах, үйлдвэрлэл үйлчилгээгээ идэвхтэй эрхлэх боломжоор хангахад анхаарал хандуулан ажиллаж байна.
Голомт банкны зүгээс эмэгтэйчүүдэд санхүүгийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, ахисан түвшинд хүргэж, эмэгтэйчүүдэд өөрийн хийж чадах зүйлсээ бизнес болгон ашиг орлоготой болох, одоогийн бизнесээ өргөжүүлэн тэлэхэд шаардлагатай мэргэжлийн сургалт, мэдлэг болон санхүүгийн дэмжлэг туслалцааг хүргэх зорилго бүхий энэхүү цогц хөтөлбөрийг энэ оныг дуустал бизнес эрхлэгч эмэгтэйчүүддээ зориулан хүргэж ажиллах юм.
Сэтгэгдэл ( 0 )