Сүн улсын Хүйтэн уулын бичиг | 61 дүгээр бүлэг

Админ | Zindaa.mn
2021 оны 06 сарын 17

Хятадын дөрвөн их сонгодог зохиолын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.

Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.

Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
 

  • Зохиогч: Ши Най Ань
  • Хөрвүүлэгч: Д.Уртнаст
  • Редактор: В.Уянга, Сьү-Шаа

ЯНЬ ЧИН НУУЦААР СУМ ХАРВАЖ ЭЗНИЙХЭЭ АМИЙГ АВРАВ ХҮН АЛАХ

ЖЭФА ЧАН ХЭМЭЭХ ГАЗАР ШИ СЮ ГАР ХӨДӨЛЖ БИЕ ЗҮТГЭЖ ХҮНИЙГ БУЛААН АВАВ

Өгүүлэх нь: Лү Жюнь И усанд унасны хойно Жан Шүнь усан дотор орж, түүнийг шүүрэн авч гадна хуурай газар аваачиж суулгаад, гал түлж хувцас хунарыг нь хатааж байсанд хувилгаан явдалт Дай Зүн ирээд, ийн өгүүлэв. - Эрхэм мэргэн дүү нар энэ Юаньвэйг энэ мэт дарлаж үл болохоос гадна үүний биенд өчүүхэн төдий гэм хүргэж болохгүй хэмээсэнд Лү Жюнь И аргагүй дотроо сэтгэрүүн: “Энэ Ляншаний урвасан хулгайн эрхэнд үнэхээр орох цаг болов. Одоо дагаж очихоос өөр аргагүй хэмээн сэтгэж байтал, найман хүн нэг зүйл авчирч Лү Жюнь Иг жуузанд суулгаж уулна аваачсанд, Сүн Жян, Ү Шюэжү, Гүн Сүньшэн нар хэнгэрэг харанга, бүрээ бишгүүр зэрэг олон хөгжим үүсгэж, Лү Жюнь Иг угтаж даруй уулнаас бууж угтан ирэв. Тэндээс Сүн Жян нар мориноос бууж, даруй газар сөгдөж бүхүйд Лү Жюнь И жуузнаас бууж харилцан ёсолж байхүйд Сүн Жян өгүүлрүүн: - Өчүүхэн дүү би мэргэн ахын алдрыг хэдүйн сонссон боловч, ер учрах хувьгүй тул бараалхан эс чадав. Үнэхэр их хишиг хэмээн мөргөсөнд Лү Жюнь И өгүүлрүүн: - Мунхаг би болбоос угаас нэг цэргийн ард бөлгөө. Миний энэ өчүүхэн биеийг энд хэрэглэж яахин болмуй. Тиймийн тул тэр өлгөсөн дарцагны хэдэн үгийг үзэгтүн хэмээсэнд Лү Жюнь И ийн өгүүлрүүн: - Үзвээс үнэхээр үнэн аж. Гагцхүү журам үгүй болсон учир дэлхий дахинд алдаршижухуй хэмээсэнд Сүн Жян өгүүлрүүн: - Өчүүхэн дүү нар болбоос тэнгэрээс заяасан олон тул аргагүй бөлгөө. Иймийн тул өчүүхэн дүү нарыг өршөөж, энд их суудал дээр морилж, биднийг хамгаалан туслах ажаамуу хэмээн дахин дахин гуйсанд Лү Жюнь И аргагүй болж, ийн өгүүлрүүн: - Эдүгээ би та бүхний гуйсныг дагаж, энэ Лян Шаньд орших боловч, уг нутагт бүхүй гэр орон, гэргийг хүүхэд яахин амь зуун аж төрмүй? хэмээсэнд Ү Юн тосож өгүүлрүүн: - Лү Жюнь И үүнд зовох хэрэггүй. Гагцхүү тны бие манай энд хэд хоног морилон сууж биеэ баахан амарч, дараа буцаж болмуй. Тиймийн тул урьдаар Лигүг тэрэг барааны хамт уг нутаг Бээжинд буцааж, гэрийн ам хотлоорт энэ учрыг хэлүүлээд явуулсугай хэмээсэнд Лү Жюнь И даруй зөвшөөрөн дагаж, Лигүг дуудан ийн тушаав. “Чи одоо Бээжин хотдоо харьж энэ учрыг Зяши гэргийд хэлэхээс гадна миний биеийг дараа хэд хоносны хойно ирмүй хэмээн хэлэгтүн хэмээсэнд Лигү даруй хүлээн авч явахыг завдсанд, Сүн Жян тэр Лигү нарт тус тус мөнгө шагнаж уулнаас буулгаж, Бээжин хотод буцаав.

