Хятадын дөрвөн их сонгодог зохиолын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.
Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.
Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
ХУ ЯНЬЖОУ ШӨНӨ ДӨЛ ГУАНЬ ШЭНИЙГ ӨДӨӨН АВААЧИВ
СҮН ГҮНМИН ИХ ЦАСАНД СУОЧАОГ БАРИВ
Өгүүлэх нь, тэндээс Гуань Шэн нэг түм таван мянган морьтой цэргийг авч, Лян Шань Фүг байлдан авахаар мордсон явдлыг тасалж, Сүн Жян өдөр бүр сул сууж, гагцхүү Дамин Фү хотыг эвдэе гэвч, мөн хялбараар эвдэх арга олдохгүй, дэмий хотыг хааж, эцэст дийлэх дийлдэхийг мэдэхгүй гайхан суумуй. Личэн, Вэньда нар айсан нь их тул, мөн аймшиггүй зориглон гарч байлдаж чадахгүй, хоёр этгээд цөм зүгээр сууж. Нэг өдөр Сүн Жян гагцаар төв цэргийг дунд цацар гэрт сууж, зулын гэрэлд хувилгаантны хайрласан тэнгэрийн тооны бичгийг үзэж байтал, урьд аливаа явдлын мэдээг тагнуулахаар илгээсэн хувилгаан явдалт Дай Зүн ирж Сүн Жян д мэдүүлрүүн: - Ах аа, би тушаалыг дагаж сэмээр Дунжин хотын зэрэг газар сэм явж явтал, чимээг олж сонсвоос Личэн, Вэньда, Суо Чаонар манай цэрэгт дарагдаж, амь гарч дутаан явж, Цай Тайшийн дэргэд хүрч ирээд учраа мэдүүлээд, мөн Тайшигаас Гуань Шэн хэмээгчийг зарж Пудунаас Даду Гуань Шэн, бас түүний нөхөр Хао Сывэнь хоёрыг залж ирээд, тус тус жанжин өргөмжилж, шилдэг хурц цэрэг нэг түм таван мянгыг өгч, манай Лян Шань уулыг урьдаар бүрэлгэхээр зам нийлэн мордсон тул, үүнийг мэдүүлэхээр ирэв хэмээсэнд Сүн Жян сонсож, даруй Жүньши Ү Юнийг залав. Ү Юн цацар гэрт орж Сүн Жян лугаа хэлэлцэж байтал, хол харуулд байсан нэг цэрэг хүрч ирээд Гуань Шэнгийн, цэрэг авч мордсон явдлыг Дай Зүнгийн нэгэн адил мэдүүлэн ирсэнд, Сүн Жян, Ү Юн нар “мэдэв хэмээгээд буцав.
Сүн Жян Ү Юнгийн зүг харж өгүүлрүүн: - Урьд сонссон нь Фүжоугийн газар Гуань Луогийн угсаа салбарын үндэс болох Даду дам илдэт Гуань Шэн хэмээх нэрд гарсан нэг сайн баатар эр буй. Арга бодлого олноос хэтүйдсэн хэмээн сонссон билээ. Одоо тэр хүн цэрэг авч, манай уулнаа одсон болохул, сааргүй уулыг эвдэж, орон суурийг цуцруулан, үлдсэн нөхөд, цэргийг бусниулмуй за. Үүнд мэргэн нарийн арга үүсгэвээс зохимуй хэмээсэнд Ү Юн өгүүлрүүн: - Гуань Шэнгийн ийм санаа гаргасан нь даруй манийг бүрэлгэе хэмээсэн бодлого мөн. Одоо бид эндэх хэргийг сул орхиж, идэвхийлэн уулын зүг мордсугай. Бас тэмдэгт буу, цөөхөн цэрэгтэй хоёр жанжин үлдэж, Вэйхугүгийн хавь далд газар суулгая. Хэрвээ манай буцсан чимээг сонсож, Личэн нар нэхэн цэрэглэж ирвээс тэнд хойноос хашиж бид өмнөөс тосож тулаваас, эдний цэргийн агтыг арилгаж, хойш татгалзах сэтгэлийг тасалж, нэгэн санаагаар өөрийн ууландаа эргэж, их хэргийг тавтайяа бүтээхийг бодсугай хэмээсэнд Сүн Жян “Энэ ухаан мөн хэмээн, даруй шилдэг хурц Хуа Рүнд тушааж: - Чи таван зуун цэрэг авч Вэйхугүгийн зүүн тал далд газар сууж хүлээгтүн. Бас Линь Чүн таван зуун цэрэг авч баруун этгээдэд бүгшин хүлээгтүн. Хү Яньжуо хорин таван морьтой цэрэг авч Дамин Фүгийн хол ойрхи газарт мэдээ авч суу.
Хэзээ цэрэг мордов хэмээсэнд даруй тэмдэгт буу тавьж, Линь Чүн нарт мэдээ өгөгтүн хэмээн тус тус цаазлан тушааж, дараа нь харъяат уулын жанжин цэргийг сэмээр Ляншаний зүг анги ангиар мордуулж, цацар майхныг байгуулж, жанжин цэрэг үүр цайхын өмнө цөм хөдөлж, цан хэнгэргийн чимээ гарсангүй нүүн явцгаав. Дамин Фү хотын дээр батлан сахиж байсан цэргүүд нар гарсны хойно доорогш харж үзвээс, Сүн Жяний цэрэг нэг шөнийн зуур чимээгүй хоосон болж, сул нутаг үлджүхүй. Үүнд их л гайхамшиг болж, яаран энэ мэдээг Лян Жуншүд мэдүүлсэнд Лян Жуншү ямар учрыг мэдэхгүй Личэн, Вэньда нарыг дуудаж ирүүлээд хэлсэнд, Вэньда өгүүлрүүн: - Сүн Жян нар лав манай эндээс Гуань Шэнг цэрэг авч Лян Шань уулыг эвдэхээр цэрэг одсон чимээг сонсож, эндэх хэргийг орхиж, Гуань Шэнгийн хойноос хөөж очив. Одоо бид цэрэг авч, тэдний хойноос хөөн байлдаж, Сүн Жян нарыг эрхгүй уулын тэндээс дутаахад, чинад этгээдээс Гуань Шэнгийн замыг боож, хоёр талаас хавчин байлдваас эрхгүй энэ удаа урьдын дарагдсан өшөөн авч, дайсны цэргийг сөнөөж болмуй хэмээсэнд Лян Жуншү “Энэ арга маш сайн хэмээн, даруй Линь Чүн, Вэньда нарт дахин цэрэг өгч мордуулав. Энэ үед Ли, Вэнь хоёр жанжин цэрэг авч мордоод гавшгайлан явж Сүн Жяний одсон газар хөөж явтал, Вэйхуг өнгөрсөнд, гэнэт их бууны дуу гарч, тэмдэгт гал шатаамагц харж үзвээс, баруун этгээдээс нэг хэсэг цэрэг гарч ирээд, замыг хөндөлдөв.
