Хөрөнгө оруулалтын хууль бусад хуультай уялддаггүйгээс зөрчил үүсдэг гэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 06 сарын 04

Хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг шинэчлэх хүрээнд Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал авах хэлэлцүүлгийг МҮХАҮТ цахимаар зохион байгуулжээ.

2020 онд гадаадын шууд хөрөнгө оруулалт 29 хувиар буурсан бөгөөд 2019 оноос хойш хөрөнгө оруулалтын урсгал эрс хумигджээ. Хөрөнгө оруулалт татах бизнесийн орчны үзүүлэлтүүд ч харилцан адилгүй тааруу үнэлгээтэй байна. Хөрөнгө оруулалтын орчны бодлогын хувьд Монгол Улс хууль, зохицуулалтын түвшинд нээлттэй гэж үнэлэгддэг боловч бусад улс орнуудтай харьцуулахад орж ирж буй ГШХО-ын урсгал хангалтгүй байна. Аялал жуулчлал, цахим худалдаа, хөдөө аж ахуйн салбарууд болон дэд салбаруудад ГШХО-ыг татах чадавх өндөр гэж тогтоогджээ. Хэдий тийм боловч уг боломжоо бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байна.

Хөрөнгө оруулалтын тухай хуульд  хамгийн сүүлд 2006 онд нэмэлт өөрчлөлт орсон бөгөөд үүнээс хойш одоог хүртэл уг эрх зүйн орчин хэвээр үйлчилж байна. Хэлэлцүүлэгт оролцогчид хамгийн гол нь хуулийн хэрэгжилт гэдэгтэй санал нэгдсэн бөгөөд одоо хүчин төгөлдөр мөрдөж буй хуулийн хэрэгжилтэд ямар учир дутагдал байгаа эсэхэд дүгнэлт хийж, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзсэн юм. Ялангуяа Хөрөнгө оруулалтын хууль бусад хуулиудтай харилцан уялдахгүй байдгаас шалтгаалж, зөрчил үүсдэг байна. Тухайлбал Татварын хуультай уялдах хэрэгтэйг дурдаж байв. Мөн Хөрөнгө оруулалтын тухай хуулийг олон улсын жишигт нийцүүлэх шаардлагатайг онцоллоо. Тус хуулийн төсөлтэй холбоотой саналаа МҮХАҮТ-д хандан бичгээр ирүүлэх боломжтой аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top