Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод “Монголд үйлдвэрлэв” худалдааны төв байгуулах төслийн ажлын хүрээнд цахим хурал зохион байгуулжээ.
Хуралд МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн, Монгол Улсаас Хөххотод суугаа Ерөнхий консул С.Батхуяг, МҮХАҮТ-ын Бээжин дэх төлөөлөгч Ө.Мөнгөнцацрал болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны "Дексин" группийн ТУЗ-ийн дарга Ан Жун Пин нар оролцон хамтран ажиллах гэрээнд хоёр тал гарын үсэг зуржээ.
Гэрээ байгуулагдсанаар хоёр улсын худалдаа, бараа бүтээгдэхүүний эргэлт сайжрах, цар хүрээ нь тэлэх төдийгүй экспортын нэр төрөл нэмэгдэхээс гадна соёлын харилцааг өргөжүүлэх, сурталчлан таниулах, үндэсний үйлдвэрлэл илүү эрчимтэй хөгжих, ажлын байр шинээр бий болох, худалдааны хориг саад багасах зэрэг ажлуудын эхний алхам тавигдаж байна.
"Монголд үйлдвэрлэв” төвийг байгуулснаар монгол бараа бүтээгдэхүүнээ хөрш зэргэлдээ зах зээлд худалдах, захиалга авах, хөрөнгө оруулалт татах зэрэг шинэ боломж гарч ирэх юм. Хоёр улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр татаас бус бизнесийн харилцан ашигтай хамтын ажиллагаанд үндэслэн, одоогийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд түшиглэн, өнөөгийн бизнесийн сул орон зайг дүүргэх, үйлдвэрлэгчдэд шинэ зах зээл нээх үүднээс “Монгол үйлдвэрлэв” төвийг байгуулж байгааг МҮХАҮТ-ын зүгээс дахин онцоллоо.
Сэтгэгдэл ( 0 )