ЦАХИМ ФОРУМ: Японы хэвлэлүүд “Lhamour”-ыг байгальд ээлтэй гэдгээр онцолж байна

2021 оны 06 сарын 29

“Монгол, Японы ЭЗТХ-ийн таван жилийн ойн  цахим форум, үзэсгэлэн 2021” арга хэмжээ зургаадугаар сарын 25-наас долоодугаар сарын 05-ны өдрүүдэд www.ExportMongolia.org цахим талбарт зохион байгуулагдаж  байгаа билээ.

Цахим форум, үзэсгэлэн өнөөдөр (2021.06.29) “Монголын Хөнгөн аж үйлдвэрийн салбарын бизнес эрхлэгчид Японы бизнес эрхлэгчидтэй хийх цахим уулзалт”-аар үргэлжилж буй юм.

 

Өнөөдрийн арга хэмжээнд “Lhamour Mongolia” ХХК-ийн  захирал Д.Хулан оролцож, бизнесийн үйл ажиллагаагаа танилцууллаа.

 

2014 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн тус компани Монголынхоо газар доорх биш газар дээрх баялгаар нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, олон хүний арьсны асуудлыг шийдэж өгдөг болохыг тэрбээр мэдээллийнхээ эхэнд онцолсон.

Lhamour брэндийн бүтээгдэхүүнүүдээр дамжуулаад “Өөрийгөө хайрла, бусдыг хайрла, эх дэлхийгээ хайрла” гэсэн философийг нь дэлхийн бусад улс орны хүмүүс ч ойлгож, хүлээж авч байгаа. Тус компанийн үйлдвэр хаягдалгүй, бүх түүхий эдээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Хэрэглэгч, үйлдвэрлэгч хэн хэн нь хэрхэн яаж байгальд ээлтэй байх вэ гэдэгт анхаардаг.  Арьс арчилгааны брэнд гэхээсээ эрүүл амьдралын хэв маягийн брэнд болсон гэдгийг Д.Хулан хэлж байсан.

“Lhamour Mongolia” ХХК-ийн  бүтээгдэхүүнүүдийн экспорт 2016 оноос эхэлсэн. Австрали,  Тайланд, АНУ, Япон, Энэтхэг, Сингапур зэрэг орнуудад “Lhamour”-ын бүтээгдэхүүнүүд хүрч байна. Япон улс руу экспортоо хийхийн тулд 2 жилийн хугацаа шаардагдсан. Тус улсын лабораторийн шинжилгээнүүд нэлээн уддаг юм байна. Тиймээс лабораторийн хариу нь гарсан бүтээгдэхүүнүүдээ нэг нэгээр нь экспортод гаргаж байгаа  гэв. Японы хэвлэлүүд  “Lhamour”-ын бүтээгдэхүүнийг байгальд ээлтэй гэдгээр  онцлон бичиж байгаа гэсэн юм. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Gantuya(103.229.122.222) 2021 оны 06 сарын 29

Lhamour goyo shu! Mongoliin exportiin yosto baharhal

0  |  0
Top