“Монгол, Японы ЭЗТХ-ийн таван жилийн ойн цахим форум, үзэсгэлэн 2021” арга хэмжээ зургаадугаар сарын 25-наас долоодугаар сарын 05-ны өдрүүдэд www.ExportMongolia.org цахим талбарт зохион байгуулагдаж байгаа билээ.
Цахим форум, үзэсгэлэн өнөөдөр (2021.07.02) Монгол Улсын Жижиг, дунд салбарын бизнес эрхлэгчид Японы бизнес эрхлэгчидтэй уулзах цахим уулзалтаар үргэлжлэн зохион байгуулагдаж байна.
Өнөөдрийн арга хэмжээнд БЗД-ийн засаг даргын дэргэдэх Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих “БАЯНЗҮРХ НЭГ ЗҮРХ” төвийн маркетингийн менежер О.Ариунсайхан мэдээлэл хийлээ.
Тус төв Баянзүрх дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, сургалт явуулах, зах зээлд бие даан ажиллах чадвартай аж ахуйн нэгж болгон бойжуулах, тэдний бизнесийн үйл ажиллагаа, үйлдвэрлэл үйлчилгээг өргөжүүлэн хөгжүүлэх, инкубац үйлчилгээ үзүүлдэг аж. Тухайлбал, бизнес эрхлэгчдэдээ зориулан олон улсын стандартын сургалт зохион байгуулдаг. Төсөл бичих, бизнесээ эхлэх, хөгжүүлэх аргачлал зэргийг заах сургалтуудыг зохион байгуулдаг хэмээн мэдээлэлдээ онцоллоо. Зөөврийн ажлын байр болон оффис ажлын байрыг хөнгөлөлттэй нөхцөлөөр түрээслэж, дэмжих, зөвлөгөө үйлчилгээ үзүүлдэг гэв.
Энэ удаагийн цахим экспод тус дүүргээс дөрвөн аж ахуйн нэгж бүтээгдэхүүнээ танилцуулан, оролцож байна. Тухайлбал:
Савхин болон элгэн хувцас, цүнх, жижиг эдлэлийн үйлдвэрлэл, захиалгат үйлчилгээ үзүүлдэг AGNI брэндийг танилцууллаа. 2001 оноос өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа тогтвортой явуулж буй тус компани сард 1400 ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Монгол Улсдаа боловсруулсан сайн чанарын хонь, үхрийн арьсаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж, AGNI LEATHER COLLECTION гэсэн брэнд нэртэйгээр худалдаанд гаргадаг. Бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд гаргах зорилготой ажиллаж буй компани аж.
“Кажуг” ХХК-ийн бүтээгдэхүүнийг танилцууллаа. Тус компани БНСУ-ын техник, тоног төхөөрөмж, технологиор арьсан бүс, тэлээ үйлдвэрлэдэг. Улаанбаатар хотын томоохон худалдааны төвүүд болон орон нутагт 12 салбараар бүтээгдэхүүнээ худалдаалдаг. БНСУ, ОХУ, БНХАУ, АНУ-д бараа бүтээгдэхүүнээ борлуулдаг. Цаашдаа борлуулалтын зах зээлээ өргөтгөх зорилго тавьж ажиллаж байгаа. 100 хувийн боловсруулалттай үхрийн шир, 3 мм зузаантай арьсаар хийсэн төрөл бүрийн өнгө үзэмж бүхий аралтай тэлээнүүдийг үйлдвэрлэдэг.
“Шинэ Гантиг” ХХК-ийн бүтээгдэхүүнийг танилцууллаа. Тус компани хүнд даацын буюу 3 хүртэл тонны даацтай шуудай үйлдвэрлэдэг. Тодруулбал, PP буюу полипропилен үрлэн түүхий эд импортлон өөрийн үйлдвэртээ дөрвөн төрлийн утас хийж, түүгээрээ таван төрлийн даавуу нэхэн, нэхсэн даавуун материалаараа 1, 2, ба 3 тонны даацтай биг-баг даацын шуудай үйлдвэрлэдэг аж. “Эрдэнэт Үйлдвэр”-ийн зэсийн баяжмал тээвэрлэхэд шаардагддаг хүнд даацын шуудайны хэрэгцээний 40 хувийг нь “Шинэ Гантиг” ХХК нийлүүлдэг.
Мөн “ФОРЭКО” ХХК-ийн үйлдвэрлэдэг зөгийн балыг танилцууллаа. Тус компани зөгийн аж ахуйгаар Монгол Улсдаа тэргүүлэгч компани гэлээ. 2013 оноос хойш Сэлэнгэ аймгийн Шаамар суманд зөгийн аж ахуйн үйл ажиллагаагаа эрхлэн явуулж байгаа. Байгалийн олон цэцэгсийн бал, Хаврын цэцэгсийн бал, Гурвалжин будааны бал зэрэг хэд хэдэн төрлийн бал үйлдвэрлэдэг аж.
Сэтгэгдэл ( 0 )