Э.Баасанжалба: Даатгуулагч тэтгэмжийн даатгалын сангаас гурван төрлийн тэтгэмж авах эрхтэй

2021 оны 06 сарын 28

Тэтгэмжийн даатгалын талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Баасанжалбатай ярилцлаа.


- Ярилцлагын эхэнд тэтгэмжийн даатгалын сангийн талаар ерөнхий мэдээлэл өгөхгүй юу?

-Тэтгэмжийн даатгал нь даатгуулагчид учирсан богино хугацааны санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилгоор нийгмийн даатгалын сангаас олгодог мөнгөн хөрөнгө юм. Тэтгэмжийн даатгалын санд  ажил олгогч  1%-иар цалин хөлсний сангаасаа, даатгуулагч 0,8%-иар цалингаасаа, сайн дурын даатгуулагчийн хувьд өөрийн мэдүүлсэн орлогоосоо 1%-иар тус тус шимтгэл төлдөг. Эргээд нийгмийн даатгалын байгууллагаас хөдөлмөрийн чадвараа алдах, хүүхэд төрүүлэх буюу асрах, даатгуулагч нас барах зэрэг нийгмийн эрсдэл тохиолдоход тэтгэмж олгодог зохицуулалттай.

- Эхчүүдийн олон удаагийн давтамжтай авдаг үйлчилгээ бол жирэмсний болон амаржсаны тэтгэмж байдаг. Ямар нөхцөлийг хангасан хүмүүст олгодог вэ?

-Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг нийтдээ 12 сараас доошгүй хугацаанд тэтгэмжийн даатгалын санд шимтгэл төлсөн, үүнээс жирэмсний чөлөө авахын өмнөх сүүлийн 6 сард нь тасралтгүй шимтгэл төлсөн даатгуулагчид олгоно. Өөрөөр хэлбэл төрөхөөс нь өмнө  буюу жирэмсний 31-32 долоо хоногтойгоос нь эхлээд 60 хоногийн тэтгэмж,  амаржсанаас нь хойш 2 сарын хугацаанд мөн амаржсаны тэтгэмжийг олгодог.  Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг тухайн даатгуулагчийн сүүлийн 12 сарын цалин хөлсний дунджаас 100%-иар бодож олгоно. Тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэмж олгох процессыг хялбаршуулах чиглэлд хууль тогтоомжид өөрчлөлт оруулах замаар хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Тухайлбал сайн дурын даатгуулагч эхчүүдэд тус тэтгэмжийг 70 хувиар тооцож олгодог байсныг 100 хувь болгосноор өнгөрсөн онд л гэхэд хүүхэд төрүүлсэн 7400 сайн дурын даатгуулагч эх тэтгэмжээ 30%-иар нэмэгдүүлж авсан. Албан журмын даатгуулагч эхчүүд тэтгэмжээ ажил олгогчоороо дамжуулалгүй хувийн данс руугаа шууд авах боломжтой болсон. Мөн эмнэлгийн хуудсыг цахимжуулахаар ажиллаж байна.

- Тэгвэл хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг олгох хуулийн нөхцөл нь ямар байдаг вэ?

- Хөдөлмөрийн чадвараа 6 сар хүртэлх хугацаанд алдсан иргэнийг хөдөлмөрийн чадвараа түр алдсан гэж үзэн эмнэлгийн хуудсыг үндэслэн тэтгэмж олгодог. Харин дээрхээс удаан хугацаагаар хөдөлмөрийн чадвараа алдсан бол нийгмийн даатгалын сангаас тахир дутуугийн тэтгэвэр тогтоож олгодог зохицуулалттай. Даатгуулагч өвчлөхөөсөө өмнө 3 сараас доошгүй хугацаанд  нийгмийн  даатгалын шимтгэл төлсөн тохиолдолд хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах эрх үүснэ. Харин хуанлийн жилд удаа дараа өвчилсөн тохиолдолд ажлын  132 хоног  буюу 6 сарын хугацаанд тэтгэмж авах боломжтой байдаг. Нэг удаагийн үргэлжилсэн эмнэлгийн хуудсаар бол ажлын 66 хоног буюу 3 сарын хугацаанд энэүү тэтгэмжийг олгох боломжтой.

- Ковидоор өвчлөөд эмнэлэгт эмчлүүлж байгаа  хүмүүс байна, гэрээрээ тусгаарлагдаад эмчлүүлж байгаа ч хэсэг байна шүү дээ. Энэ хүмүүс тэтгэмж авах боломжтой юу?  Цар тахлаас шалтгаалан хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авагчдын тоонд ямар нэг өөрчлөлт орсон уу?

