Х.Ганхуяг: Түгжрэл, хөрсний бохирдол, гэр хорооллын асуудлуудыг шийдэхээр хичээж ажиллана

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 30

Засгийн газраас энэ сарын 25-ны өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг өргөн мэдүүлж,  энэ сарын 28-нд УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.

УИХ-аас 1994 онд баталсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль нь нийслэлийн нийгэм, эдийн засгийн асуудлыг 27 жилийн хугацаанд зохицуулж байгаа бөгөөд уг хуульд нэг удаа өөрчлөлт оруулсан. Гэвч уг хууль нь өнөөгийн нийслэл хотын эрэлт хэрэгцээ, цаг үеийн шаардлагыг хангахгүй байгаа тул Монгол Улсын нийслэлийн чиг үүргийг гүйцэтгэж байгаа онцлог нэгж болох Улаанбаатар хотод үйлчлэх нийт 150 гаруй хууль тогтоомж нь өөр хоорондоо уялдаа муутай, зарим зохицуулалт нь давхардсан, нийслэл хотын онцлог, цаашдын хөгжпийн загвар, улс орны хөгжилд гүйцэтгэх үүрэг, төрийн бусад байгууллагатай харилцах зэрэг асуудлаар бусад орны жишгийг судалж, нэвтрүүлэх талаар олон судалгаа, зөвлөмж гаргасан байна. Энэ бүхэн нь хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах гол үндэслэл болсон аж.

Хуулийн төслийн талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын дунд 15 удаа хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд төсөлд иргэн, хуулийн этгээдийн саналыг авахаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын албан ёсны цахим хуудсанд байршуулж, олон нийтээр хэлэлцүүлж, холбогдох саналыг тусгасан. Хуулийн төсөлтэй холбогдуулан нийт 16 хууль, Улсын Их Хурлын 1 тогтоолд өөрчлөлт оруулах төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөл нь нийт 7 бүлэг, 51 зүйлтэй юм. Хуулийн төслийн зорилт нь нийслэл Улаанбаатар хотын чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх эдийн засгийн үндэс, үйл ажиллагааны зарчим, удирдлагын эрх хэмжээ, нийслэл хотын удирдлагаас төрийн дээд, төв байгууллага, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болон бусад этгээдтэй харилцах эрх зүйн үндсийг тодорхойлоход чиглэжээ. Нийслэл Улаанбаатар хотыг нийгэм, эдийн засгийн хувьд бие даан хөгжих хөшүүрөг бий болгох, хүн амын төвлөрлийг сааруулах, нийслэлийг нэг төвт хотоос олон төвт, орчин үеийн хот болгож хөгжүүлэх, дагуул хот, тосгодыг хөгжүүлэх, удирдлагын эрх зүйн байдлыг боловсронгуй болгоход уг хуулийн төслийн үзэл баримтлал чиглэсэн байна.

Төсөлд нийслэл нь эдэлбэр газартай, эдэлбэр газар нь бүсчлэл, дүрэмтэй байх бөгөөд бүсчлэл, дүрмийг Засгийн газраас тогтоосон шалгуур үзүүлэлтийг үндэслэн нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас батлах, нийслэл нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болохын хувьд Монгол Улсын засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуульд заасан чиг үүргээс гадна нийслэл хотын хувьд хэрэгжүүлэх тусгай болон хотын аж ахуйн чиглэлээр хэрэгжүүлэх бусад чиг үүргийг төсөлд тодорхойлсон байна. Мөн нийслэл хот өөрийн дүрэмтэй байх бөгөөд ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, автозогсоол, автозамын арчлалт хамгаалалт, шашин, соёлын үйл ажиллагаа, аялал жуулчлалын байгууллага, зочид буудлын үйл ажилагааны бүртгэл, зэрэглэл тогтоох, мал, тэжээвэр амьтны зохицуулалт, такси, хүргэлтийн үйлчилгээ, нисгэгчгүй нисэх төхөөрөмж буюу дроны ашиглалт зэргийг тусгасан уг дүрмийг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батлахаар зохицуулжээ.

Нийслэл хот нь “эдийн засаг, нийгмийн цогцолбор”-ын хувьд тусгай болон хотын аж ахуйн асуудлаарх бусад чиг үүргийг хэрэгжүүлэхдээ эдийн засаг, нийгмийн асуудлаа бие даан шийдвэрлэх бодит боломжийг бүрдүүлэх зохицуулалтуудыг төсөлд тусгажээ. Мөн нийслэлд хөрөнгө оруулах боломжийг нэмэгдүүлэх үүднээс нийслэл дэх хөрөнгө оруулалтыг тусгайлан дэмжих зохицуулалтыг нарийвчлан тусгасны зэрэгцээ нийслэл хот албан татвартай байх, хотын албан татварыг хуулиар тогтоох бөгөөд нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Улсын Их Хурлаас баталсан татварын хууль тогтоомжоор эрх олгож, тогтоосон хязгаарын хүрээнд албан татвар, төлбөр, хураамжийн хувь хэмжээг тогтоохоор зохицуулсан байна.

Түүнчлэн нийслэл хотын дагуул хот болон эдийн засгийн тусгай бүс байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлэхээр холбогдох зохицуулалтыг тусгажээ. Нийслэл хотын дагуул хот нь эдэлбэр газартай байж, хүн ам, эдийн засаг, дэд бүтэц, тээвэр, логистикийн нэгдмэл тогтолцоог бүрдүүлж, газар зүйн байрлал болон нийслэл хотын тусгай чиг үүргийг гүйцэтгэхэд стратегийн ач холбогдолтой, дэд бүтэц бүхий төвлөрсөн суурин газар байхаар тодорхойлсны зэрэгцээ дагуул хотыг байгуулах, түүний чиг үүрэг,  удирдлага, зохион байгуулалтын талаар нарийвчлан тусгажээ.

Нийслэл нь хот болохын хувьд нийслэлийн Засаг дарга нь тусгай чиг үүргийг хэрэгжүүлдэг онцлог субьект болох юм. Иймд тусгай чиг үүрэгтэй холбоотой асуудлаар хуулийн төсөл санаачлахаас бусад асуудлаар Засгийн газрын шийдвэрийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулдаг байхаар тусгажээ. Түүнчлэн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Засгийн газрын гишүүнтэй адил баталгаагаар хангагдахаар зохицуулсан байна.

Төсөлд тусгаснаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нь хотын аж ахуйн чиг үүргийг хэрэгжүүлэх, нэгдмэл байдлыг хангах, холбогдох байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий Улаанбаатар хотын Ерөнхий менежерийг томилох бөгөөд Ерөнхий менежер нь ажлаа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн өмнө хариуцах юм байна. Ийнхүү шилжүүлсэн нь нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй талаар төсөлд тусгажээ.

Ингээд хуулийн төслийн талаар гишүүд ямар байр суурьтай байгааг уншигч бүхэнд цувралаар хүргэж байна. 

УИХ-ЫН ГИШҮҮН Х.ГАНХУЯГ:

Түгжрэлийг шийднэ гэдэг нийгэм, эдийн засгийн олон асуудлыг давхар шийднэ гэсэн үг. Гадаадад амьдралын стандарт гэж байдаг. Улаанбаатар хотод 67 хороонд сургууль, цэцэрлэг байдаггүй. Үүнээс болж түгжрэл бий болдог. Явган хүний замыг блокоор хийснээс болж хүүхдээ тэрэгтэй нь түрэх, мөн дугуйгаар зорчих боломжгүй байдаг. Тэгэхээр явган хүн, дугуйн замын стандарт, оршин суугчдын тоонд хамааруулсан нийгмийн, төрийн үйлчилгээг ойртуулах, Улаанбаатар хотын аль ч хэсэгт амьдарч байсан төвд амьдарч байгаатай адилхан үйлчилгээг хүргэж байж түгжрэлийг шийднэ. 200 мянга гаруй өрх гэр хороололд амьдарч байна. Бид хамгийн ихдээ 50 мянган айлыг дэд бүтцэд холбох боломжтой. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд гэр хорооллыг барилгажуулах гэж асар их зам тавьж, эрчим хүч татдаг ч өөрчлөгдсөн зүйл байдаггүй. Тэгэхээр бид гэр хорооллын бүсийг яах вэ гэдгийг шийдэх ёстой. 50 мянган айлыг дэд бүтцүүлж, бусдыг нь газар чөлөөлөх байдлаар орон сууцанд оруулах тооцоо, судалгааг хийж үзэх ёстой. Тэгэхгүй бол ойрын 20, 30 жил үүнийг шийдэх боломжгүй. Дэд бүтэц татахад улсын төсөвтэй дүйцэхүйц хэмжээний мөнгө гарах тоо байдаг. Бид тооцоо, судалгаан дээр үндэслэсэн шийдвэрийг гаргаад явна. Улаанбаатар хотын удирдлагууд, Засгийн газартай хамтран ажиллана. Түгжрэл, хөрсний бохирдол, гэр хорооллын асуудлуудыг шийдэхээр хичээж ажиллана.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(192.82.73.57) 2025 оны 03 сарын 13

Ийм новшнууд ичихгүй үлгэр яриад яахав дээ

2  |  0
Zochin(202.55.188.110) 2025 оны 03 сарын 13

Ene hulgaich bas neg MCS - iin nohoi

2  |  0
Top