Тэндээс Ү Юн бас ийнхүү захив. “Лигү чи Бээжин хотдоо хариад чиний эзэн Лү Жюнь И Лян Шаньд урвав хэмээн олонд зарлагтун. Үгүй бөгөөс та нарын амь гарах газар үгүйн дээр танай байшингийн хавирганд бичсэн дөрвөн шүлэг ном зохиосон тэр нь “Лү Жюнь И урваж гэрээс гарах” хэмээсэн учирт тийнхүү бичсэн бөлгөө. Тиймийн тул чи гэртээ хариад, тэр бичгийн учир ухах мэргэдийг залж үзүүлэгтүн. Чиний эзэн үүнээс хойш уг нутаг Бээжинд харих нь энэ насандаа өнгөрөв. Эцэст Бээжинд төрүүлэхийг би мэдье хэмээн жанжин уулнаас буулгаж явуулсанд, Лигү энэ үгийг сонсоод маш айсан боловч, арга буюу зам явж гэртээ харьж ирэв. Үүнийг үл өгүүлэн өгүүлэх нь: Ү Юн, Сүн Жян нар Лү Жюнь Иг “Жун И Тан” хэмээх их танхим дээр залж, баярын хурим хийх хэмээн хонь үхэр алж, маш их найр тавьж, дөрөв төв хоносны хойно Лү Жюнь И ийн өгүүлрүүн: - Эдүгээ эрхэм мэргэн ах дүү нар намайг энд авчирсан учир санаа юу? Одоо над хэлэх хэрэгтэй. Би эртхэн гэртээ буцсугай хэмээсэнд Сүн Жян өгүүлрүүн: - Мэргэн ахыг залж авчирсан учрыг би аажмар нэг хоёр хоносны хойно сонсгоё. Эдүгээ би танд урьдаар танилцсан учирт нэг ширээ засаж архи баримуй хэмээн нэг өдөр саатуулав. Маргааш нь бас Ү Юн нэг ширээ засаж архи барьж мөн нэг өдөр өнгөрүүлэв. Түүний маргааш Гүн Сүньшэн нэг ширээ засаж өнгөрүүлэв.

Иймийн тул Лү Жюнь И аргагүй одоо буцах цаг болов хэмээн явах хэмээсэнд, зүүн этгээд архины пүүсний тэргүүлэгч Жү Ү орж ирээд ийн өгүүлрүүн: - Та гурван их жанжин Лү Юаньвэйд архи барих атал би яахин зүгээр байж болох буюу хэмээн бас ширээ засаж архи барив. Түүний хойно энэ мэт хуурч хэд хонуулсан тул, Лү Жюнь И учрыг мэдэж одоо хэрхэвч буцах цаг болов. Эс бөгөөс намайг даруй алж арилгах хэрэгтэй, эс бөгөөс учраа хэлэх хэрэгтэй хэмээсэнд Ли Күй орж ирээд, ийн өгүүлрүүн: - Би урьд чамайг сангарсвагийн дүрээр явж, чиний биеийг залж их уулнаа авчрах очиход маш их зүдэрч, бас хэл амгүй зовж явсан атал чи харин эдүгээ энд хүрч ирээд буцах хэмээн ам гарч яахин болмуй. Хэрвээ буцах болбоос чиний сүнсийг илгээхээс бус биеийг чинь буцаах нь энэ нас өнгөрчүхүй хэмээн маш их дуунаар бархирсанд Ү Юн, Сүн Жян нар Ли Күйг үл мэдэгчнээр хараан хориглож зогсоов. Үүнд Жү Ү Лү Жюнь Ид өгүүлрүүн: - Эрхэм мэргэн ах миний энэ эрхинд хор үгүй, та баахан зооглож өршөөгтүн хэмээсэнд Лү Жюнь И тэр өдөр маш их архи ууж согтууран, маргааш нь “хэрхэвч явмуй хэмээн Сүн Гүнминд ёсолсонд аргагүй явуулахаар тогтов. Тэр цаг нь сэрүүний цаг. Энэ ууланд ирээд тавь гаруй хоног хууран суужухуй. Тиймийн тул энэ хэргийн дотор ямар нарийн ухаан хэрэглэж ийнхүү олон хонуулсан нь үлгэрийн дотор эрхгүй гарах билээ.

Үүнд Сүн Жян, Ү Юн, Гүн Сүньшэн нарын гурван хүн хэрхэн хоривоос болохгүй тул, Лү Жюнь Ид өөрийн хэрэглэж явсан сэлэм, нэг хос хуучин дээлийг сольж, шинэ эрээн хатгамал дээл өмсгөөд “Жин Ша Тан” хэмээх “Алт хуваах ордон”-д үдэж архи барьж, хожим учрах ёслол хийж, даруй онгоц дуудаж усан замаар Бээжингийн замд хүргэв. Тэндээс Сүн Жян, Ү Юн, нөар ууландаа харив. Үүнийг үл өгүүлэн өгүүлэх нь: Лү Жюнь И тэд нараас салаад зам явж хэд хоноод, удсангүй Бээжин хотдоо ирээд хэрмийн гадна явтал, түүний гэрийг сахиж юм зүйлийг харгалзан байсан Янь Чин тохиолдож Лү Жюнь Ид сөгдөн мөргөж, ийн өгүүлрүүн: - Мэргэн гэрийн эзэн харьж ирэв үү? Сонсвоос таныг Лян Шань ууланд урваж ирэхийг байв. Сүн Гүнмингийн дараа хоёрдугаар ширээнд сууж, Ляншаний их ван болж хэмээн Лигү хэлж ирснийг Зяши бэргэн сонсоод, энэ хоёр явж яамнаа мэдүүлээд, таныг бариулахаар албаны хүн гаргаж буй дээр Лигү, Зяши хоёр хоорондоо эв нийлж сэтгэл нэгдэж, янаг амрагийн туйл болсон учирт, өчүүхэн хүмүүн хавчигдан хөөгдөж аргагүй энэ хэрмийн гадна гарч шавар шорооны ажил хийж суумуй. Эзэн минь та энэ хотод хэрхэвч орж

