ЦАХИМ ФОРУМ: Сүхбаатар дүүрэг EDEM, Янмал зэрэг брэндүүдийг танилцууллаа

2021 оны 07 сарын 02

 

“Монгол, Японы ЭЗТХ-ийн таван жилийн ойн  цахим форум, үзэсгэлэн 2021” арга хэмжээ зургаадугаар сарын 25-наас долоодугаар сарын 05-ны өдрүүдэд www.ExportMongolia.org цахим талбарт зохион байгуулагдаж  байгаа билээ.

 

Цахим форум, үзэсгэлэн өнөөдөр (2021.07.02)  Монгол Улсын Жижиг, дунд салбарын бизнес эрхлэгчид Японы бизнес  эрхлэгчидтэй уулзах цахим уулзалтаар үргэлжлэн зохион байгуулагдаж байна.

 

Өнөөдрийн арга хэмжээнд  Сүхбаатар дүүргийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх төв оролцож, үйл ажиллагаа болон дүүргийн бизнес эрхлэгчдийнхээ бараа, бүтээгдэхүүнийг Японы бизнес эрхлэгчдэд танилцуулсан юм.

 

Тус төв нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд Ажлын байрны хөнгөлөлттэй түрээсийн үйлчилгээг үзүүлдэг. Ингэхдээ үйлдвэрлэл эрхлэгчдийг сонгон шалгаруулж, хөнгөлөлттэй шаталсан нөхцөлөөр ажлын байраар хангаж инкубацийн үйлчилгээ үзүүлдэг аж.  Ажлын байрны 10-34 м2 талбай бүхий нийт 30 өрөөтэй юм байна.

Мөн иж бүрэн тоноглогдсон 30 хүний багтаамжтай сургалтын танхимдаа аж ахуй, бизнес эрхлэх ур чадвар эзэмшүүлэх, төсөл бичих сертификаттай сургалт, уулзалт, зөвлөгөөн, мэргэжлийн мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулж, хамруулдаг. Оёдол, эсгүүрийн сургалтын зохион байгуулах техник хангамжтай. 

Салбар, бизнес, зээлийн болон бусад мэдээлэл, зөвлөгөөг цахим болон биечлэн цаг тухай бүрт хүргэж, шаардлагатай ном, гарын авлагаар хангаж ажиллаж ажилладаг. Жижиг, дунд үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг гадаад, дотоодын зах зээлд сурталчлах, борлуулах, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай холбоо тогтоох, хамтын ажиллагаа бэхжүүлэхэд чиглэсэн үзэсгэлэн худалдаа, сурталчилгааг зохион байгуулдаг.

Мөн тус төв 2 борлуулалтын цэгтэй. Төвийн байранд “Сүхбаатар дүүрэгт үйлдвэрлэв” дэлгүүр, СБД-ийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт буюу ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн хажууд “Сүхбаатар дүүрэгт үйлдвэрлэв” борлуулалтын цэг 2021 онд ашиглалтад орохоор бэлтгэл ажил хангагдаж байгаа гэлээ. Төвийн дэргэдэх сургалт, судалгаа мэдээллийн төвд үйлдвэрлэл эрхлэгч нарт мэдээллийн технологийн давуу талыг ашиглан бизнесээ хөгжүүлэх, бизнесийн холбогдолтой, шаардлагатай мэдээ, мэдээллээ олж авах, интернет ашиглаж бизнесийн сувгаа нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр мэдээлэл зүйн өрөөгөөр үйлчилдэг зэрэг мэдээллийг өгч байна.

 

Түүнчлэн өнөөдрийн цахим экспогоор Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Янмал”, “Содон Фүүдс”, “Цаст Согоот”,” Эко Лайф Брэнд”, “Каспийн Эрдэнэс” зэрэг аж ахуйн нэгж, иргэний бүтээгдэхүүнийг танилцууллаа.

