Ногоон хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх зорилгоор "Ногоон бонд"-ын зохицуулалтыг Санхүүгийн зохицуулах хороо бондын бүртгэлийн журамдаа тусгаж баталсныг Олон улсын санхүүгийн корпораци /IFC/ онцолсон байна..
Энэхүү нийтлэлд “...Хэдийгээр олон улсын хэмжээнд ногоон бонд нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй сөрөг нөлөөг бууруулах, эрчим хүчний хэмнэлтийг нэмэгдүүлэх, хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх зэрэгт шаардагдах хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэхэд өргөнөөр ашиглагдаж байгаа боловч Монгол Улсын хувьд одоогоор ногоон бонд гаргасан тохиолдол бүртгэгдээгүй байгаа билээ. Хэдий тийм боловч ногоон бонд гаргах сонирхол, эрэлт хэрэгцээ маш их байгаа бөгөөд жилд ойролцоогоор 1 тэрбум ам.долларын ногоон санхүүжилтийн хэрэгцээ байна гэсэн судалгаа гарсан байна.
"Монгол Улсын Засгийн газраас ногоон эдийн засгийг дэмжихэд чиглэсэн хэд хэдэн бодлого, хөтөлбөрүүд гаргасан байдаг. Энэхүү журам батлагдсанаар ногоон санхүүжилтийн зах зээлийг хөгжүүлэхэд чухал алхам болж байгаа юм" гэж Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан хэлсэн байна.
"Хөрөнгийн зах зээлд илүү олон оролцогчдыг оролцуулах, ялангуяа гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд бид ногоон бонд гаргахад тавигдах шаардлагыг тодорхой болгож Олон улсын санхүүгийн корпорацитай хамтран ажиллаж байна" гэжээ.
Өнгөрсөн 12 дугаар сард зохион байгуулагдсан Уур амьсгалтай холбоотой зорилтуудыг хэлэлцэх олон улсын чуулган дээр Монгол Улс Парисын хэлэлцээрийн хүрээнд тодорхойлсон Хүлэмжийн хийг бууруулах үүрэг амлалтаа 2030 он гэхэд 27.2 хувьд хүргэхээр нэмэгдүүлэн тодорхойлсон билээ. Энэхүү шинэ үүрэг амлалтыг биелүүлэхэд 11.5 тэрбум ам.долларын санхүүжилт шаардагдах тухай холбогдох судалгаануудад дурдсан байна.
"Монгол Улсын газар зүй, цаг уурын онцлог нь сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хэмнэлттэй төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд таатай боломжийг бий болгож байдаг" хэмээн Олон улсын санхүүгийн корпорацийн Санхүүгийн байгууллагуудад зөвлөгөө өгөх газрын Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан дарга Камар Салем хэлжээ.
Мөн тэрбээр "Энэхүү боломжийг ашиглаж ногоон бонд гаргах эсвэл ногоон бондод хөрөнгө оруулах сонирхолтой санхүүгийн болон хувийн хэвшлийн бусад байгууллагууд олон байгаа бөгөөд энэ нь Монгол Улсад байгаль орчинд илүү ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, хог хаягдал багатай хүрээлэн буй орчныг бүрдүүлэхэд туслах болно" гэсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )