Хятадын дөрвөн их сонгодог зохиолын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.
Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.
Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
СҮН ЖЯН ДАМИН ХОТНОО ЦЭРЭГЛЭН МОРДОВ
ГУАНЬ ШЭН ЖУРМААР ЛЯН ШАНЬ УУЛНАА ОРШИВ
Өгүүлэх нь, Ши Сю, Лү Жюнь И хоёр хэрэмд хаагдаж, гадагш гарч үзвээс олон цэрэг ирж тойрон бүсэлсэн нь өчүүхэн ч завсар олдохгүй. Тэр хоёр хэрхэн хэмээвч арга огтхонч олж чадсангүй, Лян Жуншүгийн танхимын өмнө авчрав. Үүнд Ши Сю нүдээ бүлтийлгэн Лян Жуншү ноёныг хараан өгүүлрүүн: - Чи адгийн боол, намайг эдүгээ барьсан нь дараа би чамайг нэг сэлмээр гурван анги тасалмуй хэмээн өгүүлсэнд Лян Жуншү ихэд уурлан, даруй хоёр хүнд дөнгө авчруулж, Ши Сю, Лү Жюнь И хоёрыг дөнгөлж гянданд хорив. Энэ Гяндны ялтныг харгалзах дарга Цай Пү хэмээх хүн Ши Сю нарыг таних тул, үргэлж архи мах тасралтгүй өгч байв. Лян Жуншү өөрийн доорд хаванг дуудаж, Ши Сю нарын алсан хүний тоог байцааваас хорь гуч болжихуй. Гар хөл шарх олсон ард нэлээд олон. Үүнд Лян Жуншү үрэгдэгсдийн ясыг далд оршуулан, сайн эм өгч дутуу дээр болсон ардыг засуулахаар тушаав.
Энэ цагт Лян Шань уулын Сүн Жян нар Лян Жуншүгийн захирсан хотын хэрэмд хэдэг хэсэг бичиг наалдуулж. Үүнийг олон хүн үзэж мэдээд, ховхлон авчирч Лян Жуншүд барив. Түүнд бичсэн үг нь: - Тэнгэрийн төлөөнөө ёсыг явуулах Лян Шань уулын Сүн Жян тэргүүлэн олон жанжин нарын бичиг.Тусгайлан Лян Жуншү мэдтүгэй хэмээн наалдуулах учир. Чи зүгээр нохой, эр эм хоёрыг гаргаж өгвөөс барав. Манай харъяат хүнийг барьсан нь хашруулах санаа буюу. Эгнэгт зүгээр өнгөрүүлэхгүй, их цэрэг авч очоод хотын эвдэж тэгш газар болгон, олныг тоосон товрог болгомуй хэмээн хараан айлгасан бичиг ажгуу. Үүнд Лян Жуншү доорхи ван, тайшу, түшмэлийг дуудаж ирүүлээд, эдгээр учрыг зөвлөн асуусанд, тайшу өгүүлрүүн: - Лян Шань уулын урвасан хулгай нар анх үүдсэнээс хойш он удсан тул, улам хүч нэмэгдэж, хүний тоо зуу шахам цөм баатар эрс, тэжээсэн цэрэг маш олон.
Урьд хэдэн удаа их цэрэг илгээж, эдгээр урвасан хулгай нарыг огт арилгасангүй. Өчүүхэн түшмэл мунхагтан санаваас, энэ баригдсан хоёр хулгайг одоо даруй алваас тэд нар наасан бичгийн ёсоор цэрэглэн ирж их зовлон болох нь магад. Ши Сю, Лү Жюнь И хоёрыг гянданд аргаар сахиулан, нэгэнтэйгүүр дээш цэрэг гуйн айлтгаж, бас Чай тайши сайдад албан бичиг явуулж, одоо хотын цэргийг хэрмийн гадна хураан татаж суулган, дөрвөн зүгт хол ойрын харуул тавьж, айл хүн нарыг өдөр шөнөд манааг чангалан байлгаваас ямар буй? хэмээсэнд Лян Жуншү даруй зөвшөөрөн, энэ ёсоор болгов.
Дараа Лян Жуншү сайд Дамин Фү хотын хоёр тэргүүн цэргийн түшмэлийг дуудаж ирүүлээд, Лян Шань уулын хулгай нарын бичиг наасан ба Ши Сю нарыг барьж гянданд хадгалсан, бас тайшу лугаа зөвлөн цэрэг гуйх бичиг явуулсан явдлыг нэгд нэгнээр хэлэв. Энэ нь цэргийн түшмэл Личэн, Вэньда хоёр болой. Личэн өгүүлрүүн: - Энэ хэрэгт сайд бүү зовнигтун. Бид хар багаас эзний цалинг зүгээр хүртэж хүнд хишигт ер хариулсан газар үгүй. Тэдний урвасан өчүүхэн өвс мэт хулгай нар эс халдахаар ирвээс барав. Хэрвээ ирж гэм, түшмэл бид бардамнан хэлэх бус. Хэд ирвээс мөн хэдийг арилгамуй, хойш буцаах ёс үгүй. Энэ цөм үнэн үг. Сайдын өмнө их хэрэгт худал мэдүүлэх бус, эзний ачид морь нохой мэт зүтгэж, хүчээн гүйцэтгэсүгэй хэмээсэнд Лян Жуншү эдгээр үгийг сонсож ихэд баярлан, даруй гадар дотор торго, юмаар ихэд шагнав. Тэр хоёр түшмэл хотын гадна цэргийн хүрээнд очиж суув. Маргааш өглөө Личэн цэрэг дайчилж их танхимд сууж их хэнгэрэг дэлдсэнд, олон цэргийн их бага түшмэл цугларан ирсэнд Лян Жуншү сайдын дуудаж хэлсэн явдлыг нэгэн зэрэг хэлж, нэгэн цаазны сум авч “Өмнөх хошууч” Суочаод өгч тушаан өгүүлрүүн: - Жанжин чи өөрийн харъяат цэргээ авч хотоос гучин таван газрын орчим “нисэх барст хөтлийн” амыг боож, хуаран барьж суу. Би их цэргээс таслан авч өөрийн биеэр “Хув шар модны” дэнж дээр цэргийн замыг тосож сууя хэмээсэнд Суо Чаозарлиг хүлээн, цэрэг авч мордов. Үүнийг үл өгүүлью.
Өгүүлэх нь: Ши сю Лү Жюнь Иг залж, Лян Шань уулнаа аваачихаар ирсэн нь нэгэнт баригдсан энэ мэдээг Янь Чин хэмээх хүн уулнаа мэдэгдсэнд Дай Зүнг илгээж Дамин Фү хотын газар хэрэм, хаалга бүрт бичиг наасан ажгуу. Дараа хотоос цэрэг гарч, газар хуваарилан суусан зэрэг учрыг мөн Дай Зүн очиж Сүн Жян д бүрнээ мэдүүлсэнд, Сүн Жян хирдхийн айж даруй “Шударга журмын танхимд” сууж, их хэнгэрэг дэлдэж, олон цэргийн тэргүүн дарга цугларан ирсэнд, Сүн Жян даруй Ү Юн сяньшэнгийн зүг харж өгүүлрүүн: - Эрхэм жүньши та Ши Сюг илгээж, Лү Жюнь Иг залж ууланд авчрахаар ирсэн нь санамсаргүй баригдаж. Эдүгээ гянданд хоригдож буй гэнэм. Үүнийг ямар арга хэрэглэж Ши Сюгийн амийг аварч авчрах билээ? хэмээсэнд Ү Юн өгүүлрүүн: - Энэ нэг хэрэгт ах та сэтгэлээ агуу тавигтун. Харин энэ танхимд Дамин Фү хотыг эвдэх, тэндэх мөнгө тариаг авчирч манай хүнс болгоё. Энд ах та зөвхөн уулыг сахих цөөхөн цэрэг үлдээж гагцаар хоцрогтун. Бусад жанжин цэргүүдийг над тушаан өгч илгээ. Маргааш сайн өдөр тул яаравчлан мордсугай хэмээн, Ляншаний цэргийн дарга “Төмөр нүүрт” Гүнмүг дуудаж олон цэргийн зэр завсэг, туг далбаа, хүнс хэрэглэл зүйлийг бэлтгэгтүн хэмээн тушаахад, “Хуй салхи” Ли Күй олны дундаас гарч өгүүлрүүн: - Миний энэ хоёр балт сүх хөдөлсөнгүй нэлээд өдөр болов. Тэрхүү Дамин Фү хотод очиж баахан алалдая. Ши Сюгийн амийг Лү Жюнь Итэй аварахыг би мэдье хэмээсэнд Сүн Жян өгүүлрүүн: - Дүү чи баатар боловч бодлого тэнэг биш үү? Энэ удаа очиход дэмий хөдөлж болохгүй. Дамин Фүгийн сайд Лян Жуншү нь Цай тайшийн хүргэн. Үүний гар доор Вэньда, Личэн хэмээгч хоёр баатар жанжин бий. Алин ч түмэн хүн хүлээн чадахгүй сүрхий гэдэг хэмээсэнд Ли Күй инээн өгүүлрүүн: - Та миний төрөлхийн түргэнийг эс мэдэх бус. Өдий болтол ер их байлдаан лугаа орсонгүй. Энэ удаа Дамин Фүгийн хотноо үхэн байлдаж Ши Сюг авчирмуй хэмээн ихэд баярлав. Ү Юн өгүүлрүүн: - Энэ удаа явахад ах мөн яваваас сайн болмуй. Уулыг өөр хүнээр сахиулъя хэмээсэнд Сүн Жян бас хамт явахаар тогтов.
Энэ цагт чухам өвлийн уур орсон учирт Ляншаний цэрэг удаан хөдөлсөнгүйд, цэрэгт цөм хүч чийрэг, агт морь тарган, хамаг олон жанжин цэрэг цөм зэргээр хөдөлж, далбаа туг өргөн уулнаас буух цагт, Ли Күй биендээ хуяг дуулга өмсч, тэргүүн үед удирдан буув. Хоёрдугаар ангид Сежэнь, Себао ах дүү хоёр бас Кунмин, Күн Лянтай дөрвүүл нэг мянган цэрэг дааж буув. Гуравдугаар ангид эм жанжин И Жанзцин, Ху Саньнян хоёр тэргүүлэн Сүнь Эрнян, Гү Дасао гурвуулыг авч нэг мянган цэрэгтэй буув. Дөрөвдүгээр ангид Ли Ин, Ши Жинь, Сүнь Синь нар мөн нэг мянган цэрэг авч буув. Энэ дөрвөн зүгийн дөрвөн их хуаран байгуулмуй. Дундад их цэргийг Сүн Жян, Жүнши Ү Юн. Цацар майхныг хамгаалах дөрвөн жанжин Люйфан, Гуо Шэн, Сүнь Ли, Хуан Синь. Гол тугийн өмнөх ангийн тэргүүн Чинь Мин. Үүний дагавар Хань Тао, Пэн Чи . Хойд ангийн тэргүүн Линь Чүн, Ма Линь, Дэн Фэй. Зүүн ангийн тэргүүн Хү Яньжуо, Оу Пэн, Янь Шүнь. Баруун ангийн тэргүүн Хуа Рүн, Чэнь Да. Ян Чүнь. Үхэр бууны дарга Лин Жэнь. Өвс бордооны дарга Дай Зүн цөм уулнаас тус тус буусанд, Гүн Сүньшэн Лю Тан, Жү Түн, Мү Хүн нар уулнаа үлдсэн цэргийг захиран хоцров. Өгүүлэх нь: Лян Жуншигаар доорхи жанжин Суо Чаохаръяат жанжны тушаалаар цэргийг авч Нисэх барсын хөтөлд сууж байтал, туршуулын харуулын цэрэг нисэх мэт ирж мэдүүлрүүн: - Эдүгээ Лян Шань уулын Сүн Жян тэргүүлэн олон жанжин цэрэг авч, эндээс хорь гучны газрын ойр ирэв хэмээсэнд Суо Чаоэнэ үгийг сонсож, биеэр довтлон явж Личэнд мэдүүлсэнд Личэн нэгэнтэйгүүр хотод мэдээлж, нэгэнтэйгүүр морь цэргийг жагсаан бэлтгэв.
Маргааш өглөө эрт босож, нэг түм таван мянган цэрэг авч зүүн этгээд саруул талбар газар их цэргийг тэгшлэн, анги салаа зохиож, туг далбааг тэгшлэн хатгаж, бас өндөр газар гарч үзвээс холоос нэг их улаан тоос дэгдэж, таван зуун цэрэг нисэх мэт довтлон ирэхэд үзвээс тэргүүнд нэгэн их хар алаг нүүр, төмөр хуяг дуулга өмссөн нэгэн жанжин айсуй. Энэ нь Хэй Сюаньфэн “Хар хуй салхи” хэмээх Ли Күй болой. Нэн ойр тулж ирээд, аянга мэт дуугаар хашхиран өгүүлрүүн: - Өчүүхэн цэргийн түшмэл чи Лян Шань уулын баатар эр хар нүүрт өвөг эцгээ таних буюу? Личэн, Суо Чаохоёр хэдүйн бие хуяглаж, зэвсэг барин хүлээж байсан тул, хариу хашхиран өгүүлрүүн: - Сонсвоос Лян Шань ууланд олон сайн эрс буй хэмээсэн билээ. Үзвээс нэг өвс хамхуул мэт өчүүхэн хулгай ажгуу. Хэн гарч үүнийг барьж гавъяа олмуй? хэмээсэнд Жагсаалыг дотроос нэг жанжин гарав. Үзвээс мөнгөн жад Вандин ажгуу. Гартаа урт жадыг шувтран мушгиж, нэг зуун шилдэг цэргийг авч Ли Күйгийн зүг довтлон орсонд, Ли Күй гэнэт гар хөдөлсөнгүй, цааш нисэх мэт цэргээ аван дутаасанд Суо Чаоэнэ байдлыг үзээд Вандинтай хамт Ли Күйгийн хойноос хашхиран нэхэв. Уулын хошуу хүрэхийн тэнд, их бүрээ үлээн хэнгэрэг тарчигнатал дэлдэж, харанга цохиж, хоёр салаа цэрэг гарч ирэв. Се, Кун хоёр овгийн ах дүү дөрвүүл нисэх барын нэг мянган цэргийг авч, ирээд, замыг хөндөлдсөнд Суо ЧаоЛи Күйг нэхэхийг байж, ихэд цочиж Вандинг авч цэргээ дагуулан хойш буцаж ирсэнд Личэн: - Чи юунд буцаж ирмүй? хэмээхэд Вандин хилэгнэн өгүүлрүүн: - Хулгайг барихаар очсон атал, сүрэнд хэлмэгдэж буцаж ирэх ёс буй буюу. Би биеэр мордож очоод, эрхбиш Суочао, Вандин хоёрыг авч, мөн нэг мянган шилдэг цэрэг авч, нисэх мэт довтлон явтал, мөн нэг хэсэг цэрэг тал бүхнээс гарч ирэв.
Линчэн үзвээс нэгэн эм жанжин морь унаж, зам хааж баймуй. Дөрвөн алтан үсэг бичсэн хар тугийг салхинд хийсгэж, тугийн дээр И Жан Чин хэмээснээр Линчэн бас үзвээс хоёр талд Гү Дасао, Сүн Эрнян хэмээх хоёр эм жанжин тусалмуй. Личэн хойш харж өгүүлрүүн: - Суо Чаогарч энэ эм жанжныг барьж иртүгэй хэмээсэнд Суо Чаоалтан балт сүх далайн морин давшиж И Жан Чинийн зүг довтлон ирэхэд И Жан Чин түүнийг үзээд мөн гар хөдөлж байлдсангүй, Ли Күйгийн адил хойш буруулан дутаав. Суо Чаобага нэхтэл, бас нэг салаа цэрэг гарч хашхиран замыг боов. Суо Чаоүзвээс Ляншаний баатар жанжин Ли Ин. Зүүн этгээдэд Сежэнь, баруун этгээдэд Сүнь Синь-ийг дагуулан иржүхүй. Личэн холоос харж үзээд, яаран цэргээ авч, Суочаогийн хойноос иртэл, Сежэнь, Күнлян хоёр тосон байлдхад Личэн хүч чармайн байлдаж байтал, чанад этгээдээс Суо Чаояаран буцаж ирээд сая Личэнд хүч туслан байлдах гэтэл И Жан Чин Сежэнь, Сүнь Синь нар дөрвөн зүгээс бүгд ирэхэд Личэн Суо Чаонар сүнсгүй айн, бүгд цэргээ авч, Юй Зятуань хотын зүг амь тэвчин дутаан одов. Сүн Жян холоос үзээд олон жанжныг илгээж, олон цэргийн сүүлийг хөөн алав.