болохгүй. Хэрвээ орох аваас шөнө орж очихоос бус ер орох аргагүй. Та үгүй бөгөөс Лян Шань ууландаа буцагтун хэмээсэнд Лү Жюнь И маш уурлан, ийн өгүүлрүүн: - Миний эм Зяши угаас журамтай, тийм хэрэг хийхгүй. Басхүү Лигү миний хөрөнгийг дагаж эрхэлсэн тэжээвэр хөвгүүн адил тул, түүнд тийм их зүрх үгүй. Чи харин өөр гэм хор үйлдээд хөөгдсөн учир буй за хэмээн Янцинийн үгэнд орсонгүй, шууд Бээжин хотод орж, өөрийн гэрт ирсэнд түүний гэрийн зардас нар үзэж, маш цочин айж байв.

Тэндээс Лү Жюнь И дотоод байшиндээ орж үзвээс Лигү гагцаар сууж баймуй. Энэ Лигү Лү Жюнь Иг үзээд маш цочиж, газар сөгдөн ийн өгүүлрүүн: - Мэргэн ах яахин гэртээ морилж ирэв? Мунхаг дүү нь танаас салж гэртээ ирсэнд Зяши бэргэн надаас эл учрыг сонсоод маш айн баймуй. Иймийн тул бид бүгдээр их зовж, гэрийн эзэн таныг мөрөөдөн санав. Эдүгээ морилон харьж ирсэн нь маш сайн хэмээн.” хэлэлцэх завсар Зяши эм нь хүрч ирээд, худлаар уйлан: - Гэрийн эзэн та нь яахин ийм их удав? Эдүгээ би чиний хойноос очих хэмээсэнд Лигү Лян Шаньд их суурьтай болсон, дараа ирэх хэмээв.” хэмээсэн үгийг би сонсоод өдөр шөнийн бодлого болж байтал, харин гэнэт харьж ирсэн тэнгэрийн баяр хэмээн уйлан мөргөж байв. Үүнд Лигү сэмхэн нэг хүн илгээж Лү Жюнь Иг ирсэн учрыг яамнаа мэдүүлсэнд, яамнаас хоёр зуу шахам цэрэг мордож, Лү Жюнь Игийн гэрийг тойрон бүсэлж зарим нь дотогш орж Лү Жюнь Иг хүлж авав. Тэндээс тэр албаны хүн нар Лү Жюнь Иг “Лянь Гүн Сүгийн яамнаа аваачсанд, ноён даруй танхим сууж Лү Жюнь Иг сөгтгөн, ийн асууруун: - Лү Жюнь И чи угаас шударга хүний үр бөгөөд эдүгээ энэ хөрөнгө чинээгээ эдлэхгүй, юунд урваж Ляншаний муу хулгай лугаа хуйвалдаж урвав? хэмээн асуусанд Лү Жюнь И даруй мөргөж өгүүлрүүн: - Өчүүхэн хүн маш их мунхаг буруу болжихуй. Угаас Лян Шаньд яахин урвах буюу. Гагцхүү тэр хулгайн дотроос Ү Юн хэмээх Ү Шюэжү хуурмагаар, заяа бодогч хуушаан хэмээн ирж, өчүүхэн хүнийг ийм тийм их аюултай хэмээн хууран буян үйлдсүгэй хэмээсэнд, өчүүхэн хүн Тайшань уулын сүмд буян үйлдэхээр явж байтал, Ляншаний дээрэмчин нар ирж байлдсанд би хүч хүрэлцсэнгүй баригдаж, хоёр сар гянданд хоригдож суув. Эдүгээ арайхийн нууж оргон гарч ирэв хэмээсэнд Лянь Жуншү маш зандран өгүүлрүүн: - Чи бүү худал хэлэгтүн. Нэгэнт Лян Шаньд баригдсан болбоос үл дагах ёс үгүй.

Дэмий худал үгээр чимэглэж яахин болмуй. Чи эдүгээ буцаж ирсэн нь учир их буй. Нэгд, Бээжин хотын гадаад дотоодыг тагнах ба бас өөрийн гэргий, гэр хүрээгээ авахаар ирсэн байх. Чи үнэнээ мэдүүлэгтүн хэмээсэнд Лү Жюнь И: - Ер өөр мэдүүлэх үг үгүй. Үнэн нь энэ бөлгөө хэмээсэнд хажуугаас Лигү өгүүлрүүн: -Гэрийн эзэн чи Ляншаний Сүн Гүнмингийн хоёрдугаар сууринд суусан үнэнээ мэдүүлэхээс гадна, би биеэр очиж үзсэний дээр басхүү өөрийн суух байшингийн хавирганд урвасан үгээ бичсэн учрыг яахин нууж болмуй хэмээх сацуу Лү Жюнь Игийн эм Зяши сөгдөн мэдүүлрүүн: - Өчүүхэн хүний нэр Лү овогт. Угаас шударга билээ. Эдүгээ яахин Лян Шаньд урвасныг мэдэхгүй. Энэ Лигүтэй Тайшань ууланд очих ба Шаньдунд худалдаа хийхээр яваад, хожим Лигү нөхөр Лү овогт Лян Шаньд урвав хэмээх үгийг сонсгож ирснийг би маш айж, өндөр яамнаа ялаас хэлтрэхийг бодож мэдүүлсэн билээ.

