Данстай иргэдийн эзлэх хувиар өндөр хөгжилтэй орнуудын түвшинд байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 06 сарын 07

Дэлхийн банкны “Global Findex Database 2017” тайланд тооцсоноор дэлхийн хэмжээнд нийт насанд хүрсэн иргэдийн 31 хувь нь банканд дансгүй байна. Тэгвэл манай улсын хувьд энэ үзүүлэлт эрс бага буюу нийт иргэдийн 4.5 хувь нь банканд дансгүй. Нийт иргэдийн 94.5 хувь нь ямар нэгэн байдлаар албан ёсны санхүүгийн үйлчилгээнд хамрагддаг. Тухайлбал, иргэдийн 92.1 хувь нь дансаа идэвхтэй ашигладаг бөгөөд 91.9 хувь нь банк, 9.3 хувь нь ББСБ, 3.4 хувь нь ХЗХ-гоор үйлчлүүлдэг аж. Банканд данстай иргэдийн эзлэх хувийн үзүүлэлтээр өндөр хөгжилтэй орнуудын түвшинд байна.

Банканд дансгүй гэж өөрөө мэдээлсэн болон данстай хэдий ч түүнийгээ огт ашиглахгүй байгаа хүмүүсийг энд оруулж тооцсон аж. Банкны дансгүй иргэд ажил эрхлэлтийн байдал, нас, боловсрол, байршил, орлого болон сууцны төрлөөс хамааран нэлээд ялгаатай байна.

 

Банканд дансгүй иргэд, хүйс болон орлогын бүлгээр

 

Гол төлөв ажилгүй, 25-аас дээш настай, орлого бага, гэр хорооллын иргэд дансгүй байх нь олон байна. Тухайлбал, дансгүй иргэдийн 36 хувь нь хамгийн бага орлоготой бүлгийн иргэд байхад 7 хувь нь хамгийн өндөр орлоготой бүлгийн иргэд байна.

 Мөн түүнчлэн, дансгүй иргэдийн 63.8 хувь нь эдийн засгийн идэвхтэй иргэд, 36.2 хувь нь идэвхгүй иргэд байна. Данс эзэмшихгүй шалтгаанууд дунд хамгийн өндөр хувь эзэлж буй нь дундаа данстай байх нь зардал багатай (20%) гэснээс үзвэл эдгээр иргэдийн 20 хувь нь данс огт хэрэглэдэггүй биш байгаа юм.

Дэлхийн жишигтэй харьцуулахад мөн ялгаатай зүйлс бий. Тухайлбал, дансгүй иргэдийн дийлэнх нь эмэгтэйчүүд, орлого багатай, эдийн засгийн идэвхгүй байх  нь дэлхий нийтэд түгээмэл байдаг. Тэгвэл манай улсын хувьд ч мөн адил байна. Харин дэлхийн бусад улсуудын хувьд насаар залуу, боловсрол багатай иргэд банканд дансгүй байх нь элбэг байдаг бол манай улсын хувьд эсрэг дүр зураг ажиглагдаж байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top