Вэньда, Личэн нар үзвээс, Сүн Жяний гар доорхи “Ирвэсийн толгой” Линь Чүн таван зуун баатар цэргийг урт жагсаал жагсааж, өөрөө хар алаг морь унаж, биедээ хөө хуяг өмсч, гартаа улаан хялгаст урт жадыг хөндлөн барьж, тачигнатал хашхиран өгүүлрүүн: - Хоёр удаа дарагдсан өчүүхэн жанжин нар даруй ирж байлдагтун. Таныг хүлээж нэлээд удав хэмээсэнд Личэн, Вэньда нар мөн цэргээ авч дайран орсонд, Линь Чүн хүлээн байлдаж. Линь Чүн болбоос Лян Шаньд нэр гарсан эр тул, Личэн нар яахин хүлээн чадах, үл дийлэхээ мэдээд цэргээ авч хойш буруулахад Линь Чүн үл нэхэх ёс буй буюу. Даруй жагсаасан цэргээ авч сэрүүн салхи мэт хойноос хөөж ирсэн.
Личэн, Вэньда нар ихэд айн хотын зүг зам тавьж довтлон явтал, гэнэт буун дуу гарч, үзвээс Хуа Рүн таван зуун цэргээр тэдний явах замыг боож, жагсан зогсож өгүүлрүүн: - Хоёр ядуу жанжин энд ирсэн сайн. Таныг хүлээж их л удав хэмээн жад мушгин ороход, Личэн, Вэньда хоёр их л айвч, мөн арга буюу тосон байлдаж, арван хэдэн удаа болж байтал, Линь Чүн ар талаас хувийн цэргээ авч аянга мэт хашхирч алан дайрч орсонд, Личэн, Ваньда нар хойш эгэх, урагш одох замгүй болж сүр сүнсгүй айн хэлмэгдэж, үхэн байлдаж, олон цэргийн сийрэг замыг эрж шурган байлдан, нэг сүвээр зайлан оргож дутаав. Линь Чүн, Хуа Рүн нар тэдний хойноос нэхэж, олон цэргийг бутруулан алахад Личэн, Вэньда нар толгойгоо хазайлгаж, хуягийн бүс алдуурч, хамаг бие тэнхэлгүй болж, цэргийг хамгаалах байтугай өөрийн амиа хайрлахад бэрх болж, Дамин Фү хотын хаалга орж, хотын хаалгыг батлан хааж сахиулав. Линь Чүн, Хуа Рүн нар бутарсан цэргүүдийг хураан авч олз болгов.
Тэндээс Сүн Жян тэр өдөр Дамин Фү хотоос мордож, хамаг жанжин цэргүүдээ дагуулан түргэлэн явж, нэг өдөр Лян Шань уулнаас холгүй болж үзвээс, нүдний өмнө Сүн улсын жанжин цэрэг хүрч ирээд, чиг одох замыг боож, цэргийн хүрээ буусан ажгуу. Сүн Жян урагш давшваас болохгүй тул, мөн хүрээ татаж буув. Ү Юн үүнийг үзээд, Лян Шань уул ба жич По усны цэргүүдэд өөрсдийн буцаж ирсэн учрыг нуун мэдээ илгээв. По усан хэмээгч Лян Шань уул тойрон урссан нягт зэгс ургасан ус ажгуу. Энэ усны онгоцны олмын онгоцыг даасан Ляншаний хоёр хулгайн тэргүүн Жан Хэн, Жан Шүнь хоёр хоорондоо зөвлөрүүн: - Бид ах дүү хоёр Лян Шань уулнаа өчнөөн жил оршиж дэмий цэргийн цалин идэвч, ер бусдын адил их гавъяа олсонгүй. Одоо Гуань Шэн бэлхэнээ цэрэглэн ирсний тул, бид түүнийг бариад Сүн Жян д хүргэвээс манаас илүү хүнд гавъяа бүтээсэн хүн үгүй болмуй. Хэрхэн яваваас зохимуй? хэмээсэнд дүү нь өгүүлрүүн: - Бид хоёр түр сууя. Тэд манай жанжин цэрэг буцаж ирснийг сонсоод эс бөгөөс урьдаар байлдмуй. Эс бөгөөс яаравчлан усыг булаан ирмүй. Тэр цагт арга үүсгэн байлдваас сайн боловуу хэмээсэнд ах нь Жан Хэн өгүүлрүүн: - Чиний энэ аргыг хүлээвээс өөрийн олох гавъяаг бусдад автагдах болмуй хэмээгээд Жан Хэн түргэн хүн тул дүүгийн үгийг сонсолгүй өөрийн цэргээс хорин шаламгай хүнийг дагуулан шууд Гуань Шэнгийн хуарангийн зүг явж ирэв.
Энэ үе шөнө болсон тул, Гуань Шэн өөрийн суух цацрын доор сууж, цэргийн бичиг үзэн суутал, нэг цэрэг ирж мэдүүлрүүн: - Сая өмнөх зэгст усны чанад захад тавь шахам хүн нэлээд онгоцтой ирээд харанхуй зэгсний дотор бүгшиж баймуй. Ямар учрыг мэдэхгүй тул, их жанжин танаа сонсгомуй хэмээсэнд Гуань Шэн сахлаа илбэн инээгээд “Мэдэв” хэмээгээд, даруй өөрийн харъяат жанжнаас нэгийг дуудаж, түүний чихэнд хэдэн үг шивнэн хэлээд, огт ажралгүй суув. Жан Хэн явсаар шууд Гуань Шэнг барьж авахаар дотогш орж ирсэнд, Гуань Шэн үл мэдэгчнээр сууж байтал Жан Хэн учрыг ухахгүй, сая гар хөдлөе гэтэл хажуугаас гэнэт харангын дуу гарсан. Цацар гэрийн дөрвөн талаас олон цэрэг ирээд биеийг тойрон хаасанд, Гуань Шэн хараан өгүүлрүүн: - Ляншаний сөрсөн тэрслүү, зальхай хулгай харин аймшиггүй над халдахаар ирэх буюу хэмээн доорд хүнд зандран өгүүлрүүн: - Энэ муу хулгайчийг барьж хүлэгтүн хэмээсэнд, олон цэрэг Жан Хэнг барин хүлсэнд Гуань Шэн түүнийг төмөр тэрэгний дотор батлан хаав. Дагаж ирсэн гурван хүнийг хамт барьж хадгалав. Тэр үед Сүн Жян өөрийн хаагдаж буй учраа Ляншаний нөхөд хийгээд усны онгоцыг захирсан нөхөддөө мэдээ илгээсэн нь Руань овгийн ах дүү гурав энэ зүйлийг сонсоод яаравчлан Жан Хэн нарын онгоц сууцад очиж зөвлөхөөр ирвээс Жан Шүнь гагцаар сууж баймуй.
Руань овгийн ах дүү нарыг зэргээр орж ирэхийг үзээд, яаран босон харайн ёсолж, цай авчруулан, ууж барсны хойно, усан цэргээс нэгэн хүн ирж мэдүүлрүүн: - Их Жан авгай гагцаар баригдаж, төмөр тэрэгний дотор хоригджухуй.Дагаж очсон гурван хүнийг сул барьж хадгалжухуй хэмээн хэлж ирсэнд Руань овгийн ах дүү гурвуул өгүүлрүүн: - Жан ах нэгэнт баригдсан нь гагцхүү Ляншаний учир болой. Бид язгуурын журмыг бодож, үүний хойноос очиж амь тавин байлдаж, түүний биеийг олж ирье.
Үхэв, амьдрав хамтаар эдэлмүй хэмээгээд цөм хөнгөн хувцас өмсч, өөр өөрийн гарын зэвсгээ авч, зуу илүү усны цэргийг дагуулан онгоц сэлбэн харвасан сум мэт явж, усны захад хүрч хулсан шугуйн ёроолд онгоцоо аргамжиж, Гуань Шэнгийн хуарангийн зүг ирцгээв. Энэхүү мэдээг харуулын цэрэг ирж Гуань Шэнд мэдүүлсэнд, Гуань Шэн дув дуугүй сууж, урьдын ёсоор нэгэн цэргийн түшмэлийг дуудаж, түүний чихэнд нэг үг хэлээд, их цацар гэрийн үүдийг цэлийтэл нээж, дотор нь олон зул шатааж, уг хуарангийн дотор нэг ч хүнгүй мэт, чив чимээгүй болж. Гуань Шэн мөн цацраас гарч, нэгэн далд газар зогсон хүлээв.
Түүнээс Жан Шүнь, Руань овгийн гурван ах дүү дөрвүүл хуарангийн өмнө үүдэнд ирвээс, эзгүй хороо мэт өчүүхэн ч мэдээ чимээгүй байхад, тэд баахан гайхаж, хоорондоо зөвлөлдөн өгүүлрүүн: - Энэ их хуарангийн дотор нэг ч хүнгүй байх ёс учир гагцхүү ямар ухааныг мэдэхгүй. Юу ч болов бид дөрвүүл сэмээр гэрэлгүй газрыг эрж, орон их цацрын доор очвоос, эрхгүй нэг учир мэдэгдмүй за хэмээн шууд дотогш ороод үзвээс, их цацрын үүд цэлийтэл нээж, огт хүнгүй байхад, шууд тэр дотор орохыг эргэлзэн байтал, гэнэт харангын дуун гарч мөн даруйд хашхирах чимээ газар доргитол гаран, дөрвөн зүгээс цэрэг бүслэн ирсэн нь төмөр суулга мэт өчүүхэн ч зай завсаргүй хааж, тэр дөрөв сая хүний аргад унаснаа мэдээд, аргагүй амь сугарахыг бодож, чадах чинээгээр хүчлэн байлдаж, Руань Сяо Эр, Сяо Ү, Жан Шүнь нар үхэн алалдаж дутаан гарав. Руань Сяоци хамтаар баригдав. Гуань Шэн түүнийг мөн Жан Хэний хамт төмөр тэргэнд сахиулав. Энэ чимээг Жан Шүнь нар усны замаар яаран явж, Сүн Жян д очиж мэдүүлсэнд, Сүн Жян зовних царай гаргаж Ү Юнд Гуань Шэн лугаа яахин байлдваас зохих явдлыг зөвлөн байтал, Гуань Шэнгийн хуаранд их бууны дуу гарч, олон цэрэг агтны чимээ гарсанд, яаран бие хуяглаж, олныг авч бэлдэн гарваас, Хао Сывэнь, Жүньшан хоёр гурван салаа цэрэг авч, сүр тавин хашхиран айсуй.
Удалгүй хуарангийн өмнө довтлон ирээд Жүньшан тэргүүлэн гарч, гарын зэвсгийг далайн жагсаалын зүг дайран ирэхэд Сүн Жян хойш харж, Хуа Рүнг гарч байлд хэмээн тушаасанд, Хуа цаазыг хүлээн мөн давшин жад мушгин Жүньшангийн аюулхайн тус жадлан ороход Жүньшан хүлээн авч байлдан арав илүү удаа болсонд, Хуа Рүн гэнэт дарагдсан мэт хойш буруулан одоход Жүньшан морины жолоо тавин зэвсэг далайн нэхэж ирэхийн Хуа Рүн мэдээд, яаран нум сумаа авч Жүньшангийн зүрхийг эрэн харвасанд нэхэн явтал, хөвчийн дуу гаран нэг сум төв хэмээн зүрхийг чиглэн ирэхэд яаран барьсан сэлмээр биенд хүрэхийн өмнө цавчин газар унагав. Хуаран харваас тэр сум дорогш унасанд мөн нэг сум авч дахин харвасанд Жүньшан морины буруу талд тонгорцоглон газар унасанд, Жүньшан Хуарангийн сумны хэцүүг мэдээд, өөрийн жагсаалын зүг буцав. Хуа Рүн бас нэг сум авч, ар этгээдээс харвасанд Жүньшан зайлан завдсангүй, ар биеийн халхалсан толинд оногдож, биед шарх олсонгүй их л бачимдаж, жагсаалдаа орж ирсэнд, Хуа Рүн мөн дахин нэхэж очсонгүй буцав.
Тэндээс Гуань Шэн энэ байдлыг үзээд ихэд тачаадан, морь унаж их илдээ авч, хоёр жигүүрийн жанжин цэргийг авч, Сүн Жяний цэргийн зүг дайран ирэхэд Сүн Жян олныг авч, нэг байцын газар хойш ухран, жанжин цэргийг тэгшлэн жагсааж хүлээв. Сүн Жян үзвээс, Гуань Шэн хос луут улаан туг өргөж, зээрд морь унаж, гурван бут сахал мөрөндөө хашиж, их дам илд далайн довтлон ирээд, тугийн доор морины ам татан зогсоожухуй. Сүн Жян үзвээс, Гуань Шэнгийн сүртэй баатар нь бусад лугаа үлгэрлэшгүй. Сүн Жян даруй хойш харж өгүүлрүүн: - Баатар дүү нараас хэд гарч байлдмуй?” хэмээх үг барахын урьд, Линь Чүн морь ухасхийн гарч өгүүлрүүн: - Дүү би гарч энэ жанжин лугаа байлдан, амьд барих. Урьдын баригдсан хоёр нөхрийг сольж авсугай хэмээгээд Гуань Шэнгийн өмнө довтлон ирэхүйд, Гуань Шэн ихэд уурлан гарын зэвсэг хөдөлгөхгүй зогсож, өндөр дуугар хараан өгүүлрүүн: - Лян Шань ууланд амь хоргодож, эрт орой тэнгэрийн цаазад амь сөнөөх хулгана мэт өвсний үнэд үл хүрэх өчүүхэн хулгай нар нүдний өмнө үхэх цаг болж байтал, бас зальхай санаагаа орхиж, ялаан хүлээн авахгүй, харин тэнгэрийн цэрэг лүгээ мөчөөрхөе хэмээх буюу.
Даруй хойш буцаж бүгдээр биеэ хүлж, хүзүүгээ сунгаж алахыг гуйгтун. Бага хожимдвоос миний дам илд нүдгүй тул, ирмэх зуур толгойгүй чөтгөр болгомуй хэмээн хараахад, Сүн Жян мөн урагш ирж морин дээрээ ёслон өгүүлрүүн: - Мэргэн сайд түр уурыг хүлцэж, миний үгийг сонстугай. Бид Сүн улсын боол. Гагцхүү засгийг түвшнээр явуулахгүй, дээд эзнийг мэхлэн, доорд иргэнийг хяхан мөлжиж, эд аван, эрхийг барьсан түшмэд ямагт ёс бус үйл үүсгэн явах тул, тэнгэрийн төлөөнөө ёсыг явуулъя хэмээн санаж, би тэргүүлэн өчнөөн улс цөм журмын үйл үүсгэн явмуй. Ер зуун овогтыг зовоосон учир үгүй. Эрхэм сайд санаваас зохимуй хэмээгээд Линь Чүн нарыг хойш эгүүлэн, Сүн Жян цэргээ авч хуарандаа орж одсонд, Гуань Шэн энэ удаа байлдах этгээд цэрэг татаж хойш эгсэний тул, мөн цаазыг дагаж хойш өөрийн хуарандаа буцаж ирээд, дотроо бодруун: - Сүн Жян нь сонсвоос төрөлх журамт хүмүүн хэмээн хэлэлцдэг билээ. Энэ өдөр яахин эс байлдмуй. Үүнийг энгийн өдөр ямар янзтай байдгийг Руань Сяо Ү, Жан Хэн нараас нягтлан асууж мэдье хэмээн бодоод, битүү төмөр тэрэгнээс Жан Хэн, Руань Сяо Ү нарыг өмнөө авчирч, Сүн Жян угаас аль газрын хүмүүн, ямар үйлдвэр хийж явсан, яахин Лян Шань ууланд урвасан зэргийг асуусанд, тэд зэргээр өгүүлрүүн: - Манай Сүн Жян нь уг Юнь Чэнсяний хүн.
Бага цагаас яаманд сууж, дээд доорд олон хүн лугаа эвтэй. Ядарсныг тэнхрүүлэн, мохсоныг туслан, өнчнийг тэтгэн, үгээгүүг асран, гоонь бэлэвснийг тэжээн, үргэлж сайныг явах тул, олноор “Гантай цагийн хур” хэмээн цол өгч. Энэ нь боогдож шахамдсан ардыг туслах нь үлгэрлэвээс, удтал гандаж байх газарт рашаан хур гэнэт орсон адил туслах тул, Шаньдун мужид ийнхүү нэр цол алдаршсан хүн болой хэмээн Сүн Жяний сайныг магтан хэлэхэд, Гуань Шэн эдгээр үгсийг сонсоод үг дуун үгүй болж, тэр хоёрыг хэвээр тэргэнд хийж сахиулав. Гуань Шэн шөнө орой болж, хараахан унтах хэмээж байтал, нэг өчүүхэн цэрэг орж ирээд мэдүүлрүүн: - Сүн Жяний хуарангаас нэг морьтой хүн шууд явж ирэн, манай жагсаалын зүг ирмэгц өчүүхэн хүмүүн очиж үзвээс, сар саруул бөгөөд түүний зүс царай тодорхой харагдмуй. Үзвээс, эрүү дүүрэн их улаан сахалтай, жанжин хүний байдалтай боловч морь унаж, бие хуягласангүй. Мөн гартаа зэвсэггүй.
Үүнд бид асууваас, түүний үг: - Энэ удаа ирсэн нь их жанжин лугаа бараалхаж учрах гэнэм хэмээсэнд Гуань Шэн өгүүлрүүн: - Хэн боловч хамаагүй, над лугаа учрах хэрэг буй болбоос даруй авчрагтун хэмээгээд хүлээтэл, удсангүй нэг хүн орж ирэв. Гуань Шэн үзвээс, урьд танихгүй хүн тул, зандран асууруун: - Чи яасан хүмүүн, ямар хэргээр шөнө дүлийн цагт над лугаа учрахаар ирэв? хэмээхэд тэр хүн өгүүлрүүн: - Өчүүхэн миний нэр Хү Яньжуо. Би мөн эрхэм жанжны адил эзний зарлигийг хүлээн энд цэрэг авч ирээд, Сүн Жян, Ү Юн нарын уран аргад гэнэдэн баригдаж, журамгүй хулгай нарын нам болон явах нь гагцаар эднийг дийлэхгүй, оргож зайлаад эгэвч хүн намайг итгэхгүй тул, аргагүй байтал их жанжныг цэрэглэн ирснийг сонсож, юу ч болов эл учраа мэдүүлье, намайг үнэнд итгэвээс, нэг морины хүч зүтгэж хавсран байлдаж, тэнгэр өршөөвөөс Ляншаний хулгай нарыг хүчлэн барьж, улсдаа буцаж, зальхай хулгай нарыг аваачиж, Дунжин хотноо хүргээд, өөрийн ялыг хэлтрүүлэхийг гуйн, үүрд сэтгэл амар аж төрсүгэй хэмээн хүсмүй. Гагцхүү эзэн жанжин доорд жанжнаа энэрэн үзэж хураан авах эсэхийг мэдэхгүй хэмээн мөргөхөд, Гуань Шэн эдгээр үгийг сонсож, яаран Ху Яньжоуг хоёр гараас нь татаж босгон дээш суулгаж, өгүүлрүүн: - Эрхэм жанжин үнэн санаагаар өөрийн улсаа мөрөөдөн элсэж ирсэн нь мөн сайн. Эдгээр самуун хулгай нарыг барьж, уг улсдаа буцаж, хишиг гавъяаг адил хүлээсүгэй. Гагцхүү эдгээр урвасан хулгай нарын тоо маш олон. Арга бодлого шалгарсан, эр эм жанжин хэд хэд буй. Цэрэг мөн баатар, сахих сэргийлэх нь хэцүү, хялбархнаар үзэж болохгүй.
Эрхэм жанжин тэнд удаан суусан тул, тэндэхийн зан журмыг нягтлан мэдэх буй за. Бид эртхэнээс завдаж гавъяа бүтээсүгэй хэмээхэд Хү Яньжуо өгүүлрүүн: - Линь Чүнгийн зэргийн хэдэн хүн цөм оргох санаа буй боловч, харин аяс олдохгүй. Эдний дотор бүхэн лугаа өстэй Хуан Синь маргааш бидний очих цагт олноор Сүн Жянийг хатгаж, мөн Хуансинийг байлдаар гаргамуй. Түүнийг би алаад, эзэн гүнг удирдан цэргийн хүрээнд алахаар очиж, их гавъяа босгосугай хэмээсэнд Гуань Шэн эдгээр үгийг сонсож, ихэд баярлаж, яаран доорд хүнд тушааж их архи зууш бэлтгэж, Хү Яньжуо лугаа нэгэн шөнө найр тавин архидаж хонов. Маргааш эртийн будаа идсэний хойно Гуань Шэн доорд олон жанжин нар лугаа хамт сууж, Хү Яньжуо лугаа зөвлөлдсөн учрыг ярьж байтал, нэг цэрэг хүн орж мэдүүлрүүн: - Сүн Жян цэрэг авч ирээд байлдая хэмээмүй хэмээсэнд Гуань Шэн Хү Яньжуод зэвсэн, хуяг дуулга өгч өмсгөж, Гуань Шэн мөн бие хуяглаж, шилдэг цэрэг авч, буу тавин туг өргөж жагсаал гарав. Хү Яньжуо ууртайяа мордон гуядаж Сүн Жяний өмнө давшлан очиж “Байлдая” хэмээхүйд Сүн Жян ихэд хилэгнэн, хараан өгүүлрүүн: - Агуулан тэжээсэн ачийг үл мэдэх мунхаг хүн чи ихэд харанхуй шөнө хулгай болон оргон дутаамуй. Чамайг энэ өдөр эрхбиш олж бариад алмуй хэмээн хараахад, Хү Яньжуо зандран өгүүлрүүн: - Сайн мууг үл мэдэх доорд хүн чи бүү ихэмсэг зан гарга.
Миний алахыг үзэгтүн хэмээгээд давшин ороход Сүн Жяний этгэдээс Хуан Синь морь тавьж, чоно шүдэт бялуугаа далайн орж ирсэнд, Хү Яньжуо тосон байлдан, хоёр морь зөрөлдөн, хоёр эрийн зэвсэг харилцан тулалцаж, арав илүү удаа болсонд, тал талын их хэнгэрэг доргитол балбаж, сүр мандуулан хашхирахыг өгүүлэх газар үгүй. Үүнд Хү Яньжуо жанжны занчих болд ташуураар Хуансинийг нэгэнтээ дэлдсэнд, Хуан Синь арай мориноос унан алдаж буруулан дутаав. Үүнийг Гуань Шэн үзээд ихэд баярлан, даруй цааз зарлан, “Бүгдээр Сүн Жяний жагсаалыг дайран алан оръё хэмээсэнд Хү Яньжуо: - Болохгүй, болохгүй .Ү Юн сяньшэн нь хувилгаан чөтгөр бодож олохгүй арга бодлогот хүн. Бид одоо зүгээр дийлсэн ёсоор цэргээ хурааж түр буцаад, шөнө эднийг гэнэдүүлэн дайран орж, санамсаргүй цагийг тохиолдуулан их хэрэг бүтээсүгэй хэмээсэнд Гуань Шэн “Мөн” хэмээн хойш буцав. Цацартаа хүрч ирээд яаран хурим бэлтгэж, архи ууж орой болсонд, Гуань Шэн гар доорхи хоёр жанжин Сюань Зань, Хао Сывэнь нарт таван зуун цэрэг өгч, Сүн Жяний урд хойд хаалгаар цэрэг авч, хоёр жингийн цагт дайран орогтун хэмээн цаазлан тушааж, удалгүй орой болсон тул, олон цэргийн морь уналга, зэр зэвсгийг сайтар бэлтгүүлэн, тэр шөнө сар саруул, бага хяруу унасан нь өдөр мэт саруул.
Олон цэрэг чимээгүй мордож, цан хэнгэрэг авсангүй, сэм яван Хү Яньжуо өмнөд зам удирдаж, Гуань Шэн хойноос дагалдан явж, Сүн Жян гийн хорооны зүг ирвээс огт чимээгүй, бүгдээр унтсан ажгуу. Үүнд ихэд баясан шаламгайлан орох хэмээсэнд нэлээд хол нэгэн их улаан гэрэл гарч баймуй. Үүнд Гуань Шэн асууруун: - Энэ их гэрэл юу буй? хэмээсэнд Хү Яньжуо бас гайхаж өгүүлрүүн: - Энэ нь би бас мэдэхгүй. хэмээтэл, тэр зүгээс нэг хэсэг цэрэг гарч нисэх мэт ирэв. Хү Яньжуо яаран өмнө явсан хүн тул дайран орсонд урьдын байсан улаан дэнлүү үзэгдэхгүй болж, сайхь зам хөндөлдсөн цэрэг зүг бүр бутран сарниж Хү Яньжуо мөн хаашаа очсоныг мэдэхгүй нэлээд зогсож хүлээвч, Хү Яньжуо огт эргэж ирсэнгүй. Үүнд Гуань Шэн сая Ляншаний олон хүний аргад мэхлэгдсэнээ ухаж мэдээд, яаран морио эргүүлж хойш буцъя хэмээтэл нэг салаа цэрэг хуй салхи мэт орж ирээд буцах замыг хөндөлдөв. “Гуань Шэн чи хойш эгье хэмээвээс үүгээр явж болохгүй. Би энэ Сүн Гүнмингийн цаазыг хүлээж зам боожухуй хэмээсэнд Гуань Шэн даруй дайлдан ороход Линь Чүн хуурмагаар хэдэн удаа байлдагч болон, яаран өөр тийш буруулав. Түүний буруулсан зүг нь Гуань Шэнгийн хуарангийн зүг болох тул, зүгийг дагаж нэхэж явтал Линь Чүнгийн чанад талаас бас нэг хэсэг цэрэг ирж, замыг хөндөлдөв.
Үзвээс, үнэхээр хоёр эм жанжин ажгуу. Нэг нь И Жан Чин, нэг нь Ху Саньнян. эд нар Линь Чүнгийн хамт нам байлдаж, И Жан Чин, Ху Саньнян хоёр өмнөөс хавсран байлдахад, Гуань Шэн хэдүй баатар хэмээн энэ хоёр лугаа тулж чадахгүй байтал, улаан мяндсан цалмыг хэрэглэж, тарни уншин Гуань Шэнгийн биеийг шидээр хүлсэнд, Линь Чүн түүнийг мориноос алгуур өргөн буулгаж авав. Гуань Шэн сая нүд нээж үзвээс, Жүньшэн, Хао Сывэнь хоёр мөн баригдаж, олон цэргийн дунд зогсож баймуй. Үүнд Гуань Шэн ихэд шүүрс алдаж. Сүн Жян олон жанжин цэргийг хураан, их хуаранг эвдэж, дүүрмэгц, тэнгэр гэгээрч үүр цайсанд, Лян Шань уулнаа баясгалантай буцсаныг үл өгүүлэн өгүүлэх нь: Тэр шөнө Чинь Мин, Ли Ин хоёр Сүн Жяний цаазыг хүлээн Гуань Шэнгийн хуаранд баригдсан Жан Хэн, Руань Сяоци нарыг булаан авахаар нэг салаа цэрэг авч одсон ажгуу. Тэнд хүрвээс бусад цэрэг цөмийг Гуань Шэн нар авч мордсон нь дөрвөн зуу шахам цэрэг гагцхүү хуаран, өвс бордоо, цацрыг сахин үлдсэн аж. Шөнө дунд өнгөртөл огт чимээгүй хүлээж байтал, баруун зүгээс их тоос хөдөлж, олон цэрэг нисэх мэт ирэхэд лав өөрийн цэрэг хэмээн санаж, огт бэлдсэнгүй байхад Ли Ин, Чинь Мин гэнэт дайран орсонд, Гуань Шэний цэрэг завдалгүй байсаар цацар хүрээгээ эвдэж зүг зүг сарнин тархав. Ли Ин, Чинь Мин хоёр ер хүч сүйдсэнгүй, Жан Хэн, Руань Сяоци хоёрыг битүү тэрэгнээс гаргаж аваад тэнд бэлэн бүхүй тэрэг тээш, гэр, цацар майхан, цэргийн зэвсэг зүйлийг бүрнээ талан авч, тэргэнд ачиж бараад, Гуань Шэнгийн үлдсэн цэргийг хураан аваад, Ляншаний зүг тэргүүлэн явж хүрэв.
Сүн Жян ууландаа хүрч, “Жун И Тан” их танхимд сууж, харъяат олон жанжин цэрэг хоёр этгээдэд зэрэгцэн зогсож, Ли Ин, Чинь Мин нар сая хүрч, Жан Хэн, Руань Сяоци нарыг олж ирсэн ба бас Гуань Шэний тариа, цалин, цэргийн хүнс зэргийг бүрнээ үлдсэн цэргийн хамт олзлон ирснээ мэдүүлсний дагалдаагаар И Жан Чин, Ху Саньнян, Линь Чүн, Хү Яньжуо нар Гуань Шэн, Сюань Зань, Хао Сывэнь нарыг барьсан гавъяагаа тус тус мэдүүлсэнд, Сүн Жян тэсгэлгүй баярлан, үг хэлэхийн зуур олон жанжин нар Гуань Шэн, Сюань Зань, Хао Сывэнь гурвыг “Жун И Таны” өмнө авчирсанд, Сүн Жян үүнийг үзмэгц, яаран босон харайн дэвшин сөгдөж, ёслон мөргөж өгүүлрүүн: - Дээд жанжин баатар ах нар та бүхэнд Сүн Жян би энэ өдөр ёсыг алдав хэмээн өөрийн гараар хүлээсийг тайлж, сандал тавьж суулган,нуруу мэхийн өгүүлрүүн: - Эрхэм ах нар нэгэнт манай энд ирсэн тул, доорд Сүн Жян д үг буй болбоос, сургаж өгүүлэхийг хүсмүй. Гуань Шэн энэ үе нэгэнт хүний гарт баригдсан атал, Сүн Жян түүнийг алъя хэмээхгүй, энэ мэт хөнгөмсгөөр ёслоход, үг байвч хэлж чадахгүй өгүүлрүүн: - Бид нэгэнт баригдсан тул, эрхэм хүн манийг даруй албаас зохимуй.