Эдүгээ энэ биеэр иржүхүй. Эртний үгэнд: - Нэгэн гэрийн тэргүүлэгч самууран урваваас есөн төрлийг хүй тэмтрэгтүн хэмээсэн үг буй тул бид амь хэлтрэхийг бодохоос гадна басхүү байшингийн хавирган дээр урвасан бичиг бичжүхүй. Худал хэмээвээс албаны хүн гаргаж үзүүлэх ажаамуу хэмээн мэдүүлэх завсар, тэр Лян Жуншүгийн дэргэдээс нэг сойвон өгүүлрүүн: - Ноён энэ зальхай урвасан хулгайгаас олон үг асууж юу хиймүй. Энэ даруй занчиж асууваас зохих. Үгүй бөгөөс яахин үнэнээ хэлмүй хэмээсэнд ноён даруй албаны хүнд тушааж, түүний биеийг гурван удаа мах ясанд хүртэл шүүсэнд хөөрхий сайн эр Лү Жюнь И аргагүй худал үгээр Лян Шаньд урвасан үнэн хэмээн өчиг гаргасанд, түүнийг бичиглэж аваад, Лү Жюнь Игийн хүзүүнд маш их дөнгө өмсгөөд басхүү төмөр дээсийг зүүж үхэх гянданд хорив. Энэ гяндангийн их бага хоёр дарга нь, нэг нь Цай Пү хэмээмүй. Энэ хүнд энгийн хүн цол өгжчүхүй. “Төмөр гарт сайн эр” хэмээмүй. Бага дарга Чай Жинь хэмээмүй. Цол нь “И Жи Хуа” хэмээмүй. Үүнийг тайлбаас “Нэг мөчирт цэцэг” хэмээмүй. Энэ хоёр Лү Жюнь Итэй хамаатай ургийн хүн болох тул аргагүй ноёны тушаалыг дагаж нэг цэвэрхэн гянданд оруулав.

Тэндээс их дарга Цай Пү дүү Чай Жиньд өгүүлрүүн: - Эдүгээ чи гяндныг харж байгтун. Би явж Лү Жюнь И ахад хоол авчран өгье хэмээгээд зээл явж байтал, нэг хүн дуудаж ийн өгүүлрүүн: - Эрхэм дарга Цай Пү ах та түр зогсогтун. Би нэг үг айлтгая хэмээсэнд Цай Пү түүнийг үзвээс урьд Лү Жюнь Игий-н гэрт байсан Янь Чин ажгуу. Энэ Янь Чин Лү Жюнь Иг гянданд хоригдсон учрыг сонсоод түүнд хоол өгөх хэмээн явж ирээд, Цай Пүд учирч: - гянданд оруулж учруулах болов уу? хэмээсэнд Цай Пү өгүүлрүүн: - Чи эдүгээ гянданд очиж миний дүү Чай Жиньтэй учраад Лү Жюнь Итэй уулзагтун хэмээн хэлээд явж яамны өмнөх гүүрээр гарч, нэг цайны пүүсэнд орох хэмээн үүдэнд очсонд, тэр пүүсний нэг зардас ирж өгүүлрүүн: - Мэргэн дарга таныг манай гэрт нэг хүмүүн та лугаа учрах эрхэм хэрэг буй гэнэм. Тиймийн тул намайг илгээж таныг залуулав хэмээсэнд Цай Пү дарга даруй орж үзвээс Лү Жюнь Игийн гэрийн дотор дарга байсан Лигү болой. Тэр өгүүлрүүн: - Мэргэн дарга тан лугаа учрах хэмээн эртнээс санасан билээ. Одоо энд морилон ирсэн нь маш сайн. Гагцхүү гуйх нэгэн чухал хэрэг буй тул таныг залав. Учир юу хэмээвээс эдүгээ миний нэг гэрийн хамт байсан Лү Жюнь И гянданд хоригдов гэнэм. Иймийн тул та урагш хойш явж хэрэг даах хүмүүн тул, би танд хахууль болгон алт тавин лан авчрав.

Гуйх нь: энэ Лү Жюнь И хэмээх Лян Шаньд урвасан хулгайг цаазаар яллахыг мэдээрэй хэмээн алтаа барьсанд Цай Пү өгүүлрүүн: - Би ер хахууль хүртэж сурсангүй. Чи ямар учирт над хахууль өгөв. Чи Лү Жюнь Игийн эм лугаа нөгцөв хэмээн дам сонссон.Чи үүнд зовох юу.Эр Лү Жюнь И нэгэнт ял олж гянданд орсон тул та нарын наадах нь өөрийн дураар болжихуй хэмээсэнд Лигү: - Мэргэн ах үүнийг бүү чамлагтун.Би бас нэг хэдэн лан алт нэмж барья хэмээсэнд Цай Пү өгүүлрүүн: - Мэргэн нөхрийн шагнал болгож хайрлах нь маш зөв. Гагцхүү сонсвоос манай Бээжин хотод Лү Жюнь И хэмээх маш их баялаг хөрөнгөтэй хэмээн хэлэлцэх тул, чи над алт туслах ахул нэг зуун лан алт хайрлаваас болмуй хэмээн гуймагц Лигү маш баярлан: - Тийм бөгөөс миний гуйсан хэргийг түргэн завдаж хайрлахыг гуйхаас гадна энэхүү нэг зуун лан алт миний биенд одоо үгүй тул, маргааш эрт авчирч өргөн барья хэмээгээд тус тус тархав.

Тэндээс Цай Пү гэртээ харьж, гянданд очих хэмээн эргэн гарч явтал, нэгэн үл таних хүн ирж, ёслон өгүүлрүүн: - Мэргэн дарга ах, би нь Лян Шань уулаас ирсэн Чай Жинь хэмээх хүн. Уг нутаг Цанжоу хотод бөлгөө. Жоу хааны төрлийн болох хүн эдүгээ журам дагаж Ляншаний Сүн Гүнмин ахыг дагаж тэнд оршив. Өчүүхэн намайг манай Сүн Гүнмин ах илгээж, Лү Жюнь Иг тагнуулсан билээ. Одоо сонсвоос зальхай эр эм хоёрын хорлолоор гянданд хоригдов хэмээх тул өчүүхэн би танд учирч, энэ үгийг сонсгоод дараа Лү Жюнь Иг гяндангаас гаргаж авах арга байваас алт нэг мянган лан авчрав. Үүнийг хахууль болгон хэрэглэж, аргалан авъя. Хэрвээс эс хялбар гаргаж авах болбоос, бид бүгдээр цэрэглэн ирж хот хэрмийг эвдэхээс гадна хүн амьтныг бүрэлгэх ба тахиа нохойг ч үл үлдээмүй.”гэх зэрэг хэлсэнд Цай Пү маш айн, бүх биений хар хөлс гарч, ийн өгүүлрүүн: - Мэргэн ах та нэгэнт ийм хэргээр ирсэн ахул, би энэ учрыг дүү Чай Жиньд хэлж, бид хоёр зөвлөе хэмээсэнд Чай Жинь даруй гарч хувилгаан явдалт Дай Зүнын дуудаж алт нэг мянган ланг авчирч Цай Пү даргад тушаасанд, тэр авахын аргагүй тул хүлээн эс авав. Үүнд Чай Жинь, Дай Зүн хоёр алт эс авсанд уур нь хүрч байтал, Цай Пү дарга даруй мэдээд аргагүй алтыг авав.

Дүү Чай Жиньд энэ учрыг хэлэвээс Чай Жинь өгүүлрүүн: - Ах үүнд зовох юу. Нэгэнт алтыг хүлээн авсан тул арга буюу. Эртний өгүүлсэн нь: - Хүнийг албаас цусыг нь үзэх. Хүнийг ялаас хэлтрүүлэн ававаас амийг нь аврах хэмээсэнд бөлгөө. Тиймийн тул бид энэ алтыг дээд доорд хахууль болгон өгөөд, Лү Жюнь И ахын амийг аврах нь мөн. Хэрвээ Лян Жуншү, Жан Гүнму ноён сойвон хоёр энэ алтны хахуулийг хүлээн ававаас маш сайн. Эс ававаас ах Лү Жюнь Иг алах ба цөлөхөд хүрээд, тэр цагт Ляншаний сайн эрс яахин хүлээмүй. Эрхгүй булаан авах буй за. Юу ч болов ах чи явж Лян Жуншү, Жан Гүнму нар лугаа уулзаж, учрыг хэлэгтүн хэмээсэнд Цай Пү даруй явж Жан Гүнму сяньшэнд сэмхэн Лү Жюнь Игийн амь гаргах учир хахууль нэг мянган лан алт авчрав хэмээхийг сонсоод, маш баярлан Лян Жуншүд очиж энэ үгийг хэлсэнд, мөн баярлан өгүүлэв: - Энэ Лү Жюнь Игийн хахуулийг хэдүй хүлээн авсан боловч, зүгээр өнгөрүүлж үл болох тул, түүнийг дөчин цавчирга занчаад, гурван мянганы газар цөлөх ял унагая хэмээн зөвлөөд даруй энэ учрыг Цай Пүд тушааж, алтыг хүлээн авч яамнаа хуваан хэрэглэв. Үүнд Цай Пү гэртээ харьж ирэх замд мөнөө Лигү учирч, алт нэг зуун лан авчирснаа хэлмэгц Цай Пү өгүүлэв: - Алт хахуулиа дээд яамнаа аваачиж, ноён түшмэлээс гуйхаас бус, энд өгч үл болмуй. Би болбоос нэг гяндангийн дарга бөгөөд яахин энэ хэргийг мэдэх буюу. Одоо чи Лян Жуншү ноёнд очиж гуйгтун.” хэмээмэгц Лигү тэр ноёнд бараалхан учраа айлтгасанд, ноён өгүүлрүүн: - Надаас гуйх нь юун. Энэ хэргийг би мэдэхгүй, гяндангийн дарга мэдэх тул над бүү хэлэгтүн хэмээн биесэд түлхэцэлдэж хахуулийг эс авсанд Лигү аргагүй буцав.

Тэндээс Жан Гүнму сяньшэн даруй бичиг бичиж Лү Жюнь Иг гяндангаас гаргаж их дөнгө төмөр дээсийг авч, дөчин цавчирга занчаад, хоёр албаны хүнд тушааж өгөв. Энэ хоёрын нэр нь Дунчао, Сюэба хэмээмүй. Энэ хоёр Лү Жюнь Иг хүлээн аваад Ша Мэнтү хэмээх газар цөлөхөөр явав. Энэ хоёр хүн угаас Кайфэн Фүгийн харъяат хүн. Ирвэсийн толгойт Линь Чүнийг цөлөхөөр явж, замд алдсан учирт Гао Тайвэй сайд буруушааж Дунжин хотод цөлсөн. Энэ хоёрын чадалтай сайныг мэдэж Лян Жуншү гар доороо зардаг бөлгөө. Тиймийн тул энэ хоёрыг явуулав. Энэ учрыг Лигү сонсоод даруй Дунчао, Сюэба нар лугаа учирч өгүүлрүүн: - Мэргэн дүү нарт би нэг чухал хэрэг зөвлөхөөр ирэв. Энэ Лү Жюнь И өчүүхэн намайг маш дарлан зовоож байсан тул, эдүгээ тэр арга олж цөлөгдөх хэмээх тул, эрхэм хоёр дүү хамт явмуй хэмээх тул гуйх нь: Түүнийг замын зуур алж нүүрт шивсэн үсгийг огтолж авчраад над өгвөөс, миний гомдол барагдахын дээр би урьдаар хоосон бусын төдий бэлэг болгон алт тавин лан хэмээн нэг зуун лан алтыг хуваан өгсөнд, бас ирэх цагт их бэлэг өргөе хэмээсэнд тэр хоёр маш баярлан, алтыг аваад Лү Жюнь Иг хэрмээс гаргаад явж, арван хэд хоносны хойно, нэг архины дяньд орж, архи ууж будаа идэх хэмээн хэлэлцээд, тэр пүүсний нэг цэвэрхэн байшинд суув.

Тэндээс Дунчао өгүүлрүүн: - Энэ пүүсний зардсынг хэрэглэхгүй, хулгай Лү Жюнь И чи тогооны гэрт будаа хийж ирэгтүн хэмээсэнд Лү Жюнь И аргагүй будаа чанаж өгсөнд, тэр хоёр идэж гүйцсэний хойно бас “хөл угаах ус буцалга хэмээсэнд Лү Жюнь И усыг буцалгаж, хувинд хийж авчирч өгсөнд, үлдсэн усанд Лү Жюнь И хөлөө угааж байтал Дунчао ирж, тэр буцалгасан усыг түүний хөлд бүрнээ цутгасанд хөл нь цэврүүтэн явж чадахгүй болмогц, Дунчао шийдмээ авч хэд занчаад, зальхай хулгай бушуу явагтун хэмээн дяниас гарч арван хэдэн газар явсанд, нэг шугуй мод харагдав. Түүний дэргэд очтол, Лү Жюнь И ийн өгүүлрүүн: - Эрхэм хоёр ах өчүүхэн намайг баахан аварч өршөөгтүн. Хөл минь хавдаж, цус гараад, ер газар хүргэж болохгүй хэмээсэнд тэр хоёр мөн ч амрах хэмээн тэр шугуйн дотор оров. Үүнд Лү Жюнь Иг одоо алахаар хэлэлцээд, түүний биеийг хүлж нэг модноос уяад Сюэба өгүүлрүүн: - Эдүгээ ах чи гадаа гарч хүн харж байгтун. Би үүнийг цохиж алах хэмээгээд гарч хүн харав. Тэндээс Сюэба шийдмээ авч Лү Жюнь Игийн дэргэд ирж өгүүлрүүн: - Эрхэм дүү чи бид хоёрт гомдож болохгүй. Чиний гэрийг эзэлсэн Лигү гэгч хүн бид хоёрт хахууль алт өгч чамайг замд алсугай хэмээсэн тул, эдүгээ чи Ша Мэнту хэмээх газар очсон хойно мөн ч үхмүй.Тиймийн тул чи үхэгтүн. Эрлэгт очиж Лигүтэй заалдан мэдүүлж өсөө автугай.” хэмээмэгц Лү Жюнь И: - Аяа, бурхан тэнгэр мэдэхээс өөр юү өчмүй хэмээн уйлсан нь хур орсон мэт болмогц Сюэба даруй црхих хэмээн шийдэм далайсанд, гэнэт нэгэн буу шийдмийн чимээ хүрч ирээд зүрхний эхэнд оносонд газар унав.

Ах Дунчао ирж үзвээс Лү Жюнь И хэвээр баймуй. Дүү Сюэба газар хэвтжүхүй. Үүнийг үзээд маш сэжиглэн ийш тийш харж гайхан байтал, нэг модны дээр сармагчин адил нэгэн хүн үзэгдэв. Түүнийг модноо авирч барих хэмээтэл тэр бас нэг сум харваж Дунчаог газар унагав. Энэ хүн чухам хэн хэмээвээс Лү Жюнь Игийн гар доор зарагддаг Янь Чин хэмээх хүн урьдын ачийг хариулахаар ирж зам тосож шугуйд нуугдан байсан тул, модноос бууж ирээд Лү Жюнь Иг тайлж аваад дөнгий нь хэмхэлж, төмөр дээсийг нь цавчиж суллан тэвэрч авав. Үүнд Лү Жюнь И инээн нүдээ нээж үзвээс нэг хүн тэвэрч баймуй. Лү Жюнь И маш гайхан: - Чи аль газрын хнү? хэмээн асуусанд Янь Чин өгүүлрүүн: - Гэрийн эзэн Юаньвэй та намайг үл таних буюу? Өчүүхэн хүн эрхэм Юаньвэйгийн гар доор зарагдан явсан Янь Чин хэмээгч боол билээ. Эзэн таныг Шан Мэнтү хэмэх газар цөлөх хэмээн хоёр албаны хүн авч гарав хэмээх үгийг сонсоод, багаж хэрэглэл авч эзэн таны амийг авах хэмээн зам тосож байтал, харин энэ шугуйд тохиолдов. Үгүй бөгөөс эзэн таны амь, алтан бие сүйдэж дуусав. Тиймийн тул энэ хоёрыг сумаар харваж алав.

