Банкны тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Монголын банкны салбар хоёр шатлалт тогтолцооноос олон нийтийн хяналттай нээлттэй банк болох шинэ тогтолцоо руу шилжихээр болсон.
Энэ хүрээнд банк нь хөрөнгийн зах дээлд IPO хийхтэй холбогдуулан иргэд, олон нийтэд мэдээлэл өгөх зорилгоор Монголын хөрөнгийн биржээс энэ сарын 24-нд BANK IPO нээлттэй вебинарыг зохион байгуулах аж.
Уг вебинарт санхүүгийн зохицуулагч байгууллага, банк, хөрөнгийн захын төлөөллүүд, мэргэжлийн байгууллагууд болон олон нийтийг оролцуулах юм байна.
Нийтдээ 38 их наяд төгрөгийн активтай банкууд нээлттэй компани болж, хөрөнгийн бирж дээр гарахад манай улсын хөрөнгийн зах зээл бэлэн үү гэдэгт Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан дараах хариултыг өгч байна.
Хөрөнгийн зах зээл дээр 2005 онд анхны IPO буюу олон нийтэд хувьцаагаа санал болгож, нээлттэй хувьцаат компани болж гарч байсан. Түүнээс хойш нийт 24 компани IPO хийж, нэмж 11 компани хувьцаагаа гаргаж өнгөрсөн оны жилийн эцсээр зах зээлийн үнэлгээ 3 их наяд төгрөгт хүрсэн. Мөн 19 компани бирж дээр компанийн өрийн хэрэгсэл буюу бонд, хамтын хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасаа нийтэд санал болгож амжилттай гаргасан.
Харин 2014 оноос Засгийн газрын үнэт цаасыг биржээр дамжуулан арилжаалж эхэлсэн зэрэг нь манай улсын иргэд, хөрөнгө оруулагчдын хөрөнгийн зах зээлийн ойлголтыг ихээр нэмэгдүүлсэн. Эдгээр бүтээгдэхүүнд зөвхөн дотоодын иргэд, хөрөнгө оруулагчдаар зогсохгүй олон улсын санхүүгийн байгууллага, гадны хөрөнгө оруулагчид ч хөрөнгө оруулж, хөрөнгийн зах зээлд оролцож байсан. Түүнчлэн УИХ-аас 2010 онд Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль, 2013 онд Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль зэрэг хөрөнгийн зах зээлийн суурь хууль тогтоомжуудыг олон улсын жишигт нийцүүлж шинээр болон шинэчлэн баталсан.
Энэ бүхнээс дүгнэхэд, хөрөнгийн зах зээл дээр өнөөдөр иргэд, хөрөнгө оруулагчдын хүсэл сонирхолд нийцсэн, сайн бүтээгдэхүүн борлуулбал хөрөнгө оруулах боломж бүрэн бий. Дэд бүтцийн хувьд ч банкууд хувьцаагаа олон нийтэд саннал болгоход ямар ч саад бэрхшээлгүй, бэлэн байдал бүрэн хангагдсан гэж хэлж болно гэв.
Сэтгэгдэл ( 0 )