Ер чингэе хэмээх санаа үгүй. Хэдүй амийг аварч дахин илгээвээс Дунжин хотноо ямар нүүрээр буцмуй. Олон үг хэрэггүй. Бид үхвээс барав хэмээсэнд Сүн Жян эхлэн олон тэргүүн жанжин нар цөм урагш дэвшин зэргээр ёслон өгүүлрүүн: - Дээд жанжин та юунд энэ мэт үг өгүүлмүй. Өчүүхэн манийг эс жигшвээс хамтаар эрт орой нэгэн хамт идэж, жаргал зовлонг хүлээн, төрсөн ах дүү адил сууцгааж, баатар журамт нэрийг дэлхий дахинд алдаршуулбаас зохих хэмээн яаран мөнгөн хундаганд архи хийж барьсанд, Гуань Шэн энэ цагт өөр түлхэх үг олдохгүй, өгүүлрүүн: - Хао Сывэнь, Сюаньзянь нар болбоос цөм эм, үр, садан төрөлгүй хүн. Би над лугаа адил болбоос, миний гэрийн хөгшин залуу одоо цөм Фүжоу хотноо буй. Би энд олон лугаа жаргавч, миний гэрийн их бага цөм зовлон эдлэхэд хүрмүй хэмээсэнд Сүн Жян өгүүлрүүн: - Дээд жанжин энэ тухай сэтгэл бүү чилэгтүн хэмээгээд Фүжоу хотоос Гуань Шэнгийн гэрийн хүн нарыг авчруулахаар тусгайлан хүн зарж илгээсэнд, Гуань Шэн даруй Ляншаний хүн нар лугаа нэгэнт аж төрөх санаа шулуудав. Сюаньзянь, Хао Сывэнь хоёр мөн дагалдан Лян Шаньд оршихоор тогтож, гурвуул дээш босч Сүн Жяний гараас барьж өгүүлрүүн: - Бид нэгэнт баригдаж үхэж дууссан хүнийг өршөөлт хүн хишиг хүртээж, эс алсан нь үхсэн хүнийг дахин төрүүлсэн их ачит. Бид нар энэ ууланд дуртайяа цэрэг болон оршиё хэмээсэнд, Сүн Жян ихэд баярлан, нүүр дүүрэн инээж, хүнд ёсоор ёсолж, даруй их хурим бэлтгэж, “Жун И Тан” харшид олон ширээ засаж, Гуань Шэн, Сюаньзянь, Хао Сывэнь нарыг гол ширээнд залан суулгаж, бусад олон жанжин нар тус бүр суун, Сүн Жян, Ү Юн нар цөм Гуань Шэн лугаа эсрэгцэн сууж, бүгдээр Сүн Жян эхлэн бүгд жанжин нар Гуань Шэнд баярын ёсоор архи барьсаар даруй Хү Яньжуод хүрч ирсэнд, Хү Яньжуо мэхийн ёсолж өгүүлрүүн: - Энэ хэрэгт би тэргүүлэн очиж дээд хүмүүнийг удирдан ирсэн нь даруй хэлэлцвээс зохих ял буй.
Яахийм эрхэм хүмүүнийг хууран аваачих болвуу хэмээгээд дахин ёслоход Гуань Шэн хариу ёслон өгүүлрүүн: - Жанжин арга бодлого хэрэглэх нь гагцхүү улсын тул билээ. Үүнд ямар буруу хэмээх газар буй хэмээсэнд Сүн Жян өгүүлрүүн: - Энэ нь манай их бодлогот Юаньшуай Ү Юн сяньшэний үүсгэсэн арга болой хэмээн өгүүлсэнд Гуань Шэн нар бүгдээр “Их мэргэн арга хэмээн гайхалцав. Ли Күй тэргүүлэн олон жанжин цэрэг олон өдөр явж ихэд зүдэрсэн тул, ханаж цадтал идэж уугаад шөнө орой болсон хойно их хурим тархаж өөр өөрийн гэртээ харив. Сүн Жян доорд харшийн дарга нарт тушаан, дээд сайн нэгнийг засуулж, Гуань Шэнийг тэргүүн зэргээр зочлон нойрсуулав. Сюаньзянь, Хао Сывэнь нар мөн нэг адил эрхэмлэн хүндлэхийг өгүүлэх газар үгүй. Түүнээс дараагаар гурван хоног их хурим хийж, Сүн Жян өөрийн цэрэг ба шинэ орж ирсэн цэргийн тоог бүгдийг байцаан үзэж, тэдний дотроос гэртээ настай эцэг эх ба эм хөвгүүдийн санах жич цэрэг болох дургүйг нь байцааж, бүрнээ их мөнгө шагнаж өгч, уулнаас бууж тус тусын амь зуух аргаа эрэгтүн хэмээн тархав.
Жич үлдсэн цэргүүдэд нэг сарын чөлөө өгч биеэ амрагтун хэмээв. Эцсийн өдөр хуримд олон жанжин нар бүрнээ чуулж, ихэд жарган найрлахын дунд Сүн Жян гэнэт Ши Сюг санаж даруй нулимс цувруулан уйлж өгүүлрүүн: - Бид цөм энд хотлоор жаргаж найрламуй. Зовлон хүлээсэн Ши Сю гагцаар Лү Жюнь Игийн хамт Дамин Фү хотын гянданд хоригдон амуй хэмээн ихэд уйлахад Ү Шюэжү өгүүлрүн: - Та ийн санах хэдүй зөв боловч бидний дотор түүнийг үл хайхрах хүн үгүй нь бус. Өчүүхэн дүү би эрхбиш арга бодлого үүсгэж, түүний амийг Лү Жюнь Итэй хамт авч ирмүй. Ах эдүгээ санаа бүү чилэгтүн. Энд мөн бодсон газар буй хэмээв. Үүнд Гуань Шэн босч өгүүлрүүн: - Өчүүхэн доорд хүмүүн би энд ирсэн тул, энэ нэгэн зүйлийн гавъяаг би биендээ хүлээн авч бүтээсүгэй. Миний хувь авчирсан харъяат жанжин Сюаньзянь, Хао Сывэнь, бас морьтой цэрэг долоо найман мянга буй. Эдний дээр ах та хэдүй хүн нэмж өгөхийг өөрөө мэдтүгэй хэмээсэнд Сүн Жян энэ үгийг сонсоод их л баярлан: - Мэргэн дүү энэ хэрэгт очвоос над зовних газаргүй хэмээн даруй усан замын цэргээс нэг салааг таслан өгч, Лизюнь, Жан Шүнь хоёрыг хошууч болгон туг далбаа, зэр зэвсгийн аль сайныг сонгож, тариа, цалин, бордоо зүйлийг элбэг дэлбэг гарган өгсөнд, Гуань Шэн даруй маргааш их цэрэг авч мордохоор тогтов. Маргааш өглөө эрт Сүн Жян мөн урьдын адил дагалцан Гуань Шэнгийн хамт мордож, Дамин Фү хотын зүг явсныг үл өгүүлмүү.
