ШИЙДВЭР: Бодлогын хүүг 6 хувьд хэвээр үлдээж, эдийн засгийн өсөлтийн төсөөллөө өсгөлөө

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 06 сарын 23

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны өнөөдрийн /2021.06.23/ хурлаар, Бодлогын хүүг 6 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа.

Тодруулбал: Эдийн засаг, банк санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад, дотоод орчны төлөв, тэдгээрийн ирээдүйн хандлага, эрсдэлийг харгалзан үзэж бодлогын хоёр шийдвэр гаргажээ.

 

  • Нэгт, Бодлогын хүүг 6 хувьд хэвээр хадгалах,

 

  • Хоёрт, Монголбанкнаас урт хугацаат дахин санхүүжилтийн хүрээнд 2021 оны гуравдугаар улиралд олгох санхүүжилтийн хэмжээг 250 хүртэлх тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэрийг гаргажээ.

 

Эдгээр шийдвэрийг гаргахын тулд судалгаа, тооцоолол, төсөөлөл хийж ажилладаг гэж Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч хэллээ. Тэрбээр "Өнөөгийн бодлогын төлөв инфляцын зорилттой нийцтэй байгаа. Инфляцын өсөлт эдийн засгийн сэргэлттэй холбоотой ч, нийлүүлэлтийн шалтгаантай өсөлт давамгайлж байна. Инфляцын түвшин манай зорилтот түвшний дундаж дээр ирээд байна. Инфляцын өсөлтийн шалтгааныг түр зуурын гэж харж байна. Инфляцын өсөлт бидний хяналтаас гарах  хэмжээнд  хүрч өсөхгүй байх  гэлээ. Цаашид инфляцын түвшин илүү өссөн тохиолдолд Төв банк бодлогын арга хэмжээ авч, Бодлогын хүүгээ нэмэгдүүлэх арга хэмжээг авна" гэлээ. 

Төв банк эдийн засгийн өсөлтийн төсөөллийг өмнөхөөс өсгөж, 6.9 хувь байхаар таамагласан байна. Уул уурхай, түүнийг дагасан салбарууд илүү өндөр өсөлттэй байхаар тооцжээ. 

Сануулахад, Мөнгөний бодлогын хороо өмнөх буюу  гуравдугаар сарын 24-ний өдрийн хурлаараа мөн  Бодлогын хүүг 6 хувьд хэвээр хадгалах; Урт хугацаат дахин санхүүжилтийн хэрэгслээр 2021 оны 2-р улиралд 350 хүртэлх тэрбум  төгрөгийг олгох шийдвэрийг гаргаж байсан юм.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛКовидын үеийн ИНФЛЯЦ ба Өнөөдрийн ШИЙДВЭР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top