МҮХАҮТ-аас дэвшүүлсэн “Их сэргэлт” санаачилгын хүрээнд төрийн байгууллагуудаас олгодог тусгай зөвшөөрөл, тодорхойлолт, лавлагаа зэрэг зөвшөөрлүүдийн тоог бууруулах, тэдгээрийг олгох үйл явцыг хөнгөвчлөх Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг яаралтай хэлэлцэн батлах саналыг гаргасан.
УИХ-ын дарга Г.Занданшатар саяхан бизнес эрхлэгчидтэй хийсэн уулзалтын үеэрээ Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэн батлахад анхаарал хандуулахаа илэрхийлсэн бөгөөд энэ дагуу УИХ дахь Зөвшөөрлийн хуулийн төслийн ажлын хэсгийг шинэчлэн байгуулж, тус ажлын хэсгийн даргаар УИХ-ын гишүүн Х.Ганхуяг томилогдоод байна.
МҮХАҮТ-аас зургаадугаар сарын 18-ны өдөр Зөвшөөрлийн хуулийн хэлэлцүүлгийг бизнес эрхлэгчид болон мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг оролцуулан зохион байгуулсан бөгөөд УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Б.Энхбаяр нар оролцов. Хэлэлцүүлгийн эхэнд Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төслийг танилцуулж, оролцогчид хуулийн төсөлтэй холбогдуулан санал хүсэлтээ хэллээ.
Монголын авто тээвэрчдийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Д.Наранпүрэв:
Бид олон улсын аюултай ачаа тээвэрлэх тухай хэлэлцээрт нэгдэж орохоор бэлдэж байгаа. Хэрвээ уг конвенцид нэгдэж орвол заавал тээврийн байгууллагын оролцоо шаардлагатай болно. Гэтэл БОАЖЯ тээвэрлэлт хийх зөвшөөрлийг өгөх нь мэргэжлийн бус байгууллага эрхийг нь өгч байна гэсэн үг. Тиймээс заавал тээврийн яамтай хамтарч зөвшөөрлийг өгч байх нь чухал. Энгийн зөвшөөрөл дээр олон улсын жолоодох эрхийг Цагдаагийн газар өгөхөөр тусгасан байна. Энэ нь буруу. Учир нь Олон улсын жолоочдын нийгэмлэг гэж байдаг. Тухайн нийгэмлэгийн гишүүн байгууллага нь олон улсын жолоодох эрхийг өгдөг. Манай улсаас олгосон жолооны үнэмлэх нь олон улсад хүчин төгөлдөр үйлчилдэггүй. Мөн хуулинд байдаггүй хэрнээ салбаруудад сайдын тушаалаар гаргасан зөвшөөрлүүд их байдаг. Үүнийг хэрхэн зохицуулах нь тодорхой бус байгаа. Үүнийг илүү тодорхой болгох зайлшгүй шаардлагатай байна.
“Траст трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.Сансармаа:
Зөвшөөрлийг бид хамгийн хурдан, хүнд сурталгүйгээр авах нь чухал байдаг. Гэвч хуулийн төсөлд баримт бичгийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор тусгай зөвшөөрөл олгох талаар шийдвэр гаргахаар заасан. Үүнд ажлын эсвэл хуанлийн эсэх талаар тодорхой заагаагүй байна. Ажлын 30 хоног гэвэл нийтдээ 50 хоногийн хугацаанд тусгай зөвшөөрлийг шийдвэрлэхээр байна. Иймд хугацааг нь илүү тодорхой болгох шаардлагатай байна. Бас өргөдөл гаргагчийн өргөдлийг амаар авч гарын үсэг зуруулах тухай заасан. Зөвшөөрлийг олгосон, сунгасан, хүчингүй болгосон зэрэг шийдвэрүүдийг олон нийтэд үндэслэлийг ил тод байдлаар гаргах хэрэгтэй. Мөн түүнчлэн татварын өргүй байх талаар заасан байна. Гэвч хугацаа хэтэрсэн өр, энгийн өр гэсэн ойлголтын зөрүү байдаг. Тиймээс хугацаа хэтэрсэн татварын өргүй гэж зааж өгнө үү гэж хүсмээр байна.
“Скайтел” ХХК-ийн хүний нөөц, хууль эрх зүйн албаны захирал Ө.Жамбалсүрэн:
Одоогоос долоон жилийн өмнө Засгийн газар уг хуулийн төслийг өргөн барьж байсан түүхтэй. Тухайн үеийн өргөн баригдсан хуулийн төслийг одоогийн хуулийн төсөлтэй харьцуулахад хэд хэдэн чухал зүйлүүд алдагдсан байна гэж харж байна. Тухайлбал, өндөр хөгжилтэй улс орон, тухайн орны стандартыг хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, борлуулагч этгээдэд тусгай зөвшөөрлийг шууд олгох тухай дэвшилттэй заалтууд байсан. Мөн тусгай зөвшөөрлийг онцгой, тусгай, энгийн гэж ангилж, энгийн зөвшөөрлийг хугацаагүй, тусгай зөвшөөрлийг 15 жилийн хугацаатай байхаар бизнесийн хамгаалалт болохоор онцлог заалтууд тусгагдсан байдаг. Гэвч одоогийн хуулийн төсөлд тусгай зөвшөөрөл нь таван жилийн хугацаатай болсон байгаа нь тусгай зөвшөөрлийг их хэмжээгээр тарааж, олон тооны зөвшөөрөл олгох эрсдэлийг дахин бий болгоно.
Аливаа нугалаа, зөрчил зөвшөөрөл олгодог дунд шатны удирдлагууд дээр гардаг. Тиймээс өмнөх төсөл дээр энэ шатны удирдлагууд дээр зөвшөөрлийг задалж олгохыг хориглох тухай заасан байдаг. Энэ мэт дэвшилтэт заалтыг орхигдуулсан байна. Өмнөх хувилбар дээр зөвшөөрөл олгогч буюу төрийн албан тушаалтнуудын эрх үүргийг нэлээд хатуу хуульчилсан байсан. Одоогийн төсөлд бол энэ талаар тусгагдаагүй байгааг анхаарна уу. Энэ хууль дээр хэрхэвч төрийн захиргааны дунд шатны удирдлагуудын санал бодлыг сонсож тусгах юм бол төгс байдлаар шинэчлэл хийж чадахгүй, хуулийн амин заалтуудыг авч хаях, хайрцаглах гээд байдаг. Тиймээс бизнес эрхлэгчдийн санал бодлыг түлхүү тусгахыг анхаараарай гэж хэлмээр байна.
Монголын хүнсчдийн холбооны гүйцэтгэх захирал М.Нармандах:
Япон улсад хүнсний салбарын зөвшөөрлийг олгох ажлыг мэргэжлийн холбоод нь гүйцэтгэдэг. Холбоо нь мэргэжлийн бүхий л зааварчилгаа, зөвлөгөөг өгдөг. Тиймээс бусад орны туршлагыг харгалзан төрийн ажил үйлчилгээг төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлэх талаар заалтууд тусгаж хуулийн эрс шинэчлэл хийх хэрэгтэй байна. Манай улсад мэргэжлийн байгууллагын хүрэлцээ муу байгаагаас шалтгаалж нийтийн хоолны салбарт улсын байцаагчийг дүгнэлтийг гаргуулахыг зогсоосон байгаа. Үүнээс улбаалж мэргэжлийн бус, эрүүл ахуйн шаардлага хангахгүй үйл ажиллагаа явуулснаас хүн амын дунд хоолны хордлого болон хорт хавдартай болох нөхцөл бүрдэж байна. Тиймээс үүн дээр анхаарч үзэн зөвшөөрлийг эргээд олгож эхлэх, заавал мэргэжлийн байгууллага бус мэргэжлийн холбоод олгож явах хэрэгтэй.
“М Си Эс холдинг” ХХК-ийн дэд ерөнхийлөгч С.Энхтүвшин:
Төслийн 1.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Засгийн газар нь тусгай зөвшөөрөлд тодорхой хугацаагаар хязгаарлалт хийж болно” гээд үндэслэлүүд зааж өгсөн нь нотлох боломжгүй шалтаг тоочин томоохон тусгай зөвшөөрлүүдийг цуцлах, хуулиар олгогдсон эрхүүдийг хязгаарлах боломж нээгдсэн мэт харагдаж байна. Бас нэг удаагийн шинжтэй үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл авах биш энгийн зөвшөөрөл авахаар хуульчилж өгөх хэрэгтэй байна. Хуулийн төсөлд Зөвлөл байгуулах тухайд үйл ажиллагааны хүрээ, хязгаарыг тодорхой зааж өгөх саналтай байна. Мөн зөвшөөрлийн тухай хуулийн төслийн бусад хуулийн хэм хэмжээтэй харьцуулан, нийцүүлэх байдлыг давхар харах хэрэгтэй. Зөвшөөрлийн лавлагааг олгохдоо 3-5 өдрийн дотор олгохоор заасан байсан. Нэгэнт зөвшөөрөл олгочихсон байгаа нөхцөлд лавлагаа шууд өгдөг байдлаар оруулах хэрэгтэй.
Сэтгэгдэл ( 0 )