Эдүгээ энд байж болохгүй, эртхэн явж амь гарахыг бодсугай хэмээсэнд Лү Жюнь И ийн өгүүлрүүн: - Миний хоёр хөл цэврүүтэй тул, газар гишгэж чадахгүй хэмээсэнд Янь Чин өгүүлоүүн: - Тийм бөгөөс өчүүхэн боол би үүрэн явж, энд ойр нэгэн Дамин Фү хэмээх хот буй. Тэнд очиж дяний пүүсэнд орж цай хоол идээд, бие амраад, Лян Шань уулын Сүн Гүнмин ахын дэргэд очиж аж төрсүгэй хэмээсэнд Лү Жюнь И маш баярлан, Янциниэр үүрүүлэн явж Дамин Фү хотын зүг явж, удсангүй ирээд нэг дяньд бууж, цай хоол идээд, хэдэн өдөр амрах хэмээн хэлэлцэн байв. Үүнийг үл өгүүлэн өгүүлэх нь: Энэ хоёр албаны хүн Дунчао, Сюэба хоёр Янцинийн суманд харвагдаж үхээд, тэр шугуйд байсныг зам явсан хүн үзэж Дунжин хотын Лян Жуншү ноёнд уламжлан мэдүүлсэнд, Лян Жуншү даруй шархач гаргаж үзүүлсэнд, үнэхээр сумаар харвагдаж үхсэн хүн хэмээн мэдүүлсэнд, харъяат яамнаас албаны цэрэг хоёр зууг гаргаж, газар газар Лү Жюнь Иг эрүүлж, нэгэнтэйгүүр хот бүхэнд бичиг тархааж явуулсанд, энэ бичиг Дамин Фүд хүрч ирсэнд Дамин Фү харъяат хотдоо ухуулах бичиг нааж, олонд Лү Жюнь И хэмээх хүнийг барихаар зарласанд, тэр дяний тэргүүлэгч сэмхэн гарч, Дамин Фүгийн яамнаа ийн мэдүүлэв. Сонсвоос Лү Жюнь И хэмээх ялтныг бариулахаар олонд зарламуй. Иймийн тул манай дяньд нэгэн сэжигтэй хоёр хүн ирэв.

Нэг нь хөл муутай, нэг нь бие их, баатар шинжтэй. Басхүү биендээ сэлэм, нум сум авч явмуй. Энэ хоёр хүнийг бариваас эрхгүй учир нь тодорхой мэдэгдмүй хэмээсэнд яамнаас албаны хүн ирж Лү Жюнь Иг барихаар завдав. Үүнд энэ үгийн Янь Чин сонсоод маш айн цочиж нуун гарч, хуучин байсан шугуй модондоо орж үзвээс олон хүн цэрэглэн очиж, Дамин Фүгийн их хаалганы гадна зогсож, дяний тэргүүлэгчийг хүлээж баймуй.

Тэндээс тэр дяний эзэн ирж, дагуулан ороод Лү Жюнь Иг барьж аваад Лян Жуншүгийн яамнаа явав. Үүнд Янь Чин ийн сэтгэрүүн: - Эдүгээ гэрийн эзнийг хамгаалах аргагүй болов. Одоо Лян Шаньд очиж Сүн Гүнминд энэ учрыг хэлэлгүй болохгүй хэмээн бодоод даруй нисэх мэт явж, нэг их мод бүхүй ууланд очиж амран сууж байтал, хэдэн шаазгай шувуу модны дээр сууж донгодмуй. Үүнийг Янь Чин үзээд ийм сэтгэрүүн: - Эдүгээ би нэг сум харваж энэ шаазгайд хүргэж төлгө тавьсугай. Хэрвээ миний эзэн амь гарах ахул над бууж ирэгтүн хэмээн нэг сум харвасанд тэр шаазгай шувуу Янцинийн сумыг сүүлдээ хавчиж аваад нисэн явав. Тэндээс тэр Янь Чин тэр уулаас бууж явтал, гэнэт хоёр хүн ирэв. Үүнд Янь Чин дотроо сэтгэрүүн: - Эдүгээ Лян Шаньд очиход хүнс ба зоос үгүй тул энэ хоёрыг алаад, юмыг дээрэмдэж ававаас замын хүнстэй болно хэмээн сэтгэж, тэр хоёр хүний өмнөөс угтан очиж, шууд сум харвасанд тэр сумыг тэр хоёр барьж аваад, Янцинийн хойноос хөөж, түүний биеийг тус авч явсан шийдмээр нэг удаа цохисонд Янь Чин газар унав. Үүнд тэр,хоёр хөл толгой дээр нь дарж Янцинийн сэлмийг авч гэдсэнд хатгах хэмээсэнд Янь Чин ийн өгүүлрүүн: - Эдүгээ би нь үхэх гэм үгүй. Гагцхүү эзнийхээ амийг авруулах учир хэл хүргэж чадсангүй хэмээн гасалсанд тэр энэ үгийг сонсоод: - Чи ямар учир, хэний төлөөнөө, хаашаа очих, хэл хүргэх чиний эзэн хэмээгч ямар хүн? хэмээсэнд Янь Чин Лү Жюнь Игийн амийг авруулахаар Лян Шань ууланд очиж Сүн Гүнминд хэл хүргэхээр яваа учраа хэлсэнд, тэр хоёр Янцинийг дээш босгож, ийн өгүүлрүүн: - Бид хоёр чамайг нэр сонссон боловч зүс үзээгүй тул заяатай алсангүй. Харин чи энэ үгийг гаргаж үл хэлэх ахул дуусав. Гагцхүү тэнгэр өршөөж энэ үгийг хэлүүлэв. Эдүгээ би буцаж ууландаа харьсугай хэмээв.