Дараа өөрийн цэргээ хураан, мөн тэнд хуаран байгуулж суув. Личэн Ляншаний цэрэг хуаран байгуулж суусныг үзээд, хотоос гарч өөрийн хуарандаа буцаж ирэхээр довтлон явтал, гэнэт харанга дэлдэж мөн нэг салаа цэрэг хүрч ирвээс, тэр нь “Хар хуй салхи” Ли Күй ажгуу. Үүнд Личэн зүрх дэлбэртэл айж, өөр замаар буруулан зайлж, өөрийн хуарандаа орж байлдахыг зогсоох туг хийсгэсэнд, Ли Күй үзээд хойш буцаж Сүн Жяний зүг ирэв. Личэн цэргийн тоог байцааваас нэг өдөр, гурван хувь цэргээс нэг хувь нь хорогджухуй. Личэн яаран бичиг бичиж, энэ учрыг Лян Жунши сайдад довтолгон мэдүүлэв. Лян Жунши энэ мэдээг сонсож яаран, айж Вэньдад цэрэг авахуулж, Личэнг тэнхрүүлэн мордуулав. Вэньда, Лян Жуншигийн тушаалаар цэрэг авч Хуай Шүпугийн газар Личэнг эрж ирэв. Личэн гагцаар арга барагдан цэрэг захирч суутал Вэньда хүрч ирсэнд их л баярлан, яахин байлдсан, яахин дийлдсэн явдлаа нэгд нэгнээр хэлсэнд, Вэньда дэмий ойшоохгүй өгүүлрүүн: - Энэ нэг сүрэг хамуутай нохой нар нэг удаа эс дийлдсэн, дахин дэмий эрэмших буй за. Би маргааш өглөө эрт очиж байлдаад, барьж ирсүгэй. Чи мөн миний хамт очтугай хэмээсэнд Личэн зөвшөөрөн даруй хоол будаа идэж, нэг шөнө хонож, маргааш өглөө эрт босож цэрэг шилэн авч, Личэн, Вэньда нар Суочаог авч мордон Сүн Жяний цэргийн хүрээнд хүрч ирээд, хашхиран өгүүлрүүн: - Лян Шань уулын ялт хулгай нар сонсогтун. Эдүгээ тэнгэр жанжин цэрэг хүрч ирэв. Танай өчүүхэн хулгай нарын тоо гүйцэв. Даруй гарч ирж түмэн хэсэг огтчин алахыг хялбар болготугай хэмээн хашхиран харааж байтал, дотроос удалгүй нэг их жанжин гарч ирэв. Үзвээс, галын өнгөт их улаан тугийн дээр “Лян Шань уулын их жанжин Чинь Мин” хэмээжихүй. Үүнд Вэньда үзээд, өөрийн цэргээ нэг хэсэг газар ухраан зогсоож хүлээсэнд, тэр жанжин өгүүлрүүн: - Сүн улс өчүүхэн бөгөөд түшмэл тавьсан хишгийг дэмий хүлээсэн эрдэмгүй чи манай журамт дүү Ши Сюг танай нохой мэт түшмэл Лян Жуншү барьж гянданд хорьсон учир, бид нар түүний биеийг эгүүлэн авахаар цэрэглэн ирсэн. Одоо зүй нь үг өгүүлэл үгүй гаргаж, Лү Жюнь Игийн хамт над тушаан өгвөөс барав. Би, манай Сүн овгийн журамт сайдад мэдүүлж алваас зохих, таны амийг уучилсугай. Хэрвээ ийнхүү ухуулан хэлснийг хэрэгсэхгүй бага удаашрав хэмээсэн төдийд цэрэглэн очиж хотыг эвдмүй.
Тэр цагт зуун овогт иргэн цөм зовлон тусах болмуй хэмээсэнд Вэньда ихэд хилэгнэн, даруй хойш харж өгүүлрүүн: - Аль жанжин гарч энэ нохой хулгайг баримуй? хэмээсэнд Суо Чаогарч, морио гуядан ухасхийн Чинь Мингийн зүг байлдан оров. Чинь Мин хүлээн авч, байлдан хорь гуч шахам зөрсний хойно, Сүн Жяний жагсаалын Хуа Рүн нум далайж нэг сум харвасан, тэр зэв Суочаогийн баруун мөрөнд оногдож, сүхээ алдаж, шарх олж хойш дутаав. Үүнд Сүн Жян тэртээ этгээдээс ташуураа нэгэнтээ өргөсөнд таван ангийн олон жанжин цэрэг дөрвөн зүгээс нөмрөн дайран ортол, Личэн, Вэньда, Суо Чаонарын амь гарахад бэрх болов. Линчэн уулын олон жанжин цэрэг хүчлэн байлдахад, Сүн улсын цэрэг яахин хүлээн чадах. Үхсэн хүн тоогүй. Цус нь гол мэт урсав. Үүнд Вэньда, Личэн хоёр Хуа Шүпүгийн цэргийн хуарангийн зүг очихоор хүчлэн байлдаж, яаран нэг зам олж цуглан гарваас, чанад талд Ли Күй нэг салаа цэрэг авч тосон байлдсанд Личэн нар яахин Ли Күй нар лугаа эсэргүүцэн чадмуй, шууд хойш Дамин Фү хотдоо дутаан орж, Лян Жуншиг эрж учрав. Сүн Жян өөрийн хагас цэргийг авч, Хуа Шипүгийн цэргийн хуаранд очиж, тэрхүү хуаранг эзлэн сууж, Сүн улсын үлдсэн цэргийг хураан авч, Ляншаний цэрэг болгов.
Тэндээс Вэньда, Личэн нар амь олж, Лян Жуншигийн дэргэд ирж, яахин байлдсан, Сүн Жян гийн цэрэг жанжин хүчин баатар ба цэрэг хохирсон зэргийг бүрнээ мэдүүлсэнд Лян Жунши үүнийг сонсоод, ихэд айн сүнсгүй болж, энэ учрыг нэг нэгнээр бичиглэж, тайшид довтолгон мэдүүлэв. Энэ хооронд Сүн Жян Дамин Фү хотын гурван хаалганы амыг авч, гагц өмнөх их хаалгыг үлдээв. Олон цэрэг хотыг бүслэн хүрээлж аваад, нэг өдөр болсонд Лян Жунши нэн бачимдаж, хотод үлдсэн бүхүй цэргийг бүрнээ хотын хэрмийн дэргэд харгалзан хичээн сахиулав. Бас олон сул иргэнийг олныг ирүүлж, айл бүрт цэргийн зэвсэг туслан өгч, өдөр шөнөгүй сахин сэргийлтүгэй хэмээн тушааж, батлан сахиулсныг үл өгүүлэн өгүүлэх нь: Тэр нэг өдөр Лян Жуншигийн бичиг хүргэсэн хүн довтлон явж, Дунжин хотноо хүрч тайшийн гэрт очиж, тайш лугаа учирч бичгээ барьсанд, Цай Тайши бичгийг хүлээн авч нээж үзвээс, маш их хэрэг болсон ажгуу. Үүнд Цай Тайши аливаа учрыг мэдээд, бас гурван газрыг эзэлснийг санаж, их айх царай гарч, Ваньдингаас асууруун: - Хуа Шипү, Вэйхугү, Юйдун гурван газрыг яахин алдав? хэмээсэнд Ваньдин эхнээс эцэс хүртэл нэг нэгнээр нарийвчлан мэдүүлээд бас цэрэг ихэд алагдаж үлдсэн цэргийг Сүн Жян нэгмөсөн хураан авсан явдлыг гаргаж хэлсэнд Цай Тайши өгүүлрүүн: - Чи холоос ирсэн тул, ихэд зүдэрсэн буй за. Гадаад гэрт очиж биеэ амарагтун хэмээхэд Ваньдин өгүүлрүүн: - Энэ хэрэгт холбогдсон нь маш чухал. Их сайд эртхэнээс мэргэн арга үүсгэж хулгайн цэргийг сөнөөхийг завдваас зохимуй. Өчүүхэн алгуурласанд, даруй олны амийг аврах арга үгүй болмуй хэмээсэнд Тайши өгүүлрүүн: - Чи түр гарч бай. Би амрагтун. Над бодсон газар буй хэмээсэнд Ваньдин гарч очив. Цай Тайши Нууц хэргийн яаманд хүн илгээж, тэр их сайдуудыг залуулав.
Үүнд, тэр яамны түшмэл яаран хүрч ирээд Тайши лугаа уулзаж ёслон суусны хойно Тайши, Дамин Фү хот эрт орой Ляншаний хулгайн цэрэгт автагдахад хүрсэн явдлыг нэгэн зэрэг хэлсэнд, гурван сайд их л айж, яахыг зөвлөлдөхийн зуур, Цай Тайшигийн хойд талаас нэг жанжин гарч ирэв. Энэ нь нэгэн вангийн тавнан ажгуу. Хуашэн, биеийн өндөр найман чи, үс буржгар, сахал улаан, хамар шантгар, гартаа наян жингийн их дам илд барьжухуй. Цэргийн эрдэм бусдаас тасархай. Үүний овор дүр үзэшгүй тул, олон хүн түүнийг “Үзэмж муухай тавнан” хэмээмүй. Урьд үүнийг олон зэвээр харвахад ер биендээ тусгасангүй тул, Ван үүнийг сайшаан Фүма? тавнан болгож, өөрийн охиноо шагнаж аав болгов. Охин нь түүний зүс муухайд жигшин өвчин олж үхсэн болой. Энэ төрөлх чадал ихтэй тул, уг гавъяаг эвдсэнгүй. Энэ хүн урагш давшиж мэдүүлрүүн: - Түшмэл би батлан мэдүүлэх нь, Хан улсын үед журамтан хэмээн алдаршсан Гуань овогтын үр над лугаа зузаан танил нэгэн хүн. Үүний чадал маш их, эсэргүүцэх хүн маш цөөн, эртний Гуань Луа адил төрсөн. Гартаа хөх луу ариун шар дам илд хэрэглэх тул, олон хүн түүнийг “Да Ду Гуань Шэн” хэмээмүй.