-  Эмнэлгийн хуудсыг эрүүл мэндийн байгууллагаас бичиж олгохдоо эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн буюу  амбулаториор эмчлүүлсэн гэсэн 2 төрлөөр олгодог. Тухайн иргэн, даатгуулагч эмчилгээ хийлгэж, эмнэлгийн хуудсаа бичүүлсэн л бол ямар өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсаныг үл хамааран тэтгэмж олгоно. Хэвтэн эмчлүүлсэн эмнэлгээсээ эмнэлгийн хуудсаа авна. Харин амбулаториор эмчлүүлсэн буюу  гэрээрээ эмчлүүлсэн тохиолдолд харьяа орон нутгийн өрх, дүүрэг, багийн эмчээсээ эмнэлгийн хуудсаа бичүүлж аваад нийгмийн даатгалын байгууллагад ирүүлнэ. 2021 оны 05 дугаар сарын мэдээгээр 34.3 мянган даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжид 7.7 тэрбум төгрөг зарцуулсан байна.

- Хөдөлмөрийн чадвар  түр алдсаны тэтгэмжийг хэрхэн тооцоолдог вэ?

- Нийгмийн даатгалын сангаас олгох аливаа тэтгэвэр, тэтгэмж нь тухайн даатгуулагчийн цалин хөлс, шимтгэл төлсөн хугацаатай уялдаатай байдаг. Даатгуулагч 5 хүртэл жил шимтгэл төлсөн бол сүүлийн 3 сарын орлогын дунджаас нь  50%-иар, 5-14 жил бол 55%-иар, 15 жилээс дээш жил шимтгэл төлсөн бол 75%-иар, ажлын өдрөөр тооцож тэтгэмж олгоно.

- Оршуулгын тэтгэмжийг ямар зохицуулалтаар олгож байгаа вэ?

- Даатгуулагч нас барсан тохиолдолд 1 сая төгрөгийн оршуулгын тэтгэмжийг ар гэрт нь олгодог. Оршуулгын тэтгэмж олгох хуулийн нөхцөл нь нийтдээ 3 жил тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн байхыг шаарддаг. Харин даатгуулагч үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас эсвэл хурц хордлогын улмаас нас барсан бол шимтгэл төлсөн хугацааг үл харгалзан тэтгэмж олгоно.  

- Оршуулгын тэтгэмжийг  ихэвчлэн ар гэр ойр дотны хүмүүс нь хөөцөлдөөд явдаг шүү дээ. Тэгэхээр юу бүрдүүлэх, хаана хандахаа лавлаж их асуудаг. Энэ талаар?

- Албан журмын даатгуулагчийн хувьд ажил олгогчоор нь дамжуулан оршуулгын тэтгэмжийг  олгож байна.  Сайн дурын даатгуулагч,  ажилгүй байсан болон нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байсан иргэн нас барсан тохиолдолд харьяа орон нутгийн нийгмийн даатгалын байгууллагадаа хандах хэрэгтэй. Хотын төвийн 6 дүүргийн тухайд Улаанбаатар Буян компанийн байран дахь иргэдэд үйлчлэх нэг цэгийн төвд хандан тэтгэмжээ авах боломжтой.

- Мэдээлэл өгсөнд баярлалаа.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Алтаа(124.158.70.181) 2021 оны 12 сарын 03

Хөөрхөн охин байна

1  |  0
netizen(43.242.242.214) 2021 оны 10 сарын 23

Яахав систем нь муу ч . Мэдээлэл нь хэрэгтэй мэдээлэл байна

2  |  0
Зочин(66.181.160.57) 2021 оны 10 сарын 23

Ямар юмны нийгмийн даатгал байхав дээ. Нас барсны тэтгэмж нь юу нь ч бага юм дээ. Нэг жилийн тэтгэвэртэй тэнцэх нь бүү хэл 6 сарын тэтгэвэртэй тэнцэх ч үгүй. Улсад 25 жил 8 сар ажиллаж шимтгэл төлсөн аав минь 60 нас хүрээгүй гэсэн шалтгаанаар ганц сарын ч тэтгэвэр авч үзэлгүй бурхан болсон. Нас барахад нь сая төгрөгнөөс өөр юу ч үгүй. Гэтэл энэ олон жилийн шимтгэлийг цуглуулж байсан бол өдийд биеэ эмчлүүлчээд байж байхыг үгүйсгэхгүй. Манай улсын даатгал нтр бол шал худлаа. 76г болон дарга нарыг тэжээх хуримтлалын сан аятай.

2  |  0
Зочин(192.82.80.233) 2021 оны 10 сарын 23

Нд төлөөд ямарч нэмэр байхгүй юм байна лээ. Жирэмсэн байж байгаад 25 нед дутуу төрөөд лист авах гэсэн 196 хоног гээд олгоогүй. Эхнийхээ хүүхэд дээр бас л хугацаа хүрэхгүй гээд өгөөгүй НД төлөх шаардлага байхгүй. Ажил орхоор хүчээр авдаг төлөх үгүйг нь хүнээс нь асуудаг баймаар юм

4  |  0
h(124.158.65.65) 2021 оны 12 сарын 03

sonin nertei avgai be

0  |  1
Top