Сенегалын туршлагыг Монголд хэрэгжүүлэх талаар ярилцжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 06 сарын 02

НҮБ-ын Тогтвортой хөгжлийн мэдээллийн дэлхийн түншлэл байгууллагаас хэрэгжүүлж буй "Data for Now" санаачилгын хүрээнд газар тариалан, мал аж ахуйн статистикийн салбарт сансрын зургийг ашиглах талаар санал солилцох, олон улсын туршлага судлах цахим уулзалт болсон байна. Уг уулзалтад ҮСХ-ны эдийн засгийн статистикийн газрын дарга Э.Эрдэнэсан, ахлах статистикч М.Оюунжаргал, статистикч Э.Мягмарханд, ГХХАХ-ийн дарга Г.Отгонбаяр нар оролцжээ.

Их Британийн сансрын агентлагийн Ник Волкер SIBELIUs хөтөлбөрийн хүрээнд Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлж буй сансрын хиймэл дагуулын мэдээлэл ашиглан Монгол Улсын байгаль орчин, авто замд дүн шинжилгээ хийх “Data Cubes” төслийн талаар танилцуулжээ.

Энэ төслийн хүрээнд бий болсон мэдээллийн санг ҮСХ-ны хэрэгцээнд ашиглах, хамтран ажиллах талаар санал солилцсон байна.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын мэдээллийн технологийн ажилтан Лорензо Де Симоне "Data for Now" санаачилгын хүрээнд ургацын хэмжээг тооцох Sen2Agri системийг Сенегал улсад хэрэгжүүлсэн туршлагаа хуваалцаж, цаашид Монгол Улсад хэрэгжүүлэх боломжийн талаар зөвөлгөө, мэдээлэл өгчээ.

Мөн өндөр нарийвчлалтай сансрын зургийг ашиглан Өмнөд Судан Улсад хэрэгжүүлсэн хөдөө аж ахуй болон мал тооллогын менежментийн аргачлалын асуудлаар зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх боломжтой гэдгээ мэдэгджээ.

ҮСХ нь "Data for Now" санаачилгийг хэрэгжүүлэгч найман улс орны нэгийн хувьд уг төслийг дэмжин ажиллахаа илэрхийлсэн байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top