Одоо Фү жоугийн газар цагдагч тушаалд явмуй. Энэ хүний баатар хүчийг хэлэвээс, түм хүн хүлээн чадахгүй, бага цагт байлдах, дайлах, жагсаал жагсах, харвах намнахад үл нэвтрэх нь үгүй. Гагцхүү уралдсан тушаал, өөрийн чадал харилцан үл дэлгэрэх тул, урамшилгүй явдаг байх. Мунхагт санаваас эндээс хүнд хэрэглэх нэгэн бичиг илгээж, их бэлэг хүргэн урьж авчирваас, энэ хэргийг сааргүй бүтээмүй хэмээсэнд Цай Тайши эдгээр үгийг сонсоод их л баярлан, мөн тэнд урьж бичиг барилга бэлгийг үлэмж түгээн өгч, Хуашэнг зарлагын түшмэл болгон Гуань Шэнг залахаар илгээв. Цай олон түшмэлд өгүүлрүүн: - Эдүгээ нэгэнт Гуань Шэнг залж ирүүлэхээр илгээсэн тул, түүний ирсэн цагт зөвлөлдсүгэй хэмээн хэлэлцэж тус тус тархав. Түүнээс Хуашэн Цай Тайшийн тушаалаар зарлигийн бичгийг авч, хэдэн хүнийг дагуулан яаравчлан явж, нэг өдөр Фүжоу хотноо хүрч Сюань Зан ий яамны үүдэнд мориноос буусанд, үүдэч хүн яаран дотогш орж, Гуань Шэнд энэ мэдээг мэдүүлсэнд Гуань Шэн тэр цагт өөрийн таних нөхөр Хао Сывэнь лугаа хамт сууж, эрт ба эдүгээгийн цагийн байдлыг шүүмжлэн хэлэлцэж байсан аж. Үүнийг сонсоод яаран ёст дээл малгай өмсч, яамны их үүдэнд гарч ирээд, хуучин зузаан ханилсан нөхөр Хуашэнг таньж, дэргэд нь гүйн очиж, гар барин ёсолж дотогш залж оруулаад, их гэрт ширээ тавьж, төв дунд суулгасанд Хуашэн удаан жил эс уулзсан хэмээх зэргийн үг хэлэлцэж, Гуань Шэн асууруун: - Эрхэм нөхөр энэ өдөр доорд миний гэрт ямар хэргээр өөд болж ирэв? хэмээсэнд Хуашэн даруй Сюань Зан ий цэрэг ирж, Дамин Фү хотыг бүсэлж, жанжин цэрэг ихэд хохирсон явдлыг амаар хэлж, бас энэ хэргийн тухай өөрөө Цай Тайшид Гуань Шэнг баталж мэдүүлсэн явдлыг тодорхойлон хэлж, мөн Тайшийн илгээсэн бичгийг өгсөнд Гуань Шэн нээж үзээд учрыг мэдэж, дотроо баясан Хуашэнгийн зүг харж өгүүлрүүн: - Их хэрэг бүтээх эрхбиш итгэмжтэй нөхрийг хэрэглэх нь зүй болой.
