Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит аравдугаар хуралдаан өнөөдөр /2021.05.27/ болж 23 асуудал хэлэлцэж шийдвэрлэжээ.
Хуралдаанаар “Инвескор ББСБ” ХК-ийн олон нийтэд нээлттэй санал болгон гаргаж буй нийт 20.0 тэрбум төгрөгийн өрийн хэрэгслийг нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд бүртгэхээр шийдвэрлэсэн байна. Тус компани энэхүү бондыг үе шаттайгаар олон нийтэд санал болгон худалдаж, 20.0 тэрбум төгрөг хүртэлх санхүүжилтийг татан төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Ингэж зээлийн үйл ажиллагааг санхүүжүүлснээр бизнес эрхлэгч болон харилцагчдаа урт хугацаатай, тогтвортой эх үүсвэрээр хангах, өртөг буурах, үйл ажиллагааг нь дэмжих боломж нэмэгдэнэ гэв.
Мөн хуралдаанаар нэг банк бус санхүүгийн байгууллагад факторинг болон хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөх үйлчилгээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл нэмж олгохын зэрэгцээ таван хадгаламж зээлийн хоршооны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаар шийдвэрлэжээ.
Түүнчлэн “Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, эрх олголт, бүртгэлийн журам”-ын дагуу гурван компанид үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх, “Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олголт, бүртгэлийн журам”-ын хүрээнд хоёр иргэнд үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгохоор тус тус шийдвэрлэсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )