Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын тэргүүн, Элчин сайд Траян Лауренцю Христеатай хамтын ажиллагааны санал солилцох цахим уулзалтыг /2021.06.08/ зохион байгууллаа.
Уулзалтаар Монгол Улсын Статистикийн салбарыг 2021-2025 онд хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн төслийг танилцуулж, Статистикийн үйл ажиллагааны ерөнхий загвар (GSBPM)-ыг нэвтрүүлэх, Төрийн их өгөгдлийн төслийн хүрээнд төлөвшлийн үнэлгээ хийхэд техникийн тусламж, зөвлөх үйлчилгээ авах саналаа илэрхийлсэн байна.
Элчин сайд Траян Лауренцю Христеа хамтын ажиллагааны санал танилцуулж байгааг сайшааж Европын Холбооны зүгээс Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн талаар танилцуулжээ. Тэрбээр мөн ҮСХ-ны зүгээс тавьсан саналд дэмжлэг үзүүлэх боломжийн талаар судлан үзэхээ илэрхийлсэн бөгөөд дээрх санал болгосон ажлуудын даалгавартай нарийвчлан танилцах хүсэлт тавьжээ.
ҮСХ нь Европын Холбоотой 1997 оноос идэвхтэй хамтарч ажиллаж ирсэн бөгөөд статистикийн салбарын аргачлал, арга зүйг олон улсын стандартад нийцүүлэн боловсронгуй болгож нэвтрүүлэх, албан ёсны статистикийн тогтолцооны төлөвлөлт, удирдлагын үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр техникийн туслалцаа авч байсан нь албан ёсны статистикийг хөгжүүлэх, үндэсний чадавхыг бэхжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан юм.
Сэтгэгдэл ( 0 )