Өгүүлэх нь: Тэр цагт Лян Жуншү сайд Гуань Шэн цэрэг жанжин авч мордсоноос хойш Ляншаний цэрэг лугаа байлдаж дийлсэн эсэх нь огт хариу чимээ үгүйд Суочаог дуудаж ирүүлэн хамт сууж, архи ууж, хоол идэн, цагийн байдлыг шинжилвээс, Дамин Фүгийн орчин тойрон нарны гэрэл бүтээж, улаан тоос огторгуйд бүрхэж, тэнгэрийн амьсгал ер аятайгүй байхад, ямар ч учрыг мэдэхгүй. Хол харуулын хүн ирж мэдүүлрүүн: - Гуань Шэн цэрэг авч Лян Шань уулын хулгай нар лугаа байлдахаар очсон нь ямар учрыг мэдэхгүй, тэдэн лүгээ нэг хэдэн удаа байлдаж, хожим цэргийн хуаран ч үзэгдэхгүй, нэг ч хүн үлдсэнгүй хоосон болжихуй. Энэ байдлыг үзвээс хэрхэвч Лян Шань ууланд оршиж хулгайн нам болсон буй за хэмээн мэдүүлсэнд Лян Жуншү сонсоод царайгаа хувьсган айж үнэмших, үл үнэмшихийн дунд байтал, зам харуулын цэргийн хүн ирж мэдүүлрүүн: - Муухай болов. Манай эндээс цэрэг авч мордсон Гуань Шэн нь харин хулгай нарын сүлбээ болж, тэдний талд орж, эргэж Дамин Фүг эвдэхээр цэрэглэн ирээд Нисэх барст хөтлөөс зууны газрын орчим тулж ирэв хэмээсэнд, Лян Жуншү сүр сүнсгүй айн, нүд гөлийж, гартаа барьсан архины хундагаа газар унахыг мээдэхгүй их айж, хэзээ хойно сая ухаан мэдрэл олж дээш босон, нэг хундага халуун дарс хийж, Суочаод барьж өгүүлрүүн: - Тэнд нэгэнт ийм болжихуй. Мэргэн дүү чи улс төрийн тул гавъяа мандуулан, нэг баглаа цэрэг авч мордон, энэ дайсныг эвдэж, олон иргэний зовлонг арилганам хэмээсэнд Суо Чаозарлигийг хүлээн, тэр өдөр даруй мордож Вэйхугүд ирж, хуаран барьж хүлээв. Лян Жуншү бас Личэн, Вэньда хоёрт өмгөөлөх цэрэг өгч Суо Чаолугаа хүч нэгдэн дайсныг дарахаар хойноос илгээв.
Тэр үе тэнгэрийн улирал чухам тасхийм их хүйтний цаг. Цас ихэд унаж, олон цэрэг зэвсэг барьж хуяг өмсөх нь үнээр бэрх болж, хөлдөх чичрэхийн эрүү амсаж гаслахыг хэлэх хэрэггүй. Гуань Шэн мөн Сүн улсын цэргийн хүрээний эсрэгцэн орноо этгээдэд хуаран татаж байгуулаад, нэг өдөр амарч маргааш өдөр эрт босч, цэргийг авч хүрээнээс гарч Суочаогийн хуарны ойр ирж, байлдахыг шавдах их хэнгэрэг дэлдсэнд, Суо Чаодаруй бие хуяглаж цэрэг дагуулан, буу тавин гарч ирэв. Суо ЧаоГуань Шэнг үзээд даруй үл таних мэт үг дуугүй сүх далайн ороход, Гуань Шэн мөн асуух үггүй зөрөлдөн байлдаж, гуч шахам удаа болтол, дээр дооргүй тэнцэн байхад, Личэн, Вэньда хоёр мөн Суочаод туслан орж, гурван жанжин гагц Гуань Шэнг дундаа хавчин байлдав. Үүнийг Гуань Шэнгийн харъяат Сюаньзянь, Хао Сывэнь хоёр мөн туслан орж, зургаан жанжин нэг доор зууралдан байлдахад, хоёр этгээдийн цэрэг нүд эрээлжлэн лавлан танихгүй болов. Эд нарын ийнхүү байлдахыг Ляншаний мэдээний хүн яаран очиж Сүн Жян д мэдүүлсэнд, Сүн Жян яаран мордож Люйфан, Гуо Шэн нарыг дагуулан уулын оргил дээр зогсон харж, яаран өөрийн цэргийн зүг ташуураар нэгэнтээ заасанд, олон цэрэг зэргээр сүр үзүүлэн хашхиран дөрвөн зүгээс бүрхэн орж, Сүн улсын жанжин цэргийг хавчин хүчилж байлдав.
Энэхүү баатар жанжин цэрэг зэргээр хүч хавсран дайлдахад, Сүн улсын жанжин яахин эсэргүүцэн чадмуй. Эртний үгэнд: - Барс хэдүй баатар гөрөөс боловч нэг сүрэг шувуу нохойн шоолохыг яахин хүлээн чадмуй хэмээх лүгээ адил, Суо Чаоэнэ байдлыг үзээд, үнэн байлдваас хэрхэвч мохож хүний гарт автагдахаа мэдээд, гарын доорхи жанжинд битүүгээр чимээ өгч, гурвуул нэг зүгт шурган алалдаж сүв гарган, цусан зам татуулж, морины жолоо тавин нисэх мэт довтлон Дамин Фү хотноо орж ирээд, хотын хаалгыг батлан хааж, олон цэрэг иргэнээр сахиулав. Сүн Жян, Ү Юн нар мөн өөрийн хуарангаа эвдээд, Дамин Фү хотын ёроолд хуаран барьж, урьдын адил хотыг бүслэн хааж. Ү Юн цааз зарлаж Дамин хотын гадуур их гуу малтуулж, дээгүүр нь мод өвс тавьж, шороо асган газар болгов. Маргааш нь их цас унаж, хөвч газар хотгор горвигүй тэгш болжихуй. Үүнд Суо Чаохотын хэрэм дээр гарч үзвээс, дөрвөн зүг цав цайм цас орж. Сүн Жяний цэргийн хуаран хотын ёроолд хүрч ирснийг мэдээд, яаран хотын хаалгыг нээж, цэрэг авч Сүн Жяний хурангийн зүг дайран ирсэнд Сүн Жяний хуарангаас Лизюнь, Жан Шүнь нар бие хуяглаж гарч ирээд тосон байлдаж, нэлээд удаа зөрөлдөж, Суочаог өдөөн дагуулж явж, гэнэт буруулах мэт дутаахад Суо Чаоучрыг мэдсэнгүй явсаар гууд морьтойгоо унасанд, Лизюнь нар барин хүлж хуарандаа аваачаад Сүн Жян д тушаасанд, түүнийг битүү гэрт хадгалав. Үүнээс хойш ямар болохыг хойд бүлэгт үзмүү.
Сэтгэгдэл ( 1 )
Эхний танилцуулга хэсэгт ”Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна” гэж бичсэнийг ойлгосонгүй. Аль хэдийн зохиогчийн эрх нь дууссан, нарийн ярьвал зохиогчийн эрхийн тухай ойлголт байхгүй үед бүтээгдсэн зохиол биз дэ? Энд танилцуулахын тулд элчингээс зөвшөөрөл авах ямар хэрэг байна? Зөвшөөрөл авах хэрэгтэй бол орчуулагчаас нь авах ёстой биш үү? Эсвэл орчуулгын эрх Хятадын элчинд байна уу?