Энэ хоёр хүн хэн хэмээвээс Лян Шань Фү уулын Ян Сюн, Ши Сю хоёр бөлгөө. Сүн Гүнмингийн зарлигаар Дунжин хотын Лян Жуншүгийн яамнаа очиж, Лү Зюгь Игийн мэдээг авахаар явж бөлгөө хэмээн хэлэлцээд Ши Сюг Лян Жуншүгийн хотноо илгээж, Лү Юаньвэйг сайхан тагнаж байгтун. Бид хоёр Лян Шаньд очиж энэ мэдээг Сүн Гүнмин нарт хүргээд даруй ирсүгэй хэмээн хоёр зүг явав. Удсангүй Ян Сюн, Янь Чин хоёр Лян Шаньд очиж Сүн Гүнминд энэ үгийг хэлэв. Тэндээс Сүн Гүнмин маш яаран олон жанжин цэрэг авч Дунжин хотод ирэхийг үл өгүүлэн өгүүлэх нь: Ши Сю гагцаар явж Дунжин хотны Лян Жуншүгийн яамны ойр очиж мэдээ чагнан явтал, олон хүн нар “Хөөрхий хилс үгүй болов” хэмээлцэх үгийг мэдээд, тэр хүн нараас ийн асууруун: - Эрхэм олон нөхөр ямар учирт “хөөрхий хилс” хэмээх үг хэлэлцмүй? хэмээсэнд тэдгээр хүн нар ийн өгүүлрүүн: - Манай Дунжин хотын нэг баялаг, төрөлхийн шударга хүмүүнд Лү Жюнь И хэмээх хүмүүн буй. Түүнийг Лян Шань Фүгийн урвасан хулгай нар лугаа хуйвалдав хэмээн энэ өдөр морин цагийн гуравдугаар мөчид, түүний толгойг цаазаар авах гэнэм хэмээсэнд Ши Сю энэ үгийг сонсоод зүрхэнд сум туссан адил болж, даруй тэд нараас салж, хүн алах “Ша Еэ Зинд” хүрч ирвээс тэнд байгуулсан нэг өндөр байшин баймуй.

Тэнд орж үзвээс архи мах худалдах газар. Иймийн тул Ши Сю даруй архины зардасыг дуудаж архи авчруулан уугаад, маш их зүрх орж байтал, хот дотроос гэнэт хэнгэрэг харанга цохиж, олон цэрэг хөдөлж ирэв. Үүнийг үзэхүл дунд нь Лү Жюнь Иг хүлж тэргэнд ачижухуй. Хоёр этгээдээр цэрэг жагсуулан явмуй. Тэдгээр цөм хүн алах газар ирээд Лү Жюнь Иг тэрэгнээс буулгаж алахаар завдсанд Ши Сю гарч, хулгайн нүдийг бүлтийлгэн, хоёр их сэлмийг барьж, шууд дайран орж, хүн алагч хоёр сэлэм барьсан Күй Зишүг алаад бас ноёныг алах хэмээн олон цэрэг дунд ирсэнд, тэдгээр цөм зугтав. Үүнд Ши Сю ийн өгүүлрүүн: - Та нар бүү явагтун. Ляншаний сайн эрс цөм ирсэн тул, та яаран яахин гарч чадмуй хэмээн өндөр дуу гарган бархирч, хорь гучин хүн алаад Лү Жюнь Иг булаан авч гараад өмнө зүг явав. Үүнийг үл өгүүлмүй.

Өгүүлэх нь: Энэ учрыг Лян Жуншү сонсоод маш олон цэрэг гаргаж, бариулах хэмээн дөрвөн зүг илгээв. Үүнд Лян Жуншү хойд хотын хэрмийн хаалгыг хааж өдөр шөнөгүй харуул тавив. Энэ нь газар малтаж орох оготнын чадал хаанав, тэнгэр дээр нисэх жигүүртэн адил далавч ургасангүй. Ши Сю, Лү Жюнь И хоёр зугтан яваад баригдах эсэх, амь гарах үл гарахыг хойд бүлэгт үзэгтүн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top