Эдүгээ миний энд сул суух хуучин сурвалжит хүний үр овог Хао, нэр Сывэнь. Энэ хүний эх нь анх жирэмсэн болох цагт “зинь мүган-бурнавас мод өвөрлөв хэмээн зүүдэлсний дараагаар энэ хөвгүүн нь төржүхүй. Түүнээр үүний цолыг мөн “Зинь мүган” хэмээмүй. Над лугаа журмын ах дүү болсон бөгөөд эдүгээ манай гэрт сууж буй. Арван найман зүйл цэргийн эрдэмд маш боловсронгуй. Үүнийг авч хамт мордвоос ямар буй? хэмээсэнд Хуашэн зөвшөөрөн баярлаж, тэр өдөр даруй явахаар тогтож, аливаа юмыг бэлтгэж, нэг шөнө найрлан хонож, маргааш өдөр эрт мордож, Дунжин хотын зүг явав. Замын зуур гавшгайлан явж, нэг өдөр үдийн урьд Цай Тайшийн яамнаа хүрч ирээд, Хуашэн урьд орж мэдүүлсэнд, Цай Тайши даруй танхимын их гэрт суурь засаж тавин сууж, Гуань Шэнг урьж оруулсанд, Гуань Шэн Цай Тайшигийн өмнө ирж ёслон мэдүүлсэнд, Тайши энэ хүнийг үзвээс, биеийн өндөр найман тохой илүү, гарьдын нүд, луугийн хөмсөг, нүүр чавга мэт улаан, гурван салаа нарийн сахал өвчүүнд хүрчихүй. Сүртэй баатар нь хувилгаан одны байдалтай.
Үнэхээр нэгэн хүсэх мэт сайн эрийн шинж буй. Үүнд, үүний байдлыг Цай Тайши үзээд, ядмаг хүн нэг хэсэг алт олсон адил баярлан өгүүлрүүн: - Эрхэм баатар мэргэн дүүгийн эрдэм төгөлдөр алдрыг хэдүйн сонссон билээ. Одоо Лян Шань уулын самуурсан хулгай нар бүлэглэн ирж, Дамин Фү хотыг бүсэлж, газар тариаланг эзэгнэж, цэрэг хохируулан алсан нь тоогүй болов. Энэ нэг чухал хэргийг бүтээхийг гагцхүү эрхэм дүүд итгэжүхүй хэмээсэнд Гуань Шэн мөргөн мэдүүлрүүн: - Дээд сайн өчүүхэн цэргийн хаван намайг аль зүгт мордуулбаас мөн чадах чинээгээр эзний хишиг хүртсэн ач нь, хайрлалгүй зүтгэхийг чиг хэмээн санамуй. Өдий их хэргийг яахин доорд бие тулгуур олж чадмуй. Цөм дээд сайдын сурган тушаахыг эрмүй хэмээсэнд Лян Жуншү өгүүлрүүн: - Мэргэн дүү цэрэг хэдүй хэрэглэх ба жич ямар зүйлийн арга бодлого үүсгэж, энэ хулгайн үндсийг арилгахыг цөм зохисыг нь үзэж явагтун. Над үл дагах газаргүй хэмээгээд Шаньдун, Хөнань мужийн голын хөвөөнд байгуулсан нэг хуарангийн цэргээс чухам шилдэг хурцыг сонгож, нэг түм таван мянгыг дайчлан ирүүлэхээр цаазын сум өгч, тусгай элч илгээв.
Бас энэ зүйлийн хулгайг арилгахад Гуань Шэнг гурван хуарангийн жанжин өргөмжлөн, Хао Сывэнийг өмнөд ангийн хошууч, Хуашэнг хойд ангийн хошууч болгож, чухам яахин дарах явдлыг зөвлөхөд Гуань Шэн өгүүлрүүн: - Өчүүхэн жанжин миний санаа болбоос Лян Шань ууланд урьдаар очиж тэдний суурь орныг эвдэж, тэнд хоцорсон нөхдийг арилгаж цуцруулан, гэдрэг эргэх замыг таслаад, энд ирсэн хулгайн цэрэг цөм нэг газар сууж буй тул, батлан хүрээлж шаламгайлан байлдваас тэд аяндаа сөнөх боловуу хэмээн санамуй хэмээсэнд Цай Тайши ихэд зөвшөөн баясаж: - Энэ ёсоор болъё. Энэ нь чухам луугийн үүлийг таслах, барсын салхийг хураах мэт арга хэлэлцэж байтал, нэг бага түшмэл орж, Тайшид мэдүүлрүүн: - Шаньдун мужийн цэрэг ирж бэлдэв хэмээсэнд Цай Тайши Гуань Шэнгээс хэзээ мордохыг асуусанд Гуань Шэн мэдүүлрүүн: - Энэ өдөр хуяг дуулгыг засацгаан маргааш мордоё хэмээв. Энэ удаад Ляншаний цэргийг яахин дарахыг дараах бүлэгт үзмүү.
Сэтгэгдэл ( 0 )