 

“Содон Фүүдс” ХХК нь 2017 онд  үүсгэн байгуулагдсан. Жимс, хүнсний ногооны боловсруулалт, төрөл бүрийн жимсний ундаа үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Зургаан төрлийн зөгийн балтай жимстэй цай үйлдвэрлэн гаргадаг. Зургаан төрлийн эрүүл мэндийн ундаа үйлдвэрлэдэг. Гурван төрлийн инстант  кофе үйлдвэрлэдэг.Шинэ төрлийн кофенууд нэмж үйлдвэрлэхээр бэлтгэл ажлаа хангаж байгаа. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот, Эрээн хот, Шилийн голд бүтээгдэхүүнээ экспортод гаргадаг.

“Цаст Согоот” ХХК нь ноос ноолууран бэлэн хувцас үйлдвэрлэдэг.  2008 онд үүсгэн байгуулагдсан. Анх 4 ажилтантай, гар нэхмэлийн машинтай үйл ажиллагаа эхлүүлж байсан бол одоо 30 гаруй ажилтантай. 2015 оноос иж бүрэн автомат  оёдлын машин оруулж ирж, бэлэн хувцас, ноос ноолуур гэсэн хосолсон байдлаар үйл ажиллагаа явуулж байгаа. Сард 2500-3000 хувцас үйлдвэрлэх хүчин чадалтай. Тус компани 100 хувь ноолуураар бүтээсэн Edem брэндийг эрхлэн гаргадаг. Экспортод зориулсан тансаг зэрэглэлийн брэнд. АНУ, Япон, Австри, БНСУ  руу экспортод гаргадаг. Захиалагчдын хүсэлтээр хүссэн  загвараар нь үйлдвэрлэдэг. Мөн дотоодын зах зээлд импортыг орлох, залууст зориулсан DEER брэндийг гаргаж байгаа. Дизайнеруудын өргөн баг бүрэлдэхүүнтэй. Японы зах зээлд загварлаг хувцаснууд гаргахаар бэлэн болоод байгаа гэлээ.

“Янмал” оймсны үйлдвэр 15 жилийн туршлагатай, Монголын тэргүүлэх зэргийн оймсны үйлдвэрүүдийн нэг юм. 130 ажилтантай. Дэлхийн өнцөг булан бүрт үйлчлүүлэгчидтэй болоод хэдийнэ амжсан. Жилд 8 сая хос оймс, өдөрт 22 мянган хос оймс  үйлдвэрлэх үйлдвэрлэлийн хүчин чадалтай. Монголын таван хошуу малын ноосоор оймсоо үйлдвэрлэдэг. Улаанбаатар хотод албан ёсны 8 салбар дэлгүүрээр бүтээгдэхүүнээ борлуулдаг.

“Каспийн Эрдэнэс” ХХК 2010 онд байгуулагдсан. Нүүр, бие, үс болон биеийн бусад хэсгүүдэд зориулагдсан 7-8 төрлийн  саван  үйлдвэрлэдэг. 2016 оноос хойш “Шинэ” брэндийн эдийн саван, “Халиун” нэртэй гар нүүрийн саванг үйлдвэрлэж эхэлсэн. Мэргэжлийн хяналтын шинжилгээгээр “Шинэ” брэндийн савангийн хөөсрүүлэх чадвар  хэвийн түвшин болох 300-гаас илүү өндөр буюу 700 гэсэн хэмжээтэй гарсан байдаг. “Халиун” саван мөн л нэмэлт бодис ороогүй, малын гаралтай түүхий эдээр хийгдсэн. 

Мөн савангийн үйлдвэрлэл эрхэлдэг “Эко Лайф Брэнд”-ийн үйл ажиллагааг танилцууллаа. Сүүлийн үед химийн найрлага өндөртэй саван, түүнийг дагасан сав баглаа боодлын хаягдал их байгаа нь хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж буй учраас 2020 оны зургаадугаар сараас эхлээд гоо сайхны саван үйлдвэрлэж буй аж. Эхлээд гэр бүл, найз нөхдийн хүрээнд хэрэглэж байсан бол олон хүнд хүргэх үүднээс NANA гэсэн брэндийг гаргаж, эко саван үйлдвэрлэж эхэлжээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top