Азийн сан, Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар (НШУҮИГ)-тай жижиг болон гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ.
Санамж бичгийн хүрээнд Азийн сангийн “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх” төслийн Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвөөр дамжуулан нийслэлийн бичил, жижиг, дунд үйлдвэрлэл, гарааны бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг бизнесээ амжилттай хөтлөн явуулахад шаардлагатай бүх талын дэмжлэг үзүүлж, зорилтот бүлгүүдэд зориулсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэн хамтран ажиллах юм байна. Мөн Азийн сангийн Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвийн хэрэглэгчид НШУҮИГ-ын дэргэдэх Улаанбаатар инновацын төвийн хамтын оффис, уулзалтын өрөө, мэдээллийн төвийг ашиглах болон тус төвөөс санал болгодог бүхий л үйлчилгээнд хамрагдах боломжоор хангагдаж байгаа аж.
Азийн сангаас Улаанбаатар инновацын төвийн дэргэдэх Мэдээллийн төвийн үйл ажиллагааг эхлүүлэхэд шаардлагатай тоног, төхөөрөмж худалдан авахад дэмжлэг үзүүлэхээр болжээ.
Азийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Марк Кэйниг уулзалтын үеэр “НШУҮИГ-тай цаашид хамтран ажиллахдаа таатай байгаа бөгөөд, жижиг дунд бизнес эрхлэгчид тэр дундаа бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чадавхыг бэхжүүлэхэд шаардлагатай олон үр дүнтэй төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )