Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдсаны таван жилийн ойн хүрээнд манай талаас “Монгол, Японы ЭЗТХ-ийн таван жилийн ойн цахим форум, үзэсгэлэн 2021” арга хэмжээг зургаадугаар сарын 25-наас долоодугаар сарын 05-ны өдрүүдэд www.ExportMongolia.org цахим талбарт зохион байгуулж байгаа билээ.
Цахим форум, үзэсгэлэн өнөөдөр /2021.06.28/ “Монголын хүнсний салбарын бизнес эрхлэгчид Японы бизнес эрхлэгчидтэй уулзах цахим уулзалт”-аар үргэлжлэн, зохион байгуулагдаж байна.
Тодруулбал, манай хүнсний салбарынхан Японы хүнсний салбарынхан болон мэргэжилтнүүд, төрийн байгууллагуудад өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулна. Хүнсний салбарт Монгол, Японы хамтын ажиллагааны ямар боломжууд байгаа талаар, экспортын ямар боломжууд байна вэ гэдэгт уг уулзалт, үзэсгэлэнгийн үеэр талууд анхаарал хандуулах юм.
Чацарганы кластер - Монголын жимс жимсгэний үндэсний холбооноос “Монгол-Японы хүнсний салбарын бизнесийн хамтын ажиллагааны боломж, сайн туршлага” сэдвээр илтгэл тавих бол Тэсо корпораци, Бурхан сутай ХХК, Майнд тех ХХК, Хаан жимс SBT ХХК зэрэг хүнс үйлдвэрлэгч компаниуд илтгэл тавьж, өөрсдийнхөө үйл ажиллагааг сурталчлах юм байна. Мөн "Мори" брэнд танилцуулга хийх аж.
Энэ жил цахим форум, үзэсгэлэнгийн хүрээнд болох хамгийн том арга хэмжээ бол Япон улсын ЖДҮГ-ийн дарга Yasuhiro Maeda, Монгол Улсын ЖДҮГ-ийн дарга Я.Эрдэнэсайхан нар уулзаж, хамтын ажиллагааны талаар ярилцах арга хэмжээ юм. Тэгвэл уг цахим уулзалт өнөөдөр 15:30 цагаас болох товтой байна. Талууд Монголын жижиг дунд бизнесүүд Японы жижиг дунд бизнесүүдтэй хэрхэн хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцэх юм.
“Монгол Японы ЭЗТХ-ийн таван жилийн ойн цахим форум, үзэсгэлэн 2021” арга хэмжээг зохион байгуулагчдын нэг “Экспорт Олон улсын худалдааны төв” ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Оюунбилэг хэлэхдээ “Өмнөх жилүүдэд болж байсан арга хэмжээнүүдийг харж байхад хоёр орны жижиг, дунд бизнесүүд хамтраад зөвхөн Японы зах зээл гэхгүй олон улсын зах зээл дээр гарах бүрэн боломж байдаг. Япон, Монголын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр гэдэг бол иж бүрэн түншлэлийн хэлэлцээр гэдэг утгаараа бидний хувьд олон давуу талыг бий болгодог. Үүнийг бид бүрэн дүүрэн ашиглах шаардлагатай. Японы ЖДҮ дэлхийд нэлээн томоохон болчихсон. Чанар, стандарт, бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэлт тал дээрээ өндөр түвшинд байдаг. Тэгэхээр бид өөрсдөд байгаа нөөц баялаг, түүхий эдийн боломжоо Японы ЖДҮ-ийн бизнесүүдийн ноу-хау, технологийг шингээгээд хамтарсан бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийж, бусад орны зах зээл дээр гарахад нээлттэй. Манай “Экспорт Олон улсын худалдааны төв” ТББ-ын зүгээс хүнс үйлдвэрлэгчидтэйгээ хамтраад, Японы хүнсний салбарынхантай хамтран, бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийж, Япон болон бусад орны зах зээлд гарахаар бэлтгэл ажил хийгдэж байгаа. Зургаадугаар сарын 28-ны өдрийн арга хэмжээн дээр энэ чиглэлд уулзалт, танилцуулгууд хийнэ” гэдгийг онцолсон юм.
ШУУД ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 0 )