“Монгол, Японы ЭЗТХ-ийн таван жилийн ойн цахим форум, үзэсгэлэн 2021” арга хэмжээ зургаадугаар сарын 25-наас долоодугаар сарын 05-ны өдрүүдэд www.ExportMongolia.org цахим талбарт зохион байгуулагдаж байгаа билээ.
Цахим форум, үзэсгэлэн өнөөдөр (2021.06.28) “Монголын хүнсний салбарын бизнес эрхлэгчид Японы бизнес эрхлэгчидтэй уулзах цахим уулзалт”-аар үргэлжилж буй юм.
Өнөөдрийн арга хэмжээнд “Бурхан сутай” ХХК-ийн үйлдвэрийн менежер Г.Баянмөнх Японы бизнес эрхлэгчдэд “МORI” брэндийн танилцуулгыг хүргэлээ.
Монгол адууны яснаас гарган авсан бэлдмэл болох “MORI” брэнд нь 20 төрлийн органик амин хүчил агуулсан бөгөөд дархлааг дэмжихээс гадна түүнд агуулагддаг олон төрлийн амин хүчлүүд нь ясны сийрэгжилт, үе мөчний өвчнөөс урьдчилан сэргийлэх, бие организмын бодисын солилцоог сайжруулах, биеийн өсөлт хөгжлийг дэмжих, хүний биед нэн хэрэгцээтэй уураг, үл орлогдох амин хүчил, эрдсийн хэрэгцээг нөхөх зэрэг өндөр ач холбогдолтой. Хүнснээс авах шаардлагатай бүхий л төрлийн амин хүчил, уураг зэргийг бүх насны хүмүүс энэхүү бүтээгдэхүүнийг хэрэглэснээр авч болно. Манай бүтээгдэхүүн маш чухал биологийн үйлдэлтэй бүтээгдэхүүн гэв.
Г.Баянмөнх үйлдвэрийнхээ талаар танилцуулахдаа “Манай үйлдвэр 2016 онд ашиглалтад орсон. Биологийн идэвхэт бүтээгдэхүүний чиглэлээр үйлдвэрлэл явуулдаг. Бид энэхүү бүтээгдэхүүнээ 2016 онд ЭМЯ-нд бүртгүүлж, экспортод тодорхой хэмжээгээр гаргаж байгаа. Өвөр Монгол, Зүүн өмнөд азийн улс орнуудад тодорхой хэмжээнд экспортод гаргаж байсан туршлага бий. Манай Монгол адуу бол хамгийн эрүүл, хамгийн дасан зохицох чадвартай, салаа туурайтай. Малын өвчнөөр өвчилдөггүй, дархлалын онцлог системтэй амьтан.
Бид түүхий эд буюу дайвар бүтээгдэхүүнийг өндөр технологиор боловсруулж, гадаад, дотоодын зах зээлд гаргах зорилготойгоор үйлдвэрээ байгуулсан. Манай үйлдвэр GMP, ISO зэрэг олон улсын стандартуудыг амжилттай нэвтрүүлээд явж байгаа. Бүтээгдэхүүнээ гадаад, дотоодын лабораториудад шинжлүүлсэн гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )