Ус, цахилгаан, түлшний үнийг хөнгөлөх төслийг УИД-д өргөн барина

2021 оны 06 сарын 29

Засгийн газар ээлжит бус хуралдаан өнөөдөр /2021.06.29/ болж, цар тахлын үед хэрэгжүүлж байгаа иргэд, аж ахуйн нэгжийг дэмжих ажлын хүрээнд төсвийн дототголыг хэлэлцэж, төслийг УИХ-д өргөн барихаар боллоо.

Энэ хүрээнд төсвийн тодотголд хүүхдийн 100 мянган төгрөгийг он дуустал үргэлжлүүлэх санхүүжилтыг улсын төсөвт суулгахаар болов. 

Айл өрх, аж ахуйн нэгжийн цахилгаан дулаан, цэвэр, бохир ус, хог хаягдлын хураамжийг төрөөс төлөх санхүүжилтийг төрийн өмчит компани "Эрдэнэт үйлдвэр" нийгмийн хариуцлагын хүрээнд төлөх бол сайжруулсан түлшийг 50 хувиар буулгах асуудлыг "Эрдэнэс Тавантолгой" компани хариуцахаар болжээ. 

"Аж ахуйн нэгж, өрхийн цахилгаан дулаан, цэвэр, бохир ус, хог хаягдлын хураамжийг төрөөс төлөх шийдвэр хэвээр явж байгаа. Үүнийг "Эрдэнэт" үйлдвэр нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжиж, тэвчиж болох зардлаа хэмнэн төлж байгаа. Энэ шийдвэрийг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал үргэлжлүүлнэ. Сайжруулсан түлшний хувьд "Эрдэнэс Тавантолгой" компани мөн нийгмийн хариуцлагын хүрээнд санхүүжүүлж байгаа. Үүнийг өвлийг дуустал гэж тооцож, 2022 оны дөрөвдүгээр сарын 15 хүртэл үргэлжлүүлэхээр төсөлд тусгасан. Мөн арванхоёрдугаар сарын 31 гэдэг нь өвлийн хүнд үе таарах учраас цахилгаан дулаан, цэвэр, бохир усны асуудлыг цааш нь үргэлжлүүлэх эсэхийг тухайн үед нь дахин хэлэлцэнэ. Ямартай ч эхний ээлжинд энэ оноо дуустал гэсэн хугацаагаар төсөлд оруулж байгаа" гэж Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top