“Монгол, Японы ЭЗТХ-ийн таван жилийн ойн цахим форум, үзэсгэлэн 2021” арга хэмжээг өнөөдөр /2021.06.25/ эхэллээ. Арав хоногийн хугацаанд үргэлжлэх уг арга хэмжээг манай талаас Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдсаны таван жилийн ойн хүрээнд өнөөдрөөс эхлэн долоодугаар сарын 05-ны өдрүүдэд www.ExportMongolia.org цахим талбарт зохион байгуулж байна.
Цахим форум, үзэсгэлэнд Монгол Улсаас Япон улсад суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх Б.Баярсайхан үг хэллээ.
Тэрбээр “Таван жилийн өмнө Монгол, Япон улсын хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдсан. Энэ хэлэлцээр хэрэгжиж эхэлснээс хойш таван жил өнгөрч, Засгийн газраас уг хэлэлцээрийн үр өгөөжийг дээшлүүлэх, ашиглалтыг нэмэгдүүлэх хүрээнд төрөл бүрийн арга хэмжээг авч ашиглаж байгаа. Гэвч өнгөрсөн таван жилийн хугацаанд хоёр орны гадаад худалдааны баланс ерөнхийдөө их тааруухан. Өнгөрсөн таван жилийн хугацаанд бид Япон улсаас 2 тэрбум ам.долларын хэмжээний бараа худалдан аваад буй бол гаргаж байгаа бараа бүтээгдэхүүний хувьд гуч, дөч дахин бага. Ер нь их хангалтгүй байгаа.
Тийм учраас бид жижиг, дунд үйлдвэрлэлийнхээ хүрээнд бараа бүтээгдэхүүнийхээ чанар, бүтээмжийг сайжруулж, Япон улсын зах зээлд чиглэсэн бүтээгдэхүүнүүдээ гаргах зорилготойгоор жижиг, дунд үйлдвэрлэлээ, хувийн хэвшлээ дэмжиж ажиллах шаардлага үүсэж байна. Хэлэлцээрийн үр дүн бол арван жилийн хугацаанд тодорхой хэмжээний бараануудын татварыг тэглэх хэмжээнд аваачих зорилготой байгаа. Гэтэл таван жил нь ингээд өнгөрчихлөө. Ирэх таван жилд гадаад худалдааны балансыг дээшлүүлэх тал дээр талууд хамтын ажиллагаагаа сайжруулах ёстой гэж бодож байна" гэв.
Сэтгэгдэл ( 0 )