K.Эжима: Монгол Улс эдийн засгаа хөгжүүлэхийн тулд, үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх шаардлагатай

2021 оны 06 сарын 25

 

Монгол, Японы ЭЗТХ-ийн таван жилийн ойн  цахим форум, үзэсгэлэн 2021” арга хэмжээг өнөөдөр /2021.06.25/ эхэллээ. Арав хоногийн хугацаанд үргэлжлэх уг арга хэмжээг манай талаас Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдсаны таван жилийн ойн хүрээнд өнөөдрөөс эхлэн долоодугаар сарын 05-ны өдрүүдэд www.ExportMongolia.org цахим талбарт зохион байгуулж байна.

 

Өнөөдрийн арга хэмжээнд Японы Эдийн засаг,  худалдаа, аж үйлдвэрийн  Дэд сайд K.Эжима  үг хэллээ.

Тэрбээр   “Ковид-19 цар тахлаас шалтгаалан хоёр улсад хүнд нөхцөл байдал үргэлжилсээр байгаа бөгөөд чөлөөтэй харилцан ирж,  очих бололцоогүй хэвээр  байна. Ковидыг цаг алдалгүй дарж, даван туулахаар вакцинжуулалтыг хурдасгах зэргээр хоёр улсын Засгийн газар хамтран ажиллаж байна.

Ийм нөхцөл байдалтай үед буюу  ирэх сард Япон, Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд баригдсан Олон улсын онгоцны шинэ нисэх буудал нээлтээ хийх төлөвлөгөөтэй байгаа юм.Шинэ нисэх буудал ашиглалтад орсны дараа Японы компаниудын хамтарсан консорциум үргэлжлүүлэн оролцох бөгөөд энэ бол манай хоёр орны хамтын ажиллагааны билэгдэл гэж хэлж болох төсөл болж байна.

Шинэ нисэх онгоцны буудал нь ирээдүйд Монгол Улсын аялал жуулчлалын салбар, худалдаа, хөрөнгө оруулалтыг хөгжүүлэх, гадаад орнуудтай хийх бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх гарц болж чадна гэж ихээр найдаж байна.

Эдгээр боломжийг ашиглахын зэрэгцээ Японы Засгийн газар цаашид ч хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх ажиллагаагаа улам өргөжүүлэх, хөгжүүлэх бодолтой байдаг.

Монголын эдийн засгийг цаашид хөгжүүлэхэд, улс төрийн нөхцөл байдал, макро эдийн засаг, хөрөнгө оруулалтын тогтвортой орчноос гадна Монгол Улсын байгалийн арвин баялаг, мал аж ахуйн нөөцийг ашигласан үндэсний үйлдвэрүүдийг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай.

Ирээдүйд тэдгээрийг гадаадад экспортолдог болох нь чухал юм. 2016 онд Монголын анхны эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр болох Япон, Монголын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжин эхэлж, түүнээс хойш хоёр улсын хоорон дахь худалдаа, хөрөнгө оруулалт аажим аажимаар ч гэсэн баталгаатайгаар нэмэгдэж байна.

Гэсэн хэдий ч хоёр орны аж үйлдвэрийн салбарын чадавхыг харахад, хөгжлийн орон зай байсаар байгаа. Төр, хувийн хэвшил хамтран бизнесийн хандлагаа цаашид улам идэвхжүүлэх шаардлагатай гэж бодож байна.

Өнгөрсөн сард Монгол дахь хөрөнгө оруулалтыг сурталчилсан  “Инвест Монголиа-2021” семинарыг онлайнаар зохион байгуулж,  Монгол компаниуд анх удаа өөрсдийгөө хөрөнгө оруулагчдад танилцуулсан. Монголын компаниуд ноолуур, бяслагийн борлуулалтын стратеги гэх мэт хөрөнгө оруулалтын шинэ төслүүд танилцуулсан.  Улмаар Японы олон компани, ялангуяа жижиг, дунд бизнесүүдийн зүгээс Монголын компаниудыг  сонирхох сонирхол улам нэмэгдсэн гэж сонссон.

Үүн дээр нэмээд, өнөөдөр зохион байгуулагдаж буй Япон руу хийх экспортыг дэмжих семинарын хүрээнд компаниудын бизнест байнга тулгардаг бэрхшээл болох бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт, агуулах, ложистикийн асуудал, Японы зах зээлийн талаарх мэдээлэл, цахим худалдаагаар хэрхэн борлуулалт хийх тухай асуудал, төлбөр тооцоо хийх зэрэг санхүүгийн асуудал гэх мэт Японы зах зээл дээр бизнесээ өргөжүүлэх сонирхолтой аж ахуйн нэгжүүдэд хэрэг болох оновчтой сэдвүүдээр илтгэл тавигдана. Өнөөдрийнх шиг боломжуудаар дамжуулан компаниуд, холбогдох байгууллагууд өөр хоорондоо идэвхтэй санал бодлоо солилцож, хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалт өргөжиж, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг цаашид ашиглах замаар хоёр орны стратегийн түншлэл улам бэхжинэ хэмээн найдаж байна гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top