Бизнесийн ёс зүйн өнөөгийн байдал, аж ахуй нэгжүүдийг чадавхжуулах, сургалтын хэрэгцээг тодорхойлох судалгааны дүнг танилцуулах цахим уулзалт болсон байна.
МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнесийн Ёс Зүйн Төвөөс бизнесийн байгууллага дахь ашиг сонирхлын зөрчил болон ёс зүйн хоёрдмол байдалд орох эрсдэлээс бизнесээ хэрхэн хамгаалах ойлголтыг нэмэгдүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, засаглалыг бэхжүүлэхэд шаардлагатай сургалт болон зөвлөх үйлчилгээний хэрэгцээг тодорхойлох судалгааны дүнг танилцуулах, бизнесийн ёс зүй, шударга байдлыг дэмжиж ажиллах нь компаниудад ямар үр өгөөжтэй талаар нээлттэй санал солилцох уулзалтыг цахимаар зохион байгуулжээ. Уулзалтад хот болон орон нутгийн нийт 50 гаруй аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл оролцсон байна.
Судалгаанд нийт 100 гаруй аж ахуйн нэгж оролцсон бөгөөд бизнесийн ёс зүйн нэгдсэн ойлголт дутмаг байгааг Транспэрэнси Интернэшнл ТББ-ын зөвлөх Д.Тэгшбаяр онцоллоо.
Мөн ёс зүйн зохицуулалтын хувьд зарим аж ахуйн нэгжүүд тодорхой дүрэм, журам ба механизмтай байхад зарим нь огт зохицуулалтгүй, ойлголтгүй байснаар хоёр туйл руу хуваагдаж байна. Тухайлбал судалгаанд оролцсон аж ахуйн нэгжүүдийн 30-40% орчим нь ёс зүйн дүрэм болон гэрээнүүддээ авлигын эсрэг заалттай, шүгэл үлээх механизмтай байна. Мөн дийлэнх аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд авлига, залилан, луйвар, хөрөнгө завших, ашиг сонирхлын зөрчил зэрэг асуудлууд тодорхой хэмжээнд нөлөөлж байгаа нь аж ахуйн нэгжүүдэд бизнесийн ёс зүй, шударга байдлын ерөнхий болон нарийвчилсан сэдвүүдийн хүрээнд мэдлэгээ дээшлүүлэх шаардлагатай байгааг илтгэж байна.
Уулзалтын асуулт, хариултын үеэр Монголын томоохон компаниуд болох MCS, Skytel, Таван Богд Групп зэрэг компаниуд санал, туршлагаа хуваалцаж шүгэл үлээх механизм, ёс зүйн эрсдэлийн үнэлгээ, гуравдагч этгээдийн дүн шинжилгээ, ёс зүйн сургалтыг ажилчдын түвшинтэй хэрхэн уялдуулах зэрэг асуудлуудыг хөнджээ. Энэхүү бизнес эрхлэгчдээс гарсан санал, санаачилгыг бизнесийн ёс зүйн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх кампанит ажил болон Төвөөс зохион байгуулах сургалтын хөтөлбөрт тусгаж ажиллах юм байна.
Сэтгэгдэл ( 0 )