“Монгол, Японы ЭЗТХ-ийн таван жилийн ойн цахим форум, үзэсгэлэн 2021” арга хэмжээ зургаадугаар сарын 25-наас долоодугаар сарын 05-ны өдрүүдэд www.ExportMongolia.org цахим талбарт зохион байгуулагдаж байгаа билээ.
Цахим форум, үзэсгэлэн өнөөдөр (2021.07.01) “Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын бизнес эрхлэгчид Японы бизнес эрхлэгчидтэй хийх цахим уулзалт”-аар үргэлжлэн зохион байгуулагдаж байна.
Өнөөдрийн арга хэмжээнд Дорноговь аймгийн бизнес эрхлэгчдийн төлөөлөл “Далт Мөнгөн Шанд” ХХК-ийн захирал Ч.Алтанчимэг оролцлоо.
2009 оноос “Загсгал” цайны үйлдвэрлэлээр эхлүүлсэн үйл ажиллагаа нь одоог хүртэл амжилттай явагдаж буйг тэрбээр мэдээллийн эхэнд онцоллоо. Тус компанийн гол бүтээгдэхүүн “Загсгал” цайг шинэсэрхүү бударгана буюу нутгийнхны загсгал гэж нэрлэдэг, орон нутагт ургадаг ургамлаар хийдэг аж. Хүний эрүүл мэндэд чухал тустай, 100 хувь ургамлаар хийдэг, цайны түүхий эдийг дотооддоо бэлтгэдэг, стандартын шаардлага хангасан экологийн цэвэр бүтээгдэхүүн юм.
Одоогийн байдлаар үйлдвэрийн хүчин чадал 100 граммаар савласан, ууталж хайрцагласан цайг өдөрт 600 ширхэг буюу жилдээ 200 мянга орчим цай үйлдвэрлэх хүчин чадалтай, тоног төхөөрөмжтэй. Хот, хөдөөд борлуулалтын 70-аад сувагтай үйл ажиллагаа явуулж байна.
“Загсгал” цай сав баглаа боодлын хувьд дахин боловсруулагддаг, эрүүл ахуйн стандарт шаардлага хангасан уут болон экологид ээлтэй цаасан хайрцагтай савлагаатай гардаг. Тус цайны ач холбогдол нь хүний биеийн дархлааг сайжруулна. Биеэс хорт бодисыг гадагшлуулж, хоол боловсруулах үйл ажиллагааны системийг дэмжих ач холбогдолтой. Ижил төстэй цай үйлдвэрлэгчдээс эрүүл мэндийн ач холбогдлоороо илүү гэлээ.
“Далт Мөнгөн Шанд” компанийг үүсгэн байгуулагч, “Загсгал” брэндийг санаачлагч миний ээж Д.Должин аймгийн удирдлагуудын хамтаар Япон улсад бизнес аялал хийн, ногоон цайны үйлдвэрийн туршлагатай танилцаж байсан. Улмаар тус үйлдвэрээс санаа авч, дахин боловсруулагддаг, хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөгүй сав баглаа боодлыг үйлдвэрлэлдээ нэвтрүүлсэн юм гэв.
Зах зээлийн эрэлт хэрэгцээ, ажлын байр нэмэгдүүлэх, үйлдвэрлэлээ өсгөх, бүтээгдэхүүний нэр төрлөө нэмэгдүүлэх үүднээс шинэ төрлийн савлагаатай шингэн цай үйлдвэрлэх ажил эхлэх шатандаа явж байгаа. Та бүхэнтэй хамтран ажиллахдаа таатай байх болно гэлээ.
Сэтгэгдэл ( 4 )
Сайхан эко эрүүл мэндийн цай шүү. Орон нутгийн бидний байнгын хэрэглээ
Amjilt
Орон нутгаа төлөөлөн оролцож байгаа Та нартаа баяр хүргэж, Амжилт хүсье ээ...
Түмэн олондоо тустай сайхан үйлс дэлгэрэх болтугай.\nБаяр хүргэж амжилт